Навч шаргалтсан намрын өдрүүд үргэлжилж өнөр хотод маань Үндэсний номын баяр эхэллээ. Бүрхэг тэнгэр нүүгэлтэн хур бороо зэхэх авч зохиолч, уншигчийн догдлол, будаг нь ханхалсан шинэ бүтээлүүд халуун сүүтэй цай шиг л сэтгэл бүлээцүүлж буй биз ээ. 

Номын баярыг зорихоор зэхэн буй уншигч танд зориулж шинэхэн орчуулагдсан, дахин хэвлэгдсэн, уран бүтээлийн ертөнцөд соёолон нахиалж буй шилмэл бүтээлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

уран зохиол

Ж.Д.Сэлинжер: Хөх тариан талбайд

Америкийн бүх цаг үеийн шилдэг бүтээлээр шалгарч, дэлхийн бестселлер болсон зохиолч Ж.Д.Сэлинжерийн “Хөх тариан талбайд” номыг Монсудар албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргажээ. Хүүхэд ч биш, эрийн цээнд хүрсэн том хүн ч биш өсвөр насанд нийгмийн жинхэнэ төрхтэй нүүр тулахад хөндүүрлэсэн сэтгэлийн шаналан, бачуурсан бодол мэдрэмжийг эгэл хүүгийн дүрээр уудлан гаргасан нь сонирхолтой.

Холден бол өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйг харуулах дүр. Тэдний насныхан томчуудаас үлгэрлэж, амьдралын адармаа, ээдрээ бүхэнд гэнэн цагаанаар итгэх нь бий. Харин Холден өөрт тохиох муу муухайг туулах бүрдээ жигшин зэвүүцэж хүний ертөнц хэчнээн “худал, хуурмаг” болох тухай таньж ядна.

Ч.Галсан: Аянгат цагийн тууж

Дэлхийн утга зохиолын санд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолчдод олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10 дахь, Ази тивийн анхны зохиолч Ч.Галсан. Түүний уран бүтээлийн эхлэл нь “Тува туужууд” нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдэж хожим хойно 1986 онд Монгол хэлнээ “Аянгат цагийн тууж” нэрээр хэвлэгдсэн. “Эсэргүү зохиол, эх орноосоо урвасан тууж” хэмээн хэлмэгдэж явсан уг зохиолыг Ножо хэвлэлийн газар шинэ өнгө төрхтэйгөөр уншигч бидний гарт хүргэж байна. Уг номд тэмээчин Жанибек өвгөний эгэл мөртөө эмгэнэлт амьдралаар тухайн цаг үе, нийгэмд эгэл олныхоо төлөө гэх халуун сэтгэл өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна гэгч болж буй тухай өгүүлнэ.

Мэтт Хей: Шөнө дундын номын сан

Нью-Йорк Таймсын бестселлер, 2020 оны Goodreads Choice Awards, 2021 оны British Book Awards-ийн шилдэг уран зохиолын номоор тус тус шалгарсан Мэтт Хейгийн шилдэг бүтээл Шөнө дундын номын сан. Зохиолд ертөнцийн хаа нэгтээ бодит байдлын түүхийг агуулсан хязгааргүй номтой номын сан байх. Тавиур дээрх ном бүр таны амьдралдаа хийсэн сонголт, өөрчлөгдөх боломжтой сонголтын хувилбарыг харуулна. Харамсаж явдаг зүйлсээ залруулах боломж олдвол аливаа юмсыг өөрөөр хийх байсан уу?


Тагтаа рэвью: Урин бай

Тагтаа паблишингийн зүгээс урин цагийг үдэн утга зохиолын сэтгүүлийн намрын дугаараа уншигчдадаа бэлджээ. Шинэ дугаарын онцлох зочноор гэрэл зурагчин Г.Цолмон, түүхч зохиолч Т.Мандир, “Баавгай болох сон” бүтээлээрээ 76 дахь Каннын кино наадамд шалгаран өрсөлдсөн найруулагч П.Золжаргал, Шведийн яруу найрагч Магнус Уйльям Оллсон нарын ярилцлага, Орхан Памуктай уулзсан хүмүүсийн нийтлэл, найруулагч С.Бямбын залуу цагтаа бичсэн өгүүллэг зэрэг эрэн цагийнхаа сор болсон гадна дотнын уран бүтээлчдийг багтаажээ. Мөн АНУ-ын Рүтгерсийн их сургуулийн багш Саймон Викхамсмитийн “Д.Нацагдорж өрнөд этгээдийг зорьсон нь” судалгааны бүтээлийг орчуулан, нэрт зохиолч Үй Хуагийн айлчлалыг угтан түүний амьдрал, уран бүтээл, зохиолуудыг орчуулсан Мө.Батбаяр өөрийн арга, туршлагаа хуваалцсаныг шинэхэн дугаараас шимтэн унших боломжтой аж.

