“Британийн эзэнт гүрэнд нар хэзээ ч жаргадаггүй” гэсэн хэлц үг бий. Учир нь 20-р зууны эхэнд тэд дэлхийн хуурай газрын бараг дөрөвний нэгийг эзэлж байв. Сонирхолтой нь газар нутаг, хил хязгаарын төлөөх тэдний эзлэн түрэмгийлэл нь англи хэлийг дэлхийн хэл болгосон гэдгийг та мэдэх үү.
Британийн далайчид, цэргүүд, жуулчид, худалдаачид болон сайн мэдээ тараагч номлогчдоор дамжин, колони улсуудад англи хэл хэрэглэгдэж тэрхүү улс төр, цэрэг арми, худалдаа, технологи, боловсрол, урлаг соёлын нөлөөгөөр англи хэл дэлхий дахинаа тархжээ. Өдгөө бидний дундах 1.5 тэрбум хүн англи хэлээр нэвтрэлцдэг ба энэ хурдаараа ирэх 20 жилд гурван тэрбумд хүрэх тооцоо бий.

Ойлгож байвч илэрхийлж чадахгүй, ярихыг хичээвч буруу зөрүү хэлэхээсээ нэрэлхэх, шамдан бэлдэвч өнөөх л нэг түвшиндээ гацсан зэрэг хэл сурах үеийн хуваалцахаас ч зовмоор асуудлуудаа нуух юун. Хэрхэн англи хэлээ сайжруулах вэ, ямар багш, сургалтын төв сайн бэ, ганцаарчилж сурах уу, аль нэг тийш гадагшаа гарч сурах уу гэж арга зам эрсээр яваа хэн бүхэнд энэхүү танилцуулах ном хөтөч болно гэдэгт итгэлтэй байна.
Энд үг цээжилж, дүрэм давтах тухай бус хэл сурах үед бидний тархи хэрхэн ажилладаг, сэтгэл зүй хэрхэн нөлөөлдөг, түүнийг хэрхэн шийдэх тухай онол баримт, өөрийн туршлага, уншсан бүтээл, судалгаа үзсэн кино зохиолоосоо ч эшилж хачирласан нь тун сонирхолтой юм.
- Atomic Habits номд дурдсанаар хүн өдөр бүр 1 хувиар өөрийгөө сайжруулж чадвал нэг жилд 37 хувь сайжрах бүрэн боломжтой.
- Малколм Глайдвэлийн Outliers номд хүн ямар ч зүйлийг анхлан хийхэд 22 минут хүртэл зогсохгүйгээр үргэлжлүүлж чадвал асуудал шийдэх арга барилаа олж амжилт руу дөхдөг .
- Монгол хэлээр ярихад хоолойн төвөнх хэсэг илүү ажилладаг бол англи хэлээр ярихад нүүрний 43 булчин ажилладаг.
- Унаган англи хэлтэй хүн ойролцоогоор 20 мянган үг, их дээд сургууль төгссөн бол 40 мянга үг мэддэг. Харин өдөр тутмын албан харилцаанд ойролцоогоор 5000 үг түгээмэл давтамжтай хэрэглэгддэг.
зохиогчийн тухай
Англи хэл шамдан суралцагчдын хувьд түүний тухай сонсож, зарим нь уулзаж, магад бүр IELTS шалгалт дээр ч дайралдсан байж мэднэ. Тэр бол Х.Нинж - Эрдэнэ багш. Ийнхүү тодотгосны учир нь тэрээр 2005 оноос эхлэн англи хэлийг олон улсад зааж буй бөгөөд 17 дахь жилдээ дуртай ажлаа дурлан хийж яваа бүсгүй.
Сүхбаатар аймгийн Баруун Урт хотын охин сониуч зан, сонирхолдоо хөтлөгдөн англи хэл шимтэн сурснаар АНУ-ын ЗГ-ын Фулбрайт хөтөлбөрт хоёр удаа хамрагдаж, англи хэлийг хоёрдогч хэлээрээ заах TESOL мэргэшлээр мэргэшин, 17 жилийн жилийн туршлага, өөрийн түүхээ хуваалцан буй нь танд хүрч байна. Өдгөө тэрээр Бритиш Консулын IELTS -ийн шалгалтын ярианы хэсгийн албан ёсны шалгагчаар Jet IELTS Center төвд ажиллаж байна.
Анхны Фульбрайт тэтгэлгээ хүртэж Америкт очоод дэлгүүрт ороод л алмайрч орхисон. Худалдагчийн -You’re all set, Have a good one! “ гэсэнд юу гэж хариулахаа мэдэхгүй хэлгүй хүн шиг болчихсон. Гэтэл би TOEFL, IELTS шалгалтууддаа өндөр оноотой, академик үзүүлэлтээрээ шилдэг нь байлаа.

