Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн Сократ, Платон, Аристотель зэрэг философичдын тухайд цэцэн мэргэн, суут сэтгэгчид хэмээн магтан дуулж, хүндлэн биширч ирсэн. Тэгвэл агуу Сократ дамын наймаачин байсныг, үхэн хүртлээ шинэ засаглал бүтээхийн төлөө өөрийгөө зориулсан түүний шавь Платон шаггүй зураач, хошин зохиолч байсан тухай мэдэх үү?     
 
Номын тухай булангийн шинэ дугаартаа алдарт философичдын ахуй амьдрал, тэдний цэцэлсэн сонирхолтой сургаалуудыг түүвэрлэсэн Философийн анхны түүх бүтээлийг хүргэе.  


Математик тооны хуулийг, физик хөдөлгөөний хуулийг судалдаг харин чухамдаа философи юу судалдаг билээ? Ер нь философич гэж хэн бэ? Тэдний үйл хэрэг нийгэмд ямар ашиг тустай вэ? гэдгийг эргэцүүлсээр эрт үед бичигдсэн философийн түүхийн цор ганц бүтээлийг шимтэн уншлаа.

Афины хэлзүйч, Киликиягийн Лаэртын Диогений уг бүтээлээ одоогоос 1800 гаруй жилийн өмнө НТ II зуунд туурвижээ. 82 философичийн намтар сургаал, академи, перипатетик, киник, стоик, скептик сургуулийн үүсэл хөгжил, гол төлөөлөгчдийн ахуй амьдрал, үзэл төлөвшлийг хүүрнэн өгүүлсэн тун ч уншууртай юм.

Фалес НТӨ 625-547 он    


Шинжлэх ухааны үндэслэгч, философийн эцэг гэгдэх Милетийн Фалес бол эртний Грекийн алдарт долоон мэргэдийн нэг. Тэрээр хүн төрөлхтний дотроос байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн. Харин Диогений түүнийг тийм гэж ил шулуун батлалгүйгээр үл мэдэгдэм эх сурвалжуудыг эшлэн “зарим нь түүнийг одон орныг анхлан судалж нар хиртэлт, өдөр шөнө тэнцэхийг зөгнөж байсан гэлцэнэ. Мөн түүнийг Өвөл, зуны туйл, Өдөр шөнө тэнцэх нь хэмээх хоёр ном бичсэн гэдэг” гэжээ. Нээрэн ч зарим хүний үздэгээр тэрээр нарны хэмжээ, нарны тойрог замын 1/720-тэй, сарны хэмжээ сарны тойрог замын мөн төдий хэмжээтэй дүйнэ хэмээн тооцоолж, сар 30 хоногтойг анх тогтоож, байгалийн тухай эргэцүүлэн ярилцаж эхэлсэн гэх. Жил хэр удаан үргэлжилдгийг нээсэн тэрээр нэг жил 365 хоногтойг тогтоожээ.

Нэгэн удаа тэрээр тэнгэр шинжин маш их баян ургац авах жил гарахыг мэдээд, Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэн авч боловсорч гүйцэх үед нь асар их орлого олж байсан гэдэг.

“Юмс үзэгдлийн хамгийн эртнийх нь бурхан. Яагаад гэвэл бурхан төрөөгүй.

Алив бүхнээс хамгийн сайхан нь бурхны бүтээл болсон эх дэлхий.

Хамгаас том нь буй бүхнийг агуулах орон зай.

Хамгийн хурдан нь бүхнийг багтаах ой ухаан.

Хамгаас хүчтэй нь бүгдийг эрхшээх төөрөг тавилан.

Хамгийн мэргэн нь бүхнийг дэлгэх цаг хугацаа.

Энэ дэлхийд юу хамгийн бэрх вэ? - Өөрийгөө таних,

Юу хамгаас амар, хялбар вэ? - Бусдад зөвлөх

Юу хамгийн таатай вэ? - Аз дайрах

Юу хамгаас бурханлаг вэ? - Эхлэл төгсгөлгүй тэр нэгэн зүйл.

