Уншсан, түүнээс ухаарсан зүйлсээ хуваалцдаг “Юу уншив” цувралын ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа дэлхийн цорын ганц хуваагдсан улс болох Хойд Солонгосын бодит түүх, тус улсын иргэдийн амьдралын зовлон жаргалыг гоёчлол чимэггүйгээр өгүүлэх “Атаархах зүйл үгүй” номын талаар жүжигчин Б.Ариунчимэгтэй ийн хөөрөлдлөө.

Энэхүү булангийн зочид өөрсдийн шимтэн уншсан, онцлох номын талаар бодол оюун, сэтгэл зүрхээрээ хэрхэн мэдэрснийг хүүрнэх бөгөөд гагцхүү хувийн үзэмж, өөрийн харах өнцгөөс тухайн бүтээлийг дүгнэж буй нь энэ юм.

Unread


"атаархах зүйл үгүй" номыг нэг өгүүлбэрээр

Мэдэхгүйн аймшиг заримдаа мэдэхгүйн гайхамшиг байх ч тохиолдол бий.


хэзээ, хэрхэн унших болов?

Надад өөрийн эрхгүй сонирхол төрүүлдэг хоёр сэдэв байдаг нь Хойд Солонгос болон Еврейчүүдийн амьдрал. Нэг удаа “Дэлхийгээр аялагчдын групп”-ээс Хойд Солонгосоор аялсан тэмдэглэл уншиж байсан юм. Тэр тэмдэглэлийн доор Хойд Солонгосыг бишрэн сайшааж, магтсан олон сэтгэгдэл дунд настай гэмээр эмэгтэй “Гоё сайхан юу байх вэ дээ, хүслээрээ хайрлаж дурлах хүний наад захын хэрэгцээ хангагдаагүй газар шүү дээ. “Атаархах зүйл үгүй” номыг уншчихсан байхад тэнд очиж цаг үрээд ч яах билээ” гэж бичсэн байсныг уншаад шуудхан л интернэтээс энэ номыг хайж, Kindle дээрээ татаж аваад уншиж эхэлсэн юм. Уншаад эхэлтэл тэр чигтээ ороод, бүр шөнө унтах гэтэл бодогдоод салдаггүй, өглөө болтол уншсаар байгаад л дуусгаж байсан ном.


юуны тухай өгүүлдэг вэ?

Энэхүү номын зохиолч Барбара Дэмик гэх эмэгтэй нь Los Angeles Times-ийн сэтгүүлч байх үедээ Өмнөд, Хойд Солонгосын тухай бичих даалгавар авсан гэдэг. Тухайн үедээ Хойд Солонгосын тухай бичихийн тулд Хойд Солонгосоос оргож Өмнөд Солонгосд ирсэн маш олон хүнтэй уулзаж ярилцан, тэдний амьдралын түүхээс сэдэвлэн энэхүү баримтат утга зохиолын номоо бичсэн. Баримтат хэрнээ бас утга зохиолын гэдэг утгаараа хэвлэлийн мэдээ шиг ерөнхий биш, Хойд Солонгосын ард түмний дотоод сэтгэлийн өнгө төрхийг бодитоор нь илэрхийлж, тэдний мэдрэмж, хүсэл мөрөөдлийн талаар маш сонирхолтой хэрнээ үнэн бичиж чадсан санагдсан.


тодхон санадаг, өнгөтөөр дүрслэгддэг хэсэг

1. Хойд Солонгост эрчим хүчний хямрал нүүрлэж улс даяараа тоггүй, түнэр харанхуйд автаж буй хэсэг гардаг. Аймшигтай сонсогдож байгаа ч энэ нь зарим талаараа тэдэнд эрх чөлөөг олгож байсан юм. Тэр тас харанхуйд залуухан хоёр хосын анхны хайрын болзоо болдог. Залуу нь бүсгүйн гэрийн гадаа очоод хоёр гурван цаг хүлээгээд зогсоно. Чангаар дуудаж болохгүй болохоор тэр шүү дээ. Удаан хүлээсний эцэст эмэгтэй нь гарч ирснийг хөлийн чимээгээр нь мэдмэгц хав харанхуйд юу ч ярилгүй зэрэгцэн алхана. Тосгоноосоо холдох тусам дуу нь чангарсаар хүний хөлөөс бүрэн холдсоны дараа сая нэг чөлөөтэй ярилцана.

Illustration by Gantuya


2. Нэгэн эмч Хойд Солонгосын хилээр арай гэж даваад Хятадын хилээр гарч ирнэ. Хэтэрхий бахардсандаа ухаан алдаад сэртэл нүднийх нь өмнө аягатай цагаан будаа тавьсан байхыг олж хараад маш их гайхширан “Ийм дээд, тансаг хоол яагаад газар байж байдаг билээ” гэж бодоод орчин тойрноо хартал тэрхүү будаа нэгэн Хятад айлын нохойны хоол байв.

энэхүү номоос авсан мэдрэмжээ зургаар илэрхийлвэл


хэнд санал болгох вэ?

Хараахан бие хүн болж төлөвшөөгүй байгаа хүүхдүүд “Ийм амьдрал ч бас байдаг юм байна, бид ийм амьдралтай тулгарвал эсэргүүцэх нь зүйтэй” гэх үзэл баримтлалыг энэ номоос олж аваасай гэж хүсэж байна. Энэ хорвоод олон төрлийн амьдрал, янз бүрийн нийгэм байдаг. Тэдгээрээс бид юунд талархах, юунаас болгоомжлох, юуны төлөө тэмцэх ёстой гэдгийг олж мэдэх учиртай.

Харин бидний үеийн залуусд энэ талын мэдлэг хэрэгтэй. Үнэн, худал нь үл ялгарах олон мэдээллийн дунд зөв, хэрэгтэй мэдээлэл олж авах төвөгтэй болсон. Үнэн үйл явдлыг өгүүлсэн бодит амьдралын бичээс гэдэг нь энэ номыг илүү үнэ цэнтэй болгож буй мэт.


ухаарал эсвэл эргэлзээ

Хойд Солонгосоос оргож ирсэн иргэдэд Өмнөд Солонгосоос их хэмжээний төсөв зарцуулан, нийгэмдээ дасан зохицоход зориулж сургалт зохион байгуулдаг. Гэвч тэд нэг харгис нийгмээс зугтаад өөр нэг харгис нийгэмд ирж буйгаа мэддэггүй. Тэтгэлэг болгон өгсөн мөнгийг луйварчдад алдаж, дахиад л өлсөх, ядууралд өртөх зэрэг явдал цөөнгүй. Энэ мэтээр тэдэнд шинэ нийгэмд дасах нь маш хүнд сорилт байдаг тул дийлэнх нь “Дэмий ч зүйл хийчихэв үү дээ, Хойд Солонгосдоо байж байх нь дээр байж” гэж боддог болохыг мэдээд өөрсдийн нийгмийн алдаа дутагдлыг өөр нэг өнцгөөс нь дахин олж харсан.