А бол АВТо Машин үйлдвэрлэлийн салбарын манлайлагч

BMW бол дэлхийн авто машин үйлдвэрлэлийн салбарын лидер, гол тоглогчдын нэг. Дэлхий даяар 130 мянга гаруй ажилтантай тус компани жилд 2.5 сая ширхэг машин үйлдвэрлэж, 104 тэрбум долларын борлуулалт хийгддэгээрээ дэлхийд 12-т эрэмблэгддэг. Тус компанийн төв оффис байрлах ХБНГУ-ын Мюнхен хотоос гадна Бразил, БНХАУ, Энэтхэг, ӨАБНУ, Их Британи, АНУ, Мексик зэрэг орнуудад үйлдвэртэй. BMW нь чанар, чансаа, тансаг хэрэглээ, техникийн дэвшил, инженерчлэлийн гайхамшгаараа дэлхийн хамгийн алдартай автомашины брэндүүдийн нэг болж чаджээ. Нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болсон тус брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр Bavaria Motors компани 2018 оноос эхлэн ажиллаж байгаа ба тус брендийн стандартын дагуу борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлж байгаа билээ.

Б бол Бавари МУЖ

Хөл бөмбөгийн клуб, амтат шар айраг, цагаан зайдсаас гадна BMW бол Бавари мужийн нэрийн хуудас юм. Өнөөгийн BMW компани 1913 онд буюу тухайн үеийн Германы Хаант Улсын хамгийн урд муж болох Баварид үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тус мужийн нэр ч BMW-ийн нэрэнд агуулагддаг бөгөөд BMW нь Bayerische Motoren Werke буюу Bavarian Motor Works гэсэн хослолын товчлол юм.

В бол Ви хэлбэрийн болон бусад хөдөлгүүрүүд

BMW автомашины чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн саналаар тодруулдаг "Оны Шилдэг Хөдөлгүүр"-ийн шагналыг 1998 оноос хойш 62 удаа хүртснээрээ бусад бүх брэндүүдийг илүүрхдэг. Тэдний ард бичигдэж буй Volkswagen 36, Ferrari 26 шагналтай буй нь тэдний хэр "тасархай" байгааг батлан харуулна. BMW-ийн хамгийн алдартай цуваа 6 хөдөлгүүрээс гадна бүх цилиндрийг тэнцүү тоогоор хоёр эгнээнд байрлуулсан "V" хэлбэрийн хөдөлгүүрүүд нь тэднийг өрсөлдөгчдөөсөө үргэлж нэг алхамын урд байлгасаар ирсэн. Ялангуяа 1990 онд 9 жилийн хөгжүүлэлт, 1,5 тэрбум маркийн өртгөөр гаргасан BMW 8 Series нь анх удаа V12 хөдөлгүүртэй гарсан нь тухайн үед ихээхэн шуугиан дэгдээж байсан билээ.

Г бол герман инженерчлэл

Дэлхийд алдартай Герман инженерчлэл бол BMW-ийн чансааг илтгэх гол амин сүнс. Жижиг эд бүрдэл бүрт нарийн ач холбогдол өгч, деталь бүрийг алдалгүй тооцоолдог үндсэн характер тэдний загвар бүрт шингэсэн байдаг. Хамгийн найдвартай, хамгийн чанартай, хамгийн шинэлэг гэсэн үгс тэднийг байнга дагадаг нь ч үүнтэй холбоотой. BMW-ийн герман сэтгэлгээ таны машиныг таны 2 дахь гэр болгож, хамгийн тухтай, хамгийн тавлаг орчныг үүсгэдэг нэр төрийн баталгаа тань болж чадна.