Хандлага- мэдлэгэ хураах - ахицаа ажиглах - алдаагаа хянах - мэдлэгээ хэрэглэх
Learning Continuum
Түүний туршлагаар хэл суралцагчдын шантралын эхний шалтгаан бол хандлага, сэтгэлийн тэнхээ юм. Хандлага бол энгийндээ тархинд хуримтлагдсан бодлын тусгал бөгөөд бидний үг, үйлдэл, бодол зуршлаар илэрч байдаг. Би чадахгүй, авьяасгүй, одоо оройтсон гэсэн айдсын манан эгээ л бидний дотроос гарч ирдэг. Дунд ангийн англи хэлний багш маань ярианы акцентыг минь егөөдөж дооглосноос хойш англиар ярьна гэдэг миний хувьд харанхуй өрөөнд ганцаараа үлдэх шийтгэл адил болсон. Өчүүхэн жижиг боловч сэтгэлд тодорч үлдсэн өнгөрсөн дурсамжаа санах бүрд тархинд бэхжиж түүндээ бүрмөсөн автаж итгэдэг тухай мэдэж авлаа.

Номын онцлох нэг санаа нь хот орон нутаг, хувийн болон улсын сургууль ижил их дээд сургуульд суралцагчдын түвшин чадвар зөрүүтэй байдаг нь үндэсний стандарт байхгүйтэй холбоотой гэжээ. Угтаа стандартын дагуу суралцагчийн түвшинг тогтоож мэдвэл зохих хэл зүй, мэдлэг, сэтгэлгээний өөрчлөлт, зарцуулах хугацааг тодорхой байх учиртай. Жишээ нь стандартын дагуу intermediate буюу дунд шатанд суралцахад 1-3 жил болно. Энэ үед энгийн, нийлмэл өгүүлбэрээр ярьж, бичиж сайн ойлголттой болдог. Гэхдээ хэлний зүй тогтлыг бүрэн эзэмшээгүй тул утгын алдаа гаргах, олон давтан алдаж түвшний гацалтад орох нь элбэг. Тиймээс академик болон шинжлэх ухааны сэдвүүдээр уншиж, зохиогчийн санаа, эхийн бүтэц, салаа утгатай үгсийг хам сэдвээр нь тулгуурлаж мэдэх чадварт суралцах хэрэгтэй.
Гадаад хэл сурахад нас хамаатай юу?
Хэл сурахад нас хамаатай, үгүй тухайд бид гойд анхаардаг. Жан Пиажегийн танин мэдэхүйн хөгжлийн онолоор хүүхэд төрсөн цагаасаа эхлэн 7 нас хүртлээ алив зүйлийг бодитоор хүлээн авч, таван мэдрэхүйгээрээ хүрэлцэн суралцдаг байна. Тиймээс энэ насанд өөр хэл сурахдаа хэлний авиа зүй, хэлний систем бүтцийг байгаагаар нь хүлээн авч эгээ л эх хэл шигээ сурдаг гэнэ. Мөн 7 хүртэлх насанд уншуулж, бичүүлэх шаардлагагүйгээр хүүхэд сонсголоороо суурьтай болдог. Учир нь энэ үед тэдний танин мэдэхүй, сонсголын чадвар нь дээд цэгтээ хүрч ажилладаг учир тэд хэдэн ч хэл бай тухайн хэлний авиа зүй, өгүүлбэрийн бүтцийг хооронд нь хольдоггүй гэнэ.
АНУ-ын тархи судлаач эрдэмтэн, Вашингтоны Их Сургуулийн профессор Патриша Калын судалгаагаар гурав хүртэлх насны хүүхдүүдийн тархи маш сийрэг тул дэлхий дээрх 700 гаруй хэлний 6000 орчим авиаг ялган сонсох чадвартай төдийгүй тухайн хэлний хэв загварыг таних өгөгдөлтэй төрдөг гэжээ. Тиймээс хүүхдүүдийн хувьд хэлийг бүхлээр нь хүлээж авах чадвар нас ахих тусам багасаж байдаг. Харин манай улсын сургуулиудад тавдугаар ангиас нь эхлэн гадаад хэл заадаг.


