Өнөөдрийн номын тухай буландаа "Нохойн орон" киноны найруулагч, "Миний мэдэх Женко Баттулга" номын зохиогч гэдгээр нь илүүтэй мэдэх нийтлэлч, кино зохиолч Д.Төрмөнхийн орчуулсан, Дэвид Тройтерийн "Кино зохиолчдын библи" номыг танилцуулахаар бэлтгэлээ. 
Иймд энэ удаагийн тоймоо "Хэрэв танд кино зохиол бичих юм сан гэсэн бодол хэзээ нэгэн цагт төрж байсан бол та энэ номыг худалдаж аваарай. Хэзээ ч би кино зохиол бичиж чадахгүй гэж өөрийгөө голдог бол энэ номыг авч мөнгөө үрсэний хэрэггүй. Уншаад ч ойлгох нь юу л бол. Энэ ном бол том хүсэлтэй, том зорилготой, өөртөө итгэлтэй хүнд зориулсан ном." хэмээсэн номын оршил хэсгээр эхлүүлье. 

Кино хийхэд гурван зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт сайн зохиол, хоёрдугаарт сайн зохиол, гуравдугаарт сайн зохиол.

Холливудын ярианаас

Номын зохиогч Дэвид Тройтер нь алдарт "Walt Disney", "Jim Henson Pictures", "York Entertainment" зэрэг компанийн кино төслийн ажилд зохиогч, хөгжүүлэгч, продюсерээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тэрээр өөрийн туршлага дээр үндэслэн хэрхэн Холливудын стандартад нийцсэн кино зохиол бичих, түүнийгээ хэрхэн зарах, хөгжүүлэх тухай гарын авлага бичсэн нь энэ ажээ. Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр, нийтлэлч Д.Төрмөнхийн орчуулснаар монгол уншигчдын гарт хүрсэн уг ном одоогоор гурван удаа ахин хэвлэгдсэн бөгөөд таван дэвтэр гарын авлагын нэгтгэсэн хувилбар юм.

Номын бүтэц

Ном нь дараах таван бүлгээс бүтэх бөгөөд бүлэг бүрд дараах агуулгыг тусгажээ.

1. Дэлгэцийн бүтээл хэрхэн бичих вэ?: Кино зохиол гэж юу болох, кино зохиолын ерөнхий бүтэц, чанартай болгох арга техникүүдийн тухай.

2. Гайхамшигтай зохиол бичих: Санаагаа хэрхэн сайжруулах, шинэ санаа олох, дүр хөгжүүлэх тухай.

3. Зохистой хэлбэр дизайн: Кино зохиолын хэлбэр, дизайнууд болон өгүүлэл дүрслэл, харилцан яриаг хэрхэн бичих тухай.

4. Зохиолоо сайжруулан бичих нь: Зохиолоо зарахад бэлтгэх, зохиолын эхний арван хуудсыг зөв, чанартай боловсруулах арга техникүүд.

5. Зохиолоо худалдах тухай: Хийсэн ажлаа борлуулах, маркетингийн төлөвлөгөө зохиох, худалдан авагчид буюу продюсеруудын анхаарлыг татах, Холливудын онцлогт хэрхэн тохируулах, тэдэнд зохиолоо зарах арга замын тухай.

Тайлбарлаж буй сэдэв болгонд тохирох кинонуудыг жишээ болгон татжээ. Уншигчийн зүгээс дүгнэхэд тал орчим хувь нь ихэнх хүмүүсийн үзсэн байдаг нийтлэг кинонууд байсан бол тал хувь нь зорьж үзэхээс нааш мэдэхээргүй кинонууд байлаа. Энэ тухайд орчуулагч бичихдээ, уг номыг шууд гүйлгэж унших нь үр дүн багатай бөгөөд жишээ болгон тайлбарласан кинонуудыг унших үйл явцтайгаа зэрэгцүүлэн, хамтад нь үзээд явбал илүү ач холбогдолтой байх тул тайван няхуур уншвал зохистой гэжээ.



номын тухай

"Дэлгэцийн бүтээл хэрхэн бичих вэ?" бүлгээс:

ЭХЛЭЛ, ӨРНӨЛ, ТАЙЛАЛ БУЮУ 25:50:25-ИЙН ХАРЬЦАА

Уран зохиол үгээр үзүүлдэг бол кино дүрсээр өгүүлдэг урлаг. Кино бол дүрслэх урлаг гэхдээ дуу чимээтэй, яриатай, хөгжимтэй драмтай, хамгийн гол нь үзүүштэй сонирхолтой байх ёстой. Ийм болохоор кино зохиолд тогтсон бүтэц байдаг. Энэ бол эхлэл, өрнөл, тайлал юм. Бүх кино ийм бүтэцтэй байдаг гэжээ.

Мэдээж хэрэг бичих хэмээх бүтээлч, чөлөөт талбарыг ийм байх ёстой гэдэг нэгдсэн хайрцагт хийх нь учир дутагдалтай ч киноны хийц, үзэгчдийн хүлээлт, туршлага гээд олон талаас харахад сайн бүтээлүүдийн дийлэнх хувь нь ийм бүтцээр хийгдсэн байдаг байна. Нийтээр хүлээн зөвшөөрдөг, өөрөөр хэлбэл аюул эрсдэл багатай уг шалгарсан стандартаар сайн зохиол бичиж, сайн кино хийдэг болох нь өөрөө амаргүй сорилт аж.

