Энэ цаг үед монгол үндэстний хуваагдал, үндэстний онцлог, сэтгэхүйн ялгарлын талаарх сэдвийг хүчтэй хөндөж буй зохиолчдын нэг бол Г.Аюурзана. Түүний хамгийн сүүлд уншигчдын хүртээл болгосон "Монгол хүн” хэмээх гурвалсан бүтээлийн тухай бид шинэхэн нийтлэлдээ онцоллоо.

эхлэхийн өмнө: national identity-г бид хаанаас хайх вэ? 

Одоогоос жил гарны өмнө болсон явдал. Өдгөө Microsoft компанид програм хангамжийн инженерээр ажиллаж буй монгол бүсгүйтэй ажил хэргийн шугамаар хөөрөлдөх завшаан тохион, уулзаж ярилцах зуурт түүний дурссан нэгэн түүх санаанаас огт гардаггүй юм.

Монгол эцэг эхтэй боловч нас биед хүртлээ АНУ-д боловсрол эзэмшиж, эх хэлээрээ ойлгох хэдий ч ярьж чадахгүй болсон түүний хувьд “Монгол” хэмээх нэр ойр дотно хэрнээ алс холын, хэрхэн дөхөж очихоо үл мэдэх тийм л сүрдэм ойлголт болжээ.

Нэлээд хэдэн жилийн өмнө зуны амралтаараа Европоор хөндлөн гулд аялж байх үедээ тэрээр “Монгол” буюу “Монголоид” хэмээх нэршил нь Франц, Испани гээд барууны орнуудад өдийг хүртэл дауны синдром өвчнийг нэрлэх буруу утгатай үг болсонд тун их гайхсан аж. Тиймдээ ч дотнын найз нь нэгэн үдэшлэгийн үеэр түүнд эелдгээр “Өөрийгөө Монгол гэхийн оронд Монголоос ирсэн хэмээн танилцуулсан нь илүү амар шүү” гэжээ.

Дунд сургуульд суралцаж байхад түүхийн багш нь монголчуудыг “Зэрлэг Барбарианчууд” хэмээн тодорхойлоход, ангийнх нь найз “Өвөрмонголчууд хэтэрхий тэнэг учраас Хятадын сургалтын системээр бус өөрсдийнхөө хялбаршуулсан сургалтаар хичээллэдэг” гэхэд дээрх үдэшлэг дээр мэдрэгдсэнтэй адил хэзээ ч уулзаж үзээгүй элэгт нэгтнүүдээ өмөөрөх мэдрэмж цээжнийх нь гүнээс ундраад л байсан тухайгаа надад хуучилсан удаатай.


Ухаан орсон цагаасаа хойш эх нутагтаа цор ганц удаа хөл тавьсан түүнтэй харьцуулахад дөрвөн уулаа сахиж суугаа бидэнд ч “Монгол хүний ижилсэл (National Identity)”- тухай асуултад өгөх хариулт бүүр түүрхэн.

90-ээд онд өсөж торнисон бидний үеийнхнийг “Lost generation” буюу “Алдагдсан үеийнхэн” хэмээн нэрлэж болмоор. Социалист нийгмийн үед хав дарагдсан үндэстний минь түүх ардчиллын салхины ачаар тунарсан униар дундаас тодрон гарч ирсэн хэдий ч энэ баялаг түүхээс бид шанаганыхаа хэмжээгээр хутгаж буй эсэх нь эргэлзээтэй.


“Өөрийгөө би хүмүүжүүлсэн, хөгжим тэгээд TV-ээр” хэмээх Рокит Бэйн дууны мөртэй адил кабелийн телевиз, өрнийн поп соёлын нөлөөн дор өөрсдийнхөө хорвоог харах цонхоо нээсэн бидний хувьд “Үндэсний үзэл, Эх орон, Удам судар” хэмээх үгс онхи одоо хүмүүсийн намтар мэт санагдах нь бий.

Нөгөөтээгүүр “Түүх мэддэггүй хүн үлгэрт итгэдэг, үлгэрт итгэдэг хүнд үлгэр зохиож өгөгчид мундахгүй” гэдэгчлэн бид цавын цаанаа өөрсдийн түүх, хэл, соёлоо бүрэн гүйцэд таниж, үр хойчдоо өвлүүлэх хүслээр дүүрэн.

Тэгвэл зохиолч Г.Аюурзанын дээрх гурамсан бүтээл уншигч миний хувьд “Монгол хүн гэж хэн бэ?” хэмээх үзүүргүй асуултын хариулт мэт санагдсан билээ.

Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр түүх, соёлыг шинэ үеийнхэнд түгээх арга барил ч түүнийг дагаж өөрчлөгдөх ёстой мэт. Магад монголын түүхийн талаарх олон эх сурвалж, өдий төдий зохиол бүтээлүүд орчин цагийн залуусын эмзэглэл, зовнилтой огтлолцож чаддаггүй тул тэр болгон “ярианы сэдэв” болж чаддаггүй болов уу. Харин уг гурван номын эсээ бүхэн Г.Аюурзана зохиолчийн давтагдашгүй хэл найруулга хийгээд Монгол судлалын талаарх асар гүнзгий судалгааны ачаар эх оронч үзлийн талаарх хий хоосон хийрхлүүдийг няц дарж чадсан мэт.

"монгол хүн" хэмээх гурван номыг бичсэний учир 

"Turning Points" сэтгүүлийн өнгөрсөн жилийн дугаарт хэвлэгдсэн “Удам судар” нийтлэлд тэрбээр “Монгол Хүн” хэмээх гурван номыг бичсэний учрыг ийн тайлбарлажээ.

