Улс даяараа хөл хорионд ороод байгаа энэ цаг үед бидэнд хань болох гол зүйлсийн нэгд ном зүй ёсоор багтана. Гэнэтийн нөхцөл байдалд бидний хяналтаас олон зүйлс ангид байх тул сэтгэл санаагаа тайван байлгаж, өөдрөг байх нь хамгийн чухал. Гэртээ бүх л өдрийг өнгөрөөж байгаа энэ үедээ хий дэмий сэтгэлээ түгшээхийн оронд,  “уншина даа” хэмээн төлөвлөсөн ч цаг завгүйн улмаас ширээн дээрээ өрөөд тавьчихсан олон номоо дуусгаж болох шүү дээ. 

Бид энэ удаагийнхаа нийтлэлээр алдарт “Гал мөсний дуун” цувралын V дэвтэр болох “Луут бүжиг” номын сүүлийн хэсгийг (Их найрын дараа) та бүхэндээ санал болгож байна. Сүнстэй ойгоос Дорны элсэн манхан, Шуурганы адгаас Төмөр арлын жихүүн тэнгис хүртэлх өргөн уудам нутагт өрнөх учир зангилаа нь тайлагдамгүй олон ээдрээт үйл явдлыг өгүүлсэн энэ гайхамшигтай цувралыг нэг л эхлүүлсэн бол сүүлийн хуудсыг эргүүлж байж санаа амардаг уламжлалтай. Тийм ч учраас өдийд "Гал мөсний дуун” цувралыг уншваас нэн тохиромжтой. 

Цуврал дэвтрүүд дундаа хамгийн олон хуудастай (1016х) “Луут бүжиг”-ийн үйл явдал “Хаадын тоглоом” теле цувралын тавдугаар бүлэгт хамаардаг.  Хэдийгээр өнгөрсөн онд HBO-ийн түүхэн шоу дууссан ч хэрэв та кино зохиолд багтаагүй олон чухал үйл явдал, гол дүрүүдийн адал явдлаас хоцрохыг хүсэхгүй бол заавал номыг нь унших хэрэгтэй.

Жич: спойлер бий. 

1. Эйгон Таргариен

Шоуны сүүлийн бүлэгт бид шөнийн харуулын захирагч лорд Жон Сноуг Рейгарын отгон хүү, хууль ёсны угсаа залгамжлагч Таргариен болохыг мэдсэн билээ. Харин “Луут бүжиг” номын хувьд гэвэл Дэйнерис, Жон Сноугаас гадна өөр нэгэн хаан ширээ горилогч Таргариен бий. Хааны газар эзлэгдэх үеэр алагдсан гэх Рейгарын бага хүүг хүлэг баатар Жон Коннингтон аварсан бөгөөд нялх балчраас нь хаан ширээнд суух ханхүүгийн ёсоор түүнийг өсгөн хүмүүжүүлж, нас биед хүрэх цагт Долоон ханлигийн газар нутагт авчрах болно. Энэ хүү олон жилийн тэртээ зэрлэгээр алагдсан нялх Эйгон мөн эсэх нь “Луут бүжиг” дээр таавар хэвээр үлдэх ч дараагийн хоёр дэвтэрт лууны эх, авга эгч Дэйнеристэйгээ эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэл өрнүүлэх чухал дүрүүдийн нэг байх нь лавтай.

2. Аръяа Старк 

Зохиолч Ж. Р. Р. Мартины хамгийн хайртай дүр Аръяа гэдгийг номын үнэнч уншигчид андахгүй биз ээ. “Луут бүжиг” номд Старкийн бага охины тухай хэсэг харьцангуй бага хэдий ч эргэж буцалтгүйгээр хувь заяагаа өөрчлөхөөр Бравост ирээд буй түүний дотоод сэтгэлийн зөрчилдөөн, цөхрөл, шаналал гэхчлэн киноны үйл явдлаар харуулах боломжгүй чухал хэсгүүдийг багтааснаараа онцлог.
Олон нүүртэй бурхдын сүмд үйлчлэх Аръяа Старк хүссэн үедээ царайгаа өөрчилж чадах “хэн нэгэн” болохын төлөө олон шалгуурыг давах бөгөөд сонирхолтой нь Брэний нэгэн адил амьтны биед орох чадвартай варг болон хувирдаг. Нүдээ алдсан үедээ бусдыг тагнуулдахын тулд сувгийн муур болон хувирах түүний энэ чадвар цуврал дээр огтхон ч гардаггүй билээ.