Сократ НТӨ 470-399 он


Амьдралын хэв маягийн тухай анх эргэцүүлсэн Сократ шүүхээс цаазын ял сонссон анхны философич. Идомейн бичсэнээр тэрээр яруу илтгэдэг нэгэн байв. Хэлэмгий доломгойгоосоо болж зодуулж, үсдүүлж, шоглуулж доромжлуулах нь элбэг. Гэлээ ч тэр бүхнээ хүлцэнгүй тэвчиж, Афинд насаараа сууж, аль таарсан болгонтойгоо үнэний төлөө мэтгэлцсэн гэдэг. Тэрээр физик, философийг ойшоон сонирхох хүн төдий л олон бишийг ойлгоод зах, урлангаар орж ёс зүйн тухай сургах болжээ.

Зуушны тухай бодохгүй идсэн хоол хамгийн амттай, илүү ихийг горьдохгүй уух л сайхан, хэрэгцээ бага байх тусмаа бурханд ойртоно гэж сургадаг байсан нь шооч хүмүүсийн шүлэг найрагт үлдэж, эцэстээ түүнийг магтан дуулсан утгатай болж олонд түгсэн байдаг.

Сократ чин үнэнийг шулуухан өгүүлж байсандаа олонд адлагдаж, өрөөл бусдыг үл бодож амиа хоохойлдог хүмүүсийг илчлэх дуртайдаа түмний хорслыг төрүүлжээ гэж Диоген тодорхойлсон нь эрин цагийнхаа Робингүүд мэт.

Түүний амьдралаа дуусгасан шалтгааны тухайд Платоны Менонд өгүүлснээр:

Сократ Анит гэгч эрхмийг шоглоход тэрээр эргүүлэн залуусыг эмлэсэн бусармаг үйл хийлээ хэмээн буруутгаж шүүхэд гомдол мэдүүлжээ. Шүүгчид гэм зэмийг нь тооцож, Сократад үйлдсэн гэмээ цайруулах 25 драхм төлөхийг санал болгосонд тэрээр “Хийсэн үйлдсэнээрээ бол өөртөө Пританеяд (Төрд гавьяа байгуулсан түшмэдийг үнэгүй хоол ундаар дайлдаг төрийн зөвлөлийн газар ) зоог барих шийтгэл өгөх хэрэгтэй гэсэн гэдэг.


Гараа сайн бол бариа сайн.

Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.

Залуу хүний хувьд сайн үйл гэж юу вэ? - Хэмжээгээ мэдэх л хамгийн сайн.

Өөрийг нь муучилж байгааг дуулаад “сайн ярьж сураагүй л хүн юм” гэж дуу алдсан гэдэг.

Гэрлэх эсэхээ асуусан хүнд “Хүслээрээ л бол. Яадаг ч байлаа хожмоо харамсана”.

Эхнэр нь “Гэмгүй атлаа гэсгээл хүлээх нь” гэж мэлмэрүүлэхэд “Тэгвэл гэмтэй болоод гэсгээгдвэл дээр байж уу” гэсээр хариу барьжээ.

Пифагор НТӨ 580-572 ~ 500-490


Тэрээр амьдралын утга учрын талаархи өөрийн дүгнэлтүүдийг "философи" хэмээн нэрлэжээ. Флиунтын дарангуйлагч Леонт түүнээс хэн болохыг нь асуухад “Философич” буюу мэргэн ухаанд дурлагч гэж өөрийгөө тодорхойлсон гэдэг.

Пифагор Италичуудад хууль ёсыг номлон бичиж, хүндлэл бишрэлийг хүлээж, гурван зуугаад шавь нь Италийн төрийг түшилцэж, аристократ буюу шилдгүүдийн засаглалыг тогтоосон түүхтэй.

“Энэ амьдрал тоглоом наадгайтай л ижил, зарим нь өрсөлдөн тэмцэлдэх гэж, зарим нь худалдаа арилжаа хийх гэж, харин хамгийн жаргалтай нь харж ажиглах гэж ирдэг. Зарим нь албат боолоос ялгаагүй нэр төр, эд баялагт шунамхай төрдөг бол философичид гагцхүү чин үнэнд л шунан тэмүүлдэг”

Пифагор

Пифагорын шавь нар эхний таван жил багшийнхаа сургаал номлол, бүр царайг нь харалгүй хөшигний цаанаас сонсож, ам нээлгүй нам жим орчинд сууж, тогтсон сорилыг давмагцаа өргөөнд нь нэвтэрч, багштайгаа нүүр учирдаг байж.

