“Инстаграм”-гүйгээр орчин цагийн цахим орчныг төсөөлшгүй билээ. Өдөр бүр эл аппыг нэг тэрбум гаруй хүн хэрэглэж, 500 сая гаруй хүн стори оруулж, өөрийн брэндийг бусдад таниулахаар идэвхийлнэ. Тэгвэл бидний амьдралын салшгүй хэсэг болсон энэ аппыг бүтээгч баг ямар зам туулсныг, цаашдын замналд нь саад болж мэдэх ямар бэрхшээлүүд буйг өнгөрсөн онд олны хүртээл болсон “No Filter: “Инстаграм”-ын бодит түүх” номоос уншсанаа та бүхэнд тоймлон хүргэе.
Технологийн сэдвээр мэргэшсэн, “Bloomberg”-ийн сэтгүүлч Сара Фраерын бичсэн энэхүү номын гол дүр мэдээж “Инстаграм”-ын үүсгэн байгуулагчид, бас бид. Дүр төрхөө, өмссөн хувцас, идсэн хоол, очсон газраа гээд л амьдралынхаа хором мөч бүрийг утасныхаа (аль эсвэл камерынхаа) дуранд буулган олон нийтийн сүлжээнд байршуулах дадал “Instagram”-ын түүхтэй гүн холбоотой. Хорвоогийн сайхан бүхнийг тодруулан харуулдаг, интернэт дэх утопи байгуулахаар зорьсон Кэвин Систром, Майк Кригер нар компаниа зарснаар хяналтаа алдаж, улмаар бизнесийн өсөлтийг бүхнээс дээгүүр тавьдаг “Фэйсбүүк”-ийн үзэл баримтлалыг дагахаас аргагүй болсон тухай, охин компаниа өрсөлдөгч гэж харах болсон Марк Цукербергийн хязгаарлалтаас үүдэн шаардлагатай тооны хүн ажилд авч чадалгүй, энэ мэт томоохон сүлжээнд хялбархан үүсдэг, аюултай нөлөөг дарж чадалгүй, дийлдсэн тухай энэ номд өгүүлжээ.
“Dovetale” судалгааны байгууллагын мэдээлснээр, “Инстаграм”-ын 200 сая гаруй хэрэглэгч 50 мянга ба түүнээс дээш дагагчтай аж. Тэдний ихэнх нь тус сүлжээг амьжиргааны эх үүсвэрээ болгожээ. “Инстаграм” хэмээгч инфлүэнсэр бүтээгч машины нөлөөгөөр үйлчилгээний газруудын орчноос өгсүүлээд хувь хүмүүсийн гэрийн интерьер хүртэл шийдэгдэх болсон энэ цаг үед та энэ сүлжээний сайн талыг өөртөө ашиглаж, муу талыг нь шингээхгүй өнгөрүүлж чадаж байна уу? Уншаад, тэр тухай бодох л цаг.
Түүх оршвой
2012 оны дөрөвдүгээр сард “Инстаграм” “Фэйсбүүк”-ийн охин компани болов. “Твиттер”-ийн авахаар хөөцөлдөж байсан эл компанийг “Фэйсбүүк” авахдаа бодлогод нь оролцохгүй, өөрсдийнхөө үзэл баримтлалаар хөгжүүлэх боломжийг нь бүрэн олгоно гэж ам гарчээ. Үнэхээр ч шууд нийцүүлэх аргагүй өөр арга барилаар үйл ажиллагаа явуулдаг компаниуд байв. Ялгааг нь харьцуулахдаа цагаан сарын буузаар жишээлье л дээ (“Инстаграм”-ын тухай ярьж байгаа болохоор арай чамин жишээ авах хэрэгтэй байсан байх, өршөөх ажааму). “Инстаграм” бол буузныхаа ширхэг бүрийг гоё амт, хэлбэртэй, “царайлаг” байлгахад анхаардаг айл, харин “Фэйсбүүк” бол түргэхэн шиг мянга мянган бууз хийгээд тавьчихъя, хүмүүсийг пологттол нь идүүлье гэдэг айл. Аль нь зөв бэ гээд дүгнэхэд мэдээж амаргүй, тэгээд ч хувь хүн алийг нь илүүд үзэхээс шалтгаалах хэрэг шүү дээ, тийм үү? Товчхондоо, “Фэйсбүүк” өсөлт төвтэй, “Instagram” хэрэглэгч төвтэй байв.
