Байгууллагын нэр: Сүүдэр Ай Эн Си ХХК
Байгуулагдсан он: 2017 он
Үйл ажиллагааны чиглэл: Брэндинг, маркетинг, сурталчилгаа
Ажилтны тоо: 20 үндсэн ажилтан, 20 гэрээт ажилтан
Хаяг: Салбар 1: М-Си-Эс байр, АНУН төв, 3-р давхар
Салбар 2: ICC тауэр, 304 тоот, Сүүдэр оффис
Сошиал хуудас: Facebook, Instagram
Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Бүтээлч онгод, Ондоо өнцөг, Сансар огторгуй
Яагаад сонгох болов?
Бид жил бүрийн жагсаалтдаа бүтээлч үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагыг онцлохыг зорьдог билээ. Энэхүү уламжлалынхаа дагуу чамгүй хугацаанд эрэн хайсны эцэст энэ жилийн жагсаалтад Сүүдэр Ай Эн Си-ийг онцолж байна.
2017 оноос гэрэл зураг, дижитал маркетингийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж эхэлсэн уг хамт олон видео, график дизайн, эх бэлтгэл, брэндинг, дижитал маркетинг, 3D арт зэрэг маркетингийн харилцаанд шаардлагатай бүх төрлийн контентыг цогцоор туурвидаг. Бидний сайн мэдэх BMW, Brussels Belgian, Beer, АПУ ХК, МБанк, Эрүүлмаа, Leica, UNICEF зэрэг салбартаа манлайлагчдын бүтээгдэхүүн, үйчилгээг бодитоор амилуулсан чадварлаг хамт олон.
Оюун санаагаа чөлөөлж бүтээлчээр ажиллах ёстой ч нөгөө талдаа цаг хугацаатай уралдах шаардлага нь энэ салбарын гол сорилт юм шиг. Тиймээс ч тэд хоёр оффист хуваагдан ажиллах ба төвийн оффист менежментийн баг төлөвлөгөө боловсруулж харин энд уран бүтээлчид зөвхөн бүтээл дээрээ төвлөрөн ажилладаг байна. Олон төрлийн зах зээлд брэнд маркетингаар мэргэшсэн тэдний оффис онцлог сонирхолтой байх болов уу гэх хүлээлт минь ч биелэв.
ажлын орчин
Нээлттэй төлөвлөлттэй, 24 цагийн, чөлөөт оффис
Интерьер дизайны чиглэлээр дагнан мэдээлэл хүргэдэг interior.mn вебсайт ажиллуулж байсан туршлагатай тэд оффисын шийдэлдээ ч онцгой анхаарсан нь илт. Өндөр таазтай, нээлттэй зохион байгуулалт бүхий 200 м.кв талбайд гүн төвлөрөл үүсгэх бүрэнхий орчин, өнгөлөг хана, пендант шар гэрлээр тохижуулжээ. Хайрцагнаас давж сэтгэх, стандартаас хальж ажилладаг уран бүтээлчдэд чөлөөтэй, саруул орчин чухал тул яг ийм загвараар тохижуулсан өөр оффисууд ч бий.
Оффисын хана, тааз тас хар өнгөтэйн дээр цонхоо байгалийн гэрлээс тусгаарлаж бараан хөшгөөр бүтээсэн нь гүн төвлөрөлөд тусалдаг гэнэ. Үүдэн хэсгийн тод улаан хананд ЗХУ-ын 1980-аад оны суртал ухуулгыг илтгэх гараар урласан зурагт хуудас, Оддын дайн цувралын зурагт хуудас, бүтээлчээр ажиллахыг уриалсан үгс өлгөөтэй харагдана. Улаан өнгө нь орон зайд тод эрчим, энерги түгээдэг тул ийнхүү буджээ.
Энэ оффист продакшн баг болон дизайнерууд ажилладаг ба зэргэлдээ хурлын ширээнд уулзалт, хэлэлцүүлэг нээлттэй болдог байна. Учир нь ажлын онцлогоос шалтгаалан харилцагчдын хүсэл шаардлагыг ойлгох, багууд хоорондоо нягт ажиллагаатай байх нь чухал тул ийнхүү нээлттэй төлөвлөлтийг эрхэмлэжээ.
Зарим зураг авалтыг үүрээр эсвэл шөнийн цагаар хийх шаардлага гарах тул оффист хаах цаг гэж үгүй. Мөн гэрээт уран бүтээлчид чөлөөт цагаараа ирж, тоног төхөөрөмж ашиглах болон багаараа ажиллах боломж бүрдүүлэн оффистоо сул ширээнүүд олныг бэлджээ. Сонирхолтой нь, алжаалж ядарсан үедээ нойр авах булан гаргасан нь олон оффисын ажилчдын атаархах хэсэг аж.
Сансар огторгуйгаар аялахуй
Компанийн философи, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогийг шингээж давтагдашгүй брэндинг бүтээдэг тэд сансар огторгуйн оршихуй, баримтат кино, ном зохиолоос урам зориг авдаг гэнэ. Орох үүднээс л шөнийн оддыг дурандах телескоп, Оддын дайн цувралын зурагт хуудас, гараг эрхсийн цуглуулга нүдэнд туслаа.
