Есдүгээр сарын 17-19-нд төв талбайд зохиогдох Үндэсний номын баярыг угтуулан паблишинг компаниуд, зохиогчид шинэ номуудаа амжин хэвлүүлж байна. Өнөөдөр бид тэр үеэр уншигчдын гарт хүрэх "Эго таны дайсан" номыг тоймлон танилцуулъя. Хувийн хөгжил, сайжралын талаарх номуудаараа танигдаж үнэлэгдсэн Райан Холидэйн "Ego is the Enemy" номыг Арвис Паблишингаас Г.Лхагвадуламын орчуулгаар эрхлэн хэвлүүлж буй юм.
Зохиогчийн тухай
Райан Холидэй бол хувийн хөгжил, сайжралын чиглэлээр бичдэг, өнөө цагийн хамгийн бүтээмж өндөртэй авторын нэг. Тэрээр 19 насандаа коллежоо орхиж, “Хүчний 48 хууль” номын зохиогч Роберт Гриний дор хэсэг дадлагажин ном бичих гараагаа тавьжээ. “American Apparel”-ийн маркетингийн захирлаар хэсэг ажиллаж байсан түүний өөрийн байгуулсан “Brass Check” компани Google, TASER, Complex зэрэг компани болон бестселлер зохиолчдод зөвлөх үйлчилгээ үзүүлж байлаа. Холидэй одоогоор арван ном бичээд буй нь 30 гаруй хэлнээ орчуулагдсан бөгөөд энэ дундаас "The Obstacle is the Way"; одоо танилцуулан буй, 2016 онд бичсэн "Ego is the Enemy" номууд нь хамгийн олон хүнд хүрчээ. Райан Холидэйн өөрийн замнал буюу бага залуудаа блоггер, авторын хувиар багагүй амжилтанд хүрч, өндөр албан тушаал хашиж байсан нь, санаанд оромгүй хүнд хэцүү нөхцөл байдалд орж, хүндэлдэг хүмүүс нь нүднийх нь өмнө унаж бүтэлгүйтсэн нь эго гээчийг түүнд сайтар ойлгуулж, энэ номыг бичихэд хүргэсэн гэдэг.
Эртний Грек, Ромын стойк философийг гүнзгий судалдаг тэрээр мөн “Daily Stoic” подкастыг хөтлөн явуулдаг. Райан Холидэй энэ онд өөрийн амьдардаг Техасын Остин хотод “Painted Porch Bookshop” номын дэлгүүрээ байгуулжээ.

НОМЫН ТУХАЙ
Бүрэн бүтэн, ололт амжилтаар дүүрэн амьдрахад гадаад ертөнц л бидэнд хамгийн их саад болдог гэж бид боддог ч гол дайсан маань бидний доторх эго байдаг тухай энэ номд өгүүлжээ. Карьерынхаа эхэнд эготой байх нь сурч боловсроход, авьяас чадвараа хөгжүүлэхэд саад болдог бол амжилтад хүрэхийн цагт эго нь алдаа дутагдлаа олж харах нүдийг халхалж, хожмын асуудал бэрхшээлийн үрийг тарьдаг. Харин унаж бүдрэх үед эго хамаг хүнд хүчрийг байгаагаас нь хэд дахин томруулан дөвийлгөж, өндийж босох явцыг улам ээдрээтэй болгодог. Тэгэхээр аль ч үед эго л биднийг хойш чангаадаг ажээ.
“Эго таны дайсан” номд уран зохиол, философи, түүхээс татсан олон арван жишээ, сургамжит түүхийг багтаажээ. Бид энэ номоос эгогоо дарсны хүчинд хүч чадал, амжилт бүтээлийн оргилд хүрсэн Жорж Маршалл, Жеки Робинсон, Катрин Грам, Билл Беличик, Элеонор Рузвельт зэрэг олон хүнтэй танилцана. Эгодоо дарлуулж, бодит байдлаас алсарч, улмаар уруудан доройтсон Ховард Хьюз, Персийн хаан Ксеркс, Жон ДеЛореан зэрэг түүхэн хүмүүсээс ч мөн суралцах боломжтой болох юм. Үргэлж сурч мэдэхийг эрхэмлэж, аль л шилдэг сайн гэсэн арга барилыг эзэмшихийг зорьж, эрдэм ухаантэй хүмүүсийг дэргэдээ байлгаж байсны хүчинд Чингис хаан ертөнцийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай байлдан дагуулагч болон мандсан тухай зохиогч жишээ авсан байсан нь мөн сонирхолтой.
