Уламжлал ёсоор Монгол хэл, бичгийн шалгалт айсуй. Өмнө нь бид тус шалгалтыг өгөхөөр зэхэж буй уншигчдадаа зориулан “Монгол хэл, бичгийн шалгалтад бэлдэх 7 зөвлөмж” нийтлэлийг хүргэж байв. 

Дэлгэрүүлж унших: Монгол хэл, бичгийн шалгалтад бэлдэх 7 зөвлөмж

Харин энэ удаа эл шалгалтын хамгийн өндөр оноог бүрдүүлдэг эх зохиох даалгаврыг гүйцэтгэхэд тань туслах 6 зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ. 

1. НАЙРУУЛГЫН ДАСГАЛ 

Эх зохион бичихээс өмнө найруулгын дасгал хийж үзээрэй. Үүнд хураангуй өгүүлбэрийг дэлгэрүүлж, дэлгэрэнгүй өгүүлбэрийг хураангуйлах, тодорхой эхийн эхлэл, өрнөл, төгсгөлийг өөрөө зохион найруулах, аливаа өгүүлбэрийг өөрийн үгээр ахин бичих (paraphrase) зэрэг олон дасгал ажил багтаж болно. Жишээ болгон энд дээр дурдсан нийтлэлийнхээ өгүүлбэрээс ашиглая:

Шалгалтын хамгийн чухал буюу хамгийн өндөр оноотой даалгавар бол өгөгдсөн сэдвийн дагуу эх зохион найруулах.

Дэлгэрүүлсэн нь: Тус шалгалтын хамгийн чухал буюу хамгийн өндөр оноотой даалгавар бол тодорхой өгөгдсөн сэдвийн дагуу эх зохиож найруулан бичих юм.

Хураангуйлсан нь: Шалгалтын хамгийн чухал, өндөр оноотой даалгавар бол өгөгдсөн сэдвээр эх зохиох.

Өөрчлөн найруулсан нь: (I) Өгөгдсөн сэдвээр эх зохион найруулах. Шалгалтын хамгийн чухал, басхүү өндөр оноотой даалгавар бол энэ.

(II) Хамгийн өндөр оноо авах хамгийн чухал даалгавар бол шалгалтад өгөгдсөн сэдвийн дагуу эх зохион найруулах гэдгийг санууштай.

(III) Товчдоо, эх зохион найруулах бол хамгийн чухал, хамгийн өндөр оноотой даалгавар чинь.

Цогцолборын эхлэл, гол хэсэг, төгсгөлийн аль нэгийг нь шинээр найруулж бичих:

Өгөгдсөн цогцолбор: ​​Шалгалтын хамгийн чухал буюу хамгийн өндөр оноотой даалгавар бол өгөгдсөн сэдвийн дагуу эх зохион найруулах. Тиймээс шалгалтаас өмнө янз бүрийн сэдвээр хэд хэдэн эх зохиож бэлдэх хэрэгтэй. Тэгэхдээ эхийн бүтэц (эхлэл, дунд хэсэг, төгсгөл), найруулга, утга санаагаа цэгцтэй илэрхийлэх, алдаагүй зөв бичих зэрэг олон шаардлагыг хангаж буй эсэхээ нягтлах, багшаасаа зөвлөгөө авах, өөр хүнд уншуулж үзэх нь чухал. Мөн үүн дээр монгол хэл дээр бичигдсэн ба орчуулагдсан эсээ унших нь тун үр дүнтэй бэлтгэл болно. Жишээ нь Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар”, Л.Түдэв гуайн “Үгэн бороо”, М.Монтений “Сонгомол эсээнүүд” зэргийг унших нь тус даалгаварт тун үр дүнтэй бэлтгэл болох юм.

Дээрх цогцолборын эхлэл нь дараах өгүүлбэр болно: Шалгалтын хамгийн чухал буюу хамгийн өндөр оноотой даалгавар бол өгөгдсөн сэдвийн дагуу эх зохион найруулах.

