“Хүний амьдрал гэдэг сонголтуудын бүрдэл. Тэдгээр сонголт дотроос хамгийн чухал нөлөөтэй хоёр сонголт бол нэгдүгээрт ханиа сонгох, хоёрдугаарт мэргэжлээ сонгох” гэж бараг хүн бүр дуулж байсан байх. Энэ цагийн залууст мэргэжил сонгох нь ханиа сонгохоос дутуугүй чухал гэхэд буруудахгүй. Мэргэжлээ сонгохын цаана хэрхэн, юуны төлөө ажиллах, анх яагаад эхлүүлсэнээ эргэж санах, бүтэхгүй бол орхих гэх мэт эргэлзлийн олон уулзвар биднийг угтаж, түүнийг даван туулах шийдэл, итгэл үнэмшил нь ажлаа утга учиртайгаар хийх шалтгаан болдог.

Энэхүү номд зөвхөн энтрепренерууд гэлтгүй, мэргэжлээрээ аль нэг компани, соёлд уусан ажиллаж буй бүх хүнд хамаатай асуудлууд, хэвшмэл үзлээс үүддэг өрөөсгөл ойлголтуудын талаар энгийнээр тайлбарлан бичжээ. Уг номыг UI&UX дизайнер Э.Төмөрхуяг, "MOST" сэтгүүлийн эрхлэгч Г.Мөнхбаатар нар орчуулсан байна.

Номын тухай 

“Rework” буюу "Өөрөөр ажиллая" номдоо Жэйсон Фрайд, Дэвид Хенссон нар "37signals" компанийг үүсгэн байгуулсан туршлагаа өгүүлнэ. Уг ном нийт 10 бүлэгтэй бөгөөд бүлэг дэх дэд хэсгүүд тус бүр 1-3 нүүр л үргэлжилнэ. Үргэлжилсэн үгийн том бичвэрээс халгадаг хэнд ч хялбар уншигдаж, төвлөрөөд суувал гялс дуусгахаар ном ажээ. Хэрхэн, яаж, яг юунд зориж ажиллах тухай арга барилын хөдөлшгүй дүрэм гэж үгүйг миний бие энэ номоос ойлгож авсан юм.

“Хүмүүс ажлын найман цаг тасралтгүй ажиллана гэж хэзээ ч байхгүй”

Rework

Өглөө болгон ажил эхлэх цагтаа “хуруу уншуулдаг”, хоцорвол цалингаас суутгадаг байгууллагад хэсэг ажилласны дараагаас шинэ санаа гаргаж, тухайн бүтээгдэхүүнийг хөгжүүлж буйдаа урамшихаас илүү, шийтгэлийн зарчмаас нь халгасандаа үр дүн гаргах гэж хичээх нь бий. “Хэн ер нь ажил найман цагаас эхлэх ёстой гээд хэлчихсэн юм бол оо” гэж хошигнодог шиг, нээрээ ч ингэж ажиллах ёстой бол үлдсэн амьдралаа ингэж өнгөрүүлмээргүй байна гэж тэр үед бодогдоно. Бизнесийн байгууллагын хувьд ч ажилчидтайгаа яаж ажиллах, хэрхэн харилцах, аль болох урт хугацаанд ажиллах урам, итгэл төрүүлж, хэрхэн “өөриймшүүлэх” нь мөн толгой гашилгам асуудал гэдэг нь мэдээж биз ээ.

“Журам гэдэг байгууллагын сорвижсон шарх. Дахиж хэзээ ч болохгүй гэсэн утгыг агуулдаг. Мөн ганц хүний алдаанаас олон хүнд хүртээдэг шийтгэл. Ингэж л хүнд суртал буй болдог”

Rework

Тиймээс ажлын арга барил, бизнес хөгжүүлэх үйл явц анхнаасаа ийм байх ёстой гэсэн дүрмийг авч хаяад, түүний оронд нээлттэй, бүтээлч хэв маягийг туршиж үзэж яагаад болохгүй гэж?