Эхлэл, өрнөл, тайллын харьцаа нь 25:50:25 байх нь киноны өгүүлэмж, сонирхол татах байдалд хамгийн тохиромжтой байдаг. Өөрөөр хэлбэл, зохиол дөрвөн бүлгээс бүтэж байвал нэгдүгээр бүлгийг эхлэлд, хоёр ба гуравдугаар бүлгийг өрнөл хэсэгт, дөрөвдүгээр бүлгийг тайлал байдлаар тус тус хуваарилахыг санал болгожээ. Нөгөө талаас кино зохиол илүү нарийн дүрслэлтэй байдаг, олон шат дарааллаар дамжин эцсийн бүтээгдэхүүн буюу дэлгэцийн бүтээл болдог тул тухайн кино зохиолчийн эх бүтээлийг 30 хувь өөрчлөх нь найруулагчийн эрх гэжээ. Өөрөөр хэлбэл зохиолын гол санаа, хэв маягийг найруулагч киноны онцлогт тохируулан өөрчлөх тохиолдол олон.

Зохиол чинь хэрхэн урсаж байна эсвэл урсахгүй зогсчихоод байна уу гэдгийг мэдэхийн тулд доорх асуултыг өөрөөсөө асууж үзээрэй.

1. Миний зохиолын гол цөм юу вэ?
2. Юу миний зохиолыг хөл дээр нь босгож байна вэ?
3. "Юун тухай вэ?" гэдгийг хүмүүст ойлгуулах гол санаа нь юу вэ?

Кино зохиолчдын библи

САЙН ХОЛБООС БУЮУ ЭЭДРЭЭ БОЛОН ЭРГЭЛТ

Дээрх бүтцийн дагуу зохиолыг бүлгүүдэд хуваан бичих амархан байж болох ч бүлэг хоорондын уялдааг уран нарийн гаргах нь зохиолчоос ихээхэн хугацаа, ур чадварыг шаарддаг. Энэ тохиолдолд зохиолчид ээдрээ болон эргэлттэй, хямралтай үйл явдлыг ашиглах бөгөөд уг үйл явдлууд нь үзэгчийн сонирхлыг төрүүлэх "урхи" болон, дараагийн хэсэгт татан оруулах хүчтэй байх учиртай аж. Том үйл явдал нь үзэгчдийн сэтгэлийг татах гогцоо соронзон нь болдог.

Жишээ нь:

- "Cast Away" (Алслагдсан нь) дээр Чак Ноланд арал дээр хаягдана.

- "Ghost" (Сүнс) дээр алуурчин Сэм Вийт гарч ирнэ.

- "The Shawshank Redemption" (Шоушэнкээс оргосон нь) дээр Энди Дүфрэнс шоронд хоригддог.

- "Green Mile" (Ногоон бүс) дээр Поол Эджкомбийг Жон Коффей эмчилдэг.

- "The Incredibles" (Супер гэр бүл) кинонд Боб Парр маш нууц даалгавар биелүүлэхээр холын арлыг зорино гэх мэтчилэн.

Кинонд ихэнхдээ хоёр түүх өгүүлэгддэг. Эхнийх нь гадаад буюу гадна талын адал явдалт үндсэн түүх, хоёр дахь нь дотоод буюу илүү сэтгэл хөдөлгөсөн, зүрх сэтгэлийн түүх байна. Зөвхөн бүлэг хэсэг бүрийн холбоосоос гадна уг хоёр түүхийн уялдаа холбоог нягт гаргах, эргэлтийн цэгийн давс хужрыг тааруулан гаргахад анхаарах нь чухал.

Хамгийн сайн зохиолд хэн нэгэн нь амьдралын утга учраа алдаж, дараа нь амьдралаа эргүүлэн олж авдаг.

Стивэн Спилберг

ДҮР ХӨГЖҮҮЛЭЛТ

Сайн кино мэдээж хүчтэй үйл явдал буюу тухайн үйл явдлуудыг бий болгож буй сайн дүрүүдээс бүтнэ. Дүрийн хөгжүүлэлтийг хэрхэн хийснээс кино зохиолын чанар тодорхойлогддог. Сонирхол татам дүр бүтээхийн тулд тухайн дүр танаас зорилго ба эсрэг тал, шалтаг, өмнөх түүх, үзэл бодол, хандлага тэргүүтэй 10 зүйлийг шаардах болно.

Нэн тэргүүнд, "Миний зохиолын дүр юуг хүсэж, юунаас илүү айдаг вэ?" гэдгийг асуугаад үз. Ингэснээр дүрийнхээ зорилгыг тодорхойлж, түүнийг нь бэрхшээл болгох эрсдэлүүд болон бэрхшээлийг бэрхшээл болгож буй өмнөх түүхийг зохиох боломжтой болно. Тухайн үйл явцаа дагаад эсрэг дүр болон бусад туслах дүрүүдээ босгон, гол дүрээ тодотгож, түүхээ баяжуулах гэх мэтээр 10 алхмаар дамжин хөгжүүлнэ. Хөгжүүлэлт сайтай дүрүүдтэй байх нь кино бүтээлийг "бүх цагийн үеийн" тодотголд оруулах гол хөшүүрэг болдог.

Уран бүтээлч хүнд гурван чанар хэрэгтэй. Энэ нь уран сэтгэмж, нягт нямбай ажиллагаа, тэсвэр хатуужил юм.

Төрийн соёрхолт, ардын зураач Д.Амгалан