Александр Райн: Бэрх ажил

Гэрээ цэвэрлэмээр байна уу? Тоосоо арчиж, хувцас хунараа угаамаар, гэтэл зав олдохгүй байгаа биз? Гэрийн үйлчлэгч гэх бодол орж ирж байна уу? Гэхдээ жинхэнэ мэргэжлийн үйлчлэгч Ольга Прокофьевна Набекрень шиг хүн олдохгүй байх даа...

Рунетийн хэдэн мянган уншигчдыг байлдан дагуулсан шинэхэн хошин зохиолыг ЧҮНДЖ паблишингаас монгол хэлээр орчуулан хүргэжээ.


Кармен Мола: Араатан

Габриэль Гарсиа Маркэсийн “Гунигт янхнуудаа дурсахуй”, “Тахлын үеийн дурлал”, “Хэсүүлчин арван хоёр өгүүллэг” тэргүүтэй испани хэлээрх дэлхийн шилдэг зохиолуудыг монгол хэлнээ орчуулсан Б.Нямдорж гуайн ээлжит бүтээл Кармен Молагийн Араатан. Испани хэлт ертөнцийн томоохон хэвлэлийн компани болох Planeta-гийн 2021 оны шилдэг номоор шалгарч нэг сая еврогийн шагнал хүртсэн бүтээл. Бүр сонирхолтой нь Испанийн гэмт хэрэг, уран зөгнөлт ертөнцийг доргиосон бүтээлүүдээрээ цуутай Кармен Мола гэгч нь Хорхе Диаз Кортес, Агустин Мартинес, Антонио Мерсеро Сантос гэсэн гурван эрэгтэй зохиолчийн уран зохиолын нууц нэр юм.

Кадоно Ээко: Кикигийн хүргэлтийн үйлчилгээ

Зохиолч Кадоно Ээкогийн 1985 онд бичсэн “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” зохиолоос сэдэвлэн Studio Ghibli анимэйшн бүтээл болгосныг бид андахгүй мэднэ. Долоогоос дээш насны хүүхдүүдэд зориулсан адал явдалт зохиол нь хүүхдийн номын зохиолчид олгодог хамгийн алдартай шагнал болох Ханс Кристиан Андерсаны нэрэмжит шагналыг хүртэж байжээ.

Номын тухайд шулам болохоор бэлтгэгдэж буй Кики охин алив сорилтод үргэлж бэлэн байх ба 13 нас хүрмэгцээ шулам болох эсэхээ шийдэн, уламжлал ёсоор гэрээсээ явж, нэг ч шулам амьдардаггүй хот, тосгоныг хайж олоод ганцаар амьдрах ёстой болдог. Түүний онцгой ид шид тэр хотын хүмүүст аз жаргал авчирна хэмээн итгэж далайн эргийн Корико хотод аж төрнө. Гэвч хотын иргэд Кикид үл итгэх нь зохиолыг адармаатай болгоно. Азаар түүнтэй Жижи муур хамт аялах ба тэдний аялал төсөөлшгүй сонин содон үйл явдлаар дүүрэн ажээ.



