АНУ-ын алдарт зохиолч Ричард Бахын "Жонатан Ливингстон цахлай" хэмээх богино өгүүллэг нь 1970 онд хэвлэгдсэнээс хойш 52 жил өнгөрчээ. Хүн бүхний дотор оршиж буй жинхэнэ Жонатан цахлайд зориулсан уг бүтээлийг 30 гаруй хэлэнд хөрвүүлж, 50 сая уншигчдын хүртээл болоод байна. 

Энэхүү бүтээлийн үнэ цэн, утга агуулга нь өнөөг хүртэл олон сая уншигчдад урам зориг өгсөөр буй тул "Монсудар" хэвлэлийн газраас шинэчлэн орчуулж гаргасныг бид энэ удаагийн дугаартаа онцоллоо.  

Хүн идэхийн төлөө амьдардаг уу, амьдрахын төлөө иддэг үү? Зарим хүн ийм асуултад толгой гашилгалгүйгээр амьдрахыг илүүд үздэг тул хариултыг нь одоог хүртэл олоогүй явж байж мэднэ. Уг номоос та хэн бүхний заавал тунгааж үзэх ёстой атлаа үргэлж зайлсхийж, өнгөрүүлдэг тэрхүү үнэнтэй нүүр тулах болно.

Ричард Бах энэ номоороо намайг өндөрт нисгэж, залуу насанд минь дахин аваачлаа. Аль алинд нь би гүнээ талархаж байна.

Пулицерийн шагналт зохиолч Рэй Брэдбёри

Нисгэгчийн түүх 

АНУ-ын нисэх хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, агаарын цэргийн хүчний ахмад асан Ричард Бах. Түүний зохиол бүтээлийн хөнгөн хошигнол, гүнзгий тунгаан бодохуй, зөн совингийн мэдрэмжүүд нь уншигч олны сэтгэлийг баясгадаг. Жонатан цахлай бол түүний бичсэн дөрөв дэх ном бөгөөд "Private Pilot Magazine" гэх нисэх хүчний жижиг сэтгүүлд нийтлүүлснээр уншигчдад хүрчээ. Хэвлэгдсэнээс хойш багагүй хугацааны дараа Нью-Йорк Таймс сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хоёр жил дараалан тэргүүлсэн юм. Нисэхийн баяр баясгалан, эрх чөлөөг судалж, олж мэдсэнээ уншигчдад хуваалцсанаараа нисгэгч-зохиолч нэрээр алдаршжээ.

Гэхдээ түүний амжилт тийм ч дардан эхэлсэнгүй. Ном худалдаалах эхний өдөр дэлгүүрүүд ердөө 3000 ширхгийг захиалсан нь хэвлэлийн зардлаа нөхөхөд ч хангалтгүй байв. Борлуулалтаа өсгөхийн тулд номын шүүмж, телевизийн сурталчилгаа зэрэг маркетингийн тактикууд ашигласан ч нааштай өөрчлөгдсөнгүй. Харин гайхмаар хачирхалтай зүйл тохиосон нь ном дэлгүүрийн лангуунд тавигдмагцаа олныг хуйлруулж, зул сарын баяр гэхэд анхны хэвлэлт нь бүгд зарагджээ. Түүнээс хойш жилийн хугацаанд найман удаа дахин хэвлэж, 140 хувь хувь борлогдсон аж.

1970 онд хэвлэгдсэн уг бүтээл нь дөрвөн бүлэгтэй ч эхний гурав нь л хэвлэгдсэн байлаа. Зохиолч 2013 онд Вашингтон мужийн Сан Хуан арал дээр явж байхдаа осолд орж, тархи, цээж, нуруу нугасны хүнд гэмтэл авав. Энэ явдал нь 40 гаруй жилийн өмнө дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэг болгосон алдарт роман руугаа эргэн ороход нөлөөлжээ. Ингээд бие нь тэнхэрч байх зуураа дөрөвдүгээр бүлгийн засвараа дуусгаж, 43 жилийн дараа Жонатан цахлай бүрэн эхээрээ бүтсэн юм.



НИСЭХ ДУРТАЙ ЦАХЛАЙ, АМЬДРАХ ДУРТАЙ ХҮН 

Зохиолч эрж хайж, эргэцүүлсэн асуултаа бидэнд үлдээсэн мэт. Жонатаны очсон мөнхийн ертөнцөд цахлай бүр дуртай зүйлээ хийж төгс төгөлдөрт хүрэхийн төлөө тэмүүлэх нь амьдралынх нь утга учир бөгөөд тэр зорилго нь чухамдаа нисэх байлаа. Энэ ертөнцөд юу сурснаасаа хамаарч дараагийн очих ертөнцөө сонгоно гэж хэлээд газарт амьдарч буй ижил олон сүрэгтээ зовнин, тэдэн рүү хүрч очихыг тэмүүлэн яарна.

Диваажингаас мянган бээрийн хол тэдний байгаа газраас диваажинг зааж харуулмаар байна гэдэг. Гэвч ниснэ гэдэг нэг газраас нөгөө рүү далавчаа савчин явахаас өөр шүү дээ. Тийм юмыг шумуул ч чадна. Харин эрх чөлөө гэдэг юунд ч баригдаж, хүлэгдэхгүй, санааширч зовнихгүй тэр сэтгэлийн амар амгаланг хэлнэ. Жонатан нисэх үедээ л тэр эрх чөлөөг мэдэрдэг. Хамгаас холыг хардаг цахлай хамгаас өндөрт нисдэг. Бид ч амьдралын өдөр тутмын санаашрал, асуудлаасаа хальж, тэрхүү эрх чөлөөг эрсээр. Хаа нэгтээ байх л ёстой. Баян ядуу, эрүүл өвчтэй аль нь ч бай хүрч, авч болох тийм эрх чөлөө байх л ёстой.

би үүнийг хийхээр төрсөн 

"Кино бүр өөрийн гэсэн амьдралаараа хэв маягаа бий болгодог. Бүх зохиолд ижил хэв маягийг тулгах гэж оролдсон олон продюсер, найруулагч нар алдаа гаргасан. Эх зохиол нь шувууны тухай өгүүлэх ч энэ кино шувууны тухай биш" хэмээн "Жонатан Ливингстон хэмээх Цахлай" киноны продюсер хэлж байв.

Найруулагч Холл Бартлетт уг номыг уншсаны дараа Ричард Бахыг киноны эрхээ худалдахыг ятгаж 1973 онд Жонатан Ливингстон Цахлай гэх кино театруудад цацагдсан юм. Үүний дараахан зохиолч Ричард Бах, киноны дууг дуулсан Нэйл Даймонд нар хоёулаа кино студийг шүүхэд өгсөн хэрэг гарчээ.

Зохиолч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт хийсэн гэж үзэн номынхоо кино хувилбарыг үзүүлэхийг хориглох тухай нэхэмжлэл гаргаж продюсер Холл Бартлетт болон "Paramount Pictures" нарыг шүүхэд өгсөн бол киноноос хөгжмийг хэт их хассан хэмээн дуучин Нэйл Даймонд кино студийг шүүхэд өгч байжээ. Гэвч эцэст нь тэдний маргаан Ричард Бахын нэрийг дэлгэцийн бүтээлээс хассанаар өндөрлөсөн юм. Эл кино Оскарын шилдэг зураглаач, шилдэг кино найруулга гэсэн хоёр төрөлд нэр дэвшиж байсан ч арилжааны болон уран сайхны шүүмжлэлтэй тулсан. Харин дуучин Нейл Даймонд киноны дуугаараа Алтан бөмбөрцөг, Грэмми шагнал хүртсэн юм.