Гол хэсэг нь: Тиймээс шалгалтаас өмнө янз бүрийн сэдвээр хэд хэдэн эх зохиож бэлдэх хэрэгтэй. Тэгэхдээ эхийн бүтэц (эхлэл, дунд хэсэг, төгсгөл), найруулга, утга санаагаа цэгцтэй илэрхийлэх, алдаагүй зөв бичих зэрэг олон шаардлагыг хангаж буй эсэхээ нягтлах, багшаасаа зөвлөгөө авах, өөр хүнд уншуулж үзэх нь чухал.

Төгсгөл нь: Мөн үүн дээр монгол хэл дээр бичигдсэн ба орчуулагдсан эсээ унших нь тун үр дүнтэй бэлтгэл болно. Жишээ нь Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар”, Л.Түдэв гуайн “Үгэн бороо”, М.Монтений “Сонгомол эсээнүүд” зэргийг унших нь тус даалгаварт тун үр дүнтэй бэлтгэл болох юм.

Одоо эхлэлийг нь өөрчлөн зохиовол: Шалгалтад бэлдэхдээ эх зохион найруулахад голчлон анхаарууштай. Тиймээс шалгалтаас өмнө янз бүрийн сэдвээр хэд хэдэн эх зохиож бэлдэх хэрэгтэй. Тэгэхдээ эхийн бүтэц (эхлэл, дунд хэсэг, төгсгөл), найруулга, утга санаагаа цэгцтэй илэрхийлэх, алдаагүй зөв бичих зэрэг олон шаардлагыг хангаж буй эсэхээ нягтлах, багшаасаа зөвлөгөө авах, өөр хүнд уншуулж үзэх нь чухал. Мөн үүн дээр монгол хэл дээр бичигдсэн ба орчуулагдсан эсээ унших нь тун үр дүнтэй бэлтгэл болно. Жишээ нь Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар”, Л.Түдэв гуайн “Үгэн бороо”, М.Монтений “Сонгомол эсээнүүд” зэргийг унших нь тус даалгаварт тун үр дүнтэй бэлтгэл болох юм.

Гол хэсгийг нь өөрчлөн зохиовол: Шалгалтын хамгийн чухал буюу хамгийн өндөр оноотой даалгавар бол өгөгдсөн сэдвийн дагуу эх зохион найруулах. Иймд шалгалтаас өмнө төрөл бүрийн сэдвээр янз бүрийн урттай эх зохион бичиж туршууштай. Үүний сацуу үгийн баялаг, хэлц үгийн сангаа тэлж, адилтгал, зүйрлэл, ихэсгэл багасгал, ёгтлол гэх мэт уран дүрслэлийн аргаас ашиглах дадлага хийхийг зөвлөе. Мөн үүн дээр монгол хэл дээр бичигдсэн ба орчуулагдсан эсээ унших нь тун үр дүнтэй бэлтгэл болно. Жишээ нь Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар”, Л.Түдэв гуайн “Үгэн бороо”, М.Монтений “Сонгомол эсээнүүд” зэргийг унших нь тус даалгаварт тун үр дүнтэй бэлтгэл болох юм.

Төгсгөлийг нь өөрчлөн зохиовол: Шалгалтын хамгийн чухал буюу хамгийн өндөр оноотой даалгавар бол өгөгдсөн сэдвийн дагуу эх зохион найруулах. Тиймээс шалгалтаас өмнө янз бүрийн сэдвээр хэд хэдэн эх зохиож бэлдэх хэрэгтэй. Тэгэхдээ эхийн бүтэц (эхлэл, дунд хэсэг, төгсгөл), найруулга, утга санаагаа цэгцтэй илэрхийлэх, алдаагүй зөв бичих зэрэг олон шаардлагыг хангаж буй эсэхээ нягтлах, багшаасаа зөвлөгөө авах, өөр хүнд уншуулж үзэх нь чухал. Үүнээс гадна зохиолч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номоос эхлээд Л.Түдэв гуайн “Үгэн бороо”, М.Монтений “Сонгомол эсээнүүд” зэрэг орчуулгын болон дотоодын олон ном, түүвэр, эхээс уншиж бэлдвэл тустай.