М.Уянсүх: Хонхот хүүхэлдэй

Яруу найрагч, зохиолч М.Уянсүхийн уг роман нь ХХ зууны 70-аад оноос ХХI зууны эхэн үе хүртэлх цаг хугацааг хамарч, тухайн үеийн монголчуудын аж амьдралыг тодорхой дүрслэн өгүүлнэ. Зохиолын гол дүрийн балчир насны дурсамжаар өмнөх нийгмийн амьдралыг дам үзүүлсэн бол залуу насны амьдралаар нь 1990-ээд оны нийгмийн шилжилтийн явцыг нэн хурцаар нээн харуулсан нь сонирхолтой. Тэрчлэн хувь хүний сэтгэлгээний өсөлт, оюун санааны чөлөөт эрэл хайгуул, дотоод сэтгэлийн бүтээлч хувирал өөрчлөлтүүдийг амьдрахуйн жам, танин мэдэхүйн зам, ертөнцийн тайлагдашгүй нууцуудтай нягт холбоотой. Эл бүтээл нь зохиолчийн дөрөв дэх роман бөгөөд түүнийхээр “Аварга мод”, “Оройн дээд” романуудаас үйл явдал, дүрүүдийн хувьд өөр, бие даасан шинж бүхий боловч далд сэжмээр хоорондоо учир холбогдолтой гэжээ.

Эдгар Аллан По: Бачуурал

Готик зохиолын мастер Эдгар Аллан Погийн шилмэл өгүүллэгүүдийг монголд анх удаа Саян хэвлэлийн газар уншигчдадаа хүргэж байна. Учир битүүлэг сэтгэл татам бүсгүй, амьсгалаа гээчхээд эрэлд гарсан эр, эмгэнэлт түүхтэй хөрөг зураг, дүүжин ирийн дор үхлээ хүлээн хэвтэх хоригдол зэрэг айдас жихүүдэс төрүүлэм сонгодог өгүүллэгийн түүврүүд багтжээ.

Улбар: Магма

Хайрын талаарх уншиж, үзэж, сонсож дадсан олон романтизм биднийг, нэн ялангуяа залуу дурлагчийг зовлонд хүлдэг байж магад. Интернэтээс ч үл олдох Исландын уран бүтээлч Тора Хьерлейвсдоттирийн эл бүтээлд хориод насны Лилиа хэмээх бүсгүйн хайраар дамжуулан хүн хэрхэн хортой харилцааны боол болдгийг илэрхий өгүүлжээ. Бид учрахыг хүсэж буй романтик хайрынхаа жишээ болгон Мүракамигийн “Норвегийн ой” номоос “Жимсний бялуунд дургүй хэр нь намайг гүзээлзгэнэтэй бялуу идмээр байна гэж хэлэхэд ум хумгүй авч ирдэг, одоо идэх хүсэлгүй болчихлоо гээд цонхоор шидчихэд ойлгох хүн хэрэгтэй" хэмээн эшилдэг. Харин та Магмыг уншсаны дараа энэ тийм ч романтик харилцаа биш болохыг эргэцүүлэх болно.

Намтар дурсамж, хөрөг 


Сэтгүүлч Б.Энхцэцэг: Хөрөг

“Гэрэг” сэтгүүл ub.life-ийн нийтлэлч, тоймч Б.Энхцэцэг сэтгүүлчийн бүтээлийн эмхэтгэл “Хөрөг” ном энэ удаагийн номын баярын онцлох бүтээл. Түүний “Амраг минь дуугаа дуулаач”, ”Холдох тусмаа гэрэлтэнэ”, “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай” зэрэг олон хөрөг нийтлэлүүд нь уншигчдын талархлыг хүлээсэн. Сэтгүүлчийн бичсэн хөрөг бүр амьтай, хөргийн эзний амьдрал, жаргал, зовлон, хяслан, гуниг, баяр хөөр нь эгээ л кино үзэж буй мэтээр нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгддэг шидтэй билээ.

Ингмар Бергман: Кино амьдрал миний хальсанд

Шведийн кино бүтээгч, зохиолч, театрын найруулагч Ингмар Бергман. Амьдралынхаа туршид 60 орчим баримтат, уран сайхны кино хийж, 170 гаруй театрын бүтээл найруулсан эрхэм. Тэрээр найруулагчийн замнал, амьдралынхаа түүхийг эргэцүүлэн бүтэн хоёр жилийн турш уг бүтээлээ бичжээ. Бүх цаг үеийн хамгийн агуу найруулагчдын нэгэнд зүй ёсоор тооцогддог эл эрхэм цаг ямагт агуу байгаагүй гэдгээ чин шударгаар хүлээн зөвшөөрч, өөрийн доторх турьгүй бяцхан хүү, өтөл өвгөн, сахиусан тэнгэрүүд хийгээд ад зэтгэрүүдээ ч нуулгүй илчлэн хүүрнэсэн аж.

Виктор Цой: Үггүй дуу

Ирж буй цоо шинэ өдөр,

Ийш - тийш сүлжих машин тэрэг.

