Стартап буюу гарааны компани үүсгэн байгуулж, түүнийгээ амжилтад хүрэх тун амаргүй. Статистикаас үзвэл 10 стартап тутмын 9 нь эхний цөөн жилдээ дампуурдаг байна. Тийм боловч өнөө цагт онцгой зарим технологийн стартапууд цахиур хагалж, үнэлгээ нь асар өндөрт хүрсээр байгаа тул компани байгуулж үзээд алдагсад, эрсдэл үүрэгсэд олон болж байна. Тэд компаниа амжилтад хүргэх жорыг хайсаар байдаг бөгөөд хайж буй зүйлийг нь томьёолж өгсөн ном бол Эрик Ризийн "Lean Startup" ном юм. Гарааны бизнесийнхний гарын авлага болсон энэ сайн бүтээлийг Хүмүүн Паблишинг "Дэвшилтэт стартап" нэрээр тун саяхан эрхлэн хэвлүүлснийг өнөөдөр тоймлон танилцуулж байна.

Гарааны бизнесийг ойлгох нь 

Гарааны бизнес бол зөвхөн хосгүй шинэ санаа, шийдлийн тухай биш шинжлэх ухаанчаар хандах учиртай инновац аж. Туйлын тодорхойгүй нөхцөлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх зорилготой хүмүүсийн нэгдлийг гарааны бизнес хэмээн тодорхойлсон зохиогч Эрик Риз нь Йэлийн их сургуулийг төгсөж, Харвардын бизнесийн сургуульд ажилладаг байжээ. Тэрээр гурван спартап компанийг байгуулж, удирдсан өөрийн туршлагад үндэслэн "Стартапын сургамж" нэртэй алдартай блогийг хөтөлж, Нью Йорк Таймс, Уолл Стрийтэд нийтлэл бичдэг байсан юм. Өдгөө томоохон компаниуд, бизнес эрхлэгчдэд бизнес стратегийн зөвлөгөө өгч ажилладаг тэрээр гарааны бизнес эрхлэгчдэд дараах таван зарчмыг санаж, мөрдөхийг санал болгожээ. Үүнд:

1. Энтрепренерүүд хаа сайгүй бий

2. Энтрепренершип бол менежмент

3. Баталгаажсан мэдлэг

4. Бүтээ-Хэмж-Суралц

5. Инновацын тооцоолол

Менежментийн II Эрин үеийг тайлбарлах нь 

Гарааны бизнес бүтэлгүйтдэг хамгийн түгээмэл шалтгаан бол сайн төлөвлөгөө, нягт стратеги, зах зээлийн нарийвчилсан судалгаанд хууртах явдал байдаг ажээ. Бүхий л цаг үед амжилтын гол үзүүлтэд тооцогддог байсан “төгс төлөвлөгөө” өнөөгийн бизнесийн орчинд бүтэлгүйтлийн гол шалтгаан болдог.

Гэвч уламжлалт менежментийн арга барилаас татгалзахаар шийдсэн бизнес эрхлэгчид “шуудхан хий” гэсэн санааг шууд хэрэгжүүлэх гээд байдаг. Үүнээс болж олон шинэ инновацлаг санаа зөв менежментгүйгээс болж сарнин алга болдог байна. Хүмүүс бизнесийн процесс, менежментийг уйтгартай, залхуу гэдэг атлаа гарааны бизнесийг гайхалтай, сэтгэл хөдлөм, адал явдалтай гэж боддог нь хэтэрхий сэтгэл хөдлөлд автсан төсөөлөл гэдийг зохиогч онцолжээ.

Мөн зарим энтерпренер гарааны бизнесийн төлөвлөгөөг машин жолоодох бус пуужин хөөргөхтэй адилтган хэт сүржин төсөөлдөг. Тэд хийх гэж буй алхам, хүрэх үр дүнгээ хэт нарийвчилж, өчүүхэн алдаа гаргахад л аймшигтай үр дүнд хүрэх юм шиг аягладагийг бүтэлгүйтсэн олон компанийн жишээгээр тайлбарласан нь сонирхолтой

Мөн хүмүүс гарааны бизнес, менежмент гэдэг хоёр үг эсрэг тэсрэг мэтээр хүлээж авах сэтгэлгээг шүүмжилж, менежментийн ач холбогдлыг өгүүлсэн юм. Олон энтренпренер уламжлалт менежментийн арга барил нь хүнд суртлыг өдөөж, бүтээлч сэтгэлгээг бууруулна хэмээн үздэг тул “шуудхан хий” гэх хандлагыг сонгож, менежмент, үйл явц, дэг журмаас зайлсхийж иржээ. Энэ нь хуучин менежментийн аргууд өнөөгийн гарааны бизнест тулгарч буй асуудлуудыг шийдэж чадахгүй байгаатай холбоотой юм. Тэгэхээр “шуудхан дайрагчид” болон “төгс төлөвлөгөө шүтэгсэд”-ийн арга барилыг хэрхэн өөрчилж болох вэ?

