Яг одоо Кени улсын Найроби хотод Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын Бага хурлын 15 (COP15) дугаар хуралдаан болж, дэлхийн 156 орны 1300 хүн биетээр, 4500 хүн онлайнаар оролцож байна. 

Өдгөө зөвхөн нэн ховорд тооцогдох мазаалай баавгайтай адил хувь заяаг туулж буй ховор амьтдын төрөл зүйл дэлхийд 30 мянгад хүрээд байгаа. Зөвхөн ан амьтан гэлтгүй ургамал, шавьж, газар хөрс шороо, далай тэнгис зэрэг амьд организмууд нь байгаль дэлхийн экосистемийн нэгэн чухал хэсэг, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлын салшгүй хэмжүүр юм. 

Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас амьтдын тархац, тоо толгой буурч, амьдрах орчин нь улам бүр доройтсоор байгаа тул анхаарах, ахиц гаргах, алхам хийх учиртай хамгийн чухал сэдвийн нэг болоод байна. Тиймээс дээрх хуралд оролцож буй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрхмүүдийн үзэл бодол, ирсэн зорилгыг тольдохоор энэхүү контентыг бэлтгэлээ.

This story was produced as part of Internews' Earth Journalism Network's 2022 UNCBD COP 15 Reporting Fellowship.

Энэхүү контентыг Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын Бага хурлын 15 (COP15) дугаар хуралдааны хүрээнд "Earth Journalism Network" байгууллагын дэмжлэгтэйгээр бүтээв.

Unread

I. esther maina

Би Кенийн жижиг тосгон төрж өссөн. Хүүхэд байхдаа биологийн олон янз байдал гэж юу болох, хүрээлэн буй орчинд ямар асуудлууд тулгарч буй тухай сайн мэддэггүй байлаа. Гэвч цаг өнгөрөх тусам төрсөн нутагт маань байгаль орчны олон асуудал үзэгдэж, харагдах болсноор энэ талаар судалж эхэлсэн. Манай тосгонд ан амьтныг хууль бусаар агнаж махыг нь хэрэглэх, далай тэнгис бохирдуулах, ой мод устгах зэрэг хүрээлэн буй орны олон асуудал нүүрлэсэн. Тиймээс би хүмүүсээс, өөрөөсөө олон асуулт асууж эхэлсэн юм. Энэ бүхэн хэвийн, хууль ёсны зүйл гэж үү, бид амьтныг хайрлан хамгаалахын төлөө юу хийж чадах вэ гэх асуултын мөрөөр олон хүнтэй танилцаж, зорилго нэгтэй болсон.

Би одоогоор Кени дэх Биологийн олон янз байдлын залуусын сүлжээнд ажиллаж байна. Бид дэлхий даяар 140 оронд 280 салбар, 664 мянган гишүүнчлэлтэй. Бид биологийн олон янз байдлыг хадгалах, хамгаалах зорилгын дор дэлхий даяар олон төрлийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг, хөдөлгөөнийг зохион байгуулж, залуусын дуу хоолойг хүргэхийг зорьдог. Миний хувьд одоогоор далай, тэнгис, далайн нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлд залуусын оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэхэд төвлөрч байна.

II. Nelson reiyia

Би Кени улс дахь 25 мянган зэрлэг амьтад, 7000 гаруй зэрлэг ургамлын бүс нутгийг хамарсан Маасай Майра (Nashulai Maasai conservancy) экосистемийг хамгаалах байгууллагыг удирддаг.

Бид уугуул иргэдийн эрх, биологийн олон янз байдал, зэрлэг байгаль, ховор ан амьтдыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ удаагийн хуралд олон улсын төлөөлөгчдөд өөрсдийн туршлагаа хуваалцаж, хэрхэн хүрээлэн буй орчныг хамгаалж буй арга барил, түүхээсээ хуваалцаж байна.

Бид хамгаалалтад авсан газарт жуулчдыг цөөн тоогоор оруулах, зөвхөн заасан замаар автомашинаар зорчих, хооллож ундлахгүй байх зэрэг энгийн алхмаас эхлээд онгон дагшин байгалийг хамгаалах олон төрлийн систем, менежмент боловсруулсан. Цаашид үндэсний хэмжээний бодлоготой болохоор ажиллаж байгаа.

