Аливаа улс үндэстний түүх соёл, аж ахуйн онцлогийг тод илтгэх өвийн нэг бол тэдний үлгэр домгууд билээ. Монголчууд бид ч ертөнцийн үүслээс ердийн ахуй хүртэл арвин их домгуудыг хэдэн зууны туршид ам дамжуулан ярьж, үр хойчдоо уламжлуулан үлдээж иржээ. 

Энэ удаад бид зохиогч У.Бямбаням, зураач Л.Нямдорж нарын хамтын бүтээл "Домог" номыг онцолж байна. Монголчуудын гайхамшигт үлгэр домгуудыг хүүхэд багачуудад ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр шинэчлэн хүргэсэн уг бүтээлийг "Болор судар" хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ.


БҮТЭЭГЧДИЙг амилуулсан нь

Зохиогч У.Бямбаням монгол домгуудын утга агуулга, үйл явдлыг баяжуулж, дахин зохиомжлон бичсэнийг зураач Л.Нямдоржийн уран сэтгэмж, зураг дүрслэлээр амилуулсан бөгөөд домог зүй судлалын зөвлөх, мэргэжлийн редактор нарын хамтын зүтгэлээр уг номыг бүтээжээ.

“Домог” ном үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж буй. “Сав ертөнц” бүлэгт манай дэлхий ертөнц, нар сар, од эрхэс хэрхэн бүтэж бүрэлдсэнийг өгүүлнэ. “Шим ертөнц” бүлэгт энэ дэлхий дээрх хүн, амьтад, амьд биес хэрхэн бий болсныг ярих бол “Яагаад, яагаад, яагаад” бүлгээс хүүхэд багачуудын хамгийн дуртай сонирхолтой асуултуудын хариуг дэлгэнэ. Төгсгөлийн “Соёлт ертөнц” бүлгээс хүний гараар бүтэж бүрэлдсэн эд зүйлсийн талаар домогт хэрхэн өгүүлдгийг харуулжээ.



ертөнц алгасан аялах хүч

Надад ирсэн номыг минь нар ээсэндээ ч тэр үү, хүлээн авсан мөчид гарын алгыг дулаан төөнөж, яагаад ч юм ид шидийн хүч мэдрэгдэх шиг болсон билээ. Нэг зуу гаруй нүүрийг нэг өдрийн дотор шимтэн уншиж дуусгах хугацаанд бичээч миний бие монгол домгийн ертөнцөд очсон юм.

Номын эхний хуудсыг нээмэгц бүтээгчдийн нөр их хөдөлмөр, олон зуун цагийн хичээл зүтгэл шууд нүдэнд тусна. Зохиогчийн яруу үгсийг зураачийн бийрний үзүүрээр амилуулан, хуудас эргүүлэх бүрт цоо шинэ хорвоо ертөнц угтан авна.

Магнайд нь наран туяарах тэнгэрийн орны хаан Хурмаст, харанхуйн хөх өнгө эцэс төгсгөлгүй үргэлжлэх доод ертөнц, есөн толгойт түмэн нүдэт Рах мангасын дүрийг харахад л домог дотроо яваад орсон мэт сэтгэгдэж, "Яг л ингэж харагддаг байх даа" гэсэн бодол төрж байлаа.



тэр миний баатар

Монгол домгийн баатруудыг танилцуулсан хэсэгт аянга цахилгааны эзэн, туурвигч баатар Хөхдэй мэргэний талаар өгүүлнэ. Чухамдаа эл баатар нь бидний хэдээний танил Грек домгийн баатар Геркулесийн эцэг Зевс (Zeus) бурхан, Норвеги домгийн бурхан Тоор (Thor) нарын нэгэн адил билээ. “Avengers” киноны Тhor -ын дүрийг мэдэхгүй хүүхэд бараг үгүй атал Хөхдэй мэргэнийг таних нь ховор. Монгол домгийн баатруудаа ийнхүү танилцуулж буй нь хүүхэд багачуудыг “монгол баатар”-тай болгох гэсэн бүтээгчдийн хүсэл зорилго байсан болов уу.

уншихын зэрэгцээ

"Домог" бол үлгэр домгоос гадна шинжлэх ухааны танин мэдэхүйн ном гэвэл онох юм шиг санагдлаа. Домгийн утга санаа, үйл явдлыг тодотгосон зүйр цэцэн үгсийг оруулж өгснөөр уншигч хүүхдүүд домгоос сурсан сургамжаа бататгах ажээ. Түүнчлэн номын туршид домгийг шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлах “Зараа цэцэн” таны багш, хөтөч, туслах болох юм.

Түүнчлэн номын бүлэг бүрийн төгсгөлд уншигч өөрийн хүссэн домгоо зохион бичих, эсвэл зураг зурах талбар бүхий “Өөрийн домгийг бүтээ” хэмээх онцгой хэсэг бий. Яг л энэ хэсэгт хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмж ундран гарах болов уу. Магадгүй ирээдүйн суут зохиолч, сод зураач болох эхлэл нь тавигдахыг үгүйсгэхгүй.

Номын төгсгөлд өгүүлсэн домгийн дүрүүд, эд зүйлсийг товч өгүүлэх тайлбар толийг оруулж өгсөн нь нэн сайшаалтай.



төгсгөлд нь

"Домог" ном зөвхөн бага насныхан, эцэг эхчүүд гэлтгүй бүх насныханд зориулсан бүтээл болжээ. Хүүхэд байхдаа л сонсож байсан үлгэр домгийн ертөнцөд насанд хүрснийхээ дараа дахин зочилсон энэ аялал минь цаанаа л нэг онцгой, нандин мэдрэмж төрүүлэв.

Номоо уншиж дуусахад төрсөн хамгийн эхний бодол “Гадаадад суугаа хоёр дүүдээ энэ номыг заавал өгч явуулъя”. Ухаан орсон цагаасаа эхлэн гадаад хүүхэлдэйн кино, дуу, бичлэг үзэж өссөн тэдэнд минь тэр тусмаа хамгийн хэрэгтэй ном мэт санагдсан билээ.

Нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэсэн энэ номыг уншин суухад бидний өвөг дээдэс авах гээхийн ухаан, амьдралын хичээлийг үлгэр, домгуудаар дамжуулан үр хүүхдэдээ сургадаг байсныг ухаж ойлгов. Эрт дээр үеэс уламжлан ирсэн энэхүү үнэт соёлын өвийг өнөө цагийн хүүхэд багачуудад зориулан шинэчлэн бичиж, уран дүрслэлээр баяжуулан үнэ цэнтэй бүтээл бий болгосон номын бүтээгчдэд талархал илэрхийлье.