Unread үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр өнгөрөгч жилийн онцлох номуудыг алдаршуулан, ирэх оноос хүлээх номуудыг тоймлон хүргэж ирснийг манай уншигчид андахгүй биз ээ.   

Оны эхний дугаартаа бид өнгөрсөн арванхоёрдугаар сард худалдаанд гарсан шинэхэн номуудыг түүвэрлэн хүргэж байна. Шинэ ондоо унших номын жагсаалтаа бүрдүүлж буй хэн бүхэнд энэхүү нийтлэл тус болох нь дамжиггүй.  


“Зуун жилийн ганцаардал”, “Эзэнтний намар”, “Тахлын үеийн дурлал” зэрэг зохиолуудаараа алдартай Маркесийн тухай өгүүлэх эл намтар бүтээл намраас эхлэн хүлээлт дагуулсныг уншигч та санаж буй болов уу. Зохиолч Жеральд Мартин бол Питтсбургийн их сургуулийн профессор, Латин Америкийн утга зохиолын судлаач мэргэжилтэй. Түүний тухайд Маркес дэлхийн хэвлэл мэдээллийнхэнд өөрийнхөө “албан ёсны намтар туурвигч” хэмээн зарласан байдаг. Тэрээр зохиолчийн намтрыг бичих гэж Маркесийн найз нөхөд, төрөл, хамаатан саднаас өгсүүлээд 300 гаруй хүнтэй ярилцаж, бүхэл бүтэн 17 жил зарцуулсан нь гайхмаар.

Габриэль Гарсиа Маркес амьдралдаа тохиосон явдал хийгээд төрөлх Колумб орны үүх түүхээс сэдэвлэн гайхалтай олон бүтээл туурвисныхаа төлөө уран зохиолын салбарын Нобелийн шагнал (1982) болон өөр олон шагналыг хүртсэн. Харин Жеральд Мартины гавьяа бол түүний бүтээлд өгүүлэгдэх үйл явдлын хатуу хахир, уншигчдын анхаарлыг татах хүнд хүчир, заримдаа инээдэмтэй, басхүү эмгэнэлтэй үнэнийг тайлан өгүүлсэн юм.


Сагсанбөмбөгийн "Хаан" ЛеБрон Жэймс бол NBA-ийн дөрвөн удаа, Олимпын хошой аварга, бүх оддын тоглолтод 19 удаа сонгогдсон гойд авьяастай тамирчин төдийгүй сайн аав, сайн хүү, сайн анд нөхөр, нийгэмд нөлөөлөгч нэгэн. Өдгөө 39 настай агуу тамирчны амьдрал, карьерын амтлаг түүхийг спортын тайлбарлагч Л.Оюу-Од орчуулан хүргэж, шинэ оны өмнөхөн үнэнч фенүүдэд нь бэлэг барьсан юм.

Агуу тамирчны түүхийг өгүүлэх уг бүтээлд хангамжийн байр түрээслэн хүнсний талоноор амьдарч, ядуусын хороололд өссөн түүний хүүхэд наснаас Лейкерст очсон хүртэлх баялаг түүх, дурсамжийг өгүүлжээ.




Зохиолч Анни Эрно нь Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн анхны Франц эмэгтэй. Нью-Йорк Таймсын онцлох номоор шалгарсан эл бүтээл нь зохиолч ээжийнхээ тухай бичсэн мэт боловч хөндлөнгийн нүдээр нэгэн эмэгтэйг ажиглаж, судлан бичсэн хүүрнэл юм. Магтаал сайшаал, хайр энэрэл дүүрэн уран зохиолд гардаг ээжийн дүрээс тэс өөр бодит, амьд дүр. Нас дээр гарч, хорвоогийн жамаар тэнгэрт хальсан эмэгтэй эгц өөдөөс тань харж суугаад өөрийн түүхээ өгүүлэх сонирхолтой бүтээлийг шинэ оны жагсаалтдаа нэмээрэй.


Шинжлэх ухаан-уран зөгнөлт зохиолын ноён оргил “Манхан” бүтээл бол одод хоорондын аялалд нэн чухал баялаг спайс буюу нунтгийн цор ганц эх уурхай, Арракис хэмээх цөлжсөн гаргийг хяналтдаа авах гэсэн язгууртнуудын хооронд өрнөж буй улс төрийн тэмцлийн тухай ном. Эл бүтээлийг орчуулагч П.Баттогтох уншигчдадаа хүргэжээ.