Алтан нар огт залхуурахгүй мандаж байхад,

Алив, бид ёстой яамай л байна.

Виктор Цой-ийн "Үггүй дуу" хэмээх уран бүтээлийн түүврийг “Альфа” паблишинг эрхлэн хэвлэж уншигчдадаа танилцуулж байна. Солонгос царайтай, солонгос нэртэй Оросын "Кино" хамтлагийн ахлагч Викто Цой. Энх тунх байсан бол өдийд 60 нас хүрэх байж. Алдарт дуучин, домог тэрээр үнэнч сонсогч, бишрэгчдийнхээ сэтгэлд үүрд мөнхөрсөн нэгэн. Түүний жирийн боловч үнэн үгтэй дуунаас Орос орон өөрийгөө шинээр нээж, Цой хэмээх нэр Оросын хөгжмийн ертөнцийн оргилд гялалзах болсон.



Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Ангалын ёроолоос өгсөх маргааш

Өндөр цолноос бэртэл аван доод зиндаанд хүртэл унаж, эргэн сумогийн аварга Ёкозуна болсон түүх. Сумоч болохын тулд асар хүнд хэцүү дасгал, бэлтгэл, сорилтыг даван туулж хатууждаг. Гагцхүү тэгж чадсан нь дэвжээн дээр гарч, алдар цолоо дуурсгадаг. Тэгвэл тэрхүү хүнд бэрх сорилтын талбарт олон монгол хөвгүүд хүчийг үзэн барилдаж, дээд зиндаанд нь алдар нэрээ дуудуулж явна. Тэдний нэг Ёкозүна Терүнофүжи Харуо буюу Гантулгын Ган-Эрдэнэ. Түүний алдаж эндсэн, унаж боссон амьдралын түүх, чин сэтгэлийн үгс шингэсэн бүтээл “Ангалын ёроолоос өгсөх маргааш”.

Interview сэтгүүл 

“Interview” бол ярилцлагын талбар. Тэд зочныхоо үзэл бодол, хандлага, сэтгэлийн гүн рүү нэвтэрч, ухаж төнхөн хүнийг шинээр, илүү өөрөөр нээхийг эрмэлздэг онцлогтой. Шинэ дугаартаа урлаг, нийгэм, улс төр, кино болон аж амьдралын өргөн сэдвүүдийг багтаасан нь олон хуудасны зузаанаас илт харагдана. Шинэ дугаарын зочноор “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа, жүжигчин Д.Ганцэцэг, дуурийн урлагийн оргилд зогсох Пласидо Доминго нарын дотоод ертөнцийг дэлгэж, дэлхийн театрын тайзнаа гялалзаж яваа С.Амартүвшин, зураач Б.Төрмөнхийн хөрөг, говийн эгэл жирийн айлын нэгэн өдрийн тухай сурвалжилга зэрэг сэтгүүл зүйн салбарт ховордож буй хөрөг бичлэгийн төрөл зүйлээр баяжуулан бэлтгэжээ.

шүлэг, яруу найраг

Б.Батзаяа: Сэтгэцийн асуудлууд

Бүүбүүкс паблишингийн хамтран үүсгэн байгуулагч Б.Батзаяагийн 2017 онд туурвисан "Лонхонд байсан шүлгүүд" түүвэр тухайн цагтаа утга зохиолын ертөнцөд багагүй шуугиан тариад авсан. Шинэхэн бүтээлийн өвөрмөц хавтасны зураг өнөр хотын нүсэр амьдрал бидний оюун, сэтгэцэд хэрхэн нөлөөлж, мөхөөж буйг харуулах шиг.

Ж.Тэгшзаяа: Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй

“Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", "Гоо үзэсгэлэн бол шарх" бүтээлүүдээрээ уншигчдадаа танигдсан Нил паблишингийн үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяагийн анхны бөгөөд сүүлчийн тодотголтой шүлгийн ном. Хорин гурван наснаасаа өдий хүртэл бичсэн шүлгүүд ба гэрэл зурагчин Г.Цолмон (MOrris)-ийн гэрэл зургуудаас бүтсэн эл бүтээлээ зохиогч "Залуу насандаа зориулав" гэж хаана нь ч бичиж зүрхлээгүй ч сэтгэл дотроо залуу насныхаа дурсгалд зориулан гаргая” хэмээн шийдсэн гэжээ.