Түүхэн гэрэл зураг, сансар огторгуйн бүтээлүүдтэй ойр байх нь тэдний бүтээлч сэтгэлгээг хөглөдөг гэнэ. Монголын анхны фото сэтгүүлчдын нэг М.Лхагвасүрэн гуайн Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг баримтжуулан буулгасан гайхалтай бүтээл эх хувиараа энд харагдана. Бүр сонирхолтой нь, М.Лхагвасүрэн агсны зээ хүү О.Мягмардорж энэ компанид ажилладаг. Уран бүтээлчид ажилладаг газар уран бүтээлийн ул мөр байх нь дамжиггүй. Уран бүтээлч No Type Crew-ийн эл содон бүтээл энд “бүтээлч үйлдвэрлэл” явагдаж байна гэж хэлэх шиг.
Шинэ санаа олохын тулд тухайн салбар, зах зээл, цаашлаад түүх сурвалжаа судлах нь чухал. Тиймээс хана дагаж байрласан номын сан бол оффисын онцгой хэсэг. Тэд ажил, хувийн шугамаар гадагш явахдаа Монголд тэр бүр зарагддаггүй ховор бүтээлүүдийг цуглуулдаг гэдэг нь номын сан дахь сонирхолтой зохиолуудаас харагдаж байлаа.
Зэргэлдээ нь ногоон булан тохижуулсан байх ба Central TV-ийн The Profit нэвтрүүлэгт Ойм брэндтэй хамтран ажиллаж тасалгааны ургамлуудтай дотносчээ. Жижиг савтай мөнхрөөг 14 хоногт нэг удаа, Үүлэнцэцэг, Зуун настыг долоо хоногт нэг удаа усална хэмээн заавар, журмын дагуу тун ч хичээнгүйлэн арчлах аж. Мөн урин дулаан цагт дээвэр дээрх сагсны талбай тун ч завгүй байх ба чөлөөт талбайдаа арга хэмжээ зохион ашигладаг гэнэ.
Ажилчдын сургалт хөгжүүлэлт
Ая зохиогч, видео графикч, дизайнер, гэрэл зурагчин гэх мэт олон уран бүтээлчидтэй энэ компанийн ажилчдын дундаж нас 23. Бүтээлч салбарт ажиллахаар тэмүүлж, карьераа эхлүүлж яваа эдгээр залуус хоорондоо найз шиг, ахан дүүс шиг эвтэй, дулаахан уур амьсгалтай. Тэдний соёл энгийндээ “хүссэн гайхамшгаа бүтээхдээ өөр бусад юунд ч бүү санаа зов” гэж өгүүлэх шиг.
- Агентлагийн зүгээс уран бүтээлчдэд үүрэг ажил даалгах бус тэд өөрсдөө захиалгат ажлуудаас хүссэнээ сонгож, хамтрах баг, хэрэгцээт тоног төхөөрөмжөө ажилдаа зориулах боломжтой.
- Долоо хоногийн Пүрэв гараг бүр хурал уулзалт, гадуур ажил төлөвлөлгүй, хариуцсан ажлаа цэгцэлж “чөлөөт өдөр” болгон өнгөрүүлдэг онцлогтой. Энэ өдөр хувийн хүсэл сонирхол, туршлагаа солилцон загвар дизайны шинэ трэнд хандлагын тухай ярилцаж өнгөрүүлдэг.
- Уран бүтээлчид шөнийн цагаар ч сууж ажилладаг тул тэдэнд орон зай олгож цаг бүртгэдэггүй онцлогтой.
- Удаан хугацаанд төвлөрөн сууж, үргэлж бүтээлч байх гэж санаашрах нь заримдаа стресс болох тул компанийн зүгээс нийт ажилчдыг жилд нэг удаа эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулж, шаардлагатай тохиолдолд эмчилгээнд нь тусалдаг байна.
Ажилтнуудын сэтгэгдэл
Оффисын номын сандаа хамгийн дуртай. Би кино урлагийг хүндэлж хайрладаг учир алдарт найруулагч, дэлгэцийн уран бүтээлтэй холбоотой ном олноор байдагт нь талархдаг. Бас тэдгээр номноос урам зориг авдаг. Хамгийн сүүлд Виржил Абло фейшн дизайнерийн хоёр номыг шинээр нэмсэн.
Харилцагчийн менежер: Г.Нямдэлгэр
Техникийн үзүүлэлт, хүчин чадал хэр байхаас хамаарч миний ажлын бүтээмж төдий чинээ уялдаатай байдаг. Тиймээс сайн тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй байх нь чухал. Манай компани энэ тал дээр ажилчдаа бүрэн хангаж ажилладаг.
3D графикч, визуал артист: О. Чинсанчир
a amgaa 2023.05.25 202.21.112.226
номын сан нь байдаг л нэг хувь хүний хөгжлийн номууд биш яг артист хүмүүст зориулж хэрэг болгон цуглуулга болгосон тасархай номын сан байна аа
П Пеппер 2023.05.25 202.21.112.226
Их бүтээлч орчин санагдлаа бүтээлч хүмүүст бүтээлч л орчин байхгүй бол тэр их эморол онгодыг хэрхэн хөглөх билээ л