Уншигч танаас нэг зүйл асууя. Хайр ба шохоорхол ямар ялгаатай вэ? 

Хүн бүрд ямар нэг хариулт буй нь лавтай. Харин миний хувьд толгойд орж ирснээ шуудхан хэлбээс, шохоорхол гэдэг богино, хайр гэдэг урт хугацааны харилцаа болов уу. Тэгвэл Английн зохиолч Жэй Шеттигийн 2023 онд хэвлүүлсэн “8 Rules of Love: How to Find it, Keep it, and Let it go” хэмээх уг номд энэхүү сэдвийг тун сонирхолтой жишээгээр тайлбарлажээ. 

“Хэрэв танд цэцэг таалагдвал тасдаж авч таарна. Харин түүнийг хайрлавал өдөр бүр усалж тордоно.”

Энэ бол Жэй Шеттигийн ихээхэн санал нийлдэг хайрын тухай адилтгал юм. Түүний бодлоор хүмүүс бид хэн нэгний гадаад үзэмжид татагдаж, түүнийг хүсэмжлэн улмаар өөрийн болгохыг хүсдэг ба яг л дээрх жишээтэй адил сэтгэлийг нь булаасан цэцгийг тасдан авдаг ч төд удалгүй өнөөх нь хатаж хорчийн хаяхаас өөрцгүйд хүрдэг. Харин шохоорхох сэтгэл нь хайр болон хувирваас эл цэцгийг амьд байлгахын төлөө халамж хайраа харамгүй хүртээж, нарны гэрэл, шимт хөрс, тэтгэгч ус гээд хамаг байдгаа зориулдаг аж. Түүний гоо үзэсгэлэн, тансаг үнэр, өнгө үзэмжийг тэр хэвээр нь үлдээхийн тулд шүү дээ.

Мэдээж хайрын тухай ойлголт, мэдрэмж, туршлага өөр тул хүн бүр харилцан адилгүй хариулт хэлэх нь ойлгомжтой. Гэхдээ хайрыг авч үлдэхийн төлөө ямар нэг хэмжээгээр хичээл зүтгэл гаргадагтай бүгд санал нийлэх биз. 

Ингээд хайрыг хэрхэн олж, яаж үргэлжлүүлэн тэр хэвээр нь хадгалж, басхүү ямар аргаар тавьж явуулах ёстойг өгүүлэх “Хайрын 8 дүрэм” номын тоймоо хүлээн авна уу. Дэлгэрүүлэн унших сонголт хийнэ гэдэгт тань эргэлзэхгүй байна.

НОМЫН ТУХАЙ

21 настай Жэй Шетти 2010 онд коллежоо төгссөний дараа лам болохоор Энэтхэгийн Мумбай хотыг зорьжээ. Учир нь тэрээр Ведас судрыг 16 жилийн турш судалсан бөгөөд илүү гүнзгийрүүлэн судлахаар ийнхүү гурван жилийн хугацаанд ламын ёсоор амьдарсан аж. Улмаар 2013 онд хийдээ орхин Лондонг зорьж, сурч мэдсэн бүхнээ подкаст, ном, бичлэгээр бусадтай хуваалцаж эхэлсэн төдийгүй үүгээр дамжуулан олон нийтийн сүлжээнд цөөнгүй дагагчтай болж чадсан юм.

2020 онд "Think Like A Monk: Train Your Mind for Peace and Purpose Everyday” нэртэй анхны номоо уншигчдын хүртээл болгож, тухайн үедээ The New York Times болон UK Sunday Times-ийн шилдэг борлуулалттай номын нэгээр шалгарч байв. Уг амжилтад тулгуурлан тэрээр 2023 онд "8 Rules of Love: How to Find It, Keep It, and Let It Go” номыг хэвлүүлсэн бөгөөд мөн ижил амжилтыг бүтээж чадсан билээ.



Бидний онцолж буй найман бүлэгт эл номд хайрын олон талт мөн чанарыг судалж, хайр дурлалын үе шат бүрийг хэрхэн даван туулах талаар өгүүлэхийн сацуу өөрийгөө болон хамтрагчаа танин мэдэхэд туслах олон асуулга багтжээ. Мөн эртний мэргэн сургаалийг орчин үеийн шинжлэх ухааны судалгаатай хоршуулан бичсэн нь уншихад тун сонирхолтой санагдана.

ЯАГААД УНШИХ ВЭ?