Х.Нямхишиг: Жийд хэлний бадгууд

Тэрээр яруу найргийн төрлөөр “Бөгтөр хөх өвс”/2008/, “Зун гээсэн чөдөр”/2010/, “Нэргүй ном”/2014/, “Хөх цэгцгий жиргэнэ”/2018/, эсээ бичлэгийн төрлөөр “Алхах тоолонд элс нурнам”/2017/, хүүрнэл зохиолын төрлөөр “Гашуун амт: Амтлаг үнэр"/2020/, орчуулгын төрлөөр Туркийн алдарт яруу найрагчдын шоронд бичсэн шилмэл шүлгийн түүврийг “Хоёр үетэй үг” /2021/ зэрэг уран бүтээлийн баялаг сантай нэгэн. “Болор цом” наадмын дэд байрт шалгарч, 2018 онд яруу найргийн төрлөөр “Алтан-Өд” шагналыг хүртэж байв. Удаан хугацааны дараах эл бүтээлийг цахим ертөнцөөс ажихад хүсэн хүлээсэн уншигчид олон бий нь харагдана.

О.Элбэгтөгс "Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал"

О.Элбэгтөгсийн яруу найргийн төрлөөр туурвисан дөрөв дэх ном. Жигтэй, урт нэртэй уг ном нь Сахиусан тэнгэр ба лусын дагина, Тэнэгүүдийн товчоо, Далавчтай бүсгүйд зориулсан шүлгүүд, Эрвээхэй, Буддагийн тухай шүлгүүд, Үхлийн галт тэрэг, Харын баяр & Мандалговь, Жазз гараг дээрх Жон Колтрейний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал, Хүүбэрдийн гунигт шүлгүүд, Нүдний шил шиг хамар дээр тохоотой супермаркетууд, Ивайда арслан хэмээх 11 цуврал шүлгээс бүрдэнэ. Цуврал бүр дотроо 3-12 шүлэг хүүрнэх ба шүлгээс гадна шимтэн сонсох хөгжмийн жагсаалт гаргасан нь сонирхолтой аж.

хүүхдийн ном


Urga: Эртний ертөнц дэх эрэл

“Музей” цувралын анхны ном болох "Ногоон ордны аялал" ном нь Богд хааны ордон музейн үзмэртэй танилцсан аялал байсан бол “Эртний ертөнц дэх эрэл" ном нь Монголын говиос олдсон үлэг гүрвэлүүд, Мэрин охины адал явдалт түүх, танин мэдэхүй, бүтээлч ажлуудаас бүрдэх ажээ. Сонирхолтой зохиолоос гадна цээжилсэн хүрдээ шалгах, тоо бодох, үлэг гүрвэлийн бутарсан ясыг нийлүүлж эвлүүлэх, дуртай зүйлсээ зурах, нэр зөв таах гэх мэт бүтээлч дасгал ажлуудтай. Мөн Монгол оронд үлэг гүрвэлүүд хаагуур нутаглаж байсныг харуулсан газрын зураг хүртэл бий.

Нэпко: Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь

Орчин үеийн хүүхэд залуучуудын эзэмшвэл зохих мэдлэг, мэдээллийг багтааж, онц сонирхолтой баримт, өнгө будгийн нарийн дүрслэлтэй гоёмсог зургуудаар баяжуулсан толь.

- Шинжлэх ухаан, технологийн ер бусын ертөнц

- Дэлхий, нарны аймаг, сансар огторгуй

- Хүний биеийн гайхамшиг

- Хуурай газар, далай тэнгис, агаар тэнгэрийн баялаг амьдрал

- Эрт галавын үлэг гүрвэл, чулуужсан олдворууд болон бусад олон гайхалтай зүйлтэй танилцах,

- Хүн төрөлхтний хуримтлуулсан эрдэм мэдлэгийн өв их сангаар аялуулах болно.

Болжмор: Цэцэрлэгт юу болдог вэ?