Нэгэнтээ Пифагорыг хувцсаа тайлахад алтан гуятай нь ил болсон гэх домогтой. Несс голоор гатлахад голын ус түүнтэй мэндчилсэн гэлцэнэ. Бүр өөрийгөө урд төрөлдөө Грекийн домгийн баатар Хэрмэсийн хүү болон төрж хүндлэгдэж явснаа дурссан байдаг. Тиймдээ ч Метапонтод байх орон гэрийг нь Деметрагийн сүм, гэрт хөтлөх хонгилыг Охин тэнгэрсийн ариун дагшин газар гэж нэрлэсэн биз.

Пифагор хүний хувьд хамгийн эрхэм нь сэтгэлээ сайн, эсвэл мууд хандуулан чиглүүлэх үйл хөдлөл юм гэжээ. Хүний сүнс нь ухаан Nous, ухамсар Phren, хүсэл Thymos гэсэн гурван хэсэгтэй. Ухаан хүсэл хоёр бусад амьд биетэд байдаг бол ухамсар зөвхөн хүнд бий. Сүнс зүрхнээс тархинд чиглэсэн хөдөлгөөнтэй. Зүрхэнд буй нь хүсэл, тархинд буй нь ухаан ухамсар, эдгээрийн урсгал нь бидний мэдрэхүй юм. Ухамсар мөнх бол бусад нь мөнх бус.


Аристотель НТӨ 384 - 322


Түүнийг хүмүүс муулж байгааг дуулаад “Араар бол алсан ч яах вэ?” гэж дуу алдсан байдаг. Платоны хамгийн үнэнч шавь Аристотель шулга яриатай, нарийнхан хөлтэй, жижигхэн нүдтэй боловч өмсгөл зүүсгэл, бэлзэг бөгж, үс гэзгээрээ олноос онцгой нэгэн байжээ. 99-р олимпын эхний жилд төрсөн Аристотель 17 настайдаа Платонд шавь орж, 20 жил дагасан гэдэг. Шинжлэх ухааны олон салбарт авьяастай тэрээр тодорхой 400 орчим ном зохиол туурвижээ.

Аристотелийн нэг түүхэн үнэт гавьяа бол шинжлэх ухаанд ангилалт хийж, философийн шинжлэх ухаан биеэ даасан тусгай шинжлэх ухаан болохыг нотолж, түүний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг харуулсан юм.

Түүний философи тухайн цагийн олныг эзэмдэгч айдас хүйдэс болон өдөр тутмын үйл явдлуудыг бүрхсэн учир битүүлэг байдлын цэгцлэхэд чиглэж байв. Тухайлбал Метеорологик хэмээх бүтээлдээ цахилгаан цахих болон тэнгэр дуугарахыг тайлбарлахдаа байгалийн үзэгдлийн (чийг, ууршил, үүлний нягтрал, нарны элч, усны төлөв байдал, хувирал гэх мэт) ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг нь Зевс аянга цахилгааны эзэн гэж итгэцгээдэг байсан тэр цаг үед тун бага шашны агуулгатай байгаа хэрэг.

Философи ямар ачтай вэ? -Өрөөл бусдын хувьд хууль ёсноос эмээсэндээ хийдгийг би үүний л ачаар өөрийн хүслээр гүйцээх болсон.

Худал хэлэх ямар ашигтай вэ?-Үнэнийг хэлэхэд ч итгэхгүй байх сайн талтай.

Юу хурдан хөгширдөг вэ? - Талархал.

Итгэл гэж юу вэ? - Сэрүүн зүүд.

Боловсролтой, боловсролгүй хүмүүс ямар ялгаатай вэ?- Амьд үхсэн хоёр шиг л ялгаатай.

Найз гэж хэн бэ? - Нэг сэтгэлтэй хоёр биеийг хэлнэ.

Найз нөхдөдөө яаж хандах ёстой вэ? - Чамд яаж хандаасай гэж хүснэ. Яг л тэгж хандвал зохилтой.

Сайхан хүмүүст хүн яагаад татагддаг вэ? - Энийг лав сохор хүн асуугаа биз.

Яаж амжилтад хүрэх вэ? - Ардаа байгааг хүлээлгүй урдаа байгааг гүйцэх хэрэгтэй.