2024 оны УИХ, орон нутгийн сонгуулиар бүх намын төлөөллийг оролцуулсан мэтгэлцээн зохион байгуулж, ялангуяа залуу сонгогчдын улс төрийн боловсролд жинтэй хувь нэмэр оруулсан TenGer TV ижил зорилготой өөр нэгэн бүтээгдэхүүнээ зарлажээ. Энэ бол TenGer Parliament.
Бидний ихэнх нь сонгуулиа өгөөд л маргаашаас нь хэнийг сонгосон гэдгээ, хэн биднийг УИХ-д төлөөлж байгааг мартчихдаг. Улс төрийн оролцоо сонгуулийн нэг өдрөөр биш, сонгуулиас сонгуулийн хооронд өнгөрөх дөрвөн жилд л хамгийн чухал. Учир нь тэгж байж дараагийн сонгууль болоход өмнө нь сонгогдсон гишүүдийн юу хийж бүтээсэн дээр нь үндэслээд дүнг нь тавьж, илүү зөв сонголт хийж чадах юм.

Платформыг сонирхох: https://parliament.tngr.tv/
TenGer Parliament ямар боломж олгож байна вэ?
Уул нь парламентын үйл ажиллагааг дүгнэе гэвэл маш их статистик тоо байдаг. Чуулганы хуралдаан, гишүүдийн өгсөн санал, өргөн барьсан хуулийн төсөл бүр олон нийтэд нээлттэй нийтлэгддэг. Харамсалтай нь тэр их мэдээлэл сонгогч бидэнд хүрэхгүй, хүрсэн ч сонирхол төрүүлэхгүй байдаг нь үнэн.
Мөн УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээлэл нэг системд, санал хураалтын дүн өөр системд, хуулийн төслүүд бас өөр системд байршдаг нь төвөгтэй. Улмаар бид ихэвчлэн сонгосон гишүүдийнхээ ажлын үр дүнг аль нэг өдрийн дуулиантай эшлэл эсвэл улс төрийн хэрүүл маргаанаар л төсөөлж, дүгнэх нь бий.
Энэ мэдээллийн цоорхойг нөхөх TenGer Parliament платформ нь Улсын Их Хурлын 126 гишүүний олон нийтэд нээлттэй бүх мэдээллийг нэгтгэн цуглуулж, хоёр үндсэн бүтээгдэхүүн болгон хувиргасан байна. Эхнийх нь гишүүн бүрийг ажлын гүйцэтгэлээр нь эрэмбэлэх "Power Ranking" бөгөөд хоёр дахь нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх "Fantasy Parliament" тоглоом юм.
Fantasy Parliament: УИХ-ын 7 гишүүнийг сонгож, багаа бүрдүүлэн өрсөлдөөрэй
Спортын фантази тоглоомд фанатууд тухайн спортын мэдлэг дээрээ тулгуурлаж, шилдэг тоглогчдоор зохиомол баг бүрдүүлж, тэрхүү багийнхаа бодит үзүүлэлтээр бусад фанатуудтай өрсөлддөг билээ. Харин TenGer Parliament-ийн фантази бол УИХ-ын гишүүдээр баг бүрдүүлж, тэдний бодит идэвх, ирц, оролцоо, санаачилгаас оноо цуглуулж өрсөлдөх боломжтой тоглоом юм.

Power Ranking: УИХ-ын гишүүдийг идэвх, оролцоо, санаачилгаар нь жагсаан хараарай
Парламентын гишүүд хэр олон хууль санаачилж байна вэ, хэр зэрэг ажиллаж байна вэ, сонгогчдоо хэр зэрэг төлөөлж байна вэ гэдгийг нь оноожуулж эрэмбэлсэн жагсаалт. Энэхүү жагсаалт нь улс төрчдийн албан ёсны ангилал биш бөгөөд зөвхөн бидний сонгосон парламентын гишүүд тухайн улиралд хэр зэрэг идэвхтэй байна вэ гэдгийг нь дөрвөн үзүүлэлтээр оноожуулж буй систем гэдгийг анхаараарай.