Хэрэглэгчээ сонордох нь 

Алдаанаасаа суралцахыг амжилт хэмээн үзэх философи хаа сайгүй бий. Гэвч гарааны бизнесүүд хохирол амсаж, бүтэлгүйтсэнийгээ алдаанаасаа суралцах үйл явц хэмээн тодорхойлж, үргэлж алдаагаа хаацайлах оролдлого хийдэг гэжээ. Тиймээс Эрик Риз стартап эхлүүлэгчдэд илүү шинжлэх ухаанчаар хандаж, ухаалаг байхыг зөвлөж байна.

Бидний ямар хичээл зүтгэл үнэ цэнийг бүтээж, ямар нь үр ашиггүй зардал болдог бол? Зохиогч хэрэглэгчдэд өгч буй үнэ цэнийг жинхэнэ хичээл зүтгэл гэж үзэж, бусдыг нь ашиггүй зардал хэмээжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн хэрэглэгч юу хүсэж буйг мэдэхэд гол хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй гэнэ. Шаргуу хөдөлмөрлөх бус ухаалаг ажиллаж, хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд нийцүүлэхэд төвлөрөгтүн.

Ихэнх бизнес эрхлэгчид хамгийн шилдэг санаа, хамгийн шилдэг бүтээгдэхүүнтэй байх хэмжүүрийг өөрсдөдөө тавьдаг. Тэрний оронд "бүтээ-хэмж-суралц" гэх эргэх холбоогоор ажиллах нь үр ашиггүй зардал, хугацааг хэмнэдэг байна. Дэвшилтэт гарааны бизнесийн арга нь алдаанаасаа суралцах бус эхлээд бид юу сурах хэрэгтэйгээ тодорхойлж, дараа нь туршилт хийн ямар бүтээгдэхүүн хийх ёстойгоо олж мэдэх үйл явц болохыг зохиогч Энэтхэгийн нэгэн тосгоны угаалгын үйлчилгээний түүхээр жишээ авч, тайлбарласныг энд хуваалцъя.

ТОсгоны угаалгын үйлчилгээний бизнес 

Энэтхэг улсад 10 гаруй жилийн өмнө хүн амын ердөө долоо хүрэхгүй хувь нь угаалгын машинтай байжээ. Угаалгын машин худалдан авахад үнэтэй тул хүмүүсийн ихэнх нь гэртээ гараар угаадаг, эсвэл хувцас угаагчдад мөнгө төлж, өнөөдүүл нь хамгийн ойр байгаа гол дээр угаан хатаагаад хоёроос долоо хоногийн дараа авчирч өгдөг байв. Энэ үед Акшай Мера гэгч залуу угаалгын машингүй хүмүүст зориулан шинэ бизнесийн санаа олж, хэд хэдэн туршилт явуулжээ.

Эхлээд Бангалорын гудамжид явуулын ачааны машинд угаалгын машин байрлуулж, өдрийн төгсгөлд эргүүлэн авчирч өгдөг байв. Хүмүүс хувцсаа өгөхдөө баяртай байсан ч явуулын үйлчилгээ тул хувцсыг нь аваад зугтах вий хэмээн эмээж байжээ. Тиймээс зөөврийн тэргүүдээ жижиг сүлжээ дэлгүүрүүдийн өмнө байрлуулж үзтэл хэрэглэгчид илүү сонирхож, хувцсаа индүүдүүлж, 24 цагийн дотор авах нэмэлт үйлчилгээ хүсэж буйг олж мэджээ. Ингээд эрчим хүчинд хэмнэлттэй угаалгын газар нээн, 14 салбартай болж бизнесээ амжилтад хүргэжээ.

Дээрх жишээнээс бид бизнесээ бага багаар эхэлснээр алсын хараагаа өөрчлөхгүйгээр их хэмжээний үргүй зардал, алдагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой болохыг харж болно. Эхэн үеийн чанар муутай анхдагч хувилбарыг хэрэглэгчдэд хүргэж, эхний өдрөөс бодит борлуулалт хийхийг, борлуулалтын зорилгоо багаар тавих аргыг зөвлөжээ.

Бизнес эрхлэгчид “Энэ бүтээгдэхүүнийг хийж чадах болов уу?” гэж асуух бус "Уг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах шаардлагатай юу? Бид энэхүү цогц бүтээгдэхүүн, үйлчилгээний тусламжтайгаар тогтвортой бизнесийг бий болгож чадах уу?" хэмээн асуух нь илүү чухал юм.

Дээрх асуултад хариулахын тулд бид илүү шинжлэх ухаанч арга барилыг сонгож, бизнес төлөвлөгөөг нэг бүрээр нь системтэй задлах учиртай. Тэгэхээр энэхүү аргыг үйл ажиллагааныхаа аль хэсгийг үр дүнтэй, аль хэсэг нь зүгээр солиорол болохыг шалгах туршилт хэмээж болох юм.