Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ний өдөр Сүхбаатарын талбай дээр 35 дахь удаагийн Үндэсний номын баяр албан ёсоор эхэллээ.
Анридын зүгээс номын баярыг угтуулан уншигчдадаа хүргэдэг "Онцлох шинэ бүтээлүүд" нийтлэлээ ийнхүү хүргэж байна. Ээлжит нийтлэлдээ бид шинэхэн номуудын товч агуулгыг базахаас гадна таны цаг завыг хэмнэх үүднээс хямдралын хувь, хэвлэлийн газар, Goodreads үнэлгээ, аль асраас худалдан авах гээд цогц мэдээллийг багтаахаар зорилоо.
уран зохиол
1. ХА ЖИН: ХҮЛЭЭЛТ
Хэвлэлийн газар: Балж Пүрэв
Орчуулагч: Б.Эгшиглэн
Үндсэн үнэ: 28,000
Номын баярын хямдралтай үнэ: 20,000
Goodreads үнэлгээ: 3.54
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Хятад гаралтай Америк зохиолч Ха Жин хүсэл нь хүлээлт болж, хүлээлт нь амьдралын мөн чанар болж хувирсан түүхээр дамжуулан нийгэм, цаг үе гээч хүний сэтгэл, хайр дурлалыг хүртэл хэрхэн хэлбэржүүлдгийг энгүүн хэр нь егөөтэй хүүрнэжээ. Энэ бол үйл хөдлөл, үнэн зүрхнийх нь мэдрэмжийг хүртэл хянаж цагддаг нийгэмд эсрэг тэсрэг хоёр эмэгтэй, ангид ертөнцүүдийн тэг дунд гацсан, өөрийгөө таньж ядах нэгэн эрийн түүх. Хятадын армийн эмч, зөөлөн сэтгэлтэй, ажилч хичээнгүй Кон Лин боловсролтой, орчин үеийн сэтгэлгээтэй Ву Маннад сэтгэл алдарчээ.
Харин төрөлх тосгонд нь эцэг эхийнхээ шахалтаар бага залуудаа гэрлэсэн үнэнч, хөдөлмөрч, эгэл даруухан эхнэр нь хүлээн суугаа. Тэрээр зун бүр эхнэрээсээ салахаар төрсөн нутгаа зорих ч сэтгэлт бүсгүйдээ сүйх тавихаа дахин нэг удаа хойшлуулъя гэсээр буцаж ирдэг байв. Кон Лин гэхдээ энэ жил зорьсондоо заавал хүрнэ хэмээн амлана.
2. ХАН ГАН: ЦАГААН ХООЛТОН
Хэвлэлийн газар: Монсудар
Орчуулагч: П.Номинбилэг
Үндсэн үнэ: 24,900
Номын баярын хямдралтай үнэ: 22,000
Goodreads үнэлгээ: 3.58
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Хан Ганын "Цагаан хоолтон" зохиол нь мах идэхээ болихоор шийдсэн Ён Хэ хэмээх эмэгтэйн түүхээр дамжуулан бие даасан байдал, сэтгэцийн эмгэг, нийгмийн хүлээлт зэрэг сэдвүүдийг хөндсөн бүтээл юм.
Түүний уг шийдвэр нь гэр бүл болон нийгмээс түүнийг удирдаж хянах гэсэн хүчтэй хүслийг илчилж зохиол тэр чигтээ сэтгэл түгшим өнгө аястай болж хувирна. Ён Хэгийн дотоод үймээн самуун болон түүний эргэн тойрны хүмүүсийн цөхөрсөн үйлдлийг хурц, тод дүрслэл болон тогтворгүй, хар бараан өгүүлэмжээр уншигчдын өмнө дэлгэх ажээ. Сонирхуулахад, Хан Ган энэхүү бүтээлээрээ 2017 онд Англи хэлт уран зохиолын дээд шагнал болох “Man Booker-ийн шагналыг хүртсэн анхны солонгос зохиолчоор шалгарч байсан билээ.
3. ТОШИКАЗҮ КАВАГҮЧИ: ДУРСАМЖ МАРТАГДАХААС ӨМНӨ
Хэвлэлийн газар: Монсудар
Орчуулагч: Э.Тэргэл
Үндсэн үнэ: 16,900
Goodreads үнэлгээ: 3.91
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Тошиказу Кавагучигийн "Дурсамж мартагдахаас өмнө" бол "Кофе хөрөхөөс өмнө" дөрвөн цувралын гурав дахь нь юм.
"Кофе хөрөхөөс өмнө" ном нь Японы Токио дахь нэгэн кофе шоп цаг хугацаагаар аялуулж хайртай хэн нэгэнтэйгээ сүүлчийн удаа ярилцах боломжийг олгодог шидтэй. Гэхдээ кофегоо хөрөхөөс өмнө уулзалтаа дуусгах ганцхан дүрэмтэй. Хэтэрхий уран зөгнөлт мэт сонсогдох боловч бодит байдал, уран зөгнөлийг төгс хослуулсан эл зохиол ганц зохиолын баатрын түүхийг өгүүлэхгүй бөгөөд олон өөр учралуудад уншигчдыг хөтлөх нь бүтээлийг бүр ч сонирхолтой болгодог.
Харин эл "Дурсамж мартагдахаас өмнө" цуврал нь уншигчдыг дурсамжаа бүдгэрч арилахаас өмнө нандин хийгээд сэтгэл хөдөлгөм мөчүүдээ эргэцүүлэхийг онцолж, өмнөх үзэл бодлоо өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй гэх тайтгаруулсан өнгө аясыг шингээсэн аж.