Fantasy Parliament-ийн дүрэм
Тус платформд хүн бүр үнэ төлбөргүй бүртгэлээ үүсгэх боломжтой. Дараа нь багаа бүрдүүлж, найзуудаа урин фракц нээх юм.
Төсөв: Тоглогч бүр 60 токены төсөвтөө багтаан УИХ-ын 126 гишүүнээс 7 гишүүнийг сонгож багаа бүрдүүлнэ. Жич: Эдгээр токен нь зөвхөн тоглоомын мөнгөн тэмдэгт тул худалдан авах эсвэл мөнгөөр солих боломжгүй.
Гишүүн: Гишүүн бүрийн үнэ "Power Ranking"-аас хамаарч 4-12.5 токены хооронд хэлбэлзэх бөгөөд шууд л өндөр үнэлгээтэй 7 гишүүнийг сонгочихох боломжгүй гэсэн үг.
Бүрэлдэхүүн: Багтаа нэг намаас дөрвөөс илүүгүй гишүүн, мөн дор хаяж хоёр эмэгтэй гишүүн байх ёстой.
Ахлагч: Багийн ахлагчийг зөв сонгох нь маш чухал бөгөөд түүний авсан оноог долоо хоног бүр 1.5-аар үржүүлж тооцдог байна.
Сэлгээ: Бүрэлдэхүүний шаардлагыг зөрчихгүйгээр долоо хоногт нэг удаа нэг гишүүнийг өөр гишүүнээр үнэ төлбөргүй солих эрхтэй байна.

Fantasy Parliament-ийн онооны систем
Таны багийн цуглуулах оноог "Fantasy Point" хэмээх системээр хэмждэг. Энэхүү оноо нь 10-р сарын 26-ны өдрөөс тэгээс тооцогдож эхэлсэн бөгөөд таны сонгосон гишүүдийн хийсэн бодит ажлаас шалтгаалан долоо хоног бүр дараах байдлаар өөрчлөгдөнө:
Ирц: Хуралдаанд оролцсон болон албан томилолттой байвал тус бүр 2 оноо, хоцорсон тохиолдолд 1 оноо нэмнэ. Чөлөөтэй бол оноо өгөхгүй бөгөөд тасалсан тохиолдолд 2 оноо хасна.
Оролцоо: Оролцсон санал хураалт бүрт 0.1 оноо, албан ёсны асуулт бүрт 2 оноо нэмэгдэнэ.
Хууль санаачилга: Шинэ хуулийн гол санаачлагч төсөл боловсруулбал 10, өргөн барихад 30, батлагдахад 50 оноо (хамтран санаачлагч 5-30 оноо) авна. Нэмэлт өөрчлөлтөд гол санаачлагч 5-25 оноо, хамтран санаачлагч 2-15 оноо авна.
Олон нийтийн идэвх: Долоо хоног бүрийн идэвхээрээ жагсаалтын 1-3-р байрт 10 оноо, 4-10-т 7 оноо, 11-25-д 5 оноо, 26-50-д 3 оноо, 51-75-д 1 оноо тус тус олгоно.

Power Ranking-ийн сонин хачин
Power Ranking-ийн системийн дагуу 2024 оны 9-р сараас 2026 оны 10-р сарын 24-ний өдрийг хүртэлх эхний үр дүнгээс харахад УИХ-ын дундаж гишүүн 100-аас 46.7 оноо авсан байна. Хамгийн сонирхолтой нь эмэгтэй гишүүдийн дундаж оноо (49.8) эрэгтэй гишүүдийнхээс (45.6) 4.2 оноогоор өндөр байгаа бөгөөд МАН-ын гишүүн А.Ариунзаяа 71.2 оноотойгоор нийт жагсаалтыг тэргүүлж, ирцийн оноог бүрэн авсан цорын ганц гишүүн болжээ.
Намын харьяаллаар үзвэл 8 суудалтай ХҮН нам хамгийн өндөр буюу 50.6 дундаж оноотойгоор тэргүүлж байгаа бол 68 суудалтай эрх баригч МАН-ын дундаж (45.3) нийт гишүүдийн дунджаас доогуур үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн давхар дээлтэй буюу Засгийн газрын гишүүдийн дундаж оноо нь парламентын бусад гишүүдийнхээс доогуур байгаа нь анхаарал татсан бас нэгэн статистик юм.

Гишүүдийн онооны эрэмбийг харах: https://parliament.tngr.tv/leaderboard
Сэтгэгдэл бичих

