Unread Media-ийнхан бид Unplug, DevSummit зэрэг өөрсдийн, Social Media Week, Pecha Kucha зэрэг олон улсын эвентүүдийг зохион байгуулдаг билээ. 2020 онд бид эвентийн портфолиогоо баяжуулан дэлхийд сүүлийн үед эрчээ авч буй Fuckup Nights Ulaanbaatar эвентийг албан ёсоор хамтран зохион байгуулах гэрээг байгуулаад байна. Fuckup Nights нь бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамжаа хуваалцах консепттой, 90 улс, 320 орчим хотод албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Fuckup Nights Ulaanbaatar эвентийг бид хорио тавигдсаны дараа зарлаж, улирал тутам зохион байгуулах болно.
Мөн энэхүү эвенттэй уялдуулан бид "Фаакап" хэмээх цоо шинэ, цуврал нийтлэлийг танилцуулж байгаадаа баяртай байна. Энэхүү цувралын зочид өөрийн амьдралд тохиолдсон амжилт олоогүй санаа/төсөл, бүтэлгүйтсэн явдлаа хуваалцаж, түүнээс юу сурсан, ямар сургамж авснаа өгүүлэх юм.
Чухам яагаад бид бүтэлгүйтлийн түүхийг онцлох болов?
Яагаад гэвэл бид амжилтад хүрснээ, хийсэн бүтээснээ ярих дуртай эрин үед амьдарч байна. Үздэг, сонсдог, уншдаг мэдээллүүд маань ч ийм л агуулгатай байдаг болохоор бид өөрийн эрхгүй түүнийг дагадаг биз. Харамсалтай нь энэ чиг хандлага аливаад амжилт олох, ажил бизнестээ гайхам ахиц гаргах нь амархан юм шиг сэтгэгдлийг төрүүлж байдаг. Үүнээс үүдэн хүмүүс боломжуудыг хэтрүүлэн үнэлэх, эрсдэлүүдийг дутуу үнэлэх, өөрийгөө голох, хэт хэцүү зорилт тавих гэх мэт олон сөрөг үр дагавартай учирдаг.
Үнэндээ олон олон амжилтгүй оролдлого, бүтэлгүйтлийн үр дүнд санасандаа хүрэх, зорьсноо бүтээх нь их байдаг шүү дээ. Амжилтын түүхийг хүүрнэх нь зөв ч алдаа дутагдал, бүтэлгүйтлийн түүхийг бас өгүүлж байх учиртай. Ийм учраас л, бүтэлгүйтлийн түүхийг бид дэндүү бага сонсдог болохоор л Fuckup Nights эвент болоод"ФаакАп" цуврал нийтлэл зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн юм.
Хоёр долоо хоног тутам, баасан гараг бүр хүрэх цувралын нийтлэлийнхээ зочдоос бид дараах 4 асуултад хариулт авах болно:
- Та хэн бэ?
- Бизнес/Төслийн санаа юу байсан бэ?
- Юу тохиолдсон бэ?
- Ямар сургамж авсан бэ?
Цувралын эхний дугаарыг унших:
ФаакАп #1: UB Comedy клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг

Эвентийн хуудсанд зочлох:
Fuckup Nights Ulaanbaatar
Тэгэхээр цөмөөрөө амжилтын түүхүүдийг уншихын зэрэгцээ бүтэлгүйтлийн түүхүүдийг ч сонсдог байя. Хүн гэдэг алдсан эндсэнээ ярихдаа чин үнэнч байж, бусдад хэрэг болох зүйлсийг өгүүлдэг билээ.
Та бүхэн бидэнтэй үнэтэй сургамж авсан түүхээ хуваалцахын зэрэгцээ онц содон түүхийг хүүрнэх сонирхолтой зочдыг санал болгоорой.
#sharethefailure #fuckupnights #fuckupnightsulaanbaatar

Сэтгэгдэл бичих