Д бол дикси

Онгоцны хөдөлгүүрийн бизнес нь Дэлхийн 1 дүгээр дайны дараа зогсонги байдалтай болсон тул BMW шинэ бизнесийн эрэлд гараад байв. Фермийн тоног төхөөрөмж, оффисийн тавилга хүртэл үйлдвэрлэж үзсэн тэд 1927 онд алдарт хөгжмийн зохиолч И.Бахын төрсөн нутаг, 42 мянган оршин суугчтай даруухан хот Айзенахаас хайж байсан зүйлээ олсон юм. Дикси нэртэй жижиг машин лицензтэйгээр үйлдвэрлэж байсан Айзенахын авто машины үйлдвэрийг өөртөө нэгтгэсэн нь BMW-ийн ирээдүйг тэр чигт нь өөрчилсөн юм. Тиймээс ч 1931 он хүртэл 25 мянган ширхэг борлуулагдсан гэх Дикси цуврал BMW-ийн хамгийн анхны үйлдвэрлэсэн машин хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.

е бол ESPORTS

Шинэ эриний залуусын сонголт цахим спорт бол BMW-ийн сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал хандуулж буй талбар. Тэд энэ сард л гэхэд дэлхийн хамгийн шилдэг 5 цахим спортын багтай гэрээ байгуулж, албан ёсны түнш нь болжээ. Тус тусын тоглоом, лигтээ манлайлагчдад тооцогдох Cloud9, Fnatic, FunPlus Phoenix, G2 Esports, T1 багуудыг тэд сошиал контент үйлдвэрлэх, дата хуваалцах, хамтарсан кампанит ажил хийх зэргээр дэмжихээс гадна зөвхөн тус багуудад зориулсан албан ёсны машиныг нь бүтээх гэнэ.

ё бол ёндоо

Уг нийтлэлийнхээ хүрээнд бид BMW брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Bavaria Motors Mongolia” компанитай хамтран нэгэн ёндоотой уншигчдаа BMW-ийн гарын бэлгийг бэлэглэхээр болсноо дуулгахад таатай байна. Азтан болохын тулд та нийтлэлийн төгсгөлд байрлах та нийтлэлийн төгсгөлд байрлах Quiz-ийн хариултыг буюу өөрт тохирох BMW загварын зургийг скриншот хийж ЭНЭ постны коммент хэсэгт оруулахад азтан болох боломжтой. Амжилт хүсье :)

ж бол жинхэнэ хувьсал 

Автомашины зах зээлд хүч түрэн орж ирсэн 1930-аад оноос хойш тэд үргэлж шинэлэг байдал, инновацаараа зах зээлийн чиг хандлагыг тодорхойлсоор иржээ. Дэлхийн хамгийн шилдэг инженерүүдийн ур ухаан, бүтээлч дизайнеруудын сэтгэлгээний цар хүрээний илрэл болсон бүтээлүүдийн загвар бүр тухайн үеэ бүрэн тодорхойлж, үе үеийн хэрэглэгчдийн итгэлийг даасаар ирсэн гэхэд хэлсдэхгүй. BMW 1990 онд судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцтэтгэх инновацийн төвийг FIZ нэрийн дор байгуулж, 7 мянган инженер, эрдэмтэн, судлаач, хөгжүүлэгчдийг нэгтгэсэн нь салбартаа анхдагч болсон үйл явдал байв. Чухам энд жинхэнэ хувьсал авчрах дараагийн үеийн технологи, уулга алдуулам шийдлүүд, санаа төрдөг гэлтэй.

з бол загварлаг ХАМАР

BMW-ийн илэрхийлэл, нэрийн хуудас болсон урд хамар дээрх хос гриллийг мэдэхгүй хүн ховор байх. 1950-аас 1990-ээд оны үед үйлдвэрлэгдэж байсан BMW автомашинууд дээрх тус гриллний загвар хүний хос бөөр шиг хэлбэртэй байснаараа Дэлхийд BMW Kidney Grilles гэж нэрлэгддэг болсон түүхтэй. Харин сүүлийн 20 жилийн хугацаанд тус гриллний загвар, шийдэл, хэлбэр нь илүү орчин үеийн загварлаг болсон ч үндсэн классик шинжээ алдаагүй юм. Тухайн үед BMW брендийг тодорхойлсон загварын шийдэл болох тус гриллний анхны хос бөөр мэт хэлбэр алдагдаад 20 гаруй жил өнгөрсөн ч хүмүүст BMW Kidney Grilles гэсэн нэрээрээ мөнхөд орших биз ээ

