Дампуурлын ирмэгт тулаад байсан Хөдөө аж ахуйн банкны гүйцэтгэх захирлаар 2000 онд АНУ-аас томилогдон ирээд, тун амжилттайгаар сэргээн босгож, өнөөгийн ХААН Банк буюу Монголын хамгийн том банкийг буй болгосон эрхэм бол Ж.Питер Морроу билээ. Тэрээр Монголд амьдарсан 15 жилийн адал явдал, ажиглалт, эргэцүүллээ “Миний Монгол” хэмээх ном болгон эмхэтгээд, хэвлэгдэхийг нь үзэж амжилгүй бурханы орноо одсон юм. 2017 онд англи хэлээр анхлан гараад тун саяхан ханийнх нь хичээл зүтгэлээр орчуулагдсан гарсан энэ номд уялга үг бичихдээ, зохиогчийн дотно найз явсан СГЗ Г.Мэнд-Ооёо гуай "Ямар үнэн, яасан дотно, элгэмсүү, энгийн мөртлөө эгэлгүй дурсамжууд вэ?" хэмээн дуу алдаж, энгүүн мөртлөө элдэвтэй ном гэж тодорхойлжээ. Ойлгомжтой, энгийн, чиг шулуун, олон талт энэ номоос монголчууд бид сүүл үеийн түүхээ эргэн санаж, өөрсдийгөө хөндлөнгөөс тольдох мэт болно.

Ж.Питер Морроугийн тухай товчоор
Тэр бол Монголын санхүүгийн зах зээлийг хөл дээр нь босгох, орчин үеийн бизнесийн арга барил, менежментийг алслагдсан, тархай бутархай орон нутагт түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ. Ж.Питер Морроу зөвхөн банк гэлтгүй Монголын Урлагийн Зөвлөл, Бизнесийн Зөвлөлийг үүсгэн байгуулж, “American University of Mongolia”, Монголын хөгжлийн банк, Хас банк, “Newcom” групп, “Eznis Airways”-ийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж, Монголын бизнес, санхүү, урлаг, боловсролын салбарт үлэмж хувь нэмэр оруулсан юм.

Unread Media

гонгор бурхан залж, гүйцэтгэх захирлаар ажиллах болсон нь 

“Монгол орны өнцөг булан бүрд тархсан цор ганц төрийн өмчит Хөдөө аж ахуйн банк нь хадгаламж эзэмшигчгүй, зээлдүүлэх мөнгөгүй болсон … Эргэж сэргэхгүйгээр доройтсон …” гэх Дэлхийн Банкны тайлантай Ж.Питер Морроу бүрэн санал нийлсэнгүй. Улс орон даяар 269 салбар, 800 гаруй ажилтан, 400 мянга гаруй харилцагчтай банкинд ирээдүй байж л таараа хэмээн итгэж, ирүүлсэн саналыг хүлээн аваад Улаанбаатарт нүүн иржээ.

Харвардын их сургуулийг эдийн засагч, Жоржтаун их сургуулийг хуульчаар дүүргэсэн тэрээр Румын, Казахстан, Украины сүйрлийн ирмэгт тулсан банкуудыг хөл дээр босгох богино хугацааны ажилд томилогдож, АНУ-ын Экспорт-Импортын банк болон бүсийн хэд хэдэн банкны удирдах албан тушаал хашиж байжээ.

“Монголд анх ирээд учирсан бүхэн минь онцгой содон байлаа. Аялсан, зорчсон газар орон надад олон боловч Монгол цаанаа л нэг өөр. Ялангуяа миний төрж, өссөн ахуй соёлоос ангид өөр байв. Үзэж харсан, учирч туулсан бүхнээ бичихээр шийдсэний учир энэ” хэмээсэн тэрээр бидэнд таалагдах гэж элдвээр саймшран магтаж, эсвэл муучилж өөлсөнгүй. Харин аливааг гярхай ажиглан хошин мэдрэмж, ёгтлол эргэцүүллээр өөрийн мэдрэмжийг өгүүлсэн нь энэ номыг онцгой болгожээ.

