Энэ бол эртний Грек. Хүн төрөлхтний түүх уламжлал, гүн ухаан, соёл урлагийн хөгжлийн суурийг голлон тавьж асан агуу гүрний мандан бадралын тэртээ цаг үед өрнөх эрх чөлөө, эмэгтэй хүний талаарх бэсрэг нэгэн түүх. Эрсхэн зоримог тэмцэгчийг Галатеа гэх бөгөөд биднээс ялгаатай нь тэрээр яс махнаас бүрдсэн энгийн нэгэн хүн биш байлаа. Эхийн хэвлийгээс бус, барималчийн багажнаас мэндэлсэн ч тэнгэрлиг дарь эхийн ивээлээр амь орсон гоо үзэсгэлэнгийн төгс биелэл ажээ. Харсан бүхэн нүд алдам энэ бүсгүйд цэнгэг агаар амьсгалж, үрийн эх болох гайхамшигт хувь заяа ид шидээр тохиосон ч эрх чөлөөг эдлэх боломж байх болов уу?
номын тухай
Маделин Миллер нь "Нью-Иорк Таймс"-ын бестселлер болох “Ахилийн дууль”, “Цирце” номуудын зохиогч юм. Эртний Грекийн домгуудаас сэдэвлэсэн эдгээр зохиолууд нь уран яруу бичвэртэйгээс гадна хүйсийн эрх тэгш байдалд уриалсан агуулга, хүчирхэг эмэгтэй гол дүрүүдтэйгээрээ тун онцлог.
“Цирце” нь "HBO Max"-д цуврал болон гарах гэж буй бөгөөд “Галатеа ба Пигмалион” домог дээр суурилан “Галатеа” хэмээх бэсрэг тууж бичсэнийг "Арвис Паблишинг"-аас орчуулан, уншигч танд хүргэж буй ажээ. Хэрвээ та уг номыг авч унших эсэхдээ эргэлзэж байгаа бол номын агуулгыг товчлон хүргэн сонголтод тань тусалъя.