и бол икс модел

Цаг уурын хувьд манай улс жилийн дөрвөн улиралдаа эрс тэс уур амьсгалтай ч, энэ нь монголчууд бидний аялаж зугаалах их хүслийг унтрааж байсан удаагүй. Харин үзэж харах, сонирхон баясах байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудтай танилцахад ямар ч замын бартаа саадыг ажралгүй давах унаа л чухал байдаг. BMW-ийн технологийн дэвшилтэт, хүчирхэг бүх дугуйн хөтлөгч xDrive системийг агуулсан BMW X загварууд нь адал явдал, шинийг эрэлхийлэгч, аялагч, бартаа саадыг даван туулах хүсэлтэй хэн бүхэнд төгс тохирох загвар юм. Гэр бүл, найд нөхөд тань бартаа саад, адал явдал бүхий аялалын турш тав тух алдахааргүй тохилог, саруул салонтой, хот дотор ч унаад явахад хэмнэлттэй, загварлаг BMW X загвар одоогийн байдлаар нийт 7 төрөл байгаа ба хамгийн сүүлд худалдаанд гарсан 2019 оны Х7 загварыг та Улаанбаатар хотод явж байхад нь харсан биз ээ.

к бол камило кастилиони

Нэгэн цагт төв Европын хамгийн баян хүнээр нэрлэгдэж, эзэмшдэг хийгээд оролцоотой компаниудын тоо нь 170 хүрч байсан энэ эрхэм түүхэнд BMW-г үндэслэгчдийн нэг хэмээн мөнхрөн үлджээ. 1918 онд Rapp Motorenwerke нэмж хөрөнгө босгохын тулд хувьцаагаа гаргахад хамгийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болсон тэрбээр Дэлхийн I дайны дараа 1922 онд брэнд нэрийг нь ашиглах эрх, нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх тоног төхөөрөмж, патентуудыг нь худалдан авч, улмаар өөрийн эзэмшиж байсан Bayerische Flugzeugwerke-тэй нэгтгэн BMW AG гэж албан ёсоор нэрлэсэн түүхтэй. Харамсалтай нь 1929 хүртэл ТУЗ-ын гишүүн, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр санхүүгийн хүндрэлээс болж банкуудад өөрийн хувьцаагаа хураалгасан гэдэг.

л бол лого

2020 оны эхний улиралд автомашины салбарт өрнөсөн хамгийн чухал үйл явдлын нэг нь BMW шинэ логогоо танилцуулсан нь байв. 103 жилийн түүхэндээ анх удаа транспарент буюу машины өнгөнөөс хамааран хүрээ нь тодорхойлогддог байдлаар зохиомжилсон уг лого дижиталд болон байгальд ээлтэй сэтгэгдлийг төрүүлнэ. Үүнээс өмнө BMW логогоо 1917, 1933, 1953, 1997 онуудад шинэчилж байжээ. Сонирхуулахад, олон хүн тус логог Дэлхийн 1-р дайны үеийн нисэх онгоцны хөдөлгүүрээс санаа авч үүссэн гэж үздэг ч тийм биш. Анхны үндсэн компани болох Rapp Motorenwerke-ийн дугуй логоны суурин дээр Бавари мужийн өнгө шингэснээр бидний мэдэх классик лого үүсч хөгжжээ.

м бол м сПОРТ

BMW-ийн инженерүүдийн ур ухаан, технологийн дэвшил, хурд, хүч, чадварыг агуулсан алдарт BMW Motorsport Division буюу товчоор М-ийг мэдэхгүй хүн ховор биз ээ. BMW брендийн автомашинуудыг уралдааны өндөр хүчин чадал бүхий тоноглон бэлтгэх зорилготойгоор анх 1972 онд BMW Motorsport-ыг 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ. Анх уралдаанд зориулан бүтээгдэж байсан тус сери 70-аад оноос олон нийтэд зориулсан хувилбартайгаар бүтээгдэх болсон нь ёстой хувьсгал болсон юм. Жил ирэх бүр улам төгөлдөршиж, илүү хурдтай, илүү хүчтэй болсоор буй М загварын машинууд өдөр бүр уралдааны зам дээр нисэж яваа мэт мэдрэмжийг төрүүлдэг.

