Шинэ дугаарын зочноор хиймэл оюуны тусламжтайгаар хүний нөөцийн салбарт инновацлаг шийдэл санал болгож буй “Oneplace.hr Technologies”-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Хүрэлбаатар оролцож байна. Тэдний хувьд Узбекстаны Засгийн газрын дэмжлэгтэй хөтөлбөрт өнгөрсөн оны 9-12 дугаар сард шалгарч, тус улсын "IT Park Ventures"-ээс 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт аван, компаниа 3 сая ам.доллароор үнэлүүлж чаджээ. Уг санхүүжилтээр Монголдоо батлагдсан AI Recruiter загвараа Узбекстаны зах зээлд турших, дараагийн шатны хөрөнгө оруулалтаа татах бэлтгэлээ хангаж буй.
Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
Эрхэлдэг ажил: “Oneplace.hr Technologies”-ийн хамтран үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 15
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface Laptop 4
Сошиал хуудсууд: Khurelbaatar Bat-Orshikh (Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би 2017 онд Үйлдвэрийн автоматжуулалт мэргэжлээр төгсөөд, 2018 онд Оюу Толгой компанид автоматжуулалтын инженерээр ажлын гараагаа эхэлсэн юм. Тухайн үед миний үндсэн ажил уул уурхайн үйлдвэрлэлийг хүний оролцоогүйгээр удирдах, бүрэн автоматжуулсан системийг хөгжүүлэх, сайжруулах дээр төвлөрч байлаа.
Улмаар 2019 оны сүүлээс технологийн томоохон төслүүд рүү шилжиж, АНУ-ын Батлан хамгаалах яамны ашигладаг Palantir платформыг Оюу Толгой компанид нутагшуулах төслийн багт ажилласан. Энэхүү платформ нь геологич болон уул уурхайн инженерүүдэд өдөр тутмын ажилдаа их өгөгдөл болон хиймэл оюуны шийдлүүдийг ашиглаж сурах, практикт туршиж үзэх суурь алхам болж өгсөн юм.
Энэхүү төслөө дуусган хоёр жилийн дараа ажлаасаа гарч, өөрийгөө олон улсын зах зээлд сорихоор шийдсэн тэр үед Ковид-19 цар тахал дэгдсэн. Бүгд гэрээсээ ажиллах шаардлагатай болж, ажил амьдралын зааг алдагдсан тэр өдрүүдэд бусдын адил унтахаас бусад бүх цагаа компьютерын дэлгэцийн өмнө өнгөрөөж байлаа. Энэ хугацаанд карьертаа шинэ алхам хийхээр Google тэргүүтэй технологийн томоохон компаниуд руу ажлын намтраа (CV) уйгагүй илгээсэн боловч эхний шатнаасаа л татгалзсан хариу авч байв. Тэр үед McKinsey & Company-д хандахад ажил горилогчийг CV-гээр бус, шууд тоглоомд суурилсан тестээр шалгаж эхэлсэн нь надад маш шинэлэг бөгөөд сонирхолтой санагдсан юм. Тухайн ажилтны ирээдүйд гаргах гүйцэтгэлийг цаасан дээрх мэдээллээс илүүтэй тархи нь хэрхэн ажиллаж, ямар шийдвэр гаргаж байгааг симуляци буюу тоглоомын аргаар бодитой тодорхойлж болдгийг тэндээс олж харсан.
Ингээд Америкийн профессоруудаас зөвлөх үйлчилгээ авч, уг арга барилыг Монголд нэвтрүүлэхээр анхны хөрөнгө оруулалтаараа 2023 онд Metacog Metrics компаниа байгуулж байлаа. Бид 8 янзын тоглоомоор тухайн хүний 18 төрлийн шийдвэр гаргах чадварыг үнэлэх тоглоом бүтээсэн бөгөөд анхны төлбөртэй хэрэглэгч маань ТЭСО групп байв. Тэд одоо ч бидэнтэй хамтран ажилласан хэвээр байгаа.