“Twitter”-ийн орон зайг эзэрхийлж, олны танил хүмүүсийг татахын тулд Кэвин Систром нэг бүрчлэн тулж ажилладаг байв. Хамтын ажиллагаа хариуцсан захирал Чарльз Порчийг дагуулан, ажлаар хаашаа ч явсан бай хэн нэг олны танил хүнтэй үдийн зоог барьж, энгийн хэрэглэгчдийг оролцуулсан ямар нэг арга хэмжээ (Instameet эндээс эхтэй) зохионо. Хүүхдийнхээ зургийг сэтгүүлд зарж хэрэггүй, шууд инста, фэйсбүүк дээр нийтэлчих гэж Чэннинг Татумыг ятгахаас өгсүүлээд загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүн Анна Винтурт ая засах хүртэлх их чармайлтынх нь дүнд алдартнууд твиттер дэх олон дагагчаа дагуулан инстад орж ирж эхлэв.
Тэд “Инстаграм”-ын тухай хэвлэлд гарлаа гэхэд компанийнх нь тухай бус, хамгийн үзэмжтэй, сонирхолтой хэрэглэгчдийнх нь талаар байгаасай гэж хичээнэ. Энэ зарчим дагуу Инстаграм дээр сурталчилгаа хийж буй байгууллага, инфлүэнсэрүүд тухайн бараа, үйлчилгээний үнийг тавихгүй, органик, нэн үзэмжтэй байдлаар сурталчлах ёстой байв. “Твиттер”, “Фэйсбүүк” хэрэглэгчдэд өөрсдийнх нь хүссэнийг л харуулна, компанийн зүгээс хандлага тогтоох гэж оролдохгүй гэдэг бол “Инстаграм”-ынхан анхнаасаа ямар контент нийтлэгдээсэй гэж хүсдэгээ жишээлэн харуулахад хүч хаях аж. “Инстаграм”-ынхны хувьд юу нийтлэгдэх нь бус, тэрхүү нийтлэгдсэн контентийг хараад хүнд ямар сэтгэгдэл төрж байгаа нь илүү чухал байлаа.
CEO К.Систром “Инстаграм”-ыг онцгойруулдаг зүйлс алдагдчих вий хэмээн эмээж, аппаа аль болох энгийн, гоё дизайнтай, чанартай контенттой байлгахад анхаарч, нөлөө бүхий хэрэглэгчдээ тусгайлан бэлдэнэ. Энэ ёсоор, аппын “Explore” хэсэгт хамгийн олон коммент, лайктай пост бус “Инстаграм”-ын багийн сонгосон хэрэглэгчдийн пост гардаг байж. Тэд энгийн хэрэглэгчдийнхээ итгэлийг хадгалахад ихээхэн анхаарч, сонирхолтой гэсэн хэрэглэгчдийн зургийг олон сая дагагчтай @instagram аккаунт дээрээ нийтлэх аж.
Удалгүй Инстаграм аялал жуулчлалын урсгалд эрс нөлөөлж эхэлжээ. “National Geographic”-д бичсэнчлэн, Норвегийн алдарт Аварга биетийн хэл (Trolltunga) хэмээх хадан цохио бүхий үзэсгэлэнт газарт зочлогсдын тоо 2009-2014 онд 500-аас 40 мянга болтлоо өссөн байна. Бүх л зүйл “instagramable” буюу инстад гоё харагдахаар байх хэрэгтэй болов. Эцэг эхчүүд л гэхэд хүүхдийнхээ төрсөн өдрийг ихээхэн зардал гарган, нүсэр чамин хийх болсон нь уралдаан мэт болсныг та бид мэднэ. Хүмүүс амьдралын “төгс” зураглалыг нийтлэх болсноор бусад хүмүүс, тэр дундаа хүүхэд, залуус бусдаас дор амьдраад байгаа мэт сэтгэгдэлтэй үлдэх болсон нь Систромын олж харж чадаагүй аюул байлаа. Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэг Инстаграмыг залуусын сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн сөргөөр нөлөөлж буй апп хэмээн зарласан юм.