III. swetha stotra bhashyam

Би өөрийн өнгөрсөн 10 жилийг байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулахад зүтгэж байна. Биологийн олон байдлын бол миний амьдралд тэр чигтээ холбоотой. Миний юу идэх, хэрхэн амьдрахаас эхлээд амьдралын хэв маяг, соёл уламжлалтай салшгүй холбоотой сэдэв юм. Тэгэхээр энэ сэдэв намайг хэн болох, юу хийж буйг минь бүрэн тодорхойлдог. Энэ бол миний ондоошил.

Би дэлхийн өнцөг буланд бүрд буй байгаль орчны төлөөх залуусыг нэгтгэж, дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хөдөлгөөн өрнүүлэх, зөв алхам хийхэд туслах зорилгоор Биологийн олон янз байдлын олон улсын залуусын сүлжээнд ажиллаж байна.

Кени улсын Найроби хотод болсон Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын Бага хурлын 15 (COP15) дугаар хуралдаан бол бидний зорилгодоо хүрэхэд туслах томоохон арга хэмжээ юм. Хэрэв бид дараагийн уулзалтаар Биологийн олон янз байдлын 21 зорилгын бэлтгэл ажлыг амжилттай хийж чадвал маш том урагш алхах шийдвэр байх болно.

Хэрэв энэ бүх хэлэлцээр амжилттай болж чадахгүй бол дэлхий даяар байгаль орчны асуудалтай нүүр тулж буй олон орны ирээдүйн гарц, шийдэл хойшилсоор байх болно. Энэтхэг улсын хувьд дэлхий дээрх хамгийн агаарын хамгийн бохирдолтой орон. Бидэнд агаар бохирдлоос гадна усны хомсдол, бохирдол, нөөцийн олон асуудал тулгарч байна.

Мөн цаг агаар, уур амьсгал цаг ирэх тусам хэт халуун, хэцүү болж байна. Энэ бүхэн бид биологийн олон байдалд хангалттай анхаарч чадахгүй байгаагийн үр дүн юм. Тэгэхээр яг одоо л өөрчлөлт, алхам хийхгүй юм бол цаашид хэтэрхий оройтсон байх болно шүү дээ.

IV. Nuhu Mathew Salasal

Би Танзани, Замби орны байгалийн нөөцийг хамгаалах, тогтвортой хөгжлийг цогцлоох чиглэлд олон төсөл хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлдэг. Одоогоор Шведийн Засгийн газраас хэрэгжүүлж буй биологийн олон янз байдлыг хамгаалах төслийг удирдаж буй.

Кени улсын Найроби хотод байрлах НҮБ-ын кампуст болж буй энэхүү хуралдаан 21-26-ны хооронд үргэлжилж, дэлхийн 156 орны 1300 хүн биетээр, 4500 хүн онлайнаар оролцож байгаа нь энэ сэдэв ямар чухал болохыг харуулж байна. Бид Биологийн олон янз байдлын 21 зорилгыг бүрэн тодорхойлон хэлэлцэн учиртай. Энд улсаа төлөөлөн оролцож буй хэн бүхэн цаашид анхаарах асуудлаа тодорхойлж, шийдлээ гаргах замаар иргэддээ ойлгомжтой, тодорхой зураглал гаргаж өгөх шаардлагатай.

Улс орон бүр өөрсдийн үндэсний стратеги, хөтөлбөр боловсруулж, шинэчилсээр байгаа. Тухайлбал, биологийн олон янз байдлын тухай̆ конвенцын̆н Талуудын Бага хурлын 12 дугаар хуралдаан буюу 2010 онд баталсан “Айчи 20 зорилт”-ын дагуу улс орнууд байгаль орчны салбарын бодлогын уялдааг бүрэн хангасан байдлаар шинэчлэн боловсруулах шаардлага тулгарсан учраас шинэчилсэн 21 зорилтыг дэвшүүлээд байна.