Холбоотой нийтлэл унших: Тоглоомоор дамжуулан хүний нөөцөө бүрдүүлэх шинэ тренд + “Metacog Metrics”

Мэдээж гаргасан бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд борлуулах нь бидний дараагийн зорилго байсан. Төлөвлөгөөний дагуу Казахстанд нутагшуулахаар багагүй хичээсэн боловч төдийлөн амжилт олоогүй. Энэ туршлагаас бид асар том зах зээлийн маш өчүүхэн хэсэг болох оффисын менежерээс дээш түвшний ажилтнуудыг шалгах нарийн хэрэгсэл рүү хэт төвлөрч байснаа ойлгосон юм. Гэтэл бодит байдал дээр Монгол Улсын нийт ажлын байрны 70 орчим хувийг Frontline буюу гүйцэтгэх түвшин байдаг ба энэхүү том зах зээлд технологийн шийдэл дутмаг байгааг олж харсан. Тэгээд хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа уулзаж, тэдэнд яг ямар асуудал тулгарч байгааг судалж эхэллээ.
Судалгааны явцад хүний нөөцийн менежерүүд маш их механик ажил хийдэг нь ажиглагдсан. Тэд Facebook дээр зар тавьж, доор нь дугаараа үлдээсэн хүмүүс рүү нэг бүрчлэн залгадаг, эсвэл Google form бөглүүлэх гэж оролддог ч тэднээс цөөнгүй нь Gmail хаяггүй гэх мэт шалтгаанаар бүртгүүлдэггүй болж таарсан. Бүртгүүлж чадлаа гэхэд тэдгээр ажил горилогчдын мэдээлэлд анализ хийж, хаана амьдардаг, аль салбарт ажиллахад тохиромжтойг нь ангилах зэргээр асар их цаг алддаг болох нь тогтоогдсон юм.
Ингээд механик ажлуудыг хөнгөвчлөх зорилгоор 2025 оны дөрөвдүгээр сард бид платформын нэрээ өөрчлөөд "AI Recruiter" бүтээгдэхүүнээ Oneplace.hr гэх үндсэн платформдоо нэгтгэн гаргасан. Энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан систем нь ажил горилогчийг анх ажлын байр сонирхож эхлэхээс авхуулаад ажлаа бие даан гүйцэтгэх хүртэлх бүх шатанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Жишээ нь, GS25-ийн 300 гаруй салбарын менежерийн хийдэг байсан бүрдүүлэлтийн механик ажлыг одоо ердөө гуравхан хүн хиймэл оюуны тусламжтайгаар гүйцэтгэж байна. Хамгийн гол нь энэ шинэ бүтээгдэхүүн маань анхны тоглоомоос илүү эрэлттэй болж чадсан.

Тийнхүү дараагийн шатанд бид Узбекстаны зах зээлийг сонирхож эхэлсэн юм. Өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр тэнд болох олон улсын хөтөлбөрийн талаар сонсоод, Монголынхоо бусад стартапад хамт явах санал тавьсан. Шалгаруулалт чанга байсан ч бид найраа (pitch deck) болон ярилцлагын шатуудад тэнцэж, хөтөлбөрт уригдсан 15 компанийн нэг болж чадсан юм. Эдгээр компанийн 10 нь Казахстанаас, үлдсэн тав нь Монгол, Киргиз, Тажикстан, Армен, Азербайжан улсуудаас байв.
Узбекстаны Засгийн газрын дэмжлэгтэй энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид Ташкент хотод гурван сар байрлаж ажилласан. Ташкент бол бизнес, үйлчилгээ нь цэцэглэсэн, асар их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй хот юм билээ. Ялангуяа улсынх нь Ерөнхийлөгч стартап экосистемийг дэмжих шийдвэр гаргаж, тэр нь бодит ажил болон хэрэгжиж эхэлсэн төдийгүй төр болон хувийн хөрөнгө оруулалтын сангууд (VC) идэвхтэй ажилладаг нь их таалагдсан. Бид энэ боломжийг ашиглан шинэ харилцагчидтай болох, хөрөнгө оруулалт татах, стратегийн түншүүдтэй холбогдохыг эн тэргүүний зорилго болгон ажиллаж байв.
Узбекстанд өнгөрүүлсэн гурван сарын хугацаанд бидний гаргасан хамгийн том амжилт бол бүтцийн хувьд компаниа олон улсын жишигт нийцүүлсэн явдал байлаа. Ганцхан Монголд бүртгэлтэй компани гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, гэрээ хэлцэл хийхэд хууль эрх зүйн хувьд хүндрэл гардгийг тэр үед л мэдэж авч байгаа юм. Иймд бид АНУ-д толгой компаниа байгуулж, Монгол болон Узбекстан дахь компаниудаа түүний охин компани болгон шилжүүлэх арга хэмжээ авсан. Олон улсын хөрөнгө оруулалт татахад энэхүү засаглалын бүтэц нэн чухал. Учир нь томоохон хөрөнгө оруулагчид эрсдэлээ тооцож, зөвхөн АНУ, Сингапур зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн баталгаатай толгой компанитай л хэлцэл хийхийг боддог.