4. ЭДАГАВО РАМПО: ХҮН САНДАЛ
Хэвлэлийн газар: Чимээ
Орчуулагч: Д. Дашмөнх
Үндсэн үнэ: 20,000
Номын баяраар хямдарсан үнэ: 16,000
Аль асраас авах вэ? Альфабүүк дэлгүүрийн асар
Япон зохиолч Э.Ранпогийн Хүн сандал зохиол нь хүний сэтгэлзүй, оюун санааны хамгийн харанхуй хэсгүүдийг онгичих мэт эвгүй, ээдрээтэй хэр нь хүн бүрийн тархи, зүрхний гүнд нягт сүлбээтэй мэдрэмжүүдийн тухай өгүүлнэ.
Ранпогийн бичгийн хэлбэр, өнгө аяс нь уншигчдыг сурамгай гэгч нь зохиолдоо ховсдон оруулах мэт. Зохиол түгшилт, айдас, шаналгаа бүхий гаж гэмээр үйл явдлаар эхэлж, харин төгсөхдөө энэ бүх мэдрэмжүүдийн оргилоос бодит амьдрал руу түлхээд унагаах мэт гэнэтийн байх нь сонирхолтой.
5. ИККЮ СОЖҮН: ХАЙРЫН ЗАХИА
Хэвлэлийн газар: UXER хэвлэлийн газрын дэргэдэх Философи редакц
Орчуулагч: Э.Насанжаргал
Үндсэн үнэ: 20,000
Аль асраас авах вэ? Философи редакцийн асар
Зорих газаргүй бол би хэзээ ч төөрөхгүй", "Надад сайн хүн болох гэж хичээх тусам буруу мэт санагдах юм" гэх үгсийн эзэн Иккю Сожүн /1394-1481/ бол Японы Зэн Буддизмын лам, яруу найрагч, зураач, уран бичигтэн хүн юм.Иккю Сожүн нь Японы сонгодог урлаг болон утга зохиолд Зэнгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлст өндөр хувь нэмэр оруулсан хэмээн түүхчид үздэг байна.
Тэрээр бага наснаасаа хятад ханз болон уран бичлэгт суралцаж, шүлгүүдээ ихэвчлэн хятад хэл дээр туурвидаг байсан ба нийт 1000 гаруй шүлгийг хятад хэлээр бичжээ.
6. Ж.Р.Р.ТОЛКИН: БӨГЖНИЙ ЭЗЭН: БӨГЖНИЙ БАРИЛДЛАГА
Хэвлэлийн газар: Монсудар
Орчуулагч: Б.Амарбаясгалан
Үндсэн үнэ: 44,900
Номын баяраар хямдарсан үнэ: 35,920
Goodreads үнэлгээ: 4.39
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Толкиений "Бөгжний эзэн" гурамсан зохиолын эхний боть болох "Бөгжний барилдлага" нь амар амгалан бяцхан тосгонд Фродо Бэггинс хэмээх хоббит нэгэн чухал даалгавартайгаар ирснээр эхэлнэ. Тэрээр харанхуй ой, сүрлэг уулсыг туулж аюулт бөгжийг устгах гол зорилготой. Баатарлаг гэмээр боловч өөрт нь ахадсан мэт аяллаасаа Фродо эр зориг, тэвчээр, нөхөрлөл зэрэг төсөөлөө ч үгүй сайхан зүйлсийн олж авчээ.
Хүрэх цэг нь биш, зам нь илүү чухал гэдэг дээ. Толкиений зохиолуудыг тийнхүү тодорхойлж болохуйц. Адал явдал, эв нэгдэл, сайн муугийн тэмцэл Толкиений бүтээлээс ханхалдаг бил ээ. Өвөрмөц, санаанд оромгүй, сонирхолтой төсөөллийн ертөнц бүхий уг зохиол нь уран зөгнөл төрөлдөө чухал бүтээлүүдийн нэгд тооцогдох болой.
7. ГАБРИЕЛЬ ГАРСИА МАРКЕС: НАЙМДУГААР САРД УУЛЗЪЯ
Хэвлэлийн газар: Монсудар
Орчуулагч: Б.Нямдорж
Үндсэн үнэ: 16,900
Goodreads үнэлгээ: 3.73
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Габриэль Гарсиа Маркесийн "Наймдугаар сард уулзъя" романы үйл явдал Колумбын нэгэн жижиг хотод өрнөнө. Сонирхолтой нь ганцхан өдөр буюу наймдугаар сарын арван хоёрны өдрийн хэрэг явдал зохиолыг зангидах зангилаа болох юм. Дүрүүд өнгөрсөн үеийн ачааг дааж ядахын сацуу тэвчээр тасрам тодорхойгүй ирээдүйтэйгээ тэмцэлдэж харилцааны ээдрээ, цаг хугацааны өмнө хүн ямар өчүүхэн бэ гэдгийг ойлгох ажээ.
Хотын өдөр тутмын амьдралын энгийн, нам гүм, тайван өнгө аяс мөн санагалзах сэтгэл, хайр дурлал, гуниг гансрал, ганцаардал зэрэг мэдрэмжүүдийг уншигчийн голоос гогод татах мэт яруу бичиглэл нь эл бүтээлийн чимэг болжээ. Гарсиа Маркесийн "Зуун жилийн ганцаардал", "Тахлын үеийн дурлал" зэрэг бүтээлийг нь шимтэн уншигчдад түүний энэ зохиол ч мөн таалагдах нь дамжиггүй.