Дэлхийн томоохон хэвлэлийн газрууд өөрсдийн гэсэн уран зохиолын болон баримтат цувралтай байдаг. Болор судар хэвлэлийн газраас дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гарсан шилдэг хүүрнэл бүтээлүүдүүдийг, шилдэг орчуулагчдын ажлаар цуврал болгон “Орчин үе” цувралыг гаргаж буй. Цувралын багаас “Сэтгэлгээний болон бичлэгийн хувьд хамгийн "адармаатай" бүтээлүүд багтаасан нь залуу зохиолчид хүүрнэлийг идэвхтэй бичиж эхэлж буй энэ үед эдгээр бүтээлүүд сэтгэлгээ, бичлэгийн арга хэлбэрийн хувьд тус хүргээсэй гэж бодож, сонгосон” гэжээ. Уг цувралын дөрөв болон долоо дахь бүтээлүүд арванхоёрдугаар сард шинээр гарсан юм.


"Далай тэнгис харах нь ямар учир утгатай болохыг би өмнө нь мэддэггүй байж. Харин одоо мэдсэн учраас энэ дэлхийн бүх хүнд энэ боломж олдоосой хэмээн чин сэтгэлээсээ хүслээ”.... Grandbook хэвлэлийн газраас шилдэг романтик зохиолын төрөлд гурван жил дараалан шилдгээр шалгарсан алдарт зохиолч Колин Хүүверийн “Түүнийг гэх дурсамж”, “Верити” зохиолуудыг орчуулан хүргэж монгол уншигчдын сэтгэлийг баярлуулсан.

Энэ удаа түүний "Ясан зүрх" бүтээл хэвлэгдсэн даруйдаа долоо хоногийн дотор дууссан бөгөөд хайрын тухай өгүүлэх уг бүтээлд нийгмийн тэгш бус байдал, гадна орчны харилцаа, үр хүүхдэд нөлөөлж ойр дотно хүмүүсийн харилцаа, хандлага, залуу хүмүүст тулгарч буй том асуудлуудыг хэрхэн яаж даван туулж байгааг өгүүлжээ.


Бидний сайн мэдэх iCarly болон “Сэм, Кэт хоёр” шоу, Нетфликсийн “Between” цувралд тоглосон Женнет Мак Көрди зургаахан настай бяцхан охин байхдаа жүжигчин болохоор Никелодеонд шалгуулж байжээ. Адтай, сэргэлэн, эршүүд байдлаараа оддын ертөнцөд хөл тавьсан охин 2017 онд жүжигчний карьераа орхиж, зохиолч найруулагчийн замналаа хөөсөн юм. Ганц охиноо “од” болгох туйлын мөрөөдөлтэй ээж, ээжийгээ баярлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй охин хоёрын харилцаа сөргөөр даамжирч, хооллох эмгэг, өсвөр насны “од”-д тохиох асуудлуудаас амьдралаа эргүүлэн авч чадсан тухай хөнгөн гунигтай, хачир инээдтэй дурсамж өгүүлэх эл бүтээл дэлхий дахинаа хоёр сая хувь борлогджээ.


Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хурцаар яригдаж буй энэ үед тус бүтээлийг унших нь магад шинэ ондоо хийх хамгийн зөв алхам болов уу. 1970 оны эхээр АНУ-д сэтгэл сэртхийлгэм, аймшигт хүн амины гэмт хэрэг гарсан ба сэжигтэн өөрийгөө буруугүй хэмээн өмгөөлж, түүнээс болж нийгэм талцан хуваагдаж, үнэнийг сурвалжлах сэтгүүлчийн байр суурь үгүйлэгдэж байжээ. Бодит хэргээс сэдэвлэсэн уг бүтээлд зохиолч мэдээллийг тэнцвэртэй цуглуулж, үнэн мөнийг хайх явцдаа тулгарсан саад бэрхшээлийг сонирхолтой, егөөтэй өгүүлэхийн сацуу шүүх ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, хүний мөн чанар, нийгмийн хандлага зэрэг өргөн агуулгыг хөндсөн аж.


Сэтгүүлч, зохиолч Жожо Мойес бол Нью Йорк Таймсийн шилдэг зохиолч, романтик романы шагналыг хоёр удаа хүртсэн цөөхөн зохиолчдын нэг. Түүний бүтээлүүд дэлхий даяар 28 хэлээр орчуулагдаж, 40 сая гаруй хувь борлогдсон байдаг. Өвөрмөц өгүүлэмж, хөнгөн хошигнол өгүүлэх "Улаан өсгийтийн нууц” бол ганц жижиг зүйл хэрхэн бүх зүйлийг орвонгоор нь өөрчилж чадах тухай түүх юм. Өөр зиндаа, өөр амьдрал, өөр ертөнцийн хэмээн тодорхойлогдох хоёр бүсгүй улаан өсгийтийн нууц сэжмээр холбогдоно.