ТӨГС БҮСГҮЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ: ҮЗЭСГЭЛЭНТ ТӨРХ БА МӨН ЧАНАР
Төгс бүсгүйн шинжийг та юу гэж тодорхойлох вэ?
Цаг үе, улс үндэстэн бүрд өөр өөрөөр томьёологдсоор ирсэн төгс бүсгүйн хамгийн энгийн бөгөөд алдартай нэгэн шалгуур бол бидний мэдэхээр 90-60-90 харьцаа. Нэмээд өтгөн үс, цагаан царай, тэгш хөл, наалинхай авир гээд урт жагсаалт ар араасаа хөвөрнө. Хачирхалтай нь гэх үү, харамсалтай нь гэх үү, ихэнх нь зөвхөн гадаад шинж чанарт төвлөрөх ажээ. Номд мэргэн, үгэнд цэцэн, зөөлөн ааш, дөлгөөн явдал гэх мэт нь дотоод мөн чанарт тэмтрэх мэт хөнгөхөн хүрдгийг нь ажиглахад охид эмэгтэйчүүд феминизм хэмээх ойлголтыг "данс тэнцүүлэх"-ийн эрхэнд гаргаж ирэхээс аргагүй байжээ гэмээр. Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэл бүсгүйчүүдэд өөрийн гэсэн харизматай байх, өөрийнхөө төлөө зоримог байх боломж ч, эрх ч байсангүй. Энэ бүхэн "төгс бүсгүй"-н шинжид огт хамаагүй ажээ.
Номд гарах Галатеа бүсгүй дээрх тодорхойлолтоор бол ямар ч эргэлзээгүй "төгс бүсгүй". Гэвч хэчнээн тийм байгаад ч эр нөхөртөө хайрын дээдээр хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөхөд энэ бүхэн хангалтгүй аж. Бүсгүйн гоо үзэсгэлэн угтаа түүнийх биш бөгөөд зөвхөн эр нөхрийнх нь, эзэрхийлэгчийнх нь л байх ёстой байв. Хэрэв тийм биш бол энэ гоо үзэсгэлэн нэг бол мөн чанараас ангид орших өнөө бол торонд хоригдох амьд үзмэрийн тавилантайгаа эвлэрэх ёстой болох нь. Эртний шидэт түүх мэт ч гэлээ энэ дүр зураг орчин цагт ч бугшсаар буй.
"Намайг амь ороосой гэж хүсэж залбирахдаа дур хүслээ хангаж байх дуулгавартай хөдөлгөөнгүй, бүлээн дулаан, төгс биеийг л хүссэн нь мэдээж. Харамсалтай нь амьд ахуй атлаа уран баримал зэрэгцэн байх боломжгүй гэдгийг бүрэн ухаж бодоогүй нь мунхагийн туйл ч гэж болох юм. Амь орж, хүн биеийг олоод арван нэгхэн жил болж байгаа би хүртэл үүнийг ойлгоод байдаг."
Галатеа
ГОО САЙХНЫГ ТААШААХ НЬ: ХАЙРЛАХУЙ БА ӨМЧЛӨХҮЙ
Хайрыг та юу гэж тодорхойлох вэ?
Энэ асуултад магадгүй бид хэзээ ч хариулж дуусахгүй байх. Гэхдээ л ойлгох гэж оролдсоор байх тэр эрмэлзэл, эрэл хайгуул биднийг илүү романтик, нинж зөөлөн, чин сэтгэлийн амьтад болгодог байх. Хүн бүрийн хайр, хайрлах арга барил, хайрлалцах орчин нөхцөл, мөн чанарын өгөгдөл өөр болохоор тэр байх. Эдгээрийг ардаа тавиад уншигчдаасаа асуух зүйл байна. Ярилцъя.
Харамлах, хардах, улмаар хорьж цагдах нь хэт их хайрын илрэл мөн үү? Хэтэрхий их хайрласандаа, алдахвий гэж эмээсэндээ хайртай хэмээж буй тэр нэгнийхээ эрх чөлөө, шийдвэр гаргах эрхэд халдах нь хайр мөн үү? Жаахан өөрөөр, тайвнаар асуух гэж оролдъё. Хамт байхын төлөө шаардлагатай юуг ч хийхэд бэлэн байх нь зөв юм болов уу? эсвэл хайрласан хүнээ жаргалтай байгаасай гэж хүсэх нь зөв юм болов уу? Гоо сайхныг, сайхан хайрыг бид хэрхэн хүлээн авч, нандигнан хадгалах ёстой вэ? Ингээд бодоход хайр ер нь өвчин юм биш үү? Хайрын алтан харьцааг хэрхэн хадгалдаг юм бэ?
Тэгвэл одоо байрыг нь сольж үзье. Эмэгтэй хүн романтик харилцааны эзэрхийлэгч нь байвал дээрх асуулт дахь бидний хариулт өөрчлөгдөх үү? Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрт өөрчлөлт орохгүй гэдэг ч өнөөг хүртэлх бидний мэдэх дэлхий дээрх хайр дурлал ихэнх тохиолдолд ялгаврын шинжтэй байсан юм биш үү? Харилцан яаж ч байраа сольсон үүрэг нь тэнцүү байдаг нийлбэрийн шинжрүү ойртохын тулд бид хэчнээн мянган жилийг байр нь солигдох төдийд хариуд нь үлэмж ялгаа үүсдэг эмзэгхэн тэр хасагч, хасагдагчийн байранд өнгөрүүлээ вэ.
Ер нь нөхөр маань эмэгтэй хүмүүс байгалиараа ямар харагддагийг ч ялгаж мэдэхгүй. Ямар нэгэн өө сэв байх аваас хүний үзэмжийг шүүн муухай, заваанаар нь дуудаж байдаг хүн.
Галатеа
ХҮЧИРХЭГ СЭТГЭЛ ЗҮЙ: АРИУН ҮНЭНЧ байдал БА ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Ариун үнэнч байдлыг та юу гэж тодорхойлох вэ?
Бодъё л доо, сэтгэл зүрх, бие махбодийн аль нэг нь ганхах тэр үеийг авч үзье.
1. Сэтгэл хөрсөн ч, бие махбодиор үнэнч байх
2. Хайр сэтгэл халуун хэвээр ч, бие махбодиор өөр нэгэнд нээлттэй хандах
3. Хэдий сэтгэлгүй ч гэлээ хажууд нь үлдэхийг сонгож, сэтгэл зүйгээр ч, бие махбодиор ч өөр хэн нэгэнтэй холбогдохгүй байх.
Чухам алийг нь та ариун үнэнч байдал гэж үзэх вэ? Үнэнч байдал, эрх чөлөө хоёрын хооронд хэр их зай байдаг бол?
Галатеа номд гарах гол хоёр дүр хоёул таныг энэ асуултад умбуулж чадна.
Эцэстээ номоос огтхон ч хүлээгээгүй төгсгөл, огцом эргэлт нь уншигчийг олон гүн бодролд автуулна гэдэгт үл эргэлзэнэ.
Хүйсийн тэгш байдал, хайр сэтгэлийн тухай ойлголт, хүчирхэг сэтгэл зүйн талаар цөөн хуудсанд хүчтэй өгүүлсэн ном ажээ.
- "Үгүй ээ, над шиг хэрэгцээгүй амьтан байснаас эрдэм ном сурч нөхөртөө хэрэгтэй хүн болог" гэхэд над руу инээмсэглэн хараад,
- "Чиний хэрэгцээ хангалттай гардаг" гээд ам таглав.Галатеа

Сэтгэгдэл бичих (1)


З Золзаяа 64.119.31.6
Хэлэлцүүлгийн тухай бичсэн хэсэгт "МУИС-ийн ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхим" гэж бичих ёстойг буруу бичсэн байна. "Хими, Биологи, Инженерчлэлийн тэнхим" гэхээр буруу ойлгогдохоор байна .