Томчууд бид шинэ ажил, шинэ хамт олонд орохдоо айдас, сандралтай байдаг шиг цэцэрлэгийн насны хүүхдүүд зуны амралтын дараа болон цэцэрлэгт анх орохдоо айх, дургүйцэх үйлдэл ихээхэн гаргадаг. Энэ шалтгааны улмаас ажилдаа эргэн орж чадахгүй, сэтгэл түгшсэн өдрийг өнгөрөөдөг ээж, аавууд бидний дунд ч нэлээдгүй бий. Уг ном нь цэцэрлэгт дасан зохицоход хүүхдийн сэтгэл зүйг бэлдэх, шинэ орчинд орж буй шилжилтийн үеийг даван туулахад туслах гарын авлага болжээ.

Жангар: Усан доторх ертөнц

Ус хэмээгч бодис нь манай дэлхийн амьдралыг бүрэлдүүлж буй олон хүчин зүйлсийн хамгийн чухал хэсэг. Далайн ёроолгүй ангалаас авхуулаад хамгийн жижиг шалбааг усанд хүртэл амьдрал буцалж байдаг. Энэхүү номд сонгож авсан гайхалтай цуглуулгад аварга загас, далайн өвснөөс эхлээд халим, усны бөөс хүртэлх 100 гаруй амьтан, ургамал, бичил биетний өвөрмөц амьдралын тухай өгүүлнэ. Хуудас бүр нь мартагдахааргүй гайхалтай баримтуудтай, хачин сонин гэрэл зураг, гоёмсог зурмал зурагтай.

Говийн ноён хутагт Д.Данзанравжаа

Д.Данзанравжаа нь яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач зэрэг олон төрлийн авьяас, эрдэмтэй хүн байжээ. Тэрбээр 300 гаруй яруу найраг, жүжгийн зохиол 10 дэвтэр, дууны бүтээл 100 гаруйг зохиосон гэдэг. 1830 онд анхны театр “Намтар дуулах дацан” байгуулж “Саран хөхөө” хэмээх алдарт зохиолын нэрээр “Эзэн Чингис”, “Мандухай хатан” гэх мэт жүжгийг тоглуулан түүнийгээ нүүдэлчдийн өвөрмөц театр болгож эртний үүх түүхийг таниулан мэдүүлдэг байжээ. Эрдэмт хүмүүний амьдрал, ажил үйлсийг энэхүү зурагт номоор дамжуулан хүүхэд багачууддаа танилцуулах боломжтой.

Жангар: Нарниагийн товчоон

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцын зүгээс дэлхийн алдартай туульсын зохиол болох Нарниагийн товчоон цувралыг албан ёсны эрхтэй орчуулан хүргэжээ. Зохиолч К.С.Люис анх Нарниагийн тухай ганцхан ном буюу Арслан, шулам, шүүгээг бичиж дуусгах бодолтой байжээ. Гэвч шавь, сайн найз Р.Л.Грийн Нарниагийн өтгөн ногоон ой дунд яагаад ганц ширхэг гэрлийн шон өдөр шөнөгүй асаж байдгийн учрыг асуусанд тэрээр эхний ном дээрх профессор Киркийн хүүхэд насны талаар Илбэчний зээ дүү номыг бичиж түүний асуултад хариулахаар шийдсэн гэдэг. С.Люис уг цуврал зохиолдоо уламжлалт Христийн шашны сэдвээс гадна Перс, Грек, Ром зэрэг өрнө дахины домгууд, Их Британи, Ирландын ардын аман зохиолын маш олон дүр, дүрслэл, уран санааг өргөнөөр ашигласан.

Философи , сэтгэл судлал

Д.Урианхай: Аз жаргалгүй амьдарч байвал монгол хүн та намайг уучлаарай

Эл бүтээлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Монголын нийгмийн хөгжил хийгээд монгол хүний тухай философи сэтгэмжит 109 бодрол” багтсан болно. Монголчууд бид үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх нийгмийг бий болгож чадсан ч өдгөө бүх нийтээрээ оюун санаа, сэтгэлгээний эрх чөлөө, тусгаар тогтнолтой болж, хэрсүүжин урагшлах шаардлага тулгарч буй. Нэгдмэл ойлголт, үнэт зүйлгүй цаг хугацааг улираасаар байгаа нь биднийг материаллаг ахуйгаас цааш давж сэтгэн хөгжихөд тушаа болж буй юм шиг.

Зохиолч Д.Урианхай Монголын нийгмийн асуудлыг монгол хүний оюун сэтгэлийн угаас, ул дол болсон үг хэллэгээр бус өдөр тутамдаа тэр бүр сонсоод байдаггүй “амьд” агуулгаар бичжээ.

