Өнгөрсөн долоо хоногт барилга, үл хөдлөхийн салбарынхны хамтран ажиллах, мэдлэг мэдээллээ солилцох талбар болсон Блок девелоперуудын клубийн ес дэх удаагийн уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалт дэлхийд хаалга үйлдвэрлэлээр тэргүүлэгч Hörmann группийн Монгол дахь төлөөлөгч T&G групптэй хамтран Hörmann шөүрүүмд зохион байгуулагдсан онцлогтой. Энэ удаагийн нийтлэлээрээ барилгын салбар, тэр дундаа аюулгүй байдлын амин чухал хэсгүүдийн нэг хаалга үйлдвэрлэлээр тив дамнасан хамтын ажиллагааг бэхжүүлж яваа туршлага тэргүүтэй онцлох агуулгуудыг сорчлон хүргэе.

Блок девелоперуудын клубийн тухай

Манай уншигчдын эчнээ танил болсон Блок девелоперуудын клуб өнгөрсөн оны 10-р сард үүсгэн байгуулагдсанаасаа хойш 33 гишүүнтэй болжээ. Үл хөдлөх, барилгын салбарын хамтын ажиллагаа, туршлага солилцоо, мэдээллийн урсгалыг дэмждэг эл хаалттай клуб салбар салбарын удирдах албан тушаалтнуудыг цуглуулж, шийдвэр гаргах түвшний төрөл бүрийн уулзалт, хэлэлцүүлэг, тур зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн нэг жил хүрэхгүй хугацаанд л гэхэд тэд "Block Investment," "Block Suppliers" тэргүүтэй томоохон арга хэмжээ, сар бүрийн уулзалтуудыг тууштай зохион байгуулсныг онцлууштай.

Дэлгэрүүлж унших:

Үл хөдлөхийн эргэн тойронд - БЛОК клубийн анхны уулзалтыг тоймлох нь

Үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэгчдийн ээлжит цуглаан: БЛОК девелоперуудын клуб

Үл хөдлөхийн салбараас үл хөдлөх шалтгаан: Block Investment Summit

Санаагаа бодит болгох талбар: Block Suppliers 2026


А.Оргил, Блок девелоперуудын клубийн хамтран үүсгэн байгуулагч

T&G группийн тухай

Блок девелоперуудын клубийн анхны гишүүдийн нэг T&G групп нь сүүлийн 30 жил барилга хот байгуулалтын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, барилгын материалын импорт, худалдаа, угсралт, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж иржээ. “Ти энд Жи Архитектс” охин компани нь л гэхэд нийслэл болон орон нутагт нийт 300 орчим барилга, хот байгуулалтын төсөл боловсруулсан бөгөөд тэдгээрийн 70 гаруй хувь нь амжилттай баригдаж, ашиглалтад орсон байна. Өдгөө тэд үйлдвэр, үйлчилгээ, ахуйн зориулалттай металл хаалганы үйлдвэрлэл, угсралт, худалдааны чиглэлээр дэлхийд танигдсан Германы Hörmann брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажилласан 17 жилийнхээ ойг тэмдэглэж буй.


Hörmann группийн тухай

Тэртээх 1935 онд Хорманн гэр бүлийн үүсгэн байгуулсан бяцхан ган хаалганы брэнд өнөөдөр дэлхий даяар 40 гаруй үйлдвэртэй болж өргөжжээ. Үүний 6 нь 30 гаруй борлуулалтын төвийн хамт Ази тивд байршиж байна. Өдгөө компанийн тав дахь үеийн залгамжлагч Херманн Хорманн Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй. 1950-иад онд Hörmann брэнд анхны патентлагдсан гараашийн хаалгаа танилцуулснаар компанийн хөгжил шинэ шатанд гарсан бөгөөд үүнээс хойш үйл ажиллагаагаа тэлсээр орон сууц, үйлдвэрлэл, логистикийн зориулалттай хаалга, хийцийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн нэг болоод байна.


Зургийг: Hoermann

Hörmann брэнд ба T&G группийн 17 жилийн хамтын ажиллагаа

Херманн Хорманн, Hörmann группийн Ази номхон далайн бүсийн захирал

T&G групп сүүлийн 17 жил Hörmann брэндийг Монголд нэр төртэй төлөөлж, суурилуулалт, засвар үйлчилгээ, түгээлтийн ажлыг өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. Биднийг нэгтгэдэг хамгийн чухал зүйл нь барилгын салбар дахь чанартай бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх хүсэл гэж хардаг. Чанар бол бидний үндсэн зарчим. Манай бүтээгдэхүүний төрөл өргөн хүрээтэй ч түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйл явцыг нэг стандартын дагуу хянадаг.

Өнөөдөр Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж байна. Саяхан бид Шангри-Лагийн хажууд байрлах MCS Tower барилгыг галд тэсвэртэй хаалганы шийдлээр бүрэн тоноглосон. Ирээдүйд ч Монголын зах зээлд илүү олон чанартай бүтээгдэхүүн, дэвшилтэт шийдлийг нэвтрүүлж, барилга байгууламжийг аюулгүй, найдвартай ажиллагаанд хувь нэмрээ оруулахаар ажиллах болно.

Галын хаалга яагаад чухал вэ?