н бол нЭЭЛТТЭЙ КОМПАНИ

Германы ард түмний хамгийн итгэлтэй брэндүүдийн нэг BMW 1990 онд нээлттэй компани болжээ. Франкфурт, Мюнхений бирж дээр арилжаалагддаг тус компанийн зах зээлийн үнэлгээ 33 тэрбум доллараар хэмжигддэг. 1959 онд тус компанийг дампуурч, Daimler-Benz-тэй нэгдэхээс аварсан гэгддэг Куандтийн гэр бүл өдгөө BMW-ийн 45 хувийг хянадаг гэнэ.

О бол онгоцны хөдөлгүүр 

BMW-ийн анхны бизнес онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх байсан юм. Компанийг үндэслэгчдийн нэг, гол инженер Карл Рапп 1913 онд дөрвөн цилиндртэй хөдөлгүүр гаргасан нь тухайн үед дайнд оролцож байсан Германы эрх баригчдын анхаарлыг ихэд татжээ. Гэхдээ тэдний хамгийн анхны том амжилт нь дайны сүүлийн жилүүдэд буюу 1917 онд Раппыг компаниа орхисны дараахан гарсан "IIIa" загвартай хамт ирсэн юм. Шатахуун бага иддэг, өндөр даралтад тэсвэртэй уг хөдөлгүүр нь дайны хувь заяаг ч өөрчлөх потенциалтай байсан тухай Герман генералын харуусал ч байдаг. Гэвч Германы засгийн газраас их хэмжээний захиалга авч, нэр хүндээ үлэмж хэмжээгээр өсгөсөн BMW яг л энэ моментыг ашиглан үйлдвэрүүдээ өргөжүүлж, хожмын үсрэнгүй хөгжлийн сууриа тавьж чадсан гэдэг билээ.

Ө бол өвөрмөц оффис 

Хэрвээ танд Мюнхен хотоор зочлох боломж олдвол BMW-ийн төв оффис хамгийн эхэнд зочлох цэг тань байх болно. Алдарт архитектор К.Шванцерийн машины хөдөлгүүрийн цилиндрээс санаа аван бүтээсэн энэ барилга тэр чигтээ урлагийн бүтээл. Хажууханд нь сүндэрлэх логоны хэлбэртэй BMW-ийн музей танд энэ брэндийн арвин түүхийг гэрчилж, цаг хугацааны жимээр аялахад тань туслах болно.

П бол пөөх, хамгийн хурдан мотоцикл

BMW зөвхөн машинаараа ч биш мотоциклээрээ мөн алдартай. 1923 оноос эхтэй BMW Motorrad-ийн түүх өдийг хүртэл үргэлжилж, премиум ангиллын хурд, хүчний гайхамшиг болсон загваруудыг танилцуулсаар байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа замд гарсан BMW-ийн анхны унаа нь R24 загварын мотоцикл байсан бөгөөд тухайн үедээ 10 мянган ширхэг борлуулагдаж бестселлер болж байжээ. Сонирхуулахад, 2018 онд BMW S1000RR загвар 389 км/цагийн хурдыг бүртгүүлсэн нь түүхэнд 3-т бичигдэх үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн хурдан 10 мотоциклийн 2 нь тус компанид харьяалагддаг гэнэ.