Гэсэн хэдий ч үр дүнд нь хөрөнгө оруулалт авч чадсан. Бид Узбекстаны "IT Park Ventures"-ээс SAFE (Simple Agreement for Future Equity) нөхцөлөөр 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авч, компаниа 3 сая ам.доллароор үнэлүүлж чадсан юм. Тус санхүүжилтээр бид Монголд батлагдсан загвараа Узбекстаны зах зээлд турших, дараагийн шатны хөрөнгө оруулалтаа татах бэлтгэлээ хангаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Яармагт амьдардаг учраас замын түгжрэлд 2-3 цаг алдахгүйг хичээн өглөө бүр 05:00 цагт сэрж, 07:00 цагаас өмнө оффис дээрээ ирж байна. Ирсэн даруйдаа Узбекстан болон Монгол дахь борлуулалтын тоо баримтуудаа хянах, багийн гишүүдээ ирсний дараа өдрийн төлөвлөгөөгөө хамтдаа ярилцах гэх зэргээр өглөөний цагийг аль болох дотоод харилцаа холбоондоо зориулдаг. Бид энд гурвуулаа ажилладаг юм. Узбекстанд хоёр хүн, АНУ-д нэг хүн зайнаас ажиллаж байгаа.
Өдрийн ихэнх цагийг гадуур уулзалтад зарцуулна. Байгууллагуудтай уулзаж бүтээгдэхүүнээ танилцуулах, сургалт орох гэх мэтээр борлуулалт, маркетингийн ажлууд ар араасаа хөвөрдөг. Ингээд 16:00 цагийн орчимд гэрийн зүг хөдлөхгүй л бол түгжрэлд гацах аюултай.
Гэртээ 19:00 цагийн үед очиход Узбекстанд 16:00 цаг болж байдаг. Энэ гурван цагийн зөрүүг ашиглан Узбекстан дахь багтайгаа цахимаар холбогдож, шинээр үүссэн боломж болон тулгамдсан асуудлуудаа хэлэлцсэнээр ажлын өдөр албан ёсоор дуусдаг даа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Аливаа асуудлыг шийдэхдээ ингэж өөрчилбөл ийм үр дүн гарах болов уу гэсэн таамаглал буюу hypothesis дэвшүүлж, түүнийгээ хамгийн богино хугацаанд шалгахыг эрмэлздэг. Ихэнх хүн шинэ апп хийхдээ эхний хэдэн сарыг загварт, дараагийн хэдэн сарыг хөгжүүлэлтэд зарцуулсаар хагас жилийг өнгөрөөдөг талтай. Гэтэл тэр бүтээгдэхүүн нь зах зээлд гараад ажиллахгүй бол асар их цаг хугацаа, хөдөлмөр үнэгүйдэх эрсдэлтэй шүү дээ. Харин манай багийн хувьд ямар нэгэн бүтээгдэхүүний анхны хувилбарыг долоо хоногийн дотор бэлэн болгоод харилцагчдадаа үзүүлж "Та үүнд мөнгө төлөх үү?" гэж асуудаг. Хэрэв тэд "Хэзээ гарах вэ, мөнгөө төлье" гэвэл цааш нь сайжруулж, харин сонирхохгүй бол хоёр долоо хоногийн дотор л тухайн санааг хаяад дараагийнх руугаа ордог. Анхны хувилбар маань алдаа оноотой байж болох ч хамгийн гол нь хэрэглэгч байна уу, үгүй юу гэдгийг мэдэх нь чухал.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Сүүлийн үед хамгийн их ашиглаж байгаа, өөр юугаар ч орлуулашгүй гэж хэлж болохуйц апп бол Claude. Хүн өөрийнхөө хэрэгцээнд тааруулж технологийн шийдлүүдийг бие даан бүтээх боломжтой болсон нь өнөө үеийн маш том давуу тал болж байна. Жишээ нь би Телеграм дээр өөртөө зориулсан тусгай бот хөгжүүлэн ашиглаж байгаа.
