Шинжлэх ухааны агуулгатай, олон нийтэд зориулсан цоо шинэ орчуулгын бүтээл хэвлэгдэн гарчээ. Сибирьт үнэг гаршуулах чиглэлээр хийсэн жаран жилийн туршилт судалгааны талаар өгүүлэх уг номонд шинжлэх ухааны өндөр түвшний судалгаанаас өгсүүлээд нийгэм, улс төрийн нөхцөл байдал, хүн болон амьтны хоорондын хайр хүртэл өргөн хүрээтэй сэдвийг хамарч буй. Гэхдээ хүмүүн төрөлхтөн бид шинжлэх ухаанд зориулсан дур сонирхол, зүрх сэтгэлээ цөхрөлтгүй шаргуу чанартай хослуулж чадах аваас өөрсдийн амьдардаг дэлхий ертөнцийнхөө нууцлаг зүйлсийг тайлж чадах боломжтой гэдэг нь магадгүй энэ номонд хэлэх гэсэн хамгаас чухал санаа байх болов уу.

Монгол орчуулгын редакторын үг

Монголчуудын ахуй амьдрал, оюун сэтгэлгээ, дом, бэлэгдэлд үнэг тодорхой байр суурь эзэлнэ. Эрт дээрээс л монголчууд үс сайтай ч хөрс тааруухан үнэгний арьсаар лоовууз малгай хийж өмсөн, өвлийн жаврыг сөрж ирсэн билээ. Бэлчээрийн дайсан гэгдэх үлийн цагаан оготно зэрэг мэрэгч амьтдаар хооллодгоороо үнэг, хярс зэрэг амьтад бэлчээрийн мал аж ахуйд тун ч чухал үүрэгтэй. Худлаа ярьж, хууран мэхлэх тал дээр гаршсан нэгнийг “үнэг шиг зальтай” хэмээн хэлэлцэнэ. Үнэгний заль бол сүүлэндээ л байдаг, нохой, бүргэд зэрэг ангууч амьтад туршлагагүй бол үнэгний сүүлтэй хөөцөлдсөөр, үнэг сүүлээ шарваж зугтсаар хөөж буй амьтныхаа цөхрөнг барж, хамраар нь газар хатгуулсаар хашраадаг тухай бичсэнийг нэг бус удаа уншиж байв. Анд сургаж буй нохойг эхлээд үнэгэнд тавих юм бол ингэж хаширдаг тул үнэгнээс өөр амьтанд тавьж, сургах эхлэх учиртай гэлцдэг. Аливааг амархан мартдаг хүнийг “үнэг шиг мартамхай” гэнэ. Анчинд хөөгдөж явсан үнэг гүвээ даваад л хөөгдөж явснаа мартаж оготно зурам ангуучилж явдаг гэлцдэг. Унтахаа больж, нойр нь хүрэхгүй болсон хүнийг “үнэгний нүд залгисан юм шиг” гэнэ. Анд явж байхад үнэг таарах юм бол бүтэлгүй болохын дохио гэж үзэж, түүнийг хороох юм бол азгүйдлийг буцаана гэж үзэж, таарсан үнэгийг хөнөөхөөр улайрах нь одоо ч байдаг үзэгдэл.

Энэ мэт үнэгтэй холбоотой монголчуудын зан үйл дотор онцгой байр суурь эзэлдэг зүйл бол шинэ төрсөн хүүхэддээ эсгий үнэг хайчилж, унжлага тоглоомоос нь зүүж өгдөг уламжлал юм. Нялх хүүхэд зүүд, бодит амьдрал хоёроо ялгах чадваргүй байх үед нь үнэг хүүхдийн зүүдэнд хууран мэхлэхээр ирдэг гэсэн эртний домог ярианд үндэслэн, зүүдэнд нь ирэх үнэгнээс хүүхдээ хамгаалахын тулд эсгий үнэг урлаж зүүдэг аж. Ингэснээр хүүхэд зүүдэнд ирэх үнэгийг дагаж явалгүй, аавынхаа урласан үнэгтэй тоглоод, бодит амьдралдаа үлддэг гэсэн утгатай дом юм. Нялх хүүхэд унтаж байхдаа инээх маяг үзүүлэхийг монголчууд “үнэгчлэх” гэнэ. Хүүхдийг унтаж байхад мөнөөх үнэг зүүдэнд нь ирээд “ээж чинь хол явлаа” гэж хуурдаг. Харин үнэг хайчлаад унжуулсан бол “энэ хүүхэд чинь үнэгтэй юм байна” гээд хууралгүй буцаад явдаг гэсэн ардын домог яриа байдаг. Ингэж тайвширсан хүүхэд баярласандаа нойрон дундаа инээмсэглэхийг “үнэгчлэх” гэдэг.

