Өнөөдрийн танилцуулах ном бол тун саяхан хэвлэгдсэн "Чанар философи" юм. Уг номыг 2011 оноос хойш зөвлөх үйлчилгээний байгууллага байгуулан, чанарын удирдлагын чиглэлээр сургалт, зөвлөгөө өгч ирсэн Д.Отгонбат бичжээ. Уг бүтээлд чанарын талаарх онолын гол ойлголтууд болон практикт хэрэглэж болох санаануудыг багтаасан байна. Нэрийг нь хараад бизнесийн байгууллагын удирдлагад илүү хамаатай юм гэж бүү бодоорой. Энэ номд байгууллагад ч, хувь хүнд ч хамаатай, хүмүүсийн ажил, бизнест чухал сэдвийг хөнджээ.

НОМЫН ТУХАЙ

Чанар бол өрсөлдөөний гол зэвсэг гэж болно. Чанар хэзээ ч тохиолдлын байдаггүй. Энэ бол их хичээл зүтгэл, мэдлэг, хөдөлмөрийн үр дүн гэдгийг өнөөгийн бизнес эрхлэгчдэд болон хэрэглэгчдэд тайлбарласан бүтээл аж.

Уг ном нь гурван бүлэгтэй. Эхний хоёр бүлэг бол ямар ч ажил мэргэжлийн хүн уншихад тохиромжтой санагдав. 1-р бүлэгт ерөөс чанар гэж юу вэ, үүнийг хэрхэн нэг янзаар ойлгох вэ, яагаад чанар хувь хүнд илүү хамаатай вэ, чанарыг бүтээгч байхад бидэнд юу сорилт болдог вэ зэрэг асуултад эргэцүүлэл байдлаар хариулт өгнө. Бид чанарыг бусдаас их, өөрөөсөө бага эрэлхийлдэг гэдгийг зохиогч тодотгожээ: "Ганцаараа байгаа та бол жинхэнэ та ба ганцаараа байх үеийн таны чанар бол жинхэнэ таны чанар.”

Харин 2-р бүлэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын хэв шинжүүдийн талаар тайлбарлан бичжээ. Бүтээгдэхүүний ялгарал, өнгө дизайн, шинж чанар, хэв маяг, чанар стандарт гээч зүйлсийн талаар “хөшигний ардах" нарийн мэдээллийг багтааж өгчээ. Энэ номыг уншсанаар өмнө бараа бүтээгдэхүүнийг зүгээр л барьж тавиад л, гүйлгэн хараад өнгөрдөг байсан бол одоо “шаал өөр” нүдээр харж мэднэ. Хувиараа бизнес хийдэг буюу аль нэг байгууллагад ажилладаг хүмүүст бол 2-р бүлэг хэрэг болно.

Харин 3-р бүлэгт бага зэрэг бизнесийн тал руу хэлбийжээ. Зөвхөн чанарт биш бизнесийн удирдлагын бусад хүрээнд ч хэрэглэдэг арга аргачлалуудыг энэ бүлэгт тайлбарлажээ. Жишээ нь, Улаанбаатар хотын замын бөглөрлийн шалтгааныг арилгахад “загасны ясны арга”-аар зураглал хийсэн нь сонирхолтой бөгөөд бодит санагдсан.

ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

-Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар бол наана харагдах чанар юм. Наана харагдах чанар нь цаана харагдахгүй байгаа чанарын л илрэл. Мөсөн уулын дөнгөж орой хэсэг нь л усан дээр харагддаг шиг. Тэр далд хэсэг нь чанарын хамгийн гол бөгөөд тэр нь хувь хүний чанар, байгууллагын чанар 2 юм.

-Бидний ихэнх нь суурь, зарчим үндсэн ойлголтуудыг үл хэрэгсэн бушуухан л ямар нэг арга хэрэгсэл (tool), аргазүй юу байна, ашиглачих бэлэн загвар байна уу хэмээн “яардаг” зантай. Угаас, суурьтай онолын мэдлэггүйгээр аливааг үйлдэх нь тогтвортой амжилтыг бий болгодоггүй.

-“Чанар”-ын суурь, зарчим, үндсэн ойлголтоо ултай суурьтай сайн ойлгоогүйгээс, байгууллагууд “чанар”-ын тал дээрээ дорвитой ахиц, дэвшил, үр дүн гаргаж чадахгүй бөгөөд тэр нь улмаар дан ганц чанарын биш, бизнесийн удирдлагын “complex problem” болж хүндэрдэг.

-Хэрэглэгч таны “чанар”-т оруулах ёстой нэг чухал хувь нэмэр бол хэрэглэгч хүний зүй ёсны эрхийг зөв эдэлж, үйлчилгээний болон бараа бүтээгдэхүүний доголдлын талаар үйлчилгээ үзүүлсэн, бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байгууллагадаа мэдээлж, зөвөөр гомдол санал тавьдаг байх тэр дадал, зуршил юм.