Р бол роллс ройс

Алдарт Rolls Royce брэндийг BMW-ийн охин компани гэдгийг хүмүүс мэдэхгүй байх нь элбэг. 1904 оноос эхтэй, Их Британийн бахархал болсон тус брэндийг 1998 онд Volkswagen 430 сая фунтээр худалдан авсан гэдэг. Гэвч үүний дараагаар BMW Роллс Ройс болон Бентлид мотор, сэлбэгээ нийлүүлэхээ зогсоосон нь Volkswagen-д "хэт хүндэдсэн" нөхцөл байдал үүсгэсэн учир тэд эрхээ BMW-д шилжүүлсэн сонирхолтой түүхтэй. Далимд дурдахад, тансаг хэрэглээ, үнэ цэнийн илэрхийлэл болсон Rolls Royce-ийг та худалдан авахыг хүсвэл 44 мянган өнгөний хослолоос хүссэнээрээ сонголт хийх боломжтой байдаг гэнэ шүү. Үүнээс гадна өөр нэг Британийн алдарт брэнд Mini 2000 оноос хойш BMW-ийн гэр бүлд харьяалагдаж байгаа билээ.

С бол сери 

BMW-ийн тухай ярианд бүрэн автахын тулд бид тэдний гаргадаг загвар, серийн нэршлүүдийн логикийг ойлгох хэрэгтэй.

Тэгш тоо + Series: Спортлог, coupe загварын суудлын машинууд (4 Series, 6 Series гэх мэт)

Сондгой тоо + Series: Илүү загварлаг, седан загварын суудлын машин (3 Series, 5 Series гэх мэт)

BMWi - Цахилгаан хөдөлгүүрт загварууд (i4 гэх мэт)

X загвар - SUV буюу дунд гарын жийп төрлийн машинууд

Z загвар - 2 хаалгатай спорт машин

M загвар: Уралдааны болон өндөр үзүүлэлт, хүчин чадалтай машинууд

Үүгээр зогсохгүй BMW-ийн машинууд хөдөлгүүр, багтаамж, хүчин чадал болон зориулалтаараа ялгарсан Gran Coupe, Alpina, xDrive, sDrive зэрэг нэмэлт цувралуудыг мөн үйлдвэрлэдэг.

Т бол тансаг, Тухтай, тавтай

BMW-г тодорхойлох нэг үсгийг сонго гэвэл бид Т-г эргэлзээгүй сонгох байлаа. Учир нь энэ бол BMW-ийн нэрийн хуудас болсон Тансаг, Тухтай, Тавтайг илэрхийлэх боломж юм. Хамгийн хүчирхэг хөдөлгүүр, хамгийн шинэлэг технологи, хамгийн бүтээлч дизайн таны тав тухыг хэзээ ч алдагдуулахгүй. Хамгийн жижигхэн чимхлүүр, нүдэнд үл үзэгдэх холбоос, хэзээ ч төсөөлөөгүй шийдлүүдээрээ тэд тансаг зэрэглэлийн утгыг тодорхойлдог. Тиймдээ ч BMW сая сая хэрэглэгчдийн итгэл, хүндлэлийг хүлээж, улам бүр үнэ цэнээ нэмсээр ирсэн нь санамсаргүй хэрэг биш шүү.


у бол урлагИЙН БҮТЭЭЛ

BMW дэлхийн хамгийн алдартай артистуудтай 1975 оноос хойш хамтарч өнгөний торгон мэдрэмж, шинэлэг шийдэл, загвар зэргээр ялгарах дэлхийд цорын ганц авто машинуудыг бүтээсээр иржээ. Одоог хүртэл нийт 19 арт машины төсөл дээр Э.Вархол, Д.Хокни, Ф.Стелла зэрэг домгуудтай хамтран ажилласан гэнэ. Эдгээр бүтээлүүд бол зөвхөн харагдах үзэмжиндээ ч биш утга санаа-агуулгаараа үзэж, харж, мэдэрч буй хүмүүст урам зоригийн далавч нь, эрч хүчийн охь нь болдог урлагийн бүтээл билээ.