Unread-ээс жишээ болгон ажиллах нийтлэлүүд:

Монгол бахархлын өдөрт: Б.Ринчен гуайн Холбоо үгийн хосгүй чадвар

Шилдэг мэргэжилтэн болох нууц жор + шинжлэх ухааны баримтууд

Cтивен Кинг: Бичихүйн тухай номоос шүүрэх 6 санаа

2. НАЙРУУЛГЫН ТӨРЛӨӨ СОНГОХ 

Бичих сэдэв, агуулгаасаа хамааран найруулгын төрлөө сонгоорой. Эх найруулгад “тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж” гэсэн үндсэн дөрвөн төрөл бий. Тухайн бичих сэдвээ тоочиж, бүртгэх байдлаар бичвэл тоочимж эх бол аливаа үйл явдлыг цаг хугацааны дарааллаар хүүрнэвэл хүүрнэмж эх болно. Түүнчлэн санаагаа тайлбарлах болон эргэцүүлэн бичих ч боломжтой. Мөн нэг эхэд эдгээр найруулгын төрлүүдээс хэд хэдийг ашиглаж болохыг санаарай. Жишээ болгон “Шилдэг мэргэжилтэн болох нууц жор + шинжлэх ухааны баримтууд” нийтлэлийн тодорхой хэсгүүдээс хамтдаа харцгаая:

Юун түрүүнд нэгэн сонирхолтой судалгааны талаар өгүүлье. Шатрын их мастерууд томоохон тэмцээний өргүүдийг хараад л хэний, хэзээ тоглосон өрөг болохыг мэдэж чаддаг аж. Тэд яаж ингэж чаддаг вэ?... Энэ асуултад хариулах судалгааг 1973 онд хийжээ. Судалгаанд шатрын мастер, дундаж, анхан шатны гэсэн гурван тоглогчийг хамруулав. Тоглогч бүрд бодит тоглолтын үеэр гарч болох өргийг таван секундийн турш харуулсны дараа хоосон өрөг дээр тэрхүү өргийг дуурайн өрөх даалгавар өгчээ…

Дээрх цогцолбор үйл явдлуудыг дэс дараалуулан хүүрнэсэн буюу “хүүрнэмж”-ийн найруулгын төрлийг ашигласныг ажиглаарай. Дараагийн жишээ нь:

Зүрх өвдөөд эмнэлэг орлоо гэж бодъё. Танд хоёр эмчийн сонголт байна. Нэг нь 20 жилийн туршлагатай эмч, нөгөөх нь шинэхэн төгсөгч. Энэ тохиолдолд ихэнх хүмүүс туршлагатай эмчийг сонгодог. Ихэнх тохиолдолд энэ нь зөв шийдвэр байдаг ч ховор өвчнийг оношлоход туршлагатай эмч нар шинэхэн эмч нараас муу байдаг нь судалгаагаар батлагджээ. Үүнээс үзэхэд үргэлж шинийг сурч, өөрийгөө сорьж, тухгүй бүсдээ зочилж байх нь шилдэг мэргэжилтэн байх жорын сүүлийн орц байх нь.

Уг цогцолбор нь санаагаа тайлбарлан, дүгнэн баталж буй тул “тайлбарламж” гэж үзэж болно. Энэ мэтчилэн асуулт асуух, эргэцүүлэх зэргээр бичиж буй эхээ улам утга төгөлдөр, сонсголонтой болгоход анхаараарай. Түүнчлэн та эерэг, сөрөг, хошин, бухимдуу, ширүүн, бодлогоширсон, бэлгэшээсэн, гэмшсэн, сэрэмжилсэн гээд янз бүрийн хандлага, өнгө аяс, мөнхүү асуусан, таамагласан, захирсан, хүсэн баталсан, угсарсан, зэрэгцсэн зэрэг өгүүлбэрийн олон хэв шинжийг ашиглан эхээ “амь” оруулахаа мартуузай.