8. МОРИ ЭТО: ӨНГӨЛӨГ
Хэвлэлийн газар: Итгэл Марал
Орчуулагч: Д.Маралгоо
Үндсэн үнэ: 24,000
Номын баяраар хямдарсан үнэ: 20,000
Goodreads үнэлгээ: 4.02
Аль асраас авах вэ? Итгэл Марал хэвлэлийн газрын асар
Макото байдаг л нэг жирийн хүү. Аав, ээж, ах гээд элэг бүтэн, энгийн л айлын хүүхэд. Харин тэр зургийн дугуйландаа дуртай зургаа зурж суухдаа л амар амгалан, эрх чөлөөг мэдэрдэг байв.Гэтэл Макото яагаад амиа егүүтгэхээр шийдэв? Түүний биед орсон сүнс энэ бүхний учрыг олж тайлж чадах болов уу?...
"Өнгөлөг" номыг бичсэн Мори Это бол өсвөр насныхан болон залууст зориулсан олон сонирхолтой зохиол бүтээл туурвиж буй авьяаслаг зохиолч юм. Эцэг эх, хүүхдүүд, ах дүү, анд нөхдийн халуун дотно, бие биеэ гэх сэтгэл, тэгсэн мөртлөө бас төвөгтэй, үл ойлголцох харилцааг энэхүү зохиол Кобаяши Макото гэх хүүгийн амьдралаар дүрслэн үзүүлнэ. Уг зохиол тэртээ 1998 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш Япон даяар нэг сая гаруй хувь борлогджээ.
9. САБАХАТТИН АЛИ: ЭРДҮҮ ХИЙЛ
Хэвлэлийн газар: Философи
Орчуулагч: Х.Нямхишиг
Үндсэн үнэ: 18,000
Номын баяраар хямдарсан үнэ: 15,000
Аль асраас авах вэ? Анар номын дэлгүүрийн асар
"Эрдүү хийл" бол “Арьсан хүрэмтэй Мадонна” романаараа монгол уншигчдад танил болсон Сабахаттин Алигийн богино өгүүллэгүүдээс шилж орчуулсан 12 өгүүллэгийн түүвэр юм.
10. ПЕТЕР ХАНДКЕ: ЗҮҮДНЭЭС ЧИНАГШ УЙ
Хэвлэлийн газар: Тагтаа
Орчуулагч: Д.Мөнххишиг
Үндсэн үнэ: 14,000
Номын баяраар хямдарсан үнэ: 12,000
Goodreads үнэлгээ: 3.76
Аль асраас авах вэ? Тагтаа хэвлэлийн газрын асар
“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг уран зохиолын бэсрэг бүтээлийн цуврал энэ удаагийн номын баярын өдрүүдээр Нобелийн шагналт Петер Хандкегийн “Зүүднээс ч чинагш уй” намтарчилсан туужаар бүл нэмж байна.
1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан тууждаа Хандке амиа егүүтгэж өөд болсон ээжийнхээ талаар мэддэг бүхнээ амьдарч асан он цагийнх нь үүх түүх, тэр дундаа нацистын дэглэм, дэлхийн хоёрдугаар дайн, дайны дараах үеийн австричуудын ахуй амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэн сонирхолтой бичжээ. Уг номыг Норвегийн нэрт зохиолч Карл Уве Кнаусгорд “Энэ цаг үед герман хэлээр бичигдсэн үнэ цэнтэй, шидээвэр бүтээлүүдийн нэг” хэмээн үнэлсэн байдаг аж.
11. ПҮРЭВЖАВЫН ПҮРЭВСҮРЭН: ИХ ТЭЭЛИЙН ДАВАА
Хэвлэлийн газар: Ножо
Зохиолч: П.Пүрэвсүрэн
Үндсэн үнэ: 18,000
Аль асраас авах вэ? Мангасын ам асар
“Их Тээлийн даваа”, “Үдийн наран өндөр”, “Цагаан шөнө” тэргүүт тууж, “Өшөө”, “Хар могой”, “Арван жилийн дараа” зэрэг олон сайхан өгүүллэгээрээ уншигчдын сэтгэлд үлдсэн зохиолч бол Пүрэвжавын Пүрэвсүрэн. Түүний бүтээл яг л эх нутгийн, магадгүй талын хүний араншин, мөн чанар, ёс зүй бүгд шингэсэн байдаг. Ножо хэвлэлийн газрын зүгээс “Хэлхээгүй сувд” цувралаа ийнхүү “Их тээлийн дууч” бүтээлээр үргэлжлүүлж буй.
философи, гүн ухаан
12. Ф.НИЦШЕ: ЗАРАТУСТРА ТИЙНХҮҮ ЯРЬЖ БАЙВ
Хэвлэлийн газар: UXER хэвлэлийн газрын дэргэдэх Философи редакц
Орчуулагч: О.Чимэг
Үндсэн үнэ: 35,000
Goodreads үнэлгээ: 4.07
Аль асраас авах вэ? Философи редакцийн асар
Фридрих Ницшегийн "Заратустра тийнхүү ярьж байв" бол барууны философийн чухал бүтээлүүдийн нэг билээ. Ёс суртахуун, шашин шүтлэг, нийгмийн хэм хэмжээний талаарх ойлголтыг сорихоос гадна хувь хүнд тохиох асуудал, хязгаарлалтыг даван туулж, өөрийн үнэт зүйлийг бий болгох гол санааг дэвшүүлдэг.