Саяхан бүл нэмж, амьдралын маань хэмнэл ч үндсээрээ өөрчлөгдсөн юм. Шинэ хүнээ өлгийдөн авахтай зэрэгцээд жин нэмсэн тул буцаад хуучин хэвэндээ орох зорилго тавиад байна. Үүний тулд хооллолт, нойр, дасгал хөдөлгөөн болон биеийн ядралтыг тогтмол хянах шаардлага гарсан. Ер нь хүн төрөлхтний хувьд хамгийн энгийн бөгөөд ая тухтай туршлага (User Experience) бол чатны харилцаа байдаг юм билээ. Тиймээс би юу идсэн, хэдэн цаг унтсан зэрэг өдөр тутмын мэдээллээ зүгээр л Телеграм чат руугаа бичих, зургийг нь илгээн бүртгэж эхэлсэн. Бот маань миний өгөгдлийг боловсруулж, тавьсан зорилгодоо хүрэхэд туслах зөвлөгөө, чиглүүлэг өгч, нэг ёсны хувийн туслах шиг ажиллаж байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Сая дурдсанчлан хэрэглээндээ тааруулж бүтээсэн ботоо ашиглан цаг хэмнэж байгаа. Жишээлбэл, компьютер дээр ажиллахдаа Excel гэх мэт уламжлалт программуудыг ашиглахаа больсон. Оронд нь Claude-Code, Claude Dispatch ашиглаж байна. Гар утаснаасаа команд өгөхөд л компьютер дээрх диспетчер маань тэдгээрийг гүйцэтгэж, надад хэрэгтэй хөгжүүлэлт, тооцооллуудыг хийдэг юм. Товчхондоо, өөрийнхөө амьдралын хэв маяг, ажиллах арга барилд нийцсэн хувийн туслахуудыг бий болгож, өдөр тутмын бүх асуудлаа шийдэж байна.
Өмнө нь төлбөр төлж ашигладаг байсан CRM платформуудаа больж, бүх процессоо чат руу шилжүүлсэн. Уулзалтын тэмдэглэл, зураг зэргийг илгээхэд л бот мэдээллийг боловсруулж, миний өөрийн хийсэн CRM-ийг автоматаар бөглөж байгаа.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Сургасан ботдоо хувийнхаа Google Calendar-т хандах эрх өгсөн болохоор би өөрөө орох шаардлагагүй. Зүгээр л чат эсвэл дуут мессежээр "Тэр хүнтэй тэдний өдөр уулзана" гэж хэлэхэд л бот шууд цаг зоож, сануулга тохируулдаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Орой гэртээ хариад хүүхэдтэйгээ тоглох л хамгийн гоё цэнэг болдог юм байна. Өглөөдөө crossfit-д явж байгаа. Бас хааяа найзуудтайгаа CS2 тоглож тархиа амраадаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Үндсэн ажилдаа л бүх анхаарлаа хандуулж байна даа. Зав гарвал IT Парк болон бусад газраас зохион байгуулдаг хууль эрх зүйн орчинтой холбоотой уулзалтуудад очиж, салбарын сайд, гишүүдэд тулгарч буй асуудлаа хэлэх, шийдэл санал болгох зэргээр дуу хоолойгоо хүргэхийг хичээдэг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бидний хийж буй ажлын хамгийн том эерэг тал нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлж эхэлсэн явдал. Тухайлбал, он гарснаас хойш 100 гаруй оюутан манай платформоор дамжуулан ажилтай болсон байх жишээтэй. Монголд Facebook группээр дамжуулан баталгаагүй ажил хайх хэрэгцээ их, эдийн засаг ч хүнд байгаа энэ үед бид ААН болон ажил горилогчдын дунд найдвартай гүүр болж чадаж байгаа нь зөвхөн стартапын амжилт гэхээс илүү нийгэмд хэрэгтэй ажил хийж байна даа гэсэн урам өгдөг. Мөн хувьдаа би энэ цаг үеийг маш гоё боломжуудыг нээж байна гэж хардаг юм. Өнөөдөр хиймэл оюуны тусламжтайгаар 1-2 хүнтэй тэрбум долларын үнэлгээтэй Юникорн компани гарч ирэх боломжтой болсон. Гол нь үүнийг Монголдоо аль нэг стартап, хэн нэг хүн батлаад харуулчихвал хаа хаанаа нэгийг бодох байх.