3. МӨНХИЙН ЗУРГААН АСУУЛТ 

Аливаа эх, эсээ, нийтлэл бичихэд “Хэн, Юу, Хаана, Хэзээ, Яагаад, Яаж” гэсэн зургаан асуултад хариулсны дараа сая суурьтай, ойлгомжтой болдог. Гэхдээ мэдээж бичих эх тань эдгээр асуултад бүгдэд нь ганц ганцхан хариулт өгөх шаардлагагүй.

Үүнд жишээгээр МХБШ-ын 2019 оны хувилбарын эх зохиох даалгаврыг авч үзье. Өгөгдсөн сэдэв нь “Эдийн ашиг эхэндээ, эрдмийн ашиг эцэстээ”. Эхлээд дээрх зургаан асуултдаа хариулъя:

Хэн: Өөрөө (өөрийн туршлага, ажиглалт байж болно), найз, танил, дотнын хүн тань, эсвэл алдартай нэгний түүхээс өгүүлж болох бөгөөд үүнд “юу, хаана, хэзээ” гэсэн гурван асуултыг мөн багтаах боломжтой.

Яагаад: Та яагаад өгүүлж байгаа түүх, туршлага, ажиглалтаа уг сэдэвтэй холбоотой гэж бодож байна вэ? Яагаад түүнээсээ тодорхой дүгнэлтэд хүрсэн бэ? Яагаад тус сэдвээр баталж юм уу, үгүйсгэж, эсвэл эргэцүүлж бичиж байна вэ? зэрэг асуултуудад хариулаарай.

Яаж: Яаж буюу хэрхэн таны дүгнэлт тухайн сэдэв, өгүүлсэн түүхтэй холбогдож байна вэ? Хэрхэн хэлэхийг хүссэн санаагаа ойлгомжтой, цэгцтэй хүргэх вэ? Мөн яаж бичих вэ буюу дээр өгүүлсэн найруулгын төрөл болоод бүтцийн хувьд эх тань ямар байх вэ?



4. БҮТЦЭЭ ТОДОРХОЙЛОХ

Эх тань гол санаагаа илэрхийлсэн буюу асуусан түлхүүр нэг эсвэл хэд хэдэн өгүүлбэрээр эхэлж болно. Тэрхүү санаагаа дэлгэрүүлсэн, лавшруулсан хэсгийг эхийн их бие гэх бөгөөд үгийн тооноос хамааран тус бүр гурваас доошгүй өгүүлбэр бүхий нэгээс хоёр цогцолбор байх боломжтой. Эцэст нь өгүүлсэн түүх, эргэцүүлэл, санаагаа дүгнэн, тайлснаар эхээ төгсгөөрэй.

Нэгэн зүйлийг сануулахад өгүүлбэр, цогцолбор бүр өмнөх болоод хойд санаатайгаа уялдаа холбоотой байх учиртай бөгөөд тодорхой баримтад суурилахыг эрхэмлээрэй. Гэхдээ баримт гэдэгт өөрийн зохиосон түүх, хүмүүсээс сонсдог жижүүрийн яриаг хамаатуулахаас зайлсхийвэл зохистой. Үүнд тун энгийн бөгөөд нөхөрсөг зөвлөгөө өгөхөд дээрх “Эдийн ашиг эхэндээ, эрдмийн ашиг эцэстээ” сэдвээр эх зохиовол дараах хоёр өгүүлбэрээр (төсөө бүхий өгүүлбэрээр) л эхээ бүү эхлээрэй:

“Монголчууд ‘эдийн ашиг эхэндээ, эрдмийн ашиг эцэстээ’ гэдэг. Учир нь эдийн ашиг эхэндээ хүнд ашигтай байдаг ч эрдэм мэдлэгийн үр шим эцэстээ ирдэг…”

Учир нь эх зохиоход тухайн сэдвийг та хэрхэн ухаж ойлгож, түүнээс ямар сонирхолтой, жижүүрийн бус өгүүлэмж гаргаж ирэх нь л тун чухал шүү.