Ницшегийн зохиолын оньсого мэт ухаан сорьсон үзэл санаа, эргэцүүлэх тусам оршихуйн эргэлзээнд оруулах баялаг агуулга нь уншигчдын оюуны цар хүрээг тэлэх нь гарцаагүй. Тогтсон итгэл үнэмшилд эргэлзэхийн учир утга цаашлаад хувь хүний өнгөн хэсгийн сорилтуудаас чинадын өөрийгөө олох замналд хөтлөх уг бүтээл нь зөвхөн философийн номоос гадна хувь хүний хөгжлийн хамгийн гүнзгий, чанартай бүтээл болж чадах болов уу.
13. Ф.НИЦШЕ: ЭМГЭНЭЛТ ЖҮЖГИЙН ҮҮСЭЛ
Хэвлэлийн газар: UXER хэвлэлийн газрын дэргэдэх Философи редакц
Орчуулагч: О. Чимэг
Үндсэн үнэ: 25,000
Goodreads үнэлгээ: 3.99
Аль асраас авах вэ? Философи редакцийн асар
Фридрих Ницше 24 настайдаа Швейцарийн Базелийн их сургуульд шашин судлалаар багшилж эхэлсэн агаад 28 насандаа буюу 4 жилийн дараа анхны бүтээл болох “Эмгэнэлт жүжгийн үүсэл” бүтээлээ туурвижээ. Эртний грект эмгэнэлт жүжиг чухам яагаад үүссэнээс эхлээд урлагийн мэдрэмж, онгодын уг эх болсон Дионисч болон Апполонч чанар гэх хоёрдмол хүчний тухай санааг эл номоор анх гаргасан юм. Энэхүү номоо тэрээр нэгэн цагт дотно нөхөр явсан суут хөгжмийн зохиолч Рихард Вагнерт зориулсан бөгөөд, номын эхэн хэсэгт түүнд зориулсан оршил үг бий.
Бидний сайн мэдэх “Заратустра”, “Сайн муугийн чанад хязгаарт” гэх мэт бүтээлүүдийн суурь санаа, ойлголтууд энэхүү бүтээлд анх хэлбэржин тогтсон гэж судлаачид үздэг.
14. Ф.НИЦШЕ: ХРИСТЭД ТЭРСЛЭГЧ
Хэвлэлийн газар: UXER хэвлэлийн газрын дэргэдэх Философи редакц
Орчуулагч: О. Чимэг
Үнэ: 25,000
Goodreads үнэлгээ: 3.90
Аль асраас авах вэ? Философи редакцийн асар
“Энэ ном цөөн хүнийх. Эдгээр цөөн хүний хэн ч одоогоор төрөөгүй ч байж магадгүй.” гэх өгүүлбэрээр эхлэх энэ бүтээлээ Ницше Христийн шашинд хүн төрөлхтний өмнөөс уншиж буй ялын тогтоол гэж нэрлэжээ. Христийн шашны суурь үзэл санаа, ёс зүйн хэм хэмжээг Буддын шашны ёс зүйн хэм хэмжээтэй сөргүүлж үзэх агаад хүний жам ёсны хөгжилд эдгээр шашнууд хэрхэн нөлөөлж ирснийг яруу тодоор буулгасан байна.
Энэхүү номын эхний 50 нүүрт багтсан “Амьдралын Философи” өгүүлэл бол Философийн ухааны доктор О.Чимэг агсны Ницшегийн үзэл санааг тайлбарласан судалгааны нийтлэл бөгөөд энэ хэсгээс та Ницшегийн үзэл санааны талаарх олон төөрөгдлөө арилгана гэдэгт итгэлтэй байна.
15. МАРК АВРЕЛИЙ: БОДРОЛУУД
Хэвлэлийн газар: SAYAN
Орчуулагч: А. Оюунзул
Үндсэн үнэ: 25,000
Номын баярын хямдралтай үнэ: 20,000
Goodreads үнэлгээ: 4.4
Аль асраас авах вэ? SAYAN хэвлэлийн газрын асар
Түүхийн хуудаснаа хамгийн ухаалаг, үлгэр жишээч хаан хэмээн дуурсагддаг Марк Аврелийгийн ожуу насандаа аян дайн хийж явахдаа бичсэн “Бодролууд” хэмээх тэмдэглэлүүд нь өнөө цагийн хамгийн чухал, нэр нөлөөтэй бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог.
Айсуй үхлийг тайван тогтуун угтан авах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, сэтгэл хөдлөлөө захирч сурах зэрэг хүн бүрт тохиодог сорилтуудтай хэрхэн нүүр тулах тухай эргэцүүлэн тунгааж, стоик ёс зүйд тулгуурлан, дагаж мөрддөг зарчмуудаа нэгтгэн бичсэн энэхүү тэмдэглэл нь олон зуун жилийн турш тоо томшгүй манлайлагч, сэтгэгч, уншигч нарын ширээний ном болсоор байгаа билээ.