Монгол ардын зүйр цэцэн үгэнд бас “Үгний үнэн нь сайхан, үнэгний улаан нь сайхан” гэх нь бий. Манай оронд төдийгүй Ази, Европ, Хойд Америк, Африк тивийн умард хэсэгт өргөн тархаж, ард түмний дунд үснийхээ улаанаар үнэлэгдэж ирсэн үнэг бол шар үнэг (Vulpes vulpes Linnaeus, 1758) юм. Үслэг эдлэлийн бэлтгэлд чухал үүрэгтэй шар үнэгийг зөвхөн Дорнод аймагт гэхэд л 1960-аад оны сүүлч гэхэд жилд 1300 орчмыг агнаж, улсын санд төвлөрүүлж байсан баримт бий (Reading нар, 1998). Харин энэхүү номонд шар үнэгний бараан хэлбэрүүдийн нэг болох мөнгөлөг сорт хар үнэг, түүн дээр хийсэн шинжлэх ухааны туршилтын тухай өгүүлнэ. Үслэг эдлэлийн эрэлт өндөр байсан үед дэлхийн баячуудын зэрэг дэвийг илтгэх үнэ цэнтэй эдлэл болсон зэрлэг ойн булганы (манай үндэстний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн, “Монголын нууц товчоо”-нд гардаг хар булган дах ч энэ л ойн булга биз ээ) арьсыг олноор үйлдвэрлэх зорилгоор Орос оронд булганы аж ахуй эртнээс хөгжиж ирсэн.

Энэ туршлага, уламжлал дээрээ үндэслэн Орос оронд усан булга, мөнгөлөг сорт хар үнэгний аж ахуй хөгжиж, ингэснээр үслэг эдлэлийн үйлдвэрлэл ЗХУ-ын гадаад валютын худалдаанд чухал байр суурь эзлэх болсон байна. Үүнийг дагаад манай улсад ч Сангийн аж ахуйг удирдах газрын дарга, Хөдөө Аж Ахуйн Яамны нэгдүгээр орлогч сайдын ажил хийж явсан Ц. Лоохууз гуайн санаачлагаар аж ахуйгаа олон янз болгох зорилгоор гахай, тахиа, туулай, каракуль хонины аж ахуй эрхэлж эхэлсний дотор хожим байгуулагдсан үслэг ангийн аж ахуй орох бөгөөд энэ хүрээнд манай улсад канад минж, усан булга, мөнгөлөг сорт хар үнэг зэргийг үржүүлж байсан билээ. Богдхан уулын Төрхурахын аманд байсан усан булга, хар үнэгний аж ахуй чөлөөт зах зээлийн системд шилжсэн 1990-ээд оны дунд үе хүртэл ажиллаж байсан гэдгийг мэдэх хүн улам цөөрч байгаа тул энэ дашрамд сануулах үг дайх нь зүйд нийцнэ гэж үзлээ. Монгол орны гадаргын усан сангуудаар хаа нэгтээ үзэгдэх америк усан булга л энэ аж ахуйгаас үлдсэн гэхээсээ илүү энэ аж ахуйг санагдуулах зүйл болж үлдсэн болов уу.