Түүнчлэн Ц.Өнөрбаян. Эсээ бичихүйн үндэс. Уб., 2006 он. номоос эш татахад:

(I) “Амьдралд маань хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс бол миний эцэг эх юм”, “Өдгөө манай улсад иргэн бүрийн сэтгэлийг өвтгөж байгаа асуудал нь гэмт хэрэг болоод байна” гэх жишээнүүд баримтыг хэт өргөтгөхийн жишээ болно. Учир нь маш олон намтар бичигч тухайн хүний амьдралд эцэг эхийн үзүүлсэн нөлөөний тухай ерөнхийлөн өгүүлсэн байдаг.

(II) “Эцэг эх маань ганц хүүхэдтэй”, “Өнгөрсөн жил манай хөршийнд 20 гаруй удаа хулгай орсон” эдгээр жишээ нь ямар нэгэн дэмжлэг нэмэлт санаа, эргэцүүлэл шаардлагагүй хамгийн жирийн баримт юм. Харин “Намайг өсөж өндийхөд аав ээж маань 3 чухал зүйлээр тусалсан юм” гэсэн санааг бол цаашид тусгай баримтаар дэлгэрүүлэн тодруулах шаардлага гарч байна.

(III) “Намайг өсөж өндийхөд эцэг эх маань олон чухал зүйлээр тусалсан, харин би их даруухан хүүхэд байлаа” гэсэн өгүүлбэр нь 2 бие даасан санааг агуулжээ. Тиймээс уншигч өөр өөр санаанд анхаарлаа хандуулах шаардлагатай болох дутагдалтай.

Ингээд эхлэл хэсгээ асуултаар, эшлэлээр, түүх, ажиглалтаар гээд өөрийн сонголтын дагуу бичсэний дараа их биедээ 1-2 баримт ашиглаж болно. Гэхдээ МХБШ-ын эх зохиох даалгавар ихэвчлэн 200-250 үгийн тоог заасан байдаг тул ганц баримт бичсэн ч санаа зоволтгүй. Учрыг доор өгүүлсүү:

“Ингээд эхлэл хэсгээ асуултаар, эшлэлээр, түүх, ажиглалтаар гээд өөрийн сонголтын дагуу бичсэний дараа их биедээ 1-2 баримт ашиглаж болно. Гэхдээ МХБШ-ын эх зохиох даалгавар ихэвчлэн 200-250 үгийн тоог заасан байдаг тул ганц баримт бичсэн ч санаа зоволтгүй. Учрыг доор өгүүлсүү.”

хэмээх эл цогцолбор нийт 3 өгүүлбэрээс бүрдэж байна. Эхнийх нь 20 (цифрээр бичсэн тоог нэг үгээр тоолов: эхээ бичихдээ тоог бүтэн үгээр бичихийг урьтал болгоорой) үгтэй. Удаах нь 18 үгтэй. Сүүлийн өгүүлбэр 3 үгтэй. Нийт тус цогцолбор 41 үгтэй гэж үзвэл 200 үгтэй эхийн 20, 250 үгтэй эхийн 16 хувийг дангаараа эзэлнэ гэсэн үг. Яг ижил тооны үгтэй гурван өгүүлбэрийг таван удаа бичихэд л үгийн тоогоо хэтрүүлнэ. Иймд аль болох товч бөгөөд тодорхой, цогцолбор хоорондын холбоо хамаарлыг цэгцтэй байлгахыг зөвлөе.

Шидэх санаа: Холбох үгс буюу “түүнчлэн, мөн, бөгөөд, тэрчлэн, ба, болон, болоод, чингээд, сацуу, бас, харин, гэвч, төдийгүй, -аар4 тогтохгүй, зэрэгцээ, буюу, мэт, шиг…” гэх мэт үгээр өгүүлбэрээ холбож баяжуулаарай.