16. ЛУЦИЙ АННЕЙ СЕНЕКА: АМЬДРАЛ АХАРХАН БАЙХ ТУХАЙД
Хэвлэлийн газар: SAYAN
Орчуулагч: А. Оюунзул
Үндсэн үнэ: 25,000
Номын баярын хямдралтай үнэ: 20,000
Goodreads үнэлгээ: 4.2
Аль асраас авах вэ? SAYAN хэвлэлийн газрын асар
Луций Анней Сенека нь МЭ 4-65 онд амьдарч байсан эртний Ромын философич, төрийн зүтгэлтэн, жүжгийн зохиолч юм. Тэрбээр Испанид төрж, Ромд өсөж торнин, залуугаасаа эсээ, жүжгийн зохиол бичиж туурвих болжээ.
Тэрбээр ёс жудагтай байх, амар амгалан амьдрах, хүнд хэцүү цагт тэсвэр хатуужил заахыг сургадаг философийн нэгэн үзэл санаа болох стоицизмд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, Марк Аврелий, Эрасмус, Паскаль, Монтэнь зэрэг нэрт сэтгэгч нар томоохон нөлөө үзүүлсэн. “Амьдрал ахархан байх тухайд” тэргүүтэй эсээ, захидлууд нь өнөөг хүртэл хүний мөн чанарыг таних, утга учиртай амьдрах ухааныг дэлхий даяарх уншигчдад зааж сургасаар буй.
17. МАЙКЛ САНДЕЛ: ШУДАРГА ЁСНЫ ЛЕКЦ
Хэвлэлийн газар: Гарүна
Орчуулагч: ТОМё БОДё
Үндсэн үнэ: 30,000
Номын баярын хямдралтай үнэ: 25,000
Goodreads үнэлгээ: 4.3
Аль асраас авах вэ? Гарүна хэвлэлийн газрын асар
Нэг хүнийг егүүтгэвэл 5 амь аврагдана. Та тэр нэг хүнийг егүүтгэж чадах уу?...
Хариулт гэж үгүй туйлын асуултуудад хүчээ сорин урагшлах Харвардын Их Сургуулийн хамгийн алдартай лекц ""JUSTICE"". Эдийн засгийн хямралаас хөнөөлт байгалийн гамшиг хүртэл, өнөө цагт тулгарах үй олон асуудлуудын уг язгуурт "шударга ёс"-ыг тойрсон философийн хүнд асуултууд ямагт дагалдаж явдаг.
Сандел профессорын гаргаж тавих асуудлуудтай нүүрэлдсэнээр ямар дэвшилтэт нийгмийн төрх тодрон харагдах бол? Оюунт хүний хувиар, сайн иргэний хувиар, улс төрийн шийдвэр гаргагчийн хувиар өөрийгөө зүлгэн цэнэглэх алтан боломж таны гар дээр ирлээ!
БАРИМТАТ БҮТЭЭЛ
18. АРСЕН ВЕНГЕР: МИНИЙ НАМТАР
Хэвлэлийн газар: Чөлөөт бичээч паблиш
Орчуулагч: Ц. Жанрайдөл, Д. Мөнх-Эрдэнэ
Үндсэн үнэ: 49,000
Goodreads үнэлгээ: 3.63
Аль асраас авах вэ? Enlighten aппын асар
Ухаан орсон цагаасаа хойш зөвхөн хөлбөмбөгийн төлөө “номын мөр” хөөх хувраг мэт амьдарч байгаа минь хүсэл тэмүүлэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөн сонголт…
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч, менежерийн нэг, олон шинэчлэл, инновац хийсэн домогт Арсен Венгер өөрийн намтраа дэлгэн бичжээ. Энэ бүтээлдээ Венгер хөлбөмбөгийн тоглогч, дасгалжуулагчийн намтраа өгүүлэхээс гадна үнэт зүйлс, суурь зарчим, манлайлал, хувь хүний хөгжил, менежментийн туршлага, зөвлөмжөө өгүүлсэн юм.
19. КОЙБҮЧИ ШИНИЧИ: ОДОТ ТАЛДАА БУЦАХСАН
Хэвлэлийн газар: Ритм
Зохиолч: К.Шиничи
Үндсэн үнэ: 32,000
Аль асраас авах вэ? Ритм, Нил хэвлэлийн газрын асар
"Одот талдаа буцах сан" ном нь Хаант Оросын хавчлага, Хятадын Соёлын хувьсгал, капитализм болоод социализмын үзэл санааны мөргөлдөөн, Монголын ардчилсан хувьсгалыг өөрийн биеэр гэрчлэн, цаг үе, нийгмийн хүчин зүйлсийн өмнө үл гудайн эх оронч, үнэн шударга сэтгэлээр хөдөлмөрлөн амьдарсан эгэл монгол эмэгтэй, түүний гэр бүлийн түүх юм.
Ритм Паблишингийн хамт олон хайр энэрэл, ёс суртахуун, сэтгэлийн хат зэрэг хүний эрхэм дээд чанаруудыг тээж, монгол хүний үнэт өв, үнэт зүйлс болон эх оронч сэтгэлээр бусдад үлгэрчлэн амьдарсан ХХ зууны эгэл агаад эрхэм хүмүүсийн намтар-дурсамжаар дамжуулан, тэдний хувь нэмрээ оруулж бий болголцсон өнөөгийн Монгол улсын орчин цагийн түүхийг залуу үед таниулан дэлгэрүүлэх, үлгэр дуурайлал болсон монголчуудыг номын хуудаснаа амьдруулах зорилгоор уг номыг эрхлэн хэвлэжээ.