11-15 хүртэлх өсвөр насанд танин мэдэхүй хийсвэр сэтгэлгээнд шилжиж аливааг хүлээн авахдаа харьцуулж шинжилдэг. Энэ үед хэл сурахын гол бэрхшээл нь дүрэм. Дүрэм үзэж түүгээрээ өгүүлбэр зохиож хэсэгчлэн сурах хандлага тогтдог.
Бидний тархи 25 нас хүртэл бүрэн хөгжиж гүйцдэг. Нас биед хүрсний дараа хэл сурахад төрөлх хэлтэйгээ 100 хувь харьцуулж, буруу ярьж хэлэхээс ичих, айх сандрал улам бүр төвөгтэй болгодог. Нэг хэлний системийн суурин дээр өөр хэлний суурийг тавих сул тал нь суралцагч өөрөө харьцуулж өөрийн дүрмийг зохиодог. Үүнийг мэргэжлийн хэлээр ерөнхийлчлөл (generalization) гэх ба тухайн хэлэндээ ч байдаггүй онцлогтой. Түүний үр дагавар нь засал авахгүй алдаа болж хувирах талтай тул аливаа хэлийг сурахдаа яг л хүүхэд мэт хүлээж авах хэрэгтэй гэжээ.
Гэвч мэдээжийн хэрэг хүн хэдэн ч настай байсан гадаад хэл сурах бүрэн боломжтой гэдгийг АНУ-ын Пенн мужийн их сургуулийн хос тархи судлаач эрдэмтэд судалсан байна. Тэд насанд хүрсэн унаган англи хэлтэй 39 суралцагчид зургаан долоо хоногийн турш хятад хэл зааж үр дүнг fMRI бичлэгээр хянахад тархины сэтгэн бодох хэсгүүдийн нейронууд идэвхжиж, өөр хоорондоо үр дүнтэй холбогдож интеграцчилагдсан байгаа нь харагдсан байна.
Дүрэм гэдэг бол хийсвэр зүйл. Хийсвэр зүйл барьцгүй байдаг. Тиймд түүнийг зүй тогтлын дагуу сурах хэрэгтэй.
тэнцвэртэй хос хэлтэн болох нь
Даяарчлалын өнөө үед төгс хос хэлтнүүд илүү үнэлэгдэх болов. Дээр дурдсанчлан бага ахуйдаа хоёр хэлийг зэрэг сурснаар аль алийг нь унаган хэлний хэмжээнд сурах боломжтой. Харин манай улсын жишгээр тавдугаар ангид ороод эсвэл түүнээс хожуу насанд англи хэл үзэж эхэлж байгаа бол эх хэлээ ашиглан хоёрдогч хэл сурч хос хэлтэн болдог. Энэ нь хувь хүн өөрийн соёлын үнэт зүйл, үндэс угсаагаа сайн мэддэг, эх хэлээ төгс сайн эзэмшихийг хэлж буй юм. Тиймээс хос хэлтэн байх нь хоёр хэлээр уншиж, бичиж, ярьж, сэтгэхийг шаарддаг хоёр талт үйл явц.
Зохиогчийн гаргасан чухал санаа нь англи хэлээр төгс сайн ярьж бичдэг байлаа ч эх хэлээ тэр хэмжээнд эзэмшиж, өөрийн ялгарал, ондоошлыг эрхэмлэсэн тэнцвэртэй хос хэлтэн байх тухай сануулжээ.


Сэтгэгдэл бичих