Бэрхшээлтэй тал нь АНУ, Монгол, Узбекстан гэсэн гурван өөр улсад үйл ажиллагаа явуулж, олон улсын стандартад нийцсэн компани байлгах нь бичиг цаасны асар их ажил шаарддаг юм байна. Жишээ нь саяхан АНУ-ын татварын тайлангийн сүүлийн өдөр тохиоход цагийн зөрүүгээс болж шөнө дөлөөр Америк дахь нягтлантайгаа холбогдох, Узбекстаны багаа оройн цагаар чиглүүлэх гээд ачаалал их байлаа. Гурвуулахнаа энэ бүхнийг амжуулах нь том сорилт болж байна.
Стартап экосистемээ илүү том зургаар нь харвал, Монгол болон Узбекстаны стартап орчин асар их ялгаатай байна. Узбекстаны IT Паркийн резидент (хөтөлбөрт хамрагдсан) болсон компаниуд ААНОАТ, нийгмийн даатгал, НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөж, зөвхөн хувь хүүний орлогын албан татвараа төлдөг нь бизнест маш том дэмжлэг болдог. Гэтэл Монголд бизнес хийх орчин ямар байгаа билээ? Ер нь стартап коммюнити жижиг байгаа нь бодлого тодорхойлогчдын анхаарлыг татахад саад болж байх шиг. Улстөрчид ихэвчлэн масс руу чиглэсэн асуудлыг шийдэж байж дараагийн сонгуульд оноо авдаг шүү дээ. Тиймээс манай стартап орчин илүү өргөжин томорч, олон хүн энэ талаар дуугардаг болсон цагт л төрийн түвшинд дорвитой анхаарал хандуулж, орчныг сайжруулах болов уу гэж харж байна.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Хийсэн ажлынхаа цалинг тухайн өдөртөө баталгаатай авдаг тэрхүү нийгмийн хэрэгцээг зөв ажиллуулах тал дээр ирэх саруудад түлхүү анхаарч байна. Хэрэглэгчдийн зан төлөвийг ажиглахад наснаас үл хамааран мессенжер ашиглаж, дуут мессеж илгээж сурсан нь бидний ажилд том давуу тал болж байгаа. Тиймдээ ч байгууллагын AI агенттай хоолойгоороо харьцдаг шийдлийг туршиж үзсэн чинь маш амжилттай болсон. Ер нь хүн бүр утсан дээрээ LinkedIn хаягтай эсвэл бэлэн CV-тэй байдаггүй шүү дээ. Үүний оронд ердөө нэг минутын дуут мессежээр "Би ийм хүн, энд амьдардаг, ийм ажил хиймээр байна" гэж хэлэхэд л хиймэл оюун түүнийг нь боловсруулаад, тохирох ажлыг санал болгох боломжтой.
Товчхондоо, бид бичиг баримт бүрдүүлэх зэрэг төвөгтэй үйлдлүүдийг халж, ажил олох үйл явцыг чатлахтай адил энгийн бөгөөд амархан болгохоор ажиллаж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Багийнхаа хоёр инженерээс их зүйл сурдаг. Наад зах нь заавар зөвлөгөө авч, өөрт тулгардаг механик ажлуудаа хөнгөвчлөх ботуудыг бага багаар туршсаар, өөрөө бүтээж сурч байгаа. Мөн компанийнхаа вэбсайт, танилцуулга болон хэрэглэгчийн үйлдлийг хэрхэн төлөвлөх вэ гэдэг дээр төвлөрч, түүнийгээ технологийн шийдлээр өөрөө гүйцэтгэдэг болсон.
Шинэ мэдээлэл авахын тулд Anthropic компанийн бүх сувгийг тогтмол дагахаас гадна тэдний гаргасан бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд туршдаг Ютүберүүдийг үзэх дадалтай. Өглөө бүр шинэ бичлэгүүд үзэж, тэндээс авсан санаагаа ажил дээрээ хэрхэн хэрэгжүүлж болохыг туршдаг.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Хамгийн сүүлд Рик Хансоны "Буддагийн тархи" (Buddha's Brain) гэх номыг уншаад их таалагдсан. Энэ бүтээлд бясалгалын үр нөлөөг тархи судлалын талаас нь тайлбарладаг. Надад үлдсэн хамгийн гол санаа нь тархинд болдог хоёр хариу үйлдлийн тухай. Жишээ нь, зам дээр хэн нэгэн шахаж орж ирэхэд бид түүнийг харж байгаа нь эхний үйлдэл, харин тэр дороо уурлах нь хоёр дахь үйлдэл буюу бидний хариу үйлдэл юм. Хэрэв энэ хоёр дахь хариу үйлдлээ хянаад сурчихвал амьдрал хамаагүй амар болдгийг ойлгосон.