Хайр сэтгэл гэдэг хүн төрөлхтний мөнхийн ярианы сэдэв. Энэ талаар бичиж туурвисан тууж роман, хувь хүний хөгжилд зориулсан ном бичвэр бишгүй олон. Тиймдээ ч бидний ихэнх нь хайр дурлалын тухай анхны ойлголтоо уншиж байсан ном зохиол, үзэж өссөн кино цувралаасаа авсан байдаг. Гэхдээ Жэй Шеттигийн “Хайрын 8 дүрэм” номын тухайд бусдыг хайрлахаас урьтаад өөрийгөө хайрлах, алдаа дутагдлаа бүрэн хүлээн зөвшөөрөх, хараат бусаар аз жаргалтай байхад суралцах талаар өгүүлэх ба ганц бие, хостой, гэр бүлтэй хэн бүхний зайлшгүй унших ном аж. Мөн хэрхэн хайртай нэгнээ тавьж явуулах тухай ч эл номд өгүүлнэ.

Ингээд уншигч танд цааш дэлгэрүүлэн унших сэдэл болохуйц басхүү надад таалагдсан дүрмүүдээс хуваалцъя.

Ганцаараа байж сур

Та өдрийн хэдэн цагийг цор ганцаар өнгөрүүлдэг вэ? Гар утас, компьютер, тэр ч бүү хэл ном сонин гээд танд саад болох юу ч үгүй байж үзсэн үү? Мэдээж энэ бол тун хэцүү даваа. Ялангуяа бүх зүйл технологийн хэрэгслүүдээс, эргэн тойрны тань хүмүүсийн үзэл бодлоос туйлын хамааралтай болсон өнөө үед зөвхөн өөртэйгөө байна гэдэг амаргүй. Жэй Шеттигийн үзэж буйгаар бид ганцаардал мэдрэх тусам хэн нэгэнтэй харилцаа үүсгэхийг хүсдэг бөгөөд тэр харилцаа нь сэтгэл ханамжгүй, хэрэгцээг нь хангаж чадахгүй байсан ч ганцаараа байхаас дээр гэж эндүүрдэг гэнэ. Ийм сонголтын оронд та хэн нэгэнд найдаж, юу гэж бодох бол гэхээс санаа зоволгүйгээр зөвхөн өөртөө төвлөрч, өөрийгөө юунд дуртай, юуг үзэн яддаг, яавал тухтай, ямар нөхцөлд тайван бус байдгаа олж мэдэх хэрэгтэй. Ийнхүү өөрийгөө хайрлаж эхэлсэн цагаас бид бусдыг энэрэн нигүүлсэх, элдвийг тэвчин хүлцэх, бусдын оронд өөрийгөө тавихад суралцдаг аж.

Өрөөлөөс хүсдэг зүйлсээ өөртөө эхэлж өг

Таны аз жаргалтай байх эсэх нь танаас л шалтгаална. Учир нь үүнийг өгч чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэрэв хажууд буй нэгнээсээ сэтгэл хөдлөлийн бүх хэрэгцээгээ нэхвэл нөгөө хүнд чинь дарамт өгөхөөс цаашгүй. Энэ үйлдэл нь бензин хийж өгөхөөс нааш машин жолоодохгүй гэсэнтэй яг ижил үйлдэл юм. Яагаад өөр хэн нэгэн танд үргэлж сайхан мэдрэмж төрүүлэх ёстой гэж? Харин ч нөгөө хүнээ хүлээхийн оронд өмнө нь очиж үзээгүй газар руугаа аялж, олон хүнтэй төрсөн өдрийн үдэшлэг зохиож эсвэл өдий болтол ажилласан төслүүд дээр ямар үүрэг гүйцэтгэж, хэр ахиц авчирсан талаараа жагсаан бичиж болно. Өөртөө юу хэрэгтэйг бид л хамгийн сайн мэддэг учраас энэ мэт хэрэгцээг өөрөө бий болго. Тэгсэн цагт дэргэдэх хүнээсээ хүсэмжлэх зүйлсийн хязгаарыг тогтоож чадна.

Зорилгоо ээлжлэн эрэмбэл

Жэй Шеттиг зорин ирсэн хоёр хосоос тэрээр ийнхүү асуужээ. “Өөрсдийн хувьд хамгийн чухал гурван зүйлийг жагсаан бичнэ үү” гэхэд нөхөр нь нэгт хүүхдүүд, хоёрт эхнэр, гуравт өөрийгөө бичсэн аж. Харин эхнэр нь нэгт өөрийгөө, хоёрт хүүхдүүд, гуравт нөхрийгөө гэжээ. Ийм хариулт сонссон нөхрийн хувьд таатай санагдахгүй нь мэдээж. Тэгээд эхнэр нь яагаад ингэж жагсаасан талаар тайлбарлахдаа “Би өөрийгөө нэгдүгээрт тавьж байж чамд болон үр хүүхдэдээ өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг зориулж чадна шүү дээ” хэмээн хэлсэн байдаг.