20. ХОВАРД ШУЛЬЦ: УРАГШАА
Хэвлэлийн газар: Номад
Орчуулагч: Г.Сугиррагчаа
Үндсэн үнэ: 39,900
Номын баярын хямдралтай үнэ: 35,910
Goodreads үнэлгээ: 3.85
Аль асраас авах вэ? Номад хэвлэлийн газрын асар
Бүх ном 10%
2 ном 20%
3 ном 20% + Coffee Namu Mongolia-гаас Americano эсвэл Citron Blue Lemonade сонголтоор авах боломжтой
Мөн чанараа гээлгүй урагшилсан Старбаксын тэмцэл...
Тэрээр “Хүн харсан, сонссон бүхнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж хэлдэг. Тиймээ, зөвхөн хийсэн үйлийнхээ төлөө бус, бүр харсан сонссон бүхнийхээ төлөө шүү дээ. Энэ бол Старбаксын ерөнхийлөгч Ховард Шульцын үргэлж хэлдэг үг. Тэрээр Урагшаа номдоо компанийнхаа үндсэн философийг алдалгүй эдийн засгийн хүнд сорилтыг хэрхэн даван туулснаа өөрийн туршлага дээр үндэслэн илэн далангуй хүүрнэжээ.
21. ШИБА РЁОТАРО: МОНГОЛД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ
Хэвлэлийн газар: Монсудар
Орчуулагч: О.Жаргалсайхан
Үндсэн үнэ: 05/19-өөс худалдаанд гарна.
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
"Одот талдаа буцахсан" номын гол дүр Б.Цэвэгмаа гуайн түүхийн талаар өгүүлэх өөр нэгэн ном, Шиба Рёотора зохиолчийн "Тал нутгийн тэмдэглэл" Үндэсний номын баяраар нээлтээ хийж буй.
Шиба Рёотаро 50 гаруй түүхэн уран сайхны болон баримтат уран сайхны зохиол туурвиж, бүтээл нь олон сая хувиар борлогдсон Япончуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн зохиолч юм. Тэрбээр 1956 онд “Перс хувилгаан”, “Говийн Хүннү” туужаар утга зохиолын гараагаа Монголын тухай өгүүлж эхэлсэн бөгөөд 1974 онд “Монголд аялсан тэмдэглэл”, 1992 онд “Тал нутгийн тэмдэглэл” номоороо Монгол үндэстний түүх, иргэншлийг сэтгэл бахдам зураглаж, Монголд хандах Япон хүний сэтгэлийн галыг өдөөн бадраасан зохиолч билээ.
22. БУЯНЖАРГАЛЫН БОЛОРОО: ЭНЭ БОЛ БИ
Зохиолч: Б.Болороо
Үндсэн үнэ: 39,900
Аль асраас авах вэ? Зохиолчийн өөрийн асар, Монголын оюун ухааны академийн асрын хажууд
Хүний эрхийн төлөөх тэмцэгч Буянжаргалын Болороогийн амьдралаа хүүрнэсэн намтар ном.
"...Миний өөрийн амьдралын философи бол "өөрийн амьдралд бусдаас бурууг хайхгүй байх, өөрт оногдсон ачааг ганцаар үүрч, аз жаргалаа бусадтай хуваалцах" юм. Ийм ч болохоор энэ номдоо "хөгжлийн бэрхшээлтэй" эмэгтэйн бартаа ихтэй амьдралаа "хэцүү" гэж өрөвдүүлэх гэж биш, харин намайг хайрладаг хүмүүсийнхээ ачаар өмнөө тулгарсан асуудал бүхнийг хэрхэн давж гарсан, ээж минь намайг яаж өсгөн хүмүүжүүлсэн зэрэг үйл явдлуудыг дүрслэн бичсэн..."
түүхэн бүтээл
23. ЖАРЕД ДАЙМОНД: БУУ НЯН ГАН
Хэвлэлийн газар: Номад
Орчуулагч: Б.Төмөр
Үндсэн үнэ: 49,900
Номын баярын хямдралтай үнэ: 44,910
Goodreads үнэлгээ: 4.04
Аль асраас авах вэ? Номад хэвлэлийн газрын асар
Бүх ном 10%
2 ном 20%
3 ном 20% + Coffee Namu Mongolia-гаас Americano эсвэл Citron Blue Lemonade сонголтоор авах боломжтой
Хувьслын биологич Жаред Даймонд Пүлицерийн шагналт, Нью Йорк Таймс бестселлер "Буу Нян Ган" номдоо хүн төрөлхтний 13,000 жилийн түүхийг хамруулан, дэлхий дээрх хүний нийгмүүд яагаад өөр хоорондоо эрс ялгаатай хөгжсөн талаар шинжлэх ухааны ул суурьтай хариулт олохыг эрмэлзжээ.
24. Э.Х.ГОМБРИХ: ДЭЛХИЙН БЯЦХАН ТҮҮХ
Хэвлэлийн газар: SAYAN
Орчуулагч: Г.Лхагвадулам
Үндсэн үнэ: 25,000
Номын баярын хямдралтай үнэ: 17,500
Goodreads үнэлгээ: 4.11
Аль асраас авах вэ? SAYAN хэвлэлийн газрын асар
Э.Гомбрих-ийг манай уншигчид “Урлагийн түүх” хэмээх гайхалтай бүтээлээр нь андахгүй мэдэх байх. Энэхүү номны ачаар та ямар ч “эртээ урьдын цагт” хэмээн эхэлдэг түүх , домгийг сонсох үедээ “хүүе байзаарай, наад явдал яг хэзээ болсон явдал вэ? , “хэрхэн өрнөсөн юм бэ” хэмээн лавшруулан асуудаг болно. Уншиж эхэлсэн л бол салахын аргагүй, "бяцхан" гэхээргүй том бүтээл.