Дуу нэг их сонсдоггүй ч сүүлийн үед Endel аппын чимээнүүдийг сонсох болсон. Мөн ажилдаа төвлөрөхийн өмнө эрч хүчтэй болохын тулд high beat төрлийн техно аяуд сонсдог. Өглөө бүр машинаа бариад явахдаа заавал подкаст сонсдог дадалтай. Лекс Фридманы подкастуудаас гадна Баабар гуайн түүхийн цувралуудад дуртай. Монголчуудын түүхийн талаарх яриануудыг нь хэд ч давтаж сонссон уйддаггүй. Түүнчлэн Лекс Фридманы Монголын түүхийн талаар ярьсан дугаар нь их сонирхолтой санагдсан.
Ажил ихтэй байгаа болохоор кино үзээгүй нэлээн удсан байна. Гэхдээ Netflix-ийн "Black Mirror" цувралын улирал, анги гарах бүрд заавал үздэг. Өмнө нь энэ цуврал дээр гардаг технологиуд хол санагддаг байсан бол одоо ихэнх нь бидний амьдралд бодитоор нэвтрээд эхэлсэн нь тун сонирхолтой.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хамгийн сүүлд оролцсон хурдасгуур хөтөлбөрт өөр нэг үүсгэн байгуулагчтай ярилцаж байхад надад бүтээгдэхүүнээ хүнд тайлбарлах талаар нэг жишээ хэлж байсан юм. "Хэрвээ чи нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг бол хэрэглэгчдээ “Би таныг шөнө орой тайван унтаж амарч, татвараас залгах вий гэдэг айдасгүй байлгана аа" гэж хэлэх хэрэгтэй” гэж байсан юм. Энэ жишээ юу тайлбарлаж байна вэ гэхээр хүн бүтээгдэхүүн худалдаж авахаас илүү мэдрэмж худалдаж авдаг юм гэсэн санаа юм. Үүнийг өөрийн бүтээгдэхүүн дээрээ бодох нь маш чухал санагдсан.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Технологийн салбарыг сонирхож, өөрийн гэсэн санаагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хүмүүсийн хувьд яг одоо л хамгийн тохиромжтой цаг нь ирээд байна. Өмнө нь стартап эхлүүлэхийн тулд заавал хөрөнгө оруулалт босгож, олон хүн ажилд авах шаардлагатай, үйл явц нь маш нүсэр байсан бол одоо хиймэл оюуны тусламжтайгаар ганцаараа ч том төслийг босгох боломж нээлттэй болсон. Бид уул уурхайгаас бараг 100 хувь хараат байгаа энэ зогсонги байдлаас гарах ганц зам бол технологийн үүсгэн байгуулагчдын тоог нэмэгдүүлэх юм. Энэ салбарын хүрээ тэлж, олуулаа болох тусам улс төрчид бидний асуудлыг анзаарч эхэлнэ. Хэрэв бид дуу хоолойгоо нэгтгэж, энэ салбарыг уул уурхай, хөдөө аж ахуйн дараа орох гуравдагч гол тулгуур салбар болгож чадвал татварын орчин сайжирч, бизнес хийх нөхцөл ч дагаад дээрдэнэ шүү дээ.
Жишээ нь, Казахстаны нэгэн технологийн компани ердөө гучхан инженертэй ч манай 6000 ажилтантай банктай ижил үнэлгээтэй байна. Энэ бол технологийн салбарын асар их потенциал юм. Бид шууд Юникорн болох албагүй ч 10 сая, 100 сая долларын үнэлгээтэй стартапуудыг ар араас нь төрүүлж, дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй.
Тиймээс ямар нэгэн санаа бодож явдаг бол одоо л зориглоод эхлээрэй. Цаашид өрсөлдөөн улам ширүүсэж, зах зээл хүндрэх тул одоо л хөдлөх үе. Бие биедээ тусалдаг, туршлагаа хуваалцдаг хүчирхэг коммюнитийг хамтдаа босгож чадвал Монгол Улсын ирээдүй технологи дээр тогтох боломжтой.

Сэтгэгдэл бичих