Ү бол үЙЛчилгээний бизнес

BMW зөвхөн автомашин болон мотоцикл үйлдвэрлэлээс гадна тээврийн үйлчилгээний бизнесээрээ Европ тивд толгой цохиж байна. Тэд өнгөрсөн жил Daimler-тай нэгдэн үүсгэсэн ShareNow-аар дамжуулан 18 улсад 14 мянган дундын машин түрээсийн үйлчилгээг 2 сая бүртгэлтэй хэрэглэгчдэд хүргэж байгаа гэнэ. Уг нэгдэл үүнээс гадна такси дуудлагын FreeNow, цахилгаан машин цэнэглэлтийн ChargeNow, тээврийн тасалбар захиалгын ReachNow, зогсоол захиалгын ParkNow үйлчилгээг тус тус нэвтрүүлээд байна.

ф бол формула 1

Формула 1-ийн түүхэн дэх хамгийн алдартай бөгөөд амжилттай оролцогчдын нэг бол BMW. Дэлхийн хамгийн хурдан уралдаанд тэд анх үүсгэн байгуулагдсан 1950 оноос хойш өрсөлдсөөр буй. 1983 онд Brabham-тэй хамтарсан баг нь зохион бүтээгчдийн цомд 3-р байрт бичигдэж, BMW-ийн дөрвөн цилиндрт хөдөлгүүр M10-ийг хөлөглөсөн Н.Пике дэлхийн аваргаар тодорч байв. Тэд Sauber, Williams, Benetton зэрэг топ багуудтай хамтарч байсан юм. Формула 1-ээс гадна Дакар Ралли, Daytona, Формула E, Формула 2 ангиллуудад өрсөлддөг тэд 2001 онд залуу тамирчдыг нээн илрүүлэх, цаашдын хөгжлийн замыг нь тодотгох зорилготой Formula BMW уралдааныг ч санаачлан зохион байгуулж байжээ.

х бол хоч 

BMW-ийг улс орон бүр өөрийн соёл түүхээс хамааран өөр өөрөөр хочлон дууддаг. Их Британичууд Beamer, Америкчууд Bimmer, Хятадууд Bao Ma гэж дуудна.

Beamer: Мотоциклийн уралдааны үеэр британичууд өөрсдийн орны мотоцикл үйлдвэрлэгчээс ялгахын тулд ойролцоо сонсогдохоор BMW-д өгсөн нэр гэнэ. Энэ үг явсаар хэлэхэд илүү эвтэйхэн болж beemer болон англи хэлний язгууртай улсуудад тархжээ.

Bimmer: Удалгүй Bimmer нэр дэлхий даяар түгсэн нь Бостонд ижил нэртэй сэтгүүл гарсантай холбоотой. Бостоны BMW клубынхэн албан ёсны сэтгүүлээ "Bimmer" гэж нэрийдсэн нь 2017 он хүртэл хэвлэгдсэн топ эх сурвалж болон өргөжсөн гэдэг.

Bao Ma: Харин хятадууд BMW-ийг Bao Ma буюу үнэтэй морь хэмээн авгайлдаг. Учир нь хятадад BMW нь баян тансаг байдлыг илэрхийлдэг ажээ.

ц бол цахилгаан машин

Маш олон хүн цахилгаан машиныг орчин цагийн ололт-технологийн дэвшил гэж боддог. Гэтэл BMW 19-р зууны сүүлээс эхтэй энэ концепцийг бодит болгож, анхны цахилгаан машинаа 1972 онд BMW 1602e гэсэн нэртэйгээр гаргаж байлаа. Хэдийгээр ердөө 20 минут цэнэг барьдаг, хүчин чадлын хувьд хамаагүй сул байсан учир зах зээлд нэвтэрч чадаагүй ч уг загвар хожмын олон загварын суурь болсон гэдэг. Хамгийн сүүлд BMW i4 загвараа танилцуулж цахилгаан машины зах зээлд тэсрэлт хийсэн тэд энэ сери, технологиор шинэ эрин эхэллээ хэмээн зарлан тунхагласан билээ.