хүүхдийн ном
25. МАКС БРЕЙЛЛИР: ДЭЛХИЙ ДЭЭРХ СҮҮЛЧИЙН ХҮҮХДҮҮД
Хэвлэлийн газар: SAYAN
Орчуулагч: Б.Цэцэгбадам
Үндсэн үнэ (5боть): 86,500
Номын баярын хямдралтай үнэ (5 боть) : 60,500
Goodreads үнэлгээ: 4.13
Аль асраас авах вэ? SAYAN хэвлэлийн газрын асар
Анх 2015 онд “Дэлхий дээрх сүүлчийн хүүхдүүд” цувралын эхний ном нь гарч, дэлхийн 30 гаруй хэлээр орчуулагдаж, 10 сая гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд Нью-Йорк Таймс, Уолл Стрит сэтгүүл, USA Today зэрэг сэтгүүлүүдийн бестселлерийн жагсаалтад одоог хүртэл явж буй, бичлэгийн өвөрмөц төрөл болох комикс, үргэлжилсэн үгийн хэлбэрээр бичигдсэн хүүхдийн цуврал бүтээл юм.
Уг цуврал нь найз нөхдийн нандин холбоо, нөхөрлөлийн үнэ цэн, ач холбогдол, ёс суртахууны тухай өгүүлсэн адал явдалтай, хөгжилтэй цуврал. “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” номын зохиолч энэхүү цувралыг “Аймшгийн хөгжилтэй, адреналин ялгаруулахаар, татаж унатлаа инээхийг хүссэн хэн бүхэнд зориулсан ном” хэмээн үнэлжээ.
26. ТҮМЭНБАЯРЫН АЗЗАЯА: АВАРГА ТОМ А,Б,В
Зохиолч: Т.Аззаяа
Үндсэн үнэ: 45,000
Аль асраас авах вэ? Busykids хүүхдийн номын дэлгүүрийн асар
Үсэг болгоныг олон жишээгээр үзүүлсэн учраас үсгээ нүдлэх, нэрлэх, уншиж сурахад илүү хялбар. Монтессори арга зүйд нийцсэн бодит мэт зураглалтай 140 гаруй зураг нь 1 настай хүүхдийн ч сонирхлыг татаж, танин мэдэхүйг нь хөгжүүлнэ.
27. ГОМИ ТАРО: БҮГД БААДАГ
Хэвлэлийн газар: Гарүна
Үндсэн үнэ: 15,000
Номын баярын хямдралтай үнэ: 5,000
Аль асраас авах вэ? Гарүна хэвлэлийн газрын асар
1977 онд хэвлэгдсэн энхүү бүтээлийн зохиогч Гоми Таро 400 гаруй ном бүтээсэн. Түүний энэхүү бүтээл хүүхдэд хувийн орон зай хэрхэн чухал болохыг, хүмүүс амьтдаас ялгаатай нь тусдаа бие засах өрөөнд орж хүндэрдэг тухай, нийгмийн хэм хэмжээ болоод амьд организм хэрхэн амьд байгааг ч хүүхдэдээ ойлгуулахад тун тустай ажээ.
28. DK: ЮМС ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?
Хэвлэлийн газар: Жангар хүүхдийн редакц
Орчуулагч: П.Гэрэлмаа
Үндсэн үнэ: 65,000
Номын баярын хямдралтай үнэ: 49,000
Goodreads үнэлгээ: 3.54
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Бүх насны сониуч оюун ухаанд зориулсан энэхүү ер бусын нэвтэрхий толь бичиг чамд мэдрэлийн эс, хөргөгч, цөмийн цахилгаан станц, ширэнгэн ой, хар нүх болон эдгээрийн хоорондох бараг бүх зүйлийн дотоод бүтэц, ажиллагааг үзүүлнэ.
Aяллаа өөрийн бие доторхоо нээхээс эхлүүлж, улмаар амьдарч буй хот, байгаль орчныг судалж, цаашлан сансар огторгуйд гарч, юмс хэрхэн бүтдэгийг олж мэдээрэй.
29. БАТБАЯРЫН ТӨРМӨНХ: "МОНГОЛ ХҮН ЦУВРАЛ" О.НАМНАНДОРЖ
Хэвлэлийн газар: Жангар хүүхдийн редакц
Зохиолч: Б.Төрмөнх
Үндсэн үнэ: 24,900
Номын баярын хямдралтай үнэ: 17,000
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ.
“Монгол хүн” цувралын энэ дугаарт монголын орчин цагийн шинжлэх ухааны суурийг тавьсан нэрт газарзүйч О. Намнандоржийн тухай өгүүллээ. Энэ хүн бол эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.