Ц.Гантулга, T&G Doors ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Үйлдвэр, үйлчилгээ, ахуйн зориулалттай төрөл бүрийн хаалга дундаас эрүүл мэнд, тэр ч байтугай амь насыг хамгаалдгаараа хамгийн чухал нь галын хаалга гэдгийг цохон тэмдэглэе. Галын хаалга чанартай бол наанадаж гэнэтийн ослын үед аврах багийн тусламж иртэл 1 цагийн турш галын тархалтыг зогсоох, аюулыг сааруулах боломжтой. Гэтэл манай улсад энэ төрлийн хаалганы хийц, суулгалтын стандарт байхгүй нь аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэл дагуулдаг. Иймдээ ч бид дэлхийд энэ бүтээгдэхүүнээр тэргүүлэгч Hörmann групптэй хамтран албан ёсны сертификат, тест шалгалтын тайлан бүхий хаалгыг санал болгож, жишиг тогтоохоор ажиллаж байна.

Hörmann группийн адил гэр бүлийн бизнесийн хувьд авч үзвэл Блок клубт хоёрдугаар үеийнхний төлөөлөл олон бий. Энэ үеийнхний төлөөлөл салбарт орж ирж буй чухал үед мэдлэг туршлагаа харилцан солилцох, бизнесээ өргөжүүлэх зорилгоор клубт элссэн. Монголчуудын хувьд гэр бүлийн бизнесийн соёл төдийлөн түгээмэл биш байсан ч сүүлийн 30 жилийн хугацаанд чамгүй суусан санагддаг.

Манай компани Hörmann брэндийн чанартай хаалганы түгээлт, борлуулалт, угсралтаас гадна борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэгч. Бидний хувьд автомат хаалга угсрахад шаардлагатай програмчлалаас эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үе шаттай танилцуулах зорилгоор бүхий л ажилчдаа Герман, Хятадад бүтээгдэхүүний үйлдвэрт нь сургаж, чадавхжуулдаг онцлогтой.

Салбарын өрсөлдөх чадвар хэрхэн бий болдог вэ?

Д.Жаргалсайхан, эдийн засагч, “The Defacto Gazette” “The Defacto Institute”-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Одоогоос 13 жилийн өмнө Херманн Хорманн захирлын аавтай нь уулзаж ярилцлага хийж байлаа. 1930-аад оноос эхтэй Хорманн гэх энэхүү гэр бүлийн бизнес шиг, Монголд T&G групп барилгын салбарт шинэ өнгө төрх, чанарын стандартыг тогтоож эхлээд 30 жилийг үджээ. Барилга, хот байгуулалтын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, барилгын материалын импорт, худалдаа, угсралт гэхчлэн төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ компаний онцлог нь манай орны эрс тэс уур амьсгал, байнгын эдэлгээнд тэсвэртэй загвар, хийц бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж хардаг.

Хөгжиж буй улс орнуудад эхлээд уул уурхайн салбар тэргүүлж, ардаас нь барилгын салбар эрчтэй хөгждөг. Манай улсын барилгын салбар хурдацтай хөгжихтэй зэрэгцэн өрсөлдөөн ч эрчтэй өрнөж байна. Үүнийг барилга, бүтээн байгуулалтын өндөр нам, хэлбэр хийцийн ялгаанаас л шуудхан харж болно. Компаниуд технологи, боловсон хүчин, мэдээллээ хуваалцах, хамтран хэрэглэх замаар салбарынхаа өрсөлдөх чадварыг бий болдог тул барилгын салбарынхан хамтран ажиллах, мэдлэг мэдээллээ солилцох хэрэгцээ шаардлага зайлшгүй. Үүний үр дүнд ч илүү тохитой, цомхон, эрчим хүчний хувьд хэмнэлттэй, дэд бүтцийн дэвшилтэт шийдлүүдэд суурилсан сууц, байгууламж олширч байна.

Б.Майдар, Гал Импекс компанийн гүйцэтгэх захирал

Б.Майдар, Гал Импекс компанийн Гүйцэтгэх захирал

Манай компани анх 1971 онд байгуулагдаж, улсын гал унтраах техникийн засвар үйлчилгээ, сэлбэн нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлж байгаад 2020 оноос хувьчлагдаж, одоо бол галын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн албан байгууллагуудад галын сургалтууд ч идэвхтэй ордог.

Хуучин бол 5 гаруй жил шаарддаг байсан барилгыг өдгөө жил хагасын дотор барьж чаддаг болсон. Үүнээс улбаатай хүн амын төвлөрлийг дагаад гал, техногенийн аюул эрсдэл өсдөг. Манай нийслэл хотын хувьд ч байнгын оршин суугч, хүмүүсийн урсгалыг нийтэд нь тооцвол анхны зориулалтаасаа даац нь хэтэрсэн гэдгийг мэргэжилтнүүд дурддаг шүү дээ. Ингээд харвал аюулгүй байдлын бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлага улам их болж байгаа. Мөн барилгын тоо бус чанарт анхаарал хандуулахын чухлыг урьд урьдаас илүү онцолж байна. Бид Блок клубээрээ энэ санаан дор нэгдэж, мэдлэг, мэдээллээ солилцох боломж олддог нь олзуурхууштай.

Бусад онцлох мөчүүд