ч бол чанарТАЙ ДУУГАРАЛТ

Машиндаа дуртай дуугаа тавиад, хүссэнээрээ чангалаад явах гайхалтай мэдрэмжийг хүн бүр авахыг хүсдэг. Тэгвэл BMW чухам яг энэ мэдрэмжийг хамгийн төгс байлгахыг эрмэлзэн салоны зохион байгуулалт, дууны гаралт, чанарын үзүүлэлтэд ихэд анхаардгаараа ялгардаг. Тэд дэлхийн хамгийн шилдэг аудио төхөөрөмж бүтээгчдийн нэг Bowers & Wilkins-тэй хамтран 7 Series-ээс X5, X7 загваруудад "Diamond Surround" нэртэй системийг байршуулж эхэлжээ. Энэ нь хэрэглэгчдэд яг л мэргэжлийн студид байгаа мэт мэдрэмжийг төрүүлж, хөгжмийн хэмнэл, эгшиг аяз бүрийг алдалгүй мэдрэх боломжийг олгоно гэсэн үг юм. Цаг гарвал B&W-ээс машиндаа сонсохыг санал болгож буй 6 дууг тавиад үзээрэй :)

ш бол Шоурүүм

Үргэлж хэрэглэгчдийн сэтгэл ханамж, бүрэн туршлагыг эрхэмлэн үйлчилгээгээ илүү ойртуулах арга замыг эрэлхийлж байдаг BMW "шоурүүм"-ийн концепцийг нэвтрүүлсэн анхны брэндүүдийн нэг. Шинэ болон классик загваруудтай танилцаж, технологийн ололт шинэчлэлийг мэдрэх боломж олгодог BMW-ийн "шоурүүмүүд" дизайн, бүтэц, агуулгаараа үргэлж жишиг тогтоосоор иржээ. Дэлхийн хамгийн том шоурүүмийг тэд 2012 онд Абу Дабид нээсэн нь 62 сая долларын өртөгтэй, 35 мянган м2 хэмжээтэй аварга том цогцолбор байв. Мөн тэд хэрэглэгчдэд гар утасны апп-аар дамжуулан AR технологийг ашиглан брэндтэй илүү ойртож танилцах, мэдрэмжүүдээ нийлүүлэх боломж олгосон анхны брэнд. Монголд л гэхэд автомашины борлуулалт, борлуулалтын дараах засвар үйлчилгээ болон сэлбэг хэрэгслийн худалдаа үйлчилгээг нэг дороос хүргэх 3S концепцтой анхны төв 2019 онд нээгдсэн байна.

э бол Ээлтэй компани

BMW нь байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудыг алдаршуулдаг Dow Jones Sustainability Index-д 1999 оноос хойш тасралтгүй багтаж буй компани. Үйлдвэрлэл, үйлчилгээ, алсын хараандаа хүрээлэн буй орчинд ээлтэй шинжийг шингээж, үргэлж жишиг ахиулсаар ирсэн нь тэртээ 1973 онд авто салбартаа анх удаа байгаль орчны мэргэжилтэн хэмээн албан тушаалыг үүсгэж байснаас харагддаг билээ.

ю бол Юу BMW-г онцгой болгодог вэ?

BMW-г бусдаас онцгойруулдаг гол зүйл бол бидний энэ нийтлэлийн турш онцолсоор буй жижиг деталиуд. Та уг машины хаалгыг хаахад гарах чимээг, салоных нь үнэрийг, унаад явахад авах мэдрэмж, хөдөлгүүрийн хүч, албан ёсны дистрибьюторынх нь үйлчилгээг нэг мэдэрсэн байхад үргэлж үгүйлэх болно. BMW зөвхөн машин үйлдвэрлэхэд бус, бүтээгдэхүүний санаа гарахаас эхлээд тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчийн хэрэглээнд бүрэн дүүрэн нэвтрэх хүртэл үйл ажиллагааныхаа ширхэг бүрт анхаардаг гэдгээрээ онцлог. Тэдэнд таны хэрэглээ, амьдралын хэв маяг, сонирхол, онцлогт нийцсэн хамгийн "шилмэл" бүтээгдэхүүн байх л болно. Таалагдаж байна уу? Тэгвэл доорх сонжоог хамтдаа бөглөцгөөё.

я бол Ямар төрлийн BMW танд тохирох вэ?