хувь хүний хөгжил
30. БИЛЛ ГЕЙТС: УУР АМЬСГАЛЫН ГАМШГААС СЭРГИЙЛЭХ НЬ
Хэвлэлийн газар: Балж Пүрэв
Орчуулагч: Б.Булганчимэг, Б.Онон, В.Ганзориг
Үндсэн үнэ: 30,000
Номын баярын хямдралтай үнэ: 24,000
Goodreads үнэлгээ: 4.13
Аль асраас авах вэ? Интерном дэлгүүрийн асар
Билл Гэйтс өөрийн номдоо уур амьсгалын гамшиг үүсэхээс урьтаж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх далайцтай, бодитой, биелэхүйц төлөвлөгөө дэвшүүлжээ. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн үндэс суурь, үр нөлөөг арав гаруй жил судалж, физик, хими, биологи, инженер, улс төр, санхүү зэрэг олон салбарын мэргэжилтний дэмжлэгтэй хүрээлэн буй орчны гамшгаас сэргийлэх арга замыг онцгойлон судалжээ. Энэхүү номд хүлэмжийн хийн ялгарлыг яагаад тэглэх ёстой, түүний тулд юу хийх ёстойг Билл Гэйтс дэлгэрэнгүй өгүүлжээ.
“Шимтэн унших ном... Гэйтс асуудлыг тоо баримттай, хүн бүрд ойлгомжтой хэлбэрээр нарийвчлан тайлбарлаж чаджээ. Гайхамшигтай үр дүн.” - The Guardian
31. КЭТ БИШОП: АЛСУУР ЯЛАЛТ
Хэвлэлийн газар: Нэпко
Орчуулагч: Б.Бүжинлхам
Үндсэн үнэ: 37,500
Номын баярын хямдралтай үнэ: 30,000
Goodreads үнэлгээ: 3.86
Аль асраас авах вэ? Нэпко хэвлэлийн газрын асар
Кэт бол сэлүүрт завины спортын Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт тамирчин юм. Дипломатчийн замналдаа тэрээр дэлхийн халуун цэгүүдийг тогтворжуулах бодлого боловсруулах асуудлаар мэргэшжээ. Басхүү бизнесийн салбарт сургагч багшаар ажиллаж, баг болон манлайллыг хөгжүүлэх тал дээр зөвлөгөө өгөхийн сацуу Кэмбрижийн их сургуулийн Бизнесийн сургуульд удирдах ажилтны боловсролын хичээл заадаг.
Кэт Бишоп дээрх баялаг туршлагууддаа тулгуурлан ялалт гэгч зүйл бидний хувьд ямар утга учиртай болохыг судлан үзэж, хуучны ойлголт, таамаглалуудыг сорьсноор үл барам хувийн хийгээд мэргэжлийн амжилтыг урт хугацаанд хэрхэн өөрөөр дахин тодорхойлж болох талаарх шинэ соргог үзэл баримтлал гаргаж иржээ.
32. НИККОЛО МАКИАВЕЛЛИ: ОРДНЫХОН
Хэвлэлийн газар: Нэпко
Үндсэн үнэ: 15,000
Номын баярын хямдралтай үнэ: 12,000
Goodreads үнэлгээ: 3.84
Аль асраас авах вэ? Нэпко хэвлэлийн газрын асар
Уншигч таны өмнө одоогоос 492 жилийн өмнө бичигдсэн улс төр судлалын нэгэн зүйлийн цагаан толгой гэгддэг бүтээл нээгдэж байна. Энэ судрын он цагийг эрхшээсэн суртал номлол нь авах, гээхийн ухаанаар хандваас эдүгээ ч ач холбогдлоо алдаагүй юм.
33. ЦОГТХҮҮГИЙН АЛТАНСОР: ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ
Зохиолч: Ц.Алтансор
Үндсэн үнэ: 30,000
Номын баярын хямдралтай үнэ: 25,000
Аль асраас авах вэ? EQ Kidz хэвлэлийн газрын асар
Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хэрхэн хүүхдээ багаас нь зүрх сэтгэлийн боловсролтой хүн болгон өсгөх, тэднийхээ сэтгэл хөдлөлийг дасгалжуулахад нь нэмэр болох арга, туршлага, онолын мэдэгдэхүүний тухай ном.
34. ШЕЛ СИЛВЕРСТАЙН: АЛДАГДСАН ХЭТЭРХИЙ ТОМ О-ТОЙ ТААРСАН НЬ...
Хэвлэлийн газар: Гарүна
Орчуулагч:Б. Оюундэлгэр
Үндсэн үнэ: 25,000
Номын баярын хямдралтай үнэ: 20,000
Goodreads үнэлгээ: 4.28
Аль асраас авах вэ? Гарүна хэвлэлийн газрын асар
Амьдралын философийн тухай ганцаардсан хэлтэрхийгээр төлөөлүүлэн хүүрнэн өгүүлнэ. Хэрхэн амжилтад хүрэх бус хэрхэн хэцүү бэрхийг, хэрхэн уйтгар гунигийг, хэрхэн шантралыг, хэрхэн амжилтгүй болсон үед хариу үйлдэл үзүүлэхийг, бүтэлгүйтлийг хэрхэн даван туулах, алдаанаасаа суралцахын чухлыг заах бүх насныханд зориулсан гайхалтай бодол бүтээл юм.
35. ЖУКОВЫН БААТАРБОЛД: ГҮЙДЭГ МОГИ
Зохиолч: Ц.Алтансор
Үндсэн үнэ: 27,900
Аль асраас авах вэ? Мангасын ам асар
Орчин цагт хүн бүрийн өмнө тулгамдаж буй Бие, Сэтгэл, Оюуны эрүүл мэндийг хамтад нь ганцхан үйлдлээр сахин хамгаалж болно. Энэ бол гүйлт. Гүйлтийн талаар 1000 асуулт, хариулт бүхий “Гүйдэг Моги” номыг таны гар дээр дэлгэж байна.