Интернэт хүн төрөлхтний илрэл байсан бол одоо хүн төрөлхтөн интернэтийн илрэл болжээ.
Аштон Кутчер
Энэ уралдаан хэрэглэгчдийн сэтгэлзүйд нөлөөлж, үнэхээр “шаардлага хангахуйц” гэсэн зургуудаа л нийтэлдэг болж, харин өдөр тутмын, хошин, биеэ бариагүй постуудаа Snapchat-д оруулах болов. Нийтэлсэн зураг, видео хэсэг хугацааны дараа алга болдог тохиргоотой хэсэг нээх тухай санал удаа дараа гарсан ч Систром сонсохыг ч хүссэнгүй. Инстаграм дахь контентийн өндөр стандарт зарим талаар Систромын зан чанартай холбоотой байв. Перфекционист Систром юуг ч хагас дутуу хийдэггүй, нэг л сонирхсон бол гүн гүнзгий судалдаг хүн санж. Дугуйгаар хичээллэлээ гэхэд Тур де Франсын гарахад хамгийн хүнд оргилуудын нэг болох Вантуд гарах жишээтэй. Тэгээд ч тэрээр тун сонирхолтой, үйл явдал ихтэйгээр өдрийг өнгөрүүлдэг хүний хувьд нийтлэх зүйл ихтэй байв. Есдүгээр сард нь Кайли Женнер, Оливье Рустентэй үдшийн зоог барьж, удаах сар нь Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Анна Лэйбовицтэй уулзах гэх мэт.
Гэхдээ Snapchat-д хэрэглэгчдээ алдахгүй гэвэл Stories хэсгийг зайлшгүй нэвтрүүлэх хэрэгтэй болов. “Инстаграм”-ыг үүсгэн байгуулсан хоёрын зан чанар брэндэд нь эерэг нөлөөтэй байсан (хэт идеалист байсныг эс тооцвол шүү дээ) бол “Snapchat”-ын Эван Шпигелийн биеэ авч яваа байдал бизнесийнх нь ирээдүйг доош татаж байв. Өөрийн үзэмжээр шийдвэр гаргадаг, эргэн тойрныхон нь ганц түүний юу хэлэхийг л хардаг байсан учир удирдлага дор нь хүмүүс удаан ажилладаггүй байж. Stories хэсгийг нээхдээ Систром Snapchat-аас хуулсан гэдгээ нээлттэй хэлсэн нь Фэйсбүүкийнхний хувьд итгэмээргүй явдал байсан ч зөв алхам байсан гэдгийг хэвлэл дэх энэ тухай нийтлэлүүд баталсан юм.
Хуурамч мэдээ газар авч, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ оролцсон гэх дуулиан гаран, Фэйсбүүк тэргүүтэй сошиал сайтууд асуудалд орж, АНУ-ын хууль хяналтын байгууллагуудад шалгагдахад үед Инстаграм хуурай шахам үлдсэн нь тус сүлжээ байгуулагдсан эхний жилүүдэд хэрэглэгчдийг гэсэн имиж бүрдүүлэхэд хүч хаяж ажилласных нь ач байв. Гэтэл Фэйсбүүкийн асуудал, тойрсон дуулиан нь ар араасаа ундарсаар. Засгийн газрын албан тушаалтнууд “Фэйсбүүк” гэдэг ганц компани өөрсдөөс нь дутахгүй хүч чадал, нөлөөтэй гэдгийг сая ухаарсан ч хэрхэж ч чадахгүй, байн байн дуудан шалгааж байв.