5. ҮГИЙН СОНГОЛТДОО АНХААРах

Үгийн сонголтдоо онцгой анхаарах хэрэгтэйг хүн бүхэн мэдэх биз ээ. Гэхдээ чухам “яаж” анхаарах хэрэг вэ? Энд бичгийн болон ярианы хэлний үгсийг хольж хэрэглэхгүй байхыг, хэт түгээмэл бус хэр нь ойролцоо утгатай үг ашиглахыг “үгийн сонголтдоо анхаарах” хэмээн авч үзье. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг, эхдээ нэгээс дээш хэрэглэхгүй байвал зохистой үгсийг ойролцоо утгатай үгсийн хамт жагсаалаа:

Жишээ нь - үлгэрлэвэл, тухайлбал, тодруулбал, жишээлбэл
Дараа нь - улмаар, удалгүй
Шиг - мэт, адил, төстэй, гэмээр, гэхүйц
Гэх - хэмээх
Байгаа - буй
Гэх мэт - зэрэг
Ямар нэгэн - аливаа
Яаж - хэрхэн, ямар арга, замаар
Заавал - зайлшгүй
Бас - мөн, мөнхүү
Тэгээд - чингээд, (т)үүний араас

Дээрхээс гадна өгүүлбэрт бичигдэхгүй байлаа ч өгүүлбэрийн санаа өөрчлөгдөхгүй үгийг хасаарай. Жишээ нь:

(A) “Хувийн мэдээллээ бид өдөр тутамдаа санамсаргүй байдлаар алдсаар байдаг.”

(A1) “Хувийн мэдээллээ бид өдөр тутамдаа санамсаргүй алдсаар байдаг.”
(A2) “Хувийн мэдээллээ бид санамсаргүй алдсаар байдаг.”

6. ХЭМНЭЛ

Энэ өгүүлбэр нийт таван үгтэй. Энэ мөн таван үгтэй өгүүлбэр. Таван үгтэй өгүүлбэр бичиж болно. Гэхдээ олон давтвал хэмнэлээ алдана. Өмнөх өгүүлбэрүүдээ уншаад нэг үз. Нэг л болж өгөхгүй байгаа биз? Уншигчаа уйдааж, өөрийгөө ч залхааж эхэлнэ. Хэмнэлээ өөрчлөхгүй бол боломгүй.

Одоо. Өгүүлбэр дэх үгийн тоогоо уртасгаж, богиносгож, сунгаж, татахаар хөгжим шиг л болоод ирнэ дээ. Хөгжим, дууны үг, шүлгээс ер ялгаагүй. Бичвэр ч мөн дуу хоолойтой. Хэмнэл, хурд, аялгуу гээд бүгд бий. Ингэвэл богинохон өгүүлбэр болно. Харин ингэхээр арай урт, дунд зэргийн урттай өгүүлбэр болно. Эсвэл үгийнхээ тоог нэмэн нэмж, давтамж ашиглан, зарим тохиолдолд хаалт ч мөн хэрэглэж (дуртай дууныхаа үгийг хэрхэн бичигдсэн байгааг анхаараад нэг үзээрэй) нэлээд урт өгүүлбэр бичээд эхлэхээр уншигч юу хэлэх гээд буйд чинь анхаарлаа хандуулж, амьсгаа даран хүлээдэг гэдгийг санаарай.

Иймд урт, богино гээд төрөл бүрийн урттай өгүүлбэрээр бичээрэй. Чингэвээс бичвэр чинь чихэнд чимэгтэй, уншихад амар болоод явчихна. Зүгээр эх бичиж байна гэж битгий бод. Хөгжим туурвиж буйгаа сана.

(дээрхийг Америкийн зохиолч Гэри Провостын бичвэрээс сэдэвлэн буулгалаа)


Эцэст нь эх хэлний шалгалтаа өгөх гэж буй уншигч нартаа амжилт хүсье. Эрдэм мэдлэг, ажил үйлсийн тань харгуй үргэлж дардан байг ээ.