Бид ирэх 10 жилд хийх ажлаа энэ шинэчилсэн зорилгын дагуу хэрэгжүүлэх учиртай. Гэхдээ бид одоо яаравчлахгүй бол төлөвлөснөөс хэдийн хоёр жилээр хоцроод байна. Цар тахал, хол хорионы улмаас энэхүү уулзалт дөрвөн удаа хойшилсон. Дахин хойшлуулах цаг хугацаа бидэнд байхгүй тул бид асуудалд нухацтай бөгөөд шуурхай хандах шаардлагатай юм шүү.

v. Juthamas Sukitjanont

Байгаль орчны асуудал бол зөвхөн нэг бүс нутгийн бус дэлхий дахины сэдэв юм. Тэр дундаа, Азийн орнууд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байна. Нөгөө талаар, хүн ам болон байгалийн баялаг маш их тул хайрлан хамгаалж, нөхөн сэргээх боломж дүүрэн бий. Тиймээс "Earth Journalism Network" нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн, хөгжиж буй орны сэтгүүлчдийг энэ чиглэлийн олон сэдвийг хөндөж, олон нийтэд түгээж, нийгэмд нөлөөлөхөд нь туслах зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Түүгээр дамжуулан сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэхэд чиглэдэг юм. Энэ хүрээнд бид сэтгүүлчдэд сургалт зохион байгуулах, НҮБ тэргүүтэй олон улсын хурал, уулзалтыг сурвалжлах эрх олгох, байгаль орчны чухал асуудлыг хөндсөн цуврал нийтлэл, сурвалжилгад зориулсан тэтгэлэг олгох зэрэг өргөн хүрээнд ажиллаж байна. Ингэснээр медиа боловсрол олгох, танилын хүрээгээ тэлэх, санхүүгийн дэмжлэг авах зэрэг олон давуу тал, боломжийг олгодог.

Үүний дагуу Азийн өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлчид өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, ус, хөрс, агаарын бохирдол, далай тэнгисийн нөөцийн асуудлаар чанартай контент бэлтгэж байна.

Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын Бага хурлын 15 (COP15) дугаар хуралдаанд Ази Номхон далайн бүсийн 12 сэтгүүлчийг шалгаруулан, биологийн олон янз байдалтай холбоотой өөрсдийн орны асуудлыг илүү судалж мэдэх, сурвалжлах, олон улсын мэргэшсэн экспертүүд, төлөөлөлтэй уулзах боломжоор хангаж байна. Бид энэ жил Египет улсад болох уур амьсгалын өөрчлөлтийн хуралд (COP27) олон улсын сэтгүүлчдийг шалгаруулан авахаар бүртгэлээ авч байгаа.

Vi. vinod b.mathur

Би Энэтхэг улсын Биологийн олон янз байдлын үндэсний байгууллагыг удирддаг. Товчхондоо, байгаль орчны зохицуулагч байгууллага гэж хэлж болно. Биологийн нөөцийг ашиглаж буй хэн бүхэн биологийн олон янз байдлын хөтөлбөрийг дагах учиртай тул миний ажлын чиг үүрэг нь тэр бүх бодлого, төлөвлөгөө хэрэгжиж буй эсэхийг хянах юм.

Энэтхэг улсын хувьд биологийн олон янз байдлын нөөцөөр тун баялаг орнуудын нэг. Дэлхий дээр нөөцөөр баялаг 17 орон байгаа нь тэд энэ асуудалд маш чухал үүрэг, хариуцлагатай гэсэн үг. Нөгөө талаар, бид тэрбум давсан хүн амтай учраас хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй олон эрсдэл байгаа юм. Энэ бүхний тэнцвэрийг хангана гэдэг тун сорилт болж байна. Эдийн засгийн хувьд хөгжиж буй манай орны хувьд дэд бүтцийн олон бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай. Ингэхдээ байгалийн аливаа нөөцийг хомсдуулж болохгүй юм. Байгаль орчны хамгаалахад зөвхөн энэ хуралд сууж буй зангиатай төрийн дээд эрхмүүд хамаатай биш гадаа гудамжинд алхаж буй хүний үйлдэл хүртэл нөлөөтэй юм шүү.

