Аливаа байгууллага болон бүтээгдэхүүн, үйлчилгээний туйлын зорилго нь хэрэглэгчийг аз жаргалтай болгоход оршино. Тиймээс боломжит хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн ухаалаг шийдэл, тухтай үйлчилгээг урьдаар тооцох нь нэн чухал. Ингэхийн тулд тоон болон чанарын судалгаа хийх хэрэгтэй.
Бизнесийн онцлог, хэмжээнээс үл хамааран зайлшгүй хийх ёстой тэрхүү судалгааг хийхэд туслах сурах бичиг бол Шейла Кээганийн "Чанарын судалгаа" бүтээл юм.
Бид өдөр тутамдаа юу идэх, ямар хувцас өмсөх эсвэл аль орон руу аялах вэ, ямар мэргэжлээр сурах вэ зэрэг том, жижиг олон шийдвэр гаргадаг. Ямар ч шийдвэрийн өмнө тодорхой хэмжээгээр судалж, ингэх явцдаа олж авсан мэдээлэл, туршлагадаа үндэслэн хамгийн зөв сонголтыг хийх учиртай. Бизнесийн байгууллагууд ч үүнтэй ижил.
Уг номын зохиолч Доктор Шейла Кээган нь мэргэшсэн сэтгэлзүйч бөгөөд чанарын судлаачаар 25 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр бизнесийн байгууллага, зар сурталчилгааны агентлаг, төрийн болон хувийн компаниуд, хувь хүмүүст соёлын чиг хандлага, хэрэглэгчийн сэтгэлзүйн зөвлөхөөр ажилладаг ба зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Campbell Keegan компанийг үүсгэн байгуулжээ.
зах зээлийг судлах нь: тоон ба чанарын судалгаа
Зах зээлийн судалгаанаас олж авсан мэдээллээр хэрэглэгчтэй харилцах зөв тактик болон байгууллагын стратегийг боловсруулдаг. Мэдээж ийм судалгаа нь дангаараа туршлага, үнэлэлт, дүгнэлтийг орлохгүй боловч үр дүнтэй шийдвэр гаргахад туслах нь лавтай.
1930- аад онд маркетингийн салбар үүсэхтэй зэрэгцэн зах зээлийн судалгааны арга техникүүд хөгжиж маркетингийн бус салбарууд ч ашиглах болов. Тэдгээр олон аргачлалуудыг тоон, чанарын гэсэн хоёр үндсэн ангилалд хуваадаг. Тоон судалгаа нь хэдэн удаа эсвэл хэр зэрэг гэсэн асуултад хариулж хэрэглэгчдийн хандлага, зан төлвийг тодорхой тоон үзүүлэлтээр илэрхийлдэг бол чанарын судалгаа нь юу, яагаад, яаж гэсэн асуултад хариулахыг зорьдог ба хэрэглэгч яагаад тийнхүү бодож, шийддэг вэ гэдгийг илрүүлэх зорилготой.
Чанарын судалгаа, бизнес хоёр бол тэмээний хоёр бөх юм.
Коммершиал судалгаа + шийдэл
Коммершиал буюу бизнесийн үйл ажиллагааны судалгаа нь асуудалд бодит шийдэл олж өгдөг. Энэ нь бидний сайн мэдэх, зэрэг ахиулах академик судалгаанаас тун өөр. Тухайн бизнест оновчтой шийдвэр гаргахад нь тусалж, хөгжин цэцэглэхэд нь тусалж чадсан эсэхээр уг судалгааны амжилтыг тодорхойлж болно.
Чанарын судалгааны гол зорилго нь хэрэглэгчид хэрхэн өөрсдийн ертөнцийг хардаг гэдгийг ойлгох, тухайн ойлголт дээрээ үндэслэн бүтээгдэхүүн үйлчилгээ, зар сурталчилгааны харилцааг хөгжүүлэхэд оршино. Энэ төрлийн судалгааг дараах байгууллагууд хийлгэдэг.
- Олон нийтэд бүтээгдэхүүнээ шууд борлуулж тэдэнтэй харилцдаг компаниуд
- Байгууллагын зах зээлд ажилладаг компаниуд
- Төрийн байгууллага
- Байгууллага доторх үйл ажиллагааны судалгаа
Харин сайн чанарын судалгаа хийхийн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
- Шинжих судалгаа
- Тодорхой нэгэн зах зээл, брэнд, нийгмийн асуудлыг судлах
- Хэрэглэгчийн хэв шинжийг тодорхойлох
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх
- Олон нийттэй харилцах кампанит ажлыг хөгжүүлэх
- Зар сурталчилгааны хөгжүүлэлт
- Байгууллагын соёлын өөрчлөлтийг судлах
- Дэлхийн/соёлын асуудлуудыг шинжих
Жишээлбэл, судалгаа хийлгэж буй байгууллага шинэ технологийн гар утсыг зах зээлд нийлүүлэх гэж байлаа гэе. Энэ нөхцөлд хэрэглэгчдийг сониуч зан, аливаа шинэ зүйлд нээлттэй хандах байдал, технологийн ойлголт зэргээр нь хувааж бүтээгдэхүүнээ хөгжүүлэх ерөнхий загварыг бий болгоно. Аль эсвэл одоогийн бүтээгдэхүүний сурталчилгааг илүү оновчтой болгоход тусалдаг.
Зар сурталчилгааг хөгжүүлэх аргууд
Бүтээгдэхүүн, үйлчилгээг эцсийн эцэст хэрэглэгчдэд зориулсан тул тэдний мэдрэмж, сэтгэгдэл, туршлагад үндэслэн хөгжүүлэх шаардлагатай. Эдгээрийг олж мэдэхийн тулд чанарын судлаачдын ашигладаг "Төсөөлүүлэх" аргыг ашиглаж болно. Энэ аргын хүрээнд үг холбох, зураг ангилах, бодлын бөмбөлөг, өгүүлбэр гүйцээх зэрэг бүтээлч дасгал ажлуудыг ашиглан хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлдөг далд ухамсар, итгэл үнэмшлийг зэргийг танин мэдэх боломжтой. Энгийнээр бол судалгаанд оролцогчдын үгээр тайлбарлахад амаргүй бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж олж мэдэхэд тусалдаг гэсэн үг.
Жишээ нь бид өнгөрсөнд болсон үйл явдлын тухай ярихдаа нарийн мэдээллүүдийг тэр бүр санадаггүй. Тэгвэл үйл явдлын график буюу үйл явдлын хэсэг, үе шатуудыг цаасан дээр буулган зурах арга нь тэдгээр мартагдсан мэдээлэл бүрийг санахад тусалдаг. Энэ аргаар судалгаа хийж, оролцогчдоос хамгийн сүүлд нисэх онгоцоор зорчсон явдлаа зурж өгөхийг хүслээ гэж бодъё.
Оролцогчид гэрээсээ нисэх буудал руу гарснаас эхлэн зорьсон газраа хөл тавих мөч хүртэлх үйл явдлыг буулгана. Бизнес аялал уу, амралт уу эсвэл гэр бүлийн аялал уу? Аяллын явцад тохиосон оргил үеүдийг бодож тухайн мөчид ямар санагдаж байв, юу харж, сонсож, мэдэрсэн бэ? Таатай байсан уу, үгүй юу? Ямар байсан бол танд таалагдах байсан бэ? зэргээр тухайн үйл явдлыг эргэн сануулж оролцогчдын мэдэрсэн зүйлсийг мэдэрч түүн дээрээ тулгуурлан илүү оновчтой шийдвэр гаргах боломжтой.