Тухайн үед өрнийн соёлт америк банкирыг ирээд удаагүй байхад нь ажилчид нь Хөдөө аж ахуйн банкийг ивээгч сахиус хэмээх Эдийн тэнгэр Гонгор бурхны зургийг өрөөндөө байрлуулахыг хүсэхэд шинэ захирлын хувьд ажилчдынхаа зүрх сэтгэлийг байлдан дагуулах учиртай тул даруйхан зөвшөөрч, ажлаа өгөх хүртлээ шүтээнийг яг тэр байранд нь хадгалсан гэдэг. Дорнын амьдралын хэв маяг, шашин шүтлэг, итгэл үнэмшил зэрэг соёлын өвөрмөц онцлогийг хүндлээд зогсохгүй энэ талаар сонирхон судалдаг байсан нь номыг уншихад илт мэдрэгдэнэ. Тухайлбал, номынхоо нэг бүлгийг дамнуулан Монголд шашин бий болсон түүх, бөө мөргөл, буддын шашны зан үйл болон монголчуудын итгэл үнэмшлийн тухай өөрийн ажиглалтыг хуваалцжээ.

Түүний гүйцэтгэх захирлаар томилогдон очсон анхны өдөр нь банк тэр чигтээ хөл үймээнд дарагдсан байв. Банкны төв байранд халдлага гарч, 50 мянган ам.доллар үнэ хүрэх алтан бурхан хулгайлагдан, ээлжийн харуул нь бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан байжээ. Мөн дампуурсан зээлдэгчдийн эсрэг зарга мэдүүлсэн 1600 гаруй шийдэгдээгүй хэрэг шүүх дээр хүлээж байжээ. Энэ мэт бэрхшээл зовлон ихтэй ч Хөдөө аж ахуйн банкийг хөл дээр нь босгож чадна гэх итгэл анхнаасаа төрж байсан тул өөрийг нь агуу их адал явдал хүлээхийн зэрэгцээ улс орныг хамарсан томоохон өөрчлөлт хийх ёстойг тэр мэдэж байлаа.

“Хүмүүсийн засаглал” дунд Хөдөө аж ахуйн банкийг шинэчилсэн нь

Монголд 2000 онд нэг хүнд ногдох ДНБ 400 ам.доллар байсан бол 2014 онд 4000 ам.доллар болсон нь ОУВС-гийн үзэж буйгаар энэ хорвоо дээр хамгийн хурдтай өсөлтөд тооцогдох аж. Банкны тэргүүлэх зэргийн ажилтнууд 20 жилийн өмнө ердөө 72 ам.доллартой дүйцэхүйц цалин авч, дийлэнх нь гэр хороололд амьдарч, хувьдаа машинтай хүн ховор байсан бол өдгөө хүн бүр машинтай, 2000-5000 ам.долларын цалинтай болсныг онцолсон нь Монголын эдийн засгийн өсөлт хэр хурдтай байгааг харуулна. Гэсэн ч Монголын орчин үеийн нийгмийг Америкийн он цагийн хүрдээр тооцвол бид 1801 онд амьдарч буй хэмээж, Монголын шинэ соёл бүрэлдэн тогтох шатандаа явж буй гэсэн нь тун сонирхолтой.

2000 оны байдлаар зээл гаргахаа зогсоогоод хоёр жил болсон, төрийн байгууллагууд, иргэд хоорондоо шилжүүлэг хийхээс өөр үүрэггүй банкийг дахин сэргээхийн тулд тэрээр маш хатуу нөхцөлтэй жижиг худалдаачдад зориулсан зээл шинээр гаргаж эхэлжээ. Чөлөөт эдийн засаг дөнгөж хөгжиж байсан үе тул зээлийн эрэлт маш өндөрт хүрч, төлөвлөсөн хугацаанаас есөн сарын өмнө банк ашигтай ажиллаж эхэлсэн байна. Ийнхүү “Бүрмөсөн хаах хэрэгтэй” хэмээгдэж байсан Хөдөө аж ахуйн банкийг богино хугацаанд ашигтай ажиллуулж эхэлсэн ч төрийн байгууллагын хэв маяг, сэтгэлгээг өөрчлөх өөр нэг амаргүй ажил байсныг цаашид өрнөх олон үйл явдал харуулах аж.