Жөүзи Малиновски: Зүүдний сэтгэл судлал

Хүний сэтгэл зүйн үзэгдлүүд дундаас магадгүй хамгийн ер бусын ч байж мэдэх зүүд нь нойрон дунд биднийг зугаацуулахаас хэд дахин ашиг тустай. Тэгвэл тэрхүү ашиг тус нь юу болох тухай энэхүү бүтээлээр зохиогч машид тодорхой дэлгэрүүлэн харуулжээ. Тэрээр сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд зүүдийг судалсан судалгаа шинжилгээний ажлыг ашиглан тайлбарласан байна. Тухайлбал зүүд хэрхэн танин мэдэхүйн чадваруудад нөлөөлж байдаг, сэтгэцийн гэмтэл авсан хүний зүүд хэрхэн өөрчлөгддөг болох, эдгэрэх үйл явцтай зүүд хэрхэн уялддаг болон зүүд бидний тухай юуг хэлж чадах вэ зэргээр өргөн хүрээнд өгүүлжээ.

Нэпко: Буддын ном

Бурхны шашныг лам хуврагаар тайлбарлуулах, сүсэгтнээр нь яриулах, эсвэл ондоо шашинтны нүдээр харах бүгд өөр, сэдэв нэг боловч үзүүлэх өнцөг тусдаа байдаг. Харин National Geographic-ийн түүх нь тодорхой сэдвийг үүсэн гарсан, мандан бадарсан цаг үеийнх нь хэлхээс дунд, хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харуулдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл шүтэн бишрэгчийн сэтгэлийн хөдөлгөөн, үгүйсгэгчийн эрс үзэл, тоомжиргүйн эндлийг аль болох тойрч, бодит үнэнийг эрэлхийлсэн хэлбэр ч гэж болно. Үүгээрээ шинжлэх ухааны танин мэдэхүй, түүхэн үнэнд дурлагчдын таашаалд нийцдэг танин мэдэхүйн брэнд National Geographic-той зохиогчийн эрх хамтатгасан Нэпко хэвлэлийн газрын бүтээл Буддын ном анх удаа гарч байна.

Хувь хүний хөгжил, танин мэдэхүй

Ч.Энхзул: Сахаргүй амттан

Амттаныг огт идэхгүйгээр тас хорих тусам түүнд улам хорхойсож, хожим нэг дор хэтрүүлэх хандлага үүсэх эрсдэлтэй. Харин “Сахаргүй амттан” номд орсон амттануудад дахин дахин идэх “дэв” төрүүлэхгүй, хорхойслыг дарах орцууд сонгосон тул гэмшилгүйгээр таашааж болно. Хэт боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнд сэтгэл санааг тогтворгүй, тавтиргүй болгох нөлөө бүхий будагч бодис, гэдэсний ашигтай бичил биетүүдийг бууруулагч нөөшлөгч, нэг идээд эхэлбэл зогсохын аргагүй байдалд оруулдаг, лабораторийн орчинд гаргасан хиймэл үнэр, амталгаа нэмсэн гэх сөрөг талууд бий.

Энэ номд орсон жорууд дэлгүүрийн чихэрлэг бүтээгдэхүүнүүдээр амттаныг төсөөлдөг тэрхүү ойлголтыг өөрчлөхөд тусална. Жор тус бүрийн орцыг өнгөт зургаар ойлгомжтойгоор дэлгэн харуулсан тул ходоодонд юу орох нь ил тод, тодорхой. Бүр амьдралдаа огт хоол хийж үзээгүй хүн хүртэл гал тогоондоо цагаа өнгөрүүлэх хүсэл сэдэл төрүүлэх хайртай жорын ном байх болно гэжээ.