Дээр дурдсанчлан асуудлуудад орооцолдож, өсөлт нь буурах хэрээр Марк Цукерберг Инстаграмыг өрсөлдөгч гэж харах нь ихсэж, Систром, Кригер хоёрыг хавчиж эхэлсэн аж. Хар тамхи, гэмт хэрэгтэй холбогдох аккаунт, комментуудыг хаах зэрэг шүүлтүүрийн ажлыг хийхэд хүн хүч хүрэлцээгүй байсан ч хүссэн тоогоороо хүн ажилд авах боломжгүй нь гачлантай. Фэйсбүүк нэг тэрбум хэрэглэгчтэй болох үедээ 4600 ажилтантай байсан бол Инстаграм ижил үр дүнд хүрэх үедээ 800-хан ажилтантай байв. Компанийн удирдлагын түвшин дэх хүнд суртлын механизм улам томорч, шаардлагатай хөгжүүлэлтийг хийх зөвшөөрөл авч чадахгүй удах болсноос сайжруулалтыг түргэн хийх боломжгүй нөхцөл үүсжээ. Хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр сурталчилгааны агуулгатай контентийг нэг бүрчлэн шалгах, нарийн хянах боломжгүй болов. “Инстаграм”-ын баг сайхан, сонирхолтой гэснийг тодруулж харуулахад анхаараад муу, муухай гэснийг дарах тал дээр хангалттай анхаарсангүй.
Баяртай
Систром “Инстаграм Фэйсбүүкийн бялуунаас хэрчиж аваад Инстаграмынхад нийлүүлээд байгаа юм биш. Бялуу өөрөө томорч байгаа хэрэг” гэж хэлээд ч Цукерберг санал нийлсэнгүй, харин ч Инстаграмд өнгөрүүлж байгаа минут бүхэн Фэйсбүүкт өнгөрүүлэх ёстой байсан цагаас хулгай хийж байгаатай адил гэж үзжээ.
Фэйсбүүк яг л дүүгээ үдэшлэгт бэлдэж сайхан хувцаславч өөрөөсөө илүү хөөрхөн харагдуулахыг хүсдэггүй эгч шиг байлаа.
“Инстаграм”-ын хуучин дарга нарын нэг
Фэйсбүүктэй учраа олж чадахгүй гэдгээ ойлгосон К.Систром, М.Кригер нар 2018 онд компаниа орхихоор шийджээ. Энэ нь Фэйсбүүк Инстаграмыг залгих явц түргэсэх үндэс болсон юм. Ажилчдынх нь тодорхойлсончлон Инстаграм яг л гоё фасадтай, дотроо бөөн асуудалтай барилга шиг. Засвар хийж, сайжруулмаар байвч засвар хийх хүмүүс нь Фэйсбүүкийн барилгад анхаараад завгүй, тэгээд тэндэх асуудлаа шийдэж дуусаад Инстаграмд анхаарахад заримдаа хэт оройтсон байдаг ажээ.
Эл бүтээлийг монгол хэл дээр Mplus аппаас цахим болон аудио ном хэлбэрээр авч унших/сонсох боломжтой.
Unread
Mplus холбоос хэрэгтэй бол... 2021.08.18 66.181.165.27
https://www.mplus.mn/no-filter монгол хэл дээр Mplus аппаас цахим болон аудио ном хэлбэрээр авч унших/сонсох боломжтой.
B BatErdene 2021.08.16 124.158.69.0
Сайн байна уу зурган дээрээ дарахаар бас өөр холбоос руу хайпер линк үсэрдэг байвал тохиромжтой байна сүүлийн номын зурган дээр дараад л авах сонголттой байвал олон хэрэглэгчид талархана байх баяраллаа
З Зочин 2021.08.15 66.181.189.125
Сайн байна уу зурган дээрээ дарахаар бас өөр холбоос руу хайпер линк үсэрдэг байвал тохиромжтой байна сүүлийн номын зурган дээр дараад л авах сонголттой байвал олон хэрэглэгчид талархана байх баяраллаа