-Хэрэглэгч өөрийн авч буй бүтээгдэхүүний үйлчилгээний “чанар”-т өөрөө нөлөөлж байдгаа ойлгох хэрэгтэй. Заримаа хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний “чанар”-ыг хамтран бүтээлцэж байдаг. Жишээ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ (эмнэлэг), фитнес дасгалжуулалт, сургалт гэх мэт.

-Зорилго нь зөв бол “Ад үзэгдэх зориг”-тойгоор дуугар. Чанарын талд зогс, “чанар”-гүйг бүү дэмж. Энэ бол бидэнд их л дутагдаж байгаа чанар шүү. Бидний дунд олон “ад үзэгдэх эр зоригтон, шүгэл үлээгчид, буруутай тэмцэгчид байсан бол эсвэл байдаг бол бидний амьдрал их өөр байх байсан даа. Бидний дунд олон “ад үзэгдэх зоригтон, шүгэл үлээгчид, буруутай тэмцэгчид бий болвол бидний амьдралд их олон зүйлс өөрөөр эргэх болно.

-Магадгүй бүтээгдэхүүний чанар гээд яриад эхлэхээр, чанарын ажилтан, технологич нарын хариуцдаг ажлын тухайн ярих нь гэж андуу бүү ойлгоорой. Огт үгүй. Энэ бол хөрөнгө оруулалт, стратеги, өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний зохион бүтээлт, хөгжүүлэлт, хэрэглэгчийн харилцаа гэх мэт байгууллагын дээд түвшний ойлголтуудын тухай байх болно.

-Бид өрсөлдөх чадвартай байж, дэлхийн зах зээлд ямар нэг бараа бүтээгдэхүүнээр тоглогч болох гэх мэт бодлого зорилтуудыг ярьж байна. Эдгээр зорилго, зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход бид, дэлхий “чанар”-ыг юу гэж ойлгодог юм, хэрхэн хангадаг юм, яаж удирдаж, сахиулдаг юм? гэх мэт асуултуудын хариуг олж “чанар”-ыг олон улсын түвшин нэг хэлээр ойлгож, танин мэдэж түүнд нэвтэрсэн байх нь чухал болж байна.

-Та болон танай хамт олон бүтээгдэхүүний “чанар”-т илүү нэвтэрч, түүнийг ойлгосноор бүтээгдэхүүн, хөгжүүлэлт, хэрэглэгчийн харилцаа, дизайн зэрэгтээ илүү өргөн хүрээтэй, илүү шинжлэх ухаанч байдлаар хандаж, мэдлэгийн менежмент хийх боломжийг нэмэгдүүлэх болно.

-Үнэн хэрэгтээ, хэрэглэгчид бүтээгдэхүүн чанарын хэв шинжийн аль нэгээр юм уу эсвэл хэд хэдээр нь өдөөгдөж л худалдан авалтыг хийж байдаг. Ер нь бүтээгдэхүүний чанарын хэв шинжүүдийг бүгдийг нэг бүтээгдэхүүн дээр цогцлоох нь тун ч амаргүй сорилт бөгөөд угаас бүх хэв шинжийг нэг бүтээгдэхүүнд цогцлоох хэрэгцээгүй ч байж болно. Тухайн бүтээгдэхүүн юу вэ гэдгээс хамаарч бүтээгдэхүүний чанарын хэв шинжээс аль нь илүү чухалчлагдахыг та болон танай компани тодорхойлох ёстой юм. Энэ таны хийх ёстой ажил байх болно, мөн шийдвэр байх болно. Үүнийг хэлж, ойлгуулах нь л номын энэ хэсгийн зорилго юм шүү дээ.

-Монголын хувийн хэвшлийн жижиг дунд бизнесийн эрхлэгчдийн 75 хуваас дээш нь үйлчилгээний салбарт ажилладаг. Тэдний ихэнх нь худалдаа, нийтийн хоол, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, гоо сайхны газар, нийтийн үйлчилгээ гэх мэт олон салбарт ажилладаг. Үйлчилгээний салбарт ажиллаж буй зарим байгууллага тун болчимгүй, гэнэн алдааг гаргаж байгаа харагддаг. Үүний гол шалтгаан нь мөнөөх л мэдлэг билээ. Угаас, суурьтай онолын мэдлэггүйгээр аливааг үйлдэх нь тогтвортой амжилтыг бий болгодоггүй. Тиймээс үйлчилгээний чанарыг ойлгох, түүнийг бий болгох, улмаар тогтмол хадгалах гэх мэт системтэй цогц ойлголтыг өгөх нь номын зорилго билээ.