Байгууллагын нэр: Numur
Байгуулагдсан он: 2019 он
Үйл ажиллагааны чиглэл: Банк бус санхүүгийн байгууллага
Ажилтны тоо: 50+
Хаяг: Гранд Плаза төв 7, 14-р давхар
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Youtube, Twitter


яагаад сонгох болов?

Технологи ашиглан хэрэглэгчдэд хүртээмжтэй, үр ашигтай санхүүгийн шийдлийг зөв цагт нь зөв аргаар хүргэх зорилготой уг хамт олны ажлын орчин болоод ажиллах арга барилдаа хэрэгжүүлдэг зургаан үнэт зүйлс бий. Тэд бол:

  • Шударга ёс зүйтэй байна
  • Тасралтгүй сайжруулна
  • Тууштай байна
  • Нэгдмэл эерэг цэнэгтэй хамт олны нэг хэсэг байж ямагт дэмжинэ
  • Тогтвортой хөгжинө
  • Шийдэлд төвлөрнө

“Нөөлөгтэй үйлчилнэ” философийн хүрээнд санхүүгийн үйлчилгээ авахад хамгийн тав тухтай нөхцөл боломжийг бий болгох интерьер дизайны шийдлийг тусгажээ. Үргэлж тоотой харьцдаг Санхүүгийн байгууллага хэрхэн, яаж ажлын орчин, байгууллагын соёлдоо философио тусгаж, тогтвортой хөгжилтэй уялдан ажилладгийг олж мэдэх нь энэхүү оффисоор зочлох гол шалтгаан болсон билээ.


ажлын орчин, тохижилт

Эрч хүч өгөх, сэргэн мандалтын өнгө гэдэг утгаараа логон дээрх шар өнгөө дотоод засал чимэглэлдээ шингээжээ. Мөн төлөвлөгөө, тэмдэглэлээ бүгдэд нь харагдахуйц, ойлгомжтой байлгах үүднээс ханаа самбар болгон ашигладаг нь сонирхолтой санагдлаа. Жишээлбэл, дуудлага хүлээн авах хэсгийн ханан дээр тухайн өдрийн хийсэн нийт дуудлага болоод нэгжийн хэмжээгээ хүснэгтлэн тэмдэглэснийг харж болно. Мөн оффисын гэрэлтүүлгээ нийтээр нь бүдэг, зөөлөн байдлаар шийдсэн нь нөмөр гэсэн нэртэйгээ уялдахуйц нөмөртэй, дулаахан уур амьсгалыг бүрдүүлж чаджээ.


Харилцагч хүлээн авах хэсэг: Үүдээр ормогц Г.Онон гуайн “Хонин цагаан үүл”, “Дөрвөн улирал” гэх бүтээлүүд, эсрэг талын хананд тогтвортой хөгжлийн илэрхийлэл болсон ногоон ургамал бүхий хана байгаа нь санхүүгийн байгууллага гэж мэдэгдэхээргүй, урлаглаг, дулаан орчин нөхцлийг бүрдүүлсэн санагдав. Урлагийн бүтээлүүд болон, ногоон ургамлууд нь ажилтнуудын сэтгэл санааг тайвшруулж, стресс бухимдалгүй, өндөр бүтээмжтэй ажиллахад нь тусалдаг гэнэ.


Цайны хэсэг: Яг л гэрийн гал тогоо шиг цэвэрхэн, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр тоноглосон, хүссэн үедээ ашиглах боломжтой цайны өрөө бол ажилтнууд хамтдаа өдрийн цайгаа ууж, халуун яриа өрнүүлэн суудаг, дуртай хэсэг нь хэмээн онцоллоо. Мөн ажилтнууд өдрийн хоолондоо гэрийн амттай хоолоороо хамт олноо дайлдаг гэнэ шүү.


Унтлагын өрөө: Энэ хэсэгт ажилтнууд өдрийн цагаар хэсэг унтаж амарснаар, тархиа амраан дараагийн ажилдаа толгой сэргэг орох, төвлөрөхөд нь бодитой тус нэмэр болдог аж.