VII. Shruti ajit 

Хүрээлэн буй орчныг хамгаалах, хайрлах тухайд олон нийтийн тэгш оролцоо, идэвхийг хангах нь миний ажил. Нэн ялангуяа, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ удаа бид Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын Бага хурлын 15 (COP15) дугаар хуралдаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, Биологийн олон янз байдлын 21 зорилгод жендерийн агуулгыг нэмж, нийт 22 болгох санаачилгыг өрнүүлж байна.

Дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн тэгш оролцоо, санал, үзэл бодол чухал үүрэгтэй. Тиймээс энэхүү конвенцын бүх түвшинд буюу бодлого стратеги боловсруулах, төлөвлөгөө батлах, санал өгөх үйл явцад жендерийн мэдрэмжтэй байх санаачилгыг өрнүүлж байна.

Охид, эмэгтэйчүүд бол байгаль орчныг хайрлан хамгаалах, нөөцийг хадгалахад хамгийн өндөр үүрэг, хариуцлагатай байсаар ирсэн. Цаашид ч үүрэг ч оролцоо улам өндөр байх болно.

VIII. ibrahim khalilullah

Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон талаар ярилцаж, энэ чиглэлд ашгийн бус, төрийн бус олон байгууллагууд ажилладаг боловч биологийн олон байдлын олон асуудалд ач холбогдол өгч, гүнд нь орохгүй байх шиг санагддаг. Тиймээс миний хувьд энэ сэдэвт төвлөрч, байгаль орчны бохирдолтой холбоотой асуудлыг судлах болсон. Бангладеш улсад усны бохирдол, ойн талбай багасах зэрэг байгаль орчны тулгамдсан асуудал олон бий.

Тухайлбал, дэлхийд алдартай "Sundarbans" ойд гэхэд нэн ховорд тооцогдох Бенгалын барс байдаг. Өмнөд Азийн орнууд ОХУ-ын Санкт-Петербургт 2010 онд болсон барыг хамгаалах олон улсын хурлаар олон төрлийн зэрлэг барыг хоёр дахин өсгөх амлалт өгсөн. Тэдгээр орнуудаас Непал болон Энэтхэг арван жилийн хугацаанд амлалтаа маш амжилттай хэрэгжүүлсэн бол Бангладеш чадаагүй. Манай улсад 2010 оны байдлаар бенгалын 106 бар байгаа гэж бүртгэгдсэн. Харин 2020 оны байдлаар 10 жилийн дараа 112 буюу зургаахнаар өссөн байна. Барын тоо өсөхүй байна гэдэг экосистемийн тогтвортой байдал алдагдаж байна гэсэн үг. Тиймээс энэ бүх асуудлыг олон нийтэд хүргэх, шийдэл, алхмыг хайж суралцах, цаашлаад сурвалжлах зорилгоор энд ирээд байна.

"Earth Journalism Network" байгууллагын дэмжлэгтэйгээр энэ удаа дээрх асуудлын хүрээнд мультимедиа контент болон телевизийн нэвтрүүлэг бэлтгэж байна.

IX. Cristina eghenter 

Энэ төрлийн хурал, уулзалт бол зөвхөн дээд түвшний, Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүлэх, үг хэлэх учиртай орон биш. Энд бүх хүмүүсийн оролцоо, үзэл бодол, санаачилга багтах учиртай. Бид тэдэнд тулгарч буй маш олон асуудлыг сонсож, хэлэлцэж, шийдлийг хайх хэрэгтэй юм. Өдгөө дэлхий дээрх уугуул, орон нутгийн иргэд нийт хүн амын тавхан хувийг бүрдүүлж буй боловч биологийн олон янз байдлын 80 хувийг хайрлан хамгаалж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хувьд таван сая дэмжигчтэй, дэлхийн 100 гаруй оронд байгаль орчныг хамгаалах чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг, олон улсын ашгийн бус, хандивын, тєрийн бус байгууллага юм. Миний хувьд байгалийн нөөцийг хамгаалах чиглэлд нийгэм, хүний эрхийн асуудалд төвлөрч байна.