3. Доран Мартелл 

Хаадын тоглоом цувралын хамгийн нүд халтирам хэсгүүдийн нэгт Дорны ханхүү Оберин, сэр Грегор Клегэйн нарын дундах цуст тулаан багтана. Цувралын үзэгчид ихэмсэг, бардам, хийрхүү зантай дур булаам ханхүүгээр Дорны язгууртан угсааг төсөөлдөг бол номын тухайд наран жадны лорд Доран Мартелл Обериноос хамаагүй чухал үүрэгтэй, гол дүрийн нэг юм. Долоон ханлигаас төмөр хаан ширээнд хамгийн сүүлд үнэнч зүтгэлээ илэрхийлсэн дорнчууд үнэн хэрэгтээ хэзээ ч Роберт хааныг хүлээн зөвшөөрөөгүйг “Хэрээний найр” номын төгсгөлөөс уншигчид олж мэддэг. Олон жилийн тэртээ Доран лордын гүнж Ариана Висеристэй өндгөн сүй тавьсан бөгөөд Таргариений удмын сүүлч Кал Дрогод алагдсаны дараа тэрээр өөрийн ууган хүүгээ Дэйнеристэй гэрлүүлэхээр алс холын Гискари руу илгээнэ. Элиа гүнжийн цусан өшөөг авахаар насан туршдаа чармайж буй хөгшин лордын урвалт Таргариен, Мартелл овгийнхны мандан бадралаар төгсөх болов уу? Аль эсвэл хааны газрыг захирагч ланнистерчууд тэднийг газрын хөрснөөс арчих уу?
Мартелл овгийн лордоос гадна Вестеросын улс төрийн тавцанд шинээр өөрсдийн дүрмийг зохиох Рус Болтон, Еврон Грэйжойн түүхүүд ч зохиолд улам ач холбогдолтой болж ирнэ.



4. Санса Старк 

Луут бүжгийн үйл явдал өмнөх дэвтэр болох “Хэрээний найр”-тай нэг цаг хугацааны шугаманд өрнөх бөгөөд өмнөх дэвтэрт гараагүй Жон Сноу, Дэйнерис Таргариен, Тирион гэх гол дүрүүдийг тойрч өрнөх болно. Гэвч энэ их үйл явдал дунд чигчий хуруутай хамт Хөндий руу зугтсан Санса Старкийн түүх хаягдчихсан нь харамсалтай. Телевизийн цуврал дээр Санса Петр Бейлишийн занганд орж улмаар Рамзигийн гэргий болдог бол зохиол дээр өөрийгөө Аръяа гэж худал ярьсан бойдоогийн охинд Болтоны бутач хууртан гэрлэдэг билээ. Винтерфеллд өрнөх Болтон, Станнис хоёрын том тулааны үеэр Теон Сансаг бус түүний эртний найз Жэйнийг авран зугтацгаана . Өөрийн төрсөн гэр болох Винтерфелл рүү ирж, Жон Сноутай ч уулзаагүй байгаа Сансагийн хувь заяа хэрхэн эргэхийг ирэх хоёр дэвтрээс л бид мэдэх боломжтой.



5. Мирийн язгууртан Хиздар

Зохиол эхлэх үед таван хааны түүхэн тулааны дараа зүг зүгээс ирэх шинэ аюулд долоон ханлиг улсын ирээдүй дээсний дөрөөн дээр дэнжигнэх бол дорно зүгт Таргариений сүүлчийн удам Дэйнерис гурван луутайгаа үнс нурам, үхэл зовлон дээр босгосон хотоо удирдах хэцүүхэн сорилттой нүүр тулгарна. Мирийний албан ёсны хатан гэдгээ бүх хүнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Дэйнерис хотын эртний язгууртнуудын нэг Хиздартай хүчээр гэрлэх сонголтыг хийдэг. Харамсалтай нь түүний шийдвэр ямар үр дагавар авчирдгийг бид тавдугаар бүлгийн төгсгөлөөс хэдийнэ үзсэн билээ. Харин дэлгэцээр гарсан үйл явдлаас ялгаатай нь ном дээр Дэйнерисийн нөхөр болох Хиздар үнэн хэрэгтээ түүний дайсан болж таардаг. Сонирхолтой нь, хэд хэдэн удаа түүнийг хордуулж алахыг хичээх язгууртан нөхрийн дүр теле цувралд тун гэмгүй нэгнээр дүрслэгддэг.