Эртний хүмүүс чоныг гаршуулаад нохой болгож болсон юм чинь (саяхныг болтол ингэж үзэж байв, гэхдээ орчин үед бидэнтэй зэрэгцэн оршиж буй саарал чоно бол гэрийн нохойн өвөг биш, харин эртний өөр чоно гэрийн нохойн өвөг байсан гэдгийг геномикийн судалгаа нотлох болов, Schweizer & Wayne, 2020), чонотой эволюцийн хувьд ойрын хамаарал бүхий үнэгийг гаршуулах гээд үзвэл яадаг бол. Байгалиасаа ярдаг, түрэмгий зан авиртай үнэгнүүдээс арай номхон дөлгөөн зан авир үзүүлснийг нь сонгон үржүүлээд байвал юу болох бол гэдэг туршилтыг л цэвэр шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх зорилгоор Дмитрий Беляев эхлүүлжээ. Лысенкоизм ид хүчээ авч, генетикийг “барууны хөрөнгөтний шинжлэх ухаан” гэж үзээд, нэгэн цагт генетикийн судалгаагаар дэлхийн төв байсан ЗХУ-д генетик, түүний хэрэглээний салбарууд болох газар тариалан, мал аж ахуйн үржил селекцийн судалгааны ажил уналтанд орж, чухамдаа Зөвлөлтийн ард түмний хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангахын төлөө дэлхийн таван тивээс ургамлын үр цуглуулан, судалгаа хийж байсан генетикч Николай Вавилов хилсээр хоригдож, өлсгөлөнгөөр нас бараад байсан үед энэ номонд өгүүлэх удаан хугацааны туршилт явагдаж эхэлсэн нь дээр өгүүлсэн эдийн засгийн үр ашигтай холбоотой. Өөрөөр хэлбэл, илүү чанартай үслэг эдлэл бий болгох, илүү олон үр төл төрүүлэх чиглэлээр хийж буй судалгааны ажил хэмээх нэрийн доор мөнгөлөг сорт үнэгийг гаршуулж, нохой шиг гэрийн тэжээвэр амьтан болгож болох эсэхийг турших судалгааны ажлыг Дмитрий Беляев эхлүүлж, энэхүү судалгааны ажилд уг номын зохиогчдын нэг Людмила Трут анхнаас нь голлох үүрэгтэй оролцож эхэлжээ. Номын агуулгыг номонд бичсэнээр нь толилуулах нь зүйтэй бөгөөд үүнийг зохиогчдоос илүү хийж чадахгүй учраас тайлбараа багасгаж, харин туршилтын цар хүрээний талаар хэдэн үг хэлсү.

Жаран жилийн туршилт гэдэг бол ганц биологийн биш, ер нь шинжлэх ухааны хувьд асар том өргөн цар хүрээтэй ажил юм. Шинжлэх ухааны салбарын амгийн урт үргэлжилсэн туршилтын тоонд 1842 онд эхэлж, органик болон органик бус бордооны үр дагаврыг судалж эхэлсэн Broadbalk Experiment, одоо 165 орчим жил үргэлжилж, биологийн олон янз байдлын шалтгаан, үр дагаврын хамгийн чухал судалгаа болж хувирсан Park Grass Experiment, 138 орчим жил үргэлжилж буй Broadbalk and Geescroft Wilderness Experiment (энэ гурван туршилтыг Английн John Bennet Lawes, Joseph Henry Gilbert нар хамт эхлүүлсэн), 1879 онд эхэлсэн үрийн амьдрах чадварын туршилт (АНУ-ын Мичиган Мужийн Их Сургуулийн William Beal эхлүүлсэн) зэрэг орно. Харин экологийн болон эволюцийн хувьд жил, сарын хугацаа онц учир холбогдолтой бус, харин организмын үе удмын үргэлжлэх хугацаа чухал (энэ хугацаа бол популяцийн тун чухал үзүүлэлт бөгөөд нэг зүйлийн өөр өөр популяцид харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь экологийн болон эволюцийн учир холбогдолтой байдаг). Энэ утгаараа, хамгийн олон үе удмын турш үргэлжилсэн эволюцийн биологийн туршилтын судалгааг 1988 оноос хойш Escherichia coli бактерийн нэг эсээс гаралтай 12 популяцийг 70 орчим мянган үе удмын турш үржүүлсэн туршилтын судалгаа хамгийн удаан үргэлжилсэн туршилт гэж тооцогдоно. Мичиган Мужийн Их Сургуулийн эволюцийн биологийн профессор Ричард Ленски хэмээх хүний эхлүүлсэн энэ туршилтын популяцийн салаануудыг өөрөөс нь гадна, түүний удирдлагад суралцаж байсан маш олон судлаачид өвлөн авч үргэлжлүүлэн судалж, маш олон сонирхолтой нээлтүүд хийсэн билээ (Lenski & Travisano, 1994, Card нар, 2009, Philippe нар, 2009, Blount нар, 2012, Tenaillon нар, 2016). Үнэг зэрэг том амьтдын хувьд жаран жил үргэлжилсэн туршилт явуулна гэдэг бол асар их хэмжээний хүн хүч, хөрөнгө мөнгөнөөс гадна асар их шаргуу чармайлт шаардах ажил бөгөөд үүний үр дүн ч гаршуулалтын үйл явцад гарсан генетик, геномик, зан төрх, танин мэдэх чадвар, оюун ухааны өөрчлөлтийн судалгааг хамран өргөжиж, асар их үр дүнд хүрснийг уншигчид энэ номоос мэдэж болно.