Гэр бүлийн харилцаанд хэн хэнд нь карьераа хөөх, сурч боловсроход хангалттай цаг зарцуулах шаардлага гардаг. Гэсэн хэдий ч үүний хажуугаар гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг, байрандаа хийх засвар, өдөр тутмын гэрийн ажил, хүүхдийн хичээл сургууль зэрэг өөрийн карьераас урьтал болгох олон чухал асуудал бий. Эдгээрээс болж хэрүүл зөрчилдөөн үүсэх нь ч энүүхэнд. Тэгвэл Жэй Шеттигийн зөвлөж буйгаар зорилгоо ээлжлэн эрэмбэлэх нь чухал аж. Тодруулбал, эхний гурван жилд эхнэрээ сургуулиа төгсөж, ажлын туршлага олж авах хүртэл нөхөр нь хүүхдээ харж, гэр орны ажилд илүү оролцоотой байх хэрэгтэй. Харин нөхөр нь ажиллаж, карьераа хөгжүүлж байх зуур арыг нь дааж, нөхрөө дэмжих хүн нь эхнэр байх ёстой гэнэ. Ингэснээр хэн хэн нь зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэх нөхцөл бүрддэг аж.

Тавьж явуулахад суралц

Харилцааг үргэлжлүүлэх өчүүхэн ч атугай шалтгаан үлдээгүй бол тэр хайрыг тавьж явуулах цаг нь болжээ. Энэ талаар номын зохиолч хэлэхдээ “Танд мэдрэгдэж буй бүх сэтгэл хөдлөлийг хүлээн ав. Мэдрэхээс нааш эдгэрэх боломжгүйг ойлго. Аливаа асуудлаас холдлоо гээд ямар ч нэмэргүй тул хэцүү санагдаж байгаа бүхнээ илэрхийлэн гаргаж, ухааран ойлгох боломжийг олго” гэжээ. Үнэхээр л үлгэрийн гэмээр үргэлжилж байсан харилцаа хоргодох зүйл юу ч үгүй болдог гэхээр итгэмээргүй ч юм шиг. Гэхдээ л ийм өдөр хэзээ нэгэн цагт ирэх учраас үүнд бэлтгэлтэй байх нь чухал. Хэрэв та харилцаагаа дуусгахаар шийдсэн бол эргэлзэх зүйлгүй салах өдрөө тогтох ёстой. Учир нь өнөөдрийн өвдөлтөөс зугтаах нь маргаашийн шархыг илүү сэдрээдэг тул бүгдийг чин үнэнээр хэлж, “цэвэрхэн” холдож сурах хэрэгтэй. Тэр тусмаа нүүр нүүрээ харж суугаад ямар нэг эргэлзээ үлдээлгүйгээр бүхнийг ярилцаарай.

Ингээд харилцаагаа дуусгаж чадсан бол дэргэдээ хэн нэгэнгүйгээр оршиж чадах өөрийгөө ол. Гүнзгий амьсгал авч хайр дурлалд итгэх итгэлээ бага багаар бадраа. Төгс бус хайр бидэнд хэтийдсэн хүлээлтээс ангижрах, хэтэрсэн төсөөллийг буулгахад тусалдаг аж.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Бид бүгдээрээ төгс хайрыг хүсдэг боловч хайрлах, хайрлуулах басхүү тавьж явуулах тухай юу ч мэддэггүй хүмүүс билээ. Бидэнд хэрхэн хайрлах талаар хэн ч зааж сургадаггүй болохоор аргагүй л дээ. Хэрэв та энэ олон жил өөрт тохирох хүнээ яагаад олж чадахгүй яваа юм бол хэмээн төөрөлдөж байвал, хажууд байгаа хүн тань үнэхээр зөв хүн мөн эсэхийг мэдмээр байвал, харилцаа тань асуудалтай боловч яг юу ингэтлээ асуудал болоод буйг ойлгохгүй байвал, гэр бүлийн амьдрал тань нэгэн хэвийнээр үргэлжилсээр байгаа мэт санагдаж байвал эл бүтээлийг заавал уншаарай. Олон хосын амьдралын түүх болон шинжлэх ухааны сонирхолтой судалгаануудад суурилан бичсэн нь ижил төрлийн хувь хүний хөгжлийн номуудаас ялгах гол онцлог нь.

Миний хувьд хамгийн сэтгэлд үлдсэн хэсэг нь өөртэйгөө байж сурах тухай өгүүлсэн эхний бүлэг байв. Хоол идэхдээ хүртэл ганцаараа идэж чаддаггүй утас, компьютероор хань хийдэг над шиг хүнд тунгаан бодох, туршиж үзэх асуулгын хэсэг нь тун их таалагдсан. Энэ мэт бүлэг бүрд тэр дор нь хариулах боломжтой сонирхолтой асуулт, хэрэгжүүлж болох зөвлөгөөтэй нь тун үр дүнтэй. Үүний зэрэгцээ бүлэг бүрийн араас холбогдох сэдвээр өөртөө захидал хаяглах хэсэг, сэтгэл хөдлөлөө хянахад туслах бясалгалын зөвлөмж байсан нь өөртөө цаг гаргах боломж давхар олгож байсныг онцлууштай.