Сургалтын танхим: Энд шинэ ажилтнууддаа компанийн үнэт зүйлс болоод зарчмыг таниулах, санхүүгийн чиглэлээр хэрхэн мэдээлэл хүргэх талаар сургалтуудыг зохион байгуулж, дадлагажуулахаас гадна бүх ажилчдын нэгдсэн хурал, харилцагчдын уулзалт зэргийг зохион байгуулдаг. Сургалтад суух үед анхаарлаа маш сайн төвлөрүүлэх шаардлагатай тул бүх ханыг дуу тусгаарлагч хавтангаар хийснээрээ онцлогтой. Мөн танхимын сандлыг түшлэгтэй, дэвтэр тавих тавиуртай, зөөлөн суудалтай гэх зэргээр олон төрлөөр сонгосон нь ажилтан өөрийн хүссэн хэсэгтээ суун, тохь тухтайгаар сургалтдаа хамрагдах боломжийг бүрдүүлж өгчээ.

Түүнчлэн цонхоор байгалийн гэрэл оруулах, агаар сэлгэлт чөлөөтэй явуулах зорилгоор цонхнуудыг том хэмжээгээр шийдэж, эсрэг талын ханаа бүхэлд нь шүүгээ бүхий толиор бүрхсэн нь зай талбай хэмнэх, агаар сэлгэлтийг чөлөөтэй явуулах нүдээ олсон шийдэл болжээ. Мөн энэхүү толин ханыг иог, дасгал хөдөлгөөн хийхэд давхар ашигладаг байна.


Кофешоп: Харилцагчид санхүүгийн үйлчилгээ аван, гуравхан минутын дотор бүх төрлийн зээл авахын зэрэгцээ Нөмөр кофе шопоор үйлчлүүлэх боломжтой. Гэрээ хийн, зээл авсан тохиолдолд нэг удаа үнэгүй кофе авахаас гадна, цаашдаа 20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой болдог аж.

Шар, ногоон, хар өнгөний зохицлыг эндээс харах боломжтой ба цонхны дэргэдэх өндөр сандлууд, яриа дэлгэн, удаан тухлах боломжтой зөөлөн суудлууд, дулаан мэдрэмж өгөн зөөлөн тусах гэрэлтүүлгүүд зэрэг нь уг кофе шопт энгийн хэрнээ таатай уур амьсгалыг бүрдүүлж байв. Дотоод засал чимэглэлдээ өөрсдийн лого болох шүхэр болон бусад уран зургийн бүтээлүүдийг оруулсан нь тун үзэмжтэй харагдлаа.

БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТ

Жил бүр урлаг, спортын наадмаас гадна хөгжөөнт, танин мэдэхүйн тоглоомуудаар хоорондоо өрсөлдөж, цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ бие биеэ илүү сайн танин мэдэж, авъяас чадвараа нээн илрүүлдэг. Нийт таваас зургаан төрөл бүхий тэмцээнээс шилдэг багаа тодруулан, гадаад болон дотоодод аялах эрхээр шагнаж урамшуулдаг аж.


ажилтнуудын сэтгэгдэл

Ажилтнууд хамтдаа цайлаад суухдаа нэг нэгэнтэйгээ илүү дотно болдог нь ажлын уур амьсгалд сайнаар нөлөөлдөг гэж боддог. Ажиллах орчин цэвэрхэн, тухтай, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байх нь ажлын бүтээмж өндөр байхын гол үндэс.

Зээлийн мэргэжилтэн: М.Солонгоо

IT багийнхан удаан хугацааны турш сууж ажилладаг учраас нуруу өвдөх, хүзүү чилэх зэрэг асуудал үүснэ. Тиймээс ажилтнуудынхаа эрүүл мэнд, тав тухыг хангах үүднээс дээш, доош хөдлөх боломжтой ширээтэй болсон нь ач тусаа гаргаж байгаа. Мөн тухтай ор, гэрэлтүүлэг багатай амралтын өрөөтэй учир заавал гэртээ очиж амрах бус ажлынхаа дундуур 20-30 минут унтаад сэрэхээр илүү эрч хүчтэй болж, ажлын бүтээмж мэдэгдэхүйц дээшилдэг.

Техник тусламжийн ахлах инженер: Г.Зоригт

Миний хувьд сурахын хажуугаар ажилладаг учраас цагийн хуваариа нарийн тооцоолох шаардлагатай болдог. Хичээлгүй үедээ ажиллаж болох уян хатан цагийн хуваариас гадна, ажлаа тараад аль нэг хоосон өрөөнд суугаад хичээлээ хийх, хичээлээс сурсан зүйлсээ ажил дээрээ бататгаж, туршлагатай ажилтнуудаас тусламж, зөвлөгөө авах зэрэг маш олон боломжуудыг олгодогт баярладаг.

Техник тусламжийн туслах инженер: Б.Нарангэрэл