Жорж С.Клэсон: Вавилоны хамгийн баян хүн

Мөнгө ямар дүрмээр ажилладаг гэдгийг ойлгохыг хүсвэл 1926 онд хэвлэгдсэн “Вавилоны хамгийн баян хүн” номыг уншихыг эдийн засагчид санал болгодог. Номын зохиолч Жорж Самуэл Клэйсон эртний Вавилончуудын зарчмуудыг судалж, эдгээрээс санхүүгийн сахилга бат болоод ариг гамтай амьдралын арга ухааных нь талаар тайлж бичсэн нь дэлхий дахинд хамгийн эрэлттэй ном хэвээр байгаа юм. Ард иргэд нь цаг үеийнхээ хамгийн баян хүмүүс байсан учир Вавилон хот тэр үеийнхээ хамгийн баян хот болж чадсан. Учир нь тэд мөнгөний үнэ цэнийг ойлгодог, хэрхэн мөнгө олох, яаж хадгалах, ямар замаар эргэлдүүлэн өсгөх санхүүгийн зарчмуудыг хэрэгжүүлж чаддаг байв. Нимгэн түрийвчийг “эмчлэх” аргыг өгүүлэх энэхүү номыг хөрөнгө санхүүгийн ойлголт өгөх гарын авлага гэж болно.

Нэпко: Мөнгөний сэтгэлзүй

Бид мөнгөний тухайд хөрөнгө оруулалт, хувийн санхүү болон бизнесийн санхүүгийн шийдвэрүүд өгөгдөл, томьёогоор тооцоолж болдог, математик суурьтай шинжлэх ухаан хэмээн үздэг. Гэвч бодит амьдрал дээр тооцооллын хүснэгт ашиглан хувийн санхүүгээ удирддаг хүн хэд билээ?

Мөнгөний сэтгэлзүй номд шагналт зохиолч Морган Хаузэл мөнгөний талаар хүмүүсийн сонирхолтой үзэл санааг 20 богино түүхээр дамжуулан харуулахын зэрэгцээ амьдралын маш чухал сэдэв болох мөнгөтэй хэрхэн зөв харилцаж, удирдах арга замыг заажээ.

Жаред Даймонд: Буу Нян Ган

Хувьслын биологич Жаред Даймонд Пүлицерийн шагналт, Нью Йорк Таймс-ийн бестселлер уг номд хүн төрөлхтний 13 мянган жилийн түүхийг хамруулан, дэлхий дээрх хүний нийгмүүд яагаад өөр хоорондоо эрс ялгаатай хөгжсөн талаар шинжлэх ухааны ул суурьтай хариулт олохыг эрмэлзжээ. Өөр хоорондоо эрс ялгаатай ард түмнүүд харилцаанд орж, улмаар нэг улс нөгөөгөө байлдан дагуулж, хоморголон устгаж, өөртөө уусгах түм буман нарийн үйл явцын үр дүнд орчин үеийн дэлхий ертөнц зарим улс баян, зарим улс ядуу гэхчлэн өнөөгийн хэлбэрээ олсон гэнэ. Тэгвэл яагаад зарим улс баян, зарим улс ядуу болсон бэ? Хүн төрөлхтний түүхийн арьсны өнгөөр ялгаварлах бусармаг хандлагад шинжлэх ухааны ул суурьтай тайлбаруудаар цэг тавьж, энгийн ойлгомжтой, заримдаа бүр уран яруу хэллэгээр бичсэн энэхүү номыг Номад паблишингаас хэвлэн монгол уншигчдын гарт очиход бэлэн болжээ.

Грег МакКеон: Төвөггүй

Ууртай дарга, хамт олны хүйтэн уур амьсгал, ажлын стрессээс үүдэн өглөө ажилдаа явахаас ч халшрах сэтгэл төрөх нь өнөөгийн анхаарах сэдэв болсон. Өөрийгөө дайчилъя гээд ч хүч үлдээгүй үед, хурдан гүйгээд байгаа хэр нь бариа ойртохгүй байгаа мэт санагдах үед, улам илүү хичээмээр байвч эрч хүч дутагдах үед, алив зүйл одоо байгаагаасаа ч амаргүй, хэцүү санагдаж байвал энэ ном танд бага ч атугай эргэцүүлэх боломж олгох ажээ.

Улбар: Юу мэднэ гэж?

Улбар паблишийн нийгэм, улс төрийн сэдэвт богино өгүүллэг, эсээг багтаасан Юу мэднэ гэж? шинэ ном. Дэлхийн олон оронд суралцан, амьдарч буй 20 гаруй хүүхдүүд орчуулан бүтээсэн ба залуу үеийнхний шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, амьдран буй нийгмээ анзаарах, тулгарч буй бэрхшээлээ шийдэх эрмэлзэлд бага атугай нэмэр болохоор хэвлэн гаргасан гэв.