Нэг удаа дунд түвшний менежерүүдийнхээ нэгийг банкнаас хувьдаа мөнгө завшиж байсныг илрүүлж, халах тушаал гаргасан ч өнөөх нь шүүхэд ханджээ. Мөнгө завшсан нь баримт нотолгоо байсан ч Хөдөө аж ахуйн банк дүүргийн шүүх, Улаанбаатар хотын шүүх дээр ялагдаж, эцэст нь Дээд шүүхэд хандсан ч хөндлөнгийн нөлөө хүчтэй байсан тухай дэлгэрэнгүй өгүүлж, энэ түүх Монголд “хүмүүсийн засаглал” ноёрхдогийн нэгэн жишээ хэмээжээ.

Өөр нэг хачирхалтай явдал тохиолдсон нь менежерүүдийн нэг нь туйлын бэрх, хэцүү хүн байсан тул ажлаас нь халтал бөө дээр очоод хараал хийлгэж орхижээ. Хараал хийсэн бөө нь туслахынх нь үеэл байж таарч. Тэрээр далдын хүчинд итгэдэггүй ч жинхэнэ бөөгийн ёслолыг үзнэ гэдэг өрнийнхөнд ховор тохиох боломж хэмээн бөөтэй уулзаж, бөөгийн зан үйлийг нүдээр харж, хараалаа хариулжээ. Болсон үйл явдлыг нүдэнд харагдтал сонирхолтойгоор өгүүлэхдээ бөөтэй хамт даруулсан зургаа хавсаргаж, дараа нь халагдсан эмэгтэйтэй уулзсан тухайгаа оруулсан байна.

Ийнхүү социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг бүрэлдэх үед байгуулагдсан Хөдөө аж ахуйн банкийг бизнес, менежментийн хувьд өөд нь татахаас гадна тэнд ажиллаж буй хүмүүсийн хуучинсаг арга барил, сэтгэлгээг өөрчлөх нь түүнээс дутахгүй том ажил байсныг тод томруун өгүүлж. Анх ажилд орохдоо л шударга бус үйл хийсэн ямар ч ажилтныг даруй халах дүрэм тогтоож, хариуд нь ямар ч шалтгаан, эсэргүүцэл хүлээн авахгүй гэх болжээ. Гэвч Монголын хөдөлмөрийн хууль социалист нийгмийн үеэс улбаатай хэвээр, хүнийг ажлаас халж болно гэж заасан ч үндэслэлүүд нь маш тодорхойгүй нөхцөлд байсан гэнэ. Хэдий тийм ч шударга бус, хууль бус үйлдэл гаргасан, гэмт хэрэг үйлдсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан зэрэг шалтгаанаар нийт менежерүүдийн гуравны хоёр нь ажлаасаа халагдсаныг дурджээ.

Хонины мах, хоолны газар тэргүүтэй “хачир” бүлгүүд

Жижигхэн, найрсаг, ядуу боловч сэтгэл татам хот, адал явдал, онцгой хүмүүсээр дүүрэн гэх Улаанбаатар хотод бүх зүйл маш ховор, хүлээж хүсэх зүйл юу ч үгүй байх нь нэг талаар Ж.Питер Морроуд их таалагддаг байж. Америкт идэж уух, өмсөж зүүх зүйлс элбэг боловч Улаанбаатарын хүрээнд гойд санагдах зүйлсийг олох нь түүний хувьд зугаатай, онцгой үйл явдал байв. Харин сүүлийн үед Монголд худалдаа наймаа хөгжиж, хүнс бараа элбэгшин, ресторан, хоолны газруудын үнэ өссөнийг ч гайхширан бичжээ. Орчин үед Монголын үндэсний гэлтгүй бусад европ, ази хоолны ресторанууд маш үнэтэй боловч тэрэндээ тарсан үнэ цэнтэй биш учраас тансаг, үнэтэй хоол газар ормоор байвал Хонгконг руу ниссэн нь хамаагүй дээр гэж бичсэн нь нэгийг бодуулам. Манайд гадуур хооллох үнэ АНУ-д хооллохтой дүйх болсон, хоолнууд ихэнх нь гэдэс цатгах төдий тул очих дуртай ганцхан европ хоолны газартаа нэг бичил бүлэг гаргасан байна билээ.