Нийгмийн сүлжээ, реалити шоу зэрэг өөрийгөө ичгүүр сонжуургүйгээр сурталчлах өчнөөн олон хэлбэр хөгжөөд байгаа өнөө үед бид эготой олон фронт дээр нэгэн зэрэг тулалдах хэрэгтэй болжээ. Харин агуу хүмүүсийн хур туршлагаар зэвсэг хийсэн Холидэй бидэнд “...өөрийнхөө хэр гоц содон болох тухайд анхаарахаа больж, хорвоо дэлхийг өөрчлөх ямархан нэг амжилтандаа хүрэхийн тулд биеэ бүрнээ чөлөөлөх”-ийг сануулж байна.
Ирээдүйтэй залуу гоц авьяастнуудыг сүйрүүлдэг; үнэт баялаг, өсөж яваа компаниудыг нураадаг; гай зовлонг тэсэж тэвчихийн аргагүй болгон хувиргадаг зүйл бол эго. Хүсэл тэмүүлэл, ололт амжилт, тэсвэр хатуужлын гол дайсан.
Бүхий л цаг үед, соёл нийгэм бүрд, тоо томшгүй олон урлагийн бүтээл, цагийн шалгуурыг давсан өч төчнөөн сургаал номлолд энэ тухай анхааруулж; агуу их сэтгэгч болгон чухам үүнээс сэрэмжлэхийг ирээдүй хойчдоо сануулж иржээ. Харин бид энэ номын хуудас болгоноос эгод дарлуулахаасаа өмнө эгогоо яаж дарах тухай сурч мэдэх болно.
“Тамирчин болгон, удирдагч болох хүсэлтэй хүн бүр, энтрепренер, оюуны бүтээл туурвигч, ер ямар нэг үйл бүтээхийг зорьсон хэн бүхэнд энэ номыг уншихыг зөвлөж байна.”
- “Nike”-ийн Олон улсын сагсан бөмбөг хариуцсан захирал, Алдрын танхимын гишүүн дасгалжуулагч Жорж Равелинг
“Би амьдралдаа олон дүрэм журам дагадаг хүн биш. Гэхдээ өөрийн гэсэн цөөн хэдэн зарчимтайн нэг нь Райан Холидэйн бичсэн ямар ч номыг гарсан даруйд нь авч унших юм”.
- “Rounders”, “Ocean’s Thirteen”, “Billions” зэрэг киноны зохиолч, найруулагч Брайан Коппелман
Unread
НОМЫН ХЭСГЭЭС
Харин холимог тулааны урлагийн анхдагч мастеруудын нэг, аваргын олон титэмт Фрэнк Шэмрок шавь бэлтгэх “нэмэх, хасах, тэнцүү” хэмээх өөрийн гэсэн арга барилтай байлаа. Түүнийхээр тулаанч хүн амжилтад хүрэхийн тулд ямагт өөрөөсөө илүү нэгнийг бараадаж, бас өөрөөсөө сул хүнд багшилж, зэрэгцээд өөртэйгөө яг ижил түвшний хүнтэй байнга өрсөлдөн өөрийгөө сорьж байх хэрэгтэй.
Шэмрокийн энэхүү дүрмийн гол зорилго нь тун энгийн. Хүн өөрийнхөө юу мэдэх, юу эс мэдэхээ олон талаас харж, өөрийгөө цаг үргэлж үнэн бодитоор дүгнэж байхын тулд дээрх гурван “хамтрагч”-тай байх ёстой гэж тэр үздэг байв. Ингэснээр биднийг хөөргөж орхидог эго, бидэнд эргэлзээ төрүүлдэг айдас түгшүүр, биднийг эрэг дээр гаргаж шидэж мэдэх залхуурал цөм хүчгүйдэн дарагдах юм. Шэмрокийн ажигласнаар өөрийгөө дөвийлгөн бодох нь хүнийг үргэлж сүйтгэж байдаг гэмтэй. Тиймээс ч тэр “Цаг ямагт суралцагч бай. Бие хамгаалах урлаг зөвхөн энэ тухай л заадаг. Даруу зан гэдэг нэгэн төрлийн зэвсэг юм. Үргэлж итгэлт хүнийхээ далбаан дор яв” гэж хэлсэн байна. Гэхдээ энэ зарчмыг баримталъя гэвэл эхлээд бусдыг өөрөөсөө илүү гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдний эрдэм мэдлэгээс суралцах хэрэгтэй гэдгээ ухаарахын сацуу эрдэмд шамдах сэтгэлтэй байж, өөрийнхөө талаарх худал хуурмаг ойлголтыг эвдэх хэрэгтэй юм.
Арвис Паблишингийг дагах:
Фэйсбүүк / Твиттер / Инстаграм

Сэтгэгдэл бичих