Цаашилбал, уг номын зохиогчдын нэг Ли Дугаткин бол эволюцийн биологи, амьтны зан төрхийн экологийн салбарт тэргүүлэх судлаачдын нэг бөгөөд эдгээр салбарын шилдэг сурах бичгүүдийг бичсэн үр бүтээлтэй судлаач юм. Мөн шинжлэх ухааны түүхийн болон олон нийтэд зориулсан бүтээл ч арвинтай бөгөөд та бүхний өмнө дэлгэж буй энэ ном алдарт Science сэтгүүлийг эрхлэн гаргадаг American Association for the Advancement of Science болон Subaru сангийн хамтарсан Excellence in Science Books шагналыг 2018 онд хүртсэн билээ. Профессор Ли Дугаткин бидний урилгаар Монгол Улсын Их Сургуульд 2015, 2019 онд хоёр удаа айлчилж, ирэх болгондоо эрдэм шинжилгээний семинарт илтгэл хэлэлцүүлж, мөн зан төрхийн экологи, эволюцийн биологийн богино хугацааны эрчимжүүлсэн хичээлүүдийг зааж байсан зорилго нэгт нөхөр болохыг дурдахад таатай байна.

Манай улсын хойд хөрш ОХУ-д (тухайн үеийнхээр Зөвлөлт Холбоот Улсад) манай мэргэжилтнүүд бэлтгэгддэг байсан үед дэлхийн хэмжээний, тэргүүлэх түвшний судалгаа хийгдэж, тэр нь өнөөдөр жаран жил үргэлжилж, маш олон сонирхолтой үр дүнг бидэнд хэлж өгөөд байна. Үүний талаар олон нийтэд тайлбарласан энэхүү номыг монгол хэлнээ орчуулж гаргах саналыг зохиогч, профессор Ли Дугаткин 2019 онд айлчлах үеэрээ бидэнд тавьсан бөгөөд энэ саналыг МУИС-ийн Экологи, эволюцийн синтезийн лабораторийн эргэн тойронд байж, судалгааны ажилд оролцдог бакалавр, магистр, докторын түвшний суралцагчид маань хүлээн авч, бүлэг бүлгээр орчуулсан билээ. Аливаа зүйлийг хийснийхээ хэмжээгээр л сурч байдаг, бас хамтран ажил хийж, аливааг бүтээж сурах нь чухал гэж үзсэн тул тэдний энэ саналыг талархан дэмжсэн бөгөөд уншигч таны энэхүү номыг уншиж байгаагийн баяр талархал нэр бүхий манай орчуулагчдад ноогдох учиртай гэдгийг эцэст нь тэмдэглэх нь зүйтэй.

Базарцэрэнгийн Болдгив
2020 оны 5-р сарын 22-ны өдөр

Худалдан авах

МУИС-н номын сангийн 609 тоот болон Internom номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
Холбогдох утас: 88175135, 80806216, 88686019