Ж.Питер Морроу монголчуудын өдөр тутмын амьдралын хэв маяг, хүмүүсийн зан чанараас эхлээд бидний мэддэг боловч анзаардаггүй сонин хачныг номдоо оруулж, хошин өнгө аяс, хөнгөн өгүүлэмжээр тун сонирхолтой бичжээ. Чингис хааныг “Есүс Христ, Жорж Вашингтон хоёрын хослол лугаа адил хүндлэгдэх эрхэм”, Мөрөнд байдаг Буган чулууг “Монголын Стоунхенж”, Цагаан сарыг “Талархын баяр, Зул сарын сарын баярыг нэгтгэн тэмдэглэж буй адил” хэмээн зүйрлэл, харьцуулалтыг тун оновчтой хийснээс гадна зарим хэсэгт элэг хөшөөм хөнгөн, хөгжилтэй адал явдлыг шигтгэжээ. Түүний номоос Монголын 20 жилийн өмнөх дүр зураг, хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлтийг тодхон харж болох аж.

Арван жил үргэлжилсэн аялал

“Монголчууд үнэнхүү бие даасан хүмүүс. Монголчууд нутагт нь ажиллаж, амьдрахаар ирсэн гаднынхныг эрүүл, нөхөрсөг, нээлттэйгээр хүлээн авах нь Ази болон хуучин социалист ертөнцийн улсуудад тэр бүр үзэгдээд байхгүй чанар” хэмээн дурдах болсон шалтгаан нь түүний Монголын өнцөг булан бүрд салбартай Хөдөө аж ахуйн банктай танилцсан том аяллаас үүдэлтэй болов уу.

“Банкны ажил маань сорилт ихтэй, сэтгэл хөдөлгөм байсан ч ажил мэргэжлийн олзноос хамаагүй илүү зүйлийг би Монголоос олсон” хэмээсэн тэрээр 2000 оноос хойш банкны ажлаараа 10 жилийн турш аялжээ. “Монголын ихэнх газар нутгаар аялж үзсэнээ тоочвол ямар ч гадаад, монгол хүнээс давж гарна” гэх өгүүлбэртэй маргах хүн ч ховор биз. Учир нь, Ж.Питер Морроу 15 жил амьдрах хугацаандаа Монголын 330 сумын 280-д хөл тавьжээ.

Банкны үйл ажиллагаатай танилцах шаардлага нь монгол нутгийг үзэх гэсэн хүсэл сонирхолтой давхацсан тул очсон газар бүрийнхээ дурсгалт газруудаар нь зочилж, зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй, цааш сонирхон судалдаг байж. Аяллын тэмдэглэлүүдээс түүнийг сайн банкир төдийгүй бичгийн өндөр чадвартай, Төв Ази, Монголын түүх, соёлын тухай өргөн мэдлэгтэй байсан нь харагдана. Тухайлбал, Хөвсгөлийн Мөрөнгийн ойролцоо байх 3000 жилийн настай Буган чулууг зорьж очин үзээд, Улаанбаатарт буцаж ирэхдээ уг чулуунуудыг судалдаг эрдэмтэдтэй уулзаж, Төв номын сангаас хүртэл мэдээлэл цуглуулаад авчээ.

Мөн Баянхонгорт явж байхдаа нутгийн хүмүүсийн ч сайн мэддэггүй Бичигт хадыг үзэхгүй бол болохгүй хэмээн зүтгэсээр хадархаг толгод, нарийн хавцал өөд авирч, будилж төөрсөөр арайхийн олж очжээ. Танил нь Монголын хамгийн гайхалтай эртний бичээст дурсгал гэсэн тул тийн олж үзэхээр сонирхсон хэрэг. Аяллын туршид Монголын түүх, соёлыг өгүүлэх зарим сүм хийдээр зочилсныхоо дараа Аризона мужийн их сургуультай хамтран 1937 оноос өмнөх бүх хийдийн байршлыг тогтоох төсөл дээр ажилласан нь гайхалтай.

Замдаа үзэх уул нурууд, хөндий хоолой, гол горхи, баян бүрд, элсэн манхан, онцгой содон ургамал, амьтны аймаг зэргийг үзэхийн тулд маш хэцүү зам бартааг туулж, цаг агаарын эрс тэс нөхцөлд, дэд бүтэц хөгжөөгүй ус, цахилгаангүй газруудаар явах хэрэг гарна. Тэгсэн ч энэ бол ямар ч тухтай тансаглалаас илүү хүсэн хүлээсэн аялал байсан хэмээн дурджээ.