Хоёр жилийн өмнө бид "The Book Cafe of Mongolia"-ийн үүсгэн байгуулагч Б.Базарсүрэнгийн "Номын жор" номыг тоймлон танилцуулж байсан билээ. Тэрээр таван жил өмнө бичсэн тус номынхоо хоёр дахь цувралыг саяхан хэвлүүлжээ. Цуврал уулзалт, арга хэмжээгээрээ ахмад зохиолчид, эрдэмтдийн үгийг сонордон, цааш олон хүнд түгээхийг зорилгоо болгодог Базараа энэ удаа мөн уран зохиол, эрдэм номын есөн эрхэмтэй тун сонирхолтой ярилцлага өрнүүлснээ нэгтгэсэн байна. Товчхондоо ном зохиолд шимтдэг, бичих чадвараа ахиулахыг хүсдэг, монгол хэлэндээ хайртай хүмүүсийн уншвал зохилтой бүтээл болжээ.

НОМЫН ТУХАЙ

Зохиогч энэ бүтээлдээ Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам, Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Ло.Нямаа, яруу найрагч, зохиолч Д.Оюунчимэг нартай хийсэн ярилцлагаа багтаажээ. Түүний зорилго нь номын жорыг хайх буюу номыг хэрхэн бүтээх, бичих тухай олон туурвилчийн арга барил, санаа бодлыг цуглуулах юм. Энэ эрэл хайгуулынхаа явцад тэрээр нэртэй бичиг номын хүмүүсээр тун сонирхолтой үүх түүхийг яриулж, ном бүтээл, эх хэл, монгол уламжлалын тухай "гарын авлага" болмоор үнэтэй агуулгыг амнаас нь унагаж чаджээ. Ялангуяа элдэв янзын контентоор дүүрэн, "орчин үежилт"-д түрэгдсэн энэ цаг үед эх хэл, түүх соёл, үндэсний онцлогоо эргэн санахад тун хэрэгтэй бүтээл болжээ. Номын өмнөх дэвтэрт ярилцсан ахмад зохиолчдын зарим нь эдүгээ бидний дунд байхгүй гэхээр дээд үеийнхний үзэл санаа, хур туршлагыг баримтжуулан авч үлдэж буйгаараа үнэ цэнтэй болжээ.

Нэг хоёр суугаад л гүйцээчихэж болох энэ номыг уншиж байхад унших, бичиж туурвих, ажиллаж хөдөлмөрлөх, монгол хэлээ төдийгүй гадаад хэл сурах гээд олон сэдвээр санаж сэрүүштэй үг өгүүлбэрүүд элбэг тааралдах аж. Бичиг номтой ойр ажилладаг хүний хувьд тэмдэглэх зүйл мундахгүй их байлаа. Миний хувьд Чинагийн Галсан гуайн хөдөлмөрч чанараас суралцаж, Ло.Нямаа гуайн "Амьд ододтой хүүрнэлдсэн алтан хором" номыг олж үзмээр санагдсан.

Ном өмнөх дэвтэр шигээ агуулгын хувьд ч бодууштай зүйл ихтэй, хэлбэрийн хувьд ч үзэмж сайтай, зочдын гоё хөрөг зурагтай хийгдсэн байна. Ингээд номоос шүүрдсэн зарим эшлэлийг хүргэе.

Холбоотой нийтлэлүүд

"Номын жор" номын тухай

Номтой өвлийн өвөөд бараа болж, буурлуудын гэрээр зочилсон тэмдэглэл

Unread

ЗАРИМ ЭШЛЭЛ

"Ерөөсөө их хүнд зарагдах, их үйл хэрэг хоёрт зарагдах хоёрт л хүн шавар шиг байснаа чулуу шиг хатжин шовойн гарч ирдэг." Тангадын Галсан

"Ном бол оюуны ертөнц! "Орос орон устаж үгүй боллоо ч хэрвээ Чеховын зохиолууд үлдсэн л бол Оросыг дахиад бий болгочихож болно" гэдэг үг бий. Чеховын зохиолд Оросын амьдрал, хүмүүсийнх нь ухаарал, зан заншил, нийгэм тэр аяараа шингэсэн байдаг учраас тэр." Лувсандамбын Дашням

"Та нарт нэг зүйлийг захья! Чийрэг бай, чихэр битгий ид, үхтлээ битгий унт, муужиртлаа битгий хоол идэж бай, бага идэж, бага унтаж, сэргэг бай. Хүнд битгий бялдуучил, үнэнийг хэлэхээс хэзээ ч бүү ай, хэний ч өмнө гулзайхгүй, бусдын эрхшээлээр биш байгалийнхаа эрхшээлээр амьдар." Чинагийн Галсан