2019 онд монгол үндэстний үнэт зүйлс, монгол хүний эрхэм чанар, ижилсэл гэх мэт сэдвээр гэнэтхэн л ярьцгааж эхэлснийг та ч мөн санаж буй биз. Судалгааны төвүүд үнэт зүйлс, монгол хүний эрхэм чанар, ижилсэл гэх мэт сэдвээр гэнэтхэн л ярьцгааж эхэлснийг та ч мөн санаж буй биз. Судалгааны төвүүд үнэт зүйлсийн тухай асуулга орон даяар явуулж байлаа. National Identity гэдэг ойлголтыг хэрхэн монголчлох тухай маргаан ч өрнөж, энэ яриан дундуур “Монгол хүнд совесть байдаггүй” хэмээн Б.Ринчен гуайн хэлсэн гэсэн үг ч нийгмийн сүлжээнүүдээр нэлээд цацагдсан юмдаг.

Монгол үндэстний хуваагдал, түүхэн орон зайг дам хөндсөн, харилцан шүтэлцээтэй дөрвөн роман бичсэний хувьд тэдгээр маргаантай ойлголтод өөрийн зүгээс нийтлэл маягийн зүйл бичдэг ч юм уу гэсэн санаа төрөв. Ингээд давын өмнө бидэнд үнэт чанарын эх сурвалж болчихоор юу байдаг билээ гэж бодсон. “Тэнгэрийн судар: Нууц товчооны цохолборууд” номоо хоёр дахиа хэвлүүлэхээр бага сага засч суусан үе тул “Ерөөсөө л бид Монголын нууц товчооноо бүх үнэт зүйлсийнхээ товчоон гэдэг утгаар уншдаг ард түмэн болчихвол ямар вэ” хэмээх бодол төрсөн билээ.”


"монголоо хайрлана" гэдэг хариуцлага юм

Уг гурван бүтээлийн эхлэл “Монгол хүний эрхэм дээд чанарууд "Монголын нууц товчоон"-д номоор зохиолч монгол түмний библи болсон уг сударт дурдагдан буй монгол хүний эрхэм дээд чанаруудыг үр хойчдоо ч, өөрсдөдөө ч гүн бат суулгаж төлөвшүүлэх нь бидний оюун санаа, зан төлөв, ёс зүйн хувьд давтагдашгүй нандин чанараа хадгалан үлдэх гарц хэмээн тайлбарлажээ. Уг бүтээл Чингис хааны үеийн монгол хүний 14 чухал онцлогийг тодорхойлсон бөгөөд дээрх онцлогийг өдгөө цагт хэрхэн өвлөж, өөрсдийн амьдралд шингээх тухай хөндсөн нь орчин цагийн залуусын хувьд тун шинэлэг агуулга байсыг дурдах нь зүй.

Энэ дэлхий дээр бичиг соёлын түүх уламжлалгүй, эрдэм боловсролын суурь өвгүй улс орон, ард түмэн цөөнгүй бий. Тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж бус, эрдэм боловсролоороо дэлхийг тэргүүлж яваа улс түмнүүдээс дутах зүйлгүй гэдгээ ухамсарлан жишиж байж л бид ирээдүй хойчоо итгэл төгс харж чадна.

“Монгол хүн: Худам бичгээс гүн сэтгэлгээ рүү” хоёр дахь номонд багтсан монгол хэл, соёлын гарамгай зүтгэлтнүүдийн намтар хийгээд монгол хүний сэтгэлгээний онцлог бичиг үсэгт нь хэрхэн шингэсэн тухай эсээг уншсаны дараа магад таны толгойд орчин цагийн олон талт чөлөөт сэтгэлгээг бид өөрсдийн бий болгосон эх хэлээрээ бүрэн дүүрэн түгээн дэлгэрүүлэх бололцоотой юм биш үү? хэмээх мэдлэгт суурилсан бадрангуй бодол төрөх нь лавтай.


Харин цувралын сүүлийн бүтээл болох “Монгол хүн: Үндэсний үзэл бодол” ном уг нийтлэлийн турш дурдагдсан бидний ижилсэл, монгол хүний сэтгэлгээний өв хийгээд талаар тайлбарласан 12 эсээнээс бүрдсэн. Огшмоор, уйлмаар, омогшмоор хэсгүүд дүүрэн. Яг л нийтлэлийн эхэнд гарсан гол дүрийн маань элэг нэгтнүүдээ өмөөрмөөр байвч хэрхэхээ мэдэхгүй, дотор харанхуйлсан мэдрэмжид хариулт болсон тийм л бүтээл.

Бидэнд өөрсдийгөө бусдаас дээгүүр, бусдаас эрс ондоо гэж бодохоос илүү амин чухал асуудал тоо томшгүй олон байгааг мөн сануулсан.

Төгсгөлд нь, эх оронч үзэл гэдэг хий дэмий цээжээ дэлдэн хийрхэх омогшил аль эсхүл хөлийн улан дороо гишгээд хаячих үзэл санаа төдийхөн зүйл огтоос биш. Бид эх нутгаа, энэ газар нутагт мянга мянган жилийн турш аж төрж байсан өвөг дээдсээ бүхий л мэдрэхүйгээрээ хайрладаг. Энэ хайр монгол хүн бүхний дотор байдаг, эх орон гэх үг бүгдэд хамааралтайг сануулжээ.

Тиймдээ ч Аюурзана зохиолчийн бичсэнээр монгол хүн байж, Монголоо хайрлана гэдэг бол товчхондоо хэл, соёл, түүхийнхээ өмнө хүлээсэн бидний хариуцлага юм.