Арванхоёрдугаар сар яруу найргийн сар байв уу гэлтэй Тагтаа хэвлэлийн газраас яруу найргийн шинэхэн номуудаа уншигчдадаа хүргэжээ. “Нүд чинь миний тэнгэр” эл бүтээл яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн дөрөв дэх шүлгийн түүвэр юм. Тэрээр бүтээлийнхээ тухай “Шүлэг бичих гэдэг миний хувьд байнгын үйл хэрэг болсоор уджээ. Эдүгээ бид гэрээ хэрхэн цэгцлэх, хувцсаа хэрхэн сонгох, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх гээд амьдралд хэрэгтэй бүхий л зүйлийн талаар хэн нэгний бичсэн номоос суралцаж, судалдаг болсон. Харин шүлэг яруу найраг надад хэн гэдгийг минь, хэрхэн амьдарч явааг, цаашид хэрхэх ёстойг битүүхэн хэлж өгөх шиг болдог” хэмээжээ.


Нартын амьдрал миний амьдралаар дутна
Навч байсан зай шиг тэр ямххан орыг
Яагаад ч өөр зүйл нөхөж эс болно
Энд л миний заавал амьдрах ёстой
Эгэл үнэн оршиж байнам.


Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Цасан хөшиг” зэрэг бүтээлээрээ Хятадын уран зохиолыг монгол уншигчдадаа амтлуулсан орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын “Мөнгөн Будда авсан өдөр” яруу найргийн түүвэр хэвлэгдэн гарсан юм. Тэрбээр өмнө нь “Бүгд өөрийн гунигтай”, “Өртөөн дээр хэлэгддэг үгс” зэрэг яруу найргийн түүврүүд, "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" тэмдэглэл, найрууллын түүвэр хэвлүүлсэн. Сэтгүүлч миний л хувьд яруу найргийн мэдрэмж нь үнэн, өгүүлэмж нь энгийн байдаг нь уншигчдад ахуйлаг, реалист, дотно дулаахан санагдуулдаг биз.


Захирал, менежер, зөвлөх, үйлчлүүлэгчтэй нүүр тулж харьцдаг үйлчилгээний ажилтнуудын уншвал зохих уг бүтээлийн удаах дэвтэр худалдаанд гарчээ. Тоёотагийн дэлхийд алдартай, хэмнэлттэй үйлдвэрлэл системийн суурь болсон 14 зарчмын тухай өгүүлэх уг номоос хэмнэлттэй менежментийг хэрэгжүүлэх, түүнээс хүртэж болох давуу талуудыг хэрхэн бий болгох тухай сурах болно.

Зохиолч Жеффри К.Лайкер 20 жилийн турш судлан, Тоёотагийн 90 жилийн түүхийг өгүүлсэн юм. Эрүүл мэнд, даатгал, санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо зэрэг хэмнэлттэй менежментээр удирдуулан амжилтад хүрсэн салбар үйлчилгээний байгууллагуудын сургамжтай жишээ, судалгаануудаас хэмнэлттэй менежментийг зөвхөн үйлдвэрлэлийн салбарт бус үйлчилгээний салбарт ч үр дүнгээ өгдөг гэдгийг унших боломжтой аж.


Зохиолч Окамото Жүнко 2001 оноос хойш удирдах ажилтнуудын ярианы көүч, харилцааны стратегич чиглэлээр ажиллаж эхэлжээ. Тэрээр өнөөдрийг хүртэл 1000 гаруй захирал, удирдлагуудад мэдлэг туршлагаасаа заасан бөгөөд “Домогт гэрийн багш” хэмээн нэрлэгддэг. Бүх түвшний ярианд ашиглагдах, харилцан ярианы 50 алтан дүрмийг эмхэтгэсэн бүтээлийг контент бүтээгч Г.Бөридэмийн (Burii University) санаачилгаар Pug паблишинг орчуулан хүргэжээ. Өөрийгөө цэгцтэй илэрхийлэх, бодол санаагаа бүрэн ойлгуулахыг хүссэн хэн бүхэнд уг ном тус болох нь гарцаагүй.


Томчууд ид шидэнд итгэдэг болов уу? 1902 онд бичигдсэн уг бүтээлд Бурзийн ойд мөнх наст шидтэнүүдийн дунд өссөн Клаус хүү хүмүүний ертөнцийн хамгийн гайхалтай зүйл бол бяцхан хүүхдүүд гэдгийг олж харж буй тухай өгүүлнэ. Хүүхдүүдийг баярлуулах нь түүний амьдралын утга учир болж, эрхэм зорилгынхоо төлөө учирсан бэрхшээл бүрийг анд нөхдийн хамтаар даван туулсаар "Гэгээнтэн" хэмээн олноо хүндлэгдсэн Санта Клаус болсон түүхийг шинэ оны номын жагсаалтдаа заавал нэмээрэй.