"Би дөрчин дөрвөн настайдаа Хөдөлмөр сонинд нэг бүдүүвч зураг харсан юм. Тэр цагаас хойш тэр бүдүүвч зургаар одоог хүртэл дасгал хийж байна. Надад өвдгөөр хатгуулах асуудал байхгүй. Дээр нь баяжуулаад сайхан дасгалуудыг би та нарын үеийн хүүхдээр заалгууллаа... Толгой өндийх завгүй биеэ хайрлаад л хөдөлмөрлөөд байх хэрэгтэй. Эрүүл биетэй байж амжилтад хүрнэ шүү хүүхдүүд минь. Эрүүл мэндээ алдвал бид ямар ч том мөрөөдөлтэй байлаа гээд мөрөөдөл хэвээрээ л үлдэнэ. Би өдий ная гарсан ч гэлээ түшүүлж явдаггүй. Ер нь тэгээд өвчин ярих дургүй, манай хүүхдүүд ч сонсох тун дургүй шүү." Дүгэрийн Амбасэлмаа

"Соёл урлагийн их сургуулийн хамгийн сүүлийн нэг судалгаа бий. Монгол хүний хамгийн үнэт зүйл юу вэ? Ялангуяа соёлын үнэт зүйл юу вэ, хамгийн чухал, маш чухал соёлын үнэт зүйл гэдэг дээр 86 хувь нь монгол хэл гэсэн байна лээ шүү. 1500 гаруй хүнээс авсан судалгаа л даа... Монголчууд дээрх социологийн судалгаанаас үзэхэд "соёл, оюуны ухамсартай юм байна" гэж дүгнэж байна. Дээр үеэсээ ийм байсан, өнөөдөр үүнийгээ алдаагүй байгаа юм байна. Миний хамгийн их бахархаж буй зүйл бол бид эх хэлэндээ их хайртай юм байна." Сэндэнжавын Дулам

"Монгол хэлэнд үгийн сангаас гадна үгийн өнгө гэж чухал юм байна. Та нарыг бандгар гэвэл арай эвгүй сонсогдоно. Харин бондгор гэвэл арай наана сонсогдож байгаа биз? Үгийн өнгө гэдэг айхтар... Шинжлэх уахааны академич Ширэндэв гуай Жанжин Сүхбаатарын өөрт нь холбогдсон баримт бичгийг монгол бичгээр олоод шинэ үсэгт хөрвүүлсэн. 1970-аад оны нэг ном гаргасан байдаг. Тэр номд буй дөрвөн захидлын найруулгыг нэг хараарай. Нэг нь Хатанбаатар Магсаржавт бичсэн захидал, нөгөөх нь хувилгаан ламд бичсэн захидал, гурав дахь нь эрхэм дүүд гэж байгаад Чойбалсанд бичсэн захидал, сүүлийнх нь эхнэр Янжмаадаа бичсэн захидал бий. Тэр дөрвөн захидлыг хэн бичсэнээс хамаараад яаж өөрчлөгдсөн байна, харьцуулаад нэг үзээрэй, миний хүүхдүүд." Шаравын Чоймаа

"Та нар маань номд дурлана гэдэг амьдралд дурлаж байгаа, ирээдүйдээ дурлаж байгаа, өөртөө дурлаж байгаа хэрэг. Ном уншдаггүй хүн бол өөртөө хайргүй хүн байдаг юм."

"Зовлон бол цэцэн хүний багш гэж үг бий дээ." Ломбын Нямаа

"Дашбалбар багш хичээл тарсны дараа "Юм идмээр байна уу, Оюунчимэг ээ, явъя" гээд дагуулаад явдаг байсан... Багш ганц намайг дагуулахгүй шүү дээ, замаасаа тэр оройн гүнцэг хүртэх аз нь шовойсон улсыг олж дагуулна. Хожим ингээд бодож байхад ёстой л тэнгэрээс бууж ирсэн эрхэм байж дээ. Багшийг нэг ч удаа мөнгө ярьж байхыг нь би сонсоогүй. Хүний амьдралын аахар шаахар явдлаас үнэхээр ангид байж чаддаг сан. Өнөөгийн хүмүүсээс их өөр хүн байлаа. Дүүрэн номтой цүнхийг нь манай хөвгүүд ээлжлэн үүрнэ... Сайхан хоол унд иднэ. За тэгээд гитараа тоглоод сайхан дуулна, шүлгээ уншина. Өдөр болгоны амьдрал нь тэнгэрээс ирсэн хүн манай ертөнцөд зочилж яваа юм шиг. Надад маш гүн сэтгэгдэл төрүүлж чадсан. Энэ сайхан хүнээс үг сонсож явсан би их азтай." Дашийн Оюунчимэг