Юунаас эхлэх вэ? 

Хэрвээ та өөрийн санаагаа бизнес болгож, бусдад хүртээлтэй, ашигтай болгохыг зорьж буй бол “бизнесийн зарчим” гэх мэт сүртэй нэртэй, зузаан ном барьж, том хөрөнгө оруулалт бүхий компанийн захирлуудыг шохоорхох хэрэггүй ч байж мэдэх юм. Жэйсон Фрайд, Дэвид Хенссон нар бизнесээ хөгжүүлэх хугацаандаа олон зүйлийг туршиж, хэв маяг, аргуудаа өөрсдийн нөхцөлд байдалд тохирох байдлаар өөрчилсөөр байв. Амжилтад хүрэхээр тэмүүлж яваа хүний хувьд бусдын нүдэнд "торж", элдэв санал шүүмжээр булуулах үе гарах нь мэдээж. Харин тэр үед бусдын үгэнд биш, өөрийн санаанд төвлөрч, чиг шугамаа алдахгүй явах нь маш чухал. Үүний тулд бусад компанийн урдаа барьдаг алсын зорилго, зорилтоос илүү өөрийнхөө анх сэдсэн санаан дээрээ бат тулгуурлаж, улиг болсон аргачлалуудыг дагах гэж хүчлэхээ болих хэрэгтэй. Ажил бол зөвхөн мөнгөний төлөө хийдэг зүйл биш. Үнэ цэн, хувь хүнийг хөгжүүлэх, улам илүүг сэтгэх боломжийг олгох орон зай байх нь тухайн бизнесийг "амьд" байлгах хүчин зүйл билээ. Ихэнх зохион бүтээгчид ердөө өөрт тулгарсан асуудлуудыг хэрхэн оновчтой бөгөөд энгийнээр шийдвэрлэж болох вэ гэдгийг анхаарч, түүнийхээ хүчинд л хүмүүст хүртээмжтэй бүтээгдэхүүнүүдийг гаргасан байдаг шүү дээ.

“Өөрт тулгарсан асуудлыг шийдэх санааг барьж авах нь сайн бүтээгдэхүүүн бий болгох хамгийн оновчтой арга зам. Учир нь өөрт тулгарсан асуудлыг шийдэж буй хүн хэний ч оролцоогүй зөв зүйл хийж байгааг мэдэж байдаг”

Rework

Энэ бол бололцоо муутай, хамтдаа зэрэгцэж ажиллах боломжгүй, захиалгын элдэв ажил гүйцэтгэж өөрсдийгөө болгодог байсан залуус нэгдэн амжилттай стартап байгуулсан түүх юм. Дэвид Даниас холбогдож, бусад нь Америкаас ажилладаг байж. Санаагаа даруйхан ажил хэрэг болгож, хурдтай хэрэгжүүлэх шаардлага байсан ч багаа аль болох цомхон хэвээр хадгалж, гаднын хөрөнгө оруулалт авахгүй байхаар шийдсэн нь яагаад зөв байсныг тэд тайлбарлажээ. Ажиллах арга хэлбэр, бүтэц нь энгийн, төсөр байсны хүчинд хэрэглэхэд хялбар, сайн бүтээгдэхүүн гаргаж чадсан гэнэ.

Яваад л бай

Ямар ч гайхалтай амжилт, хайр дурлалын түүх байвч түүний цаана сайн сайхан, хатуу хүтүү олон үйл явдал, шийдвэрүүдийн цуглуулга байх нь мэдээж. Бизнес үүсгэн байгуулж, санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдал багатай ажиллана гэдэг баг хамт олноос багагүй зүйлийг шаардана. Гэвч аливаа бизнест бодитоор хандвал амжилт олоход илүү дөхөм. Зөвхөн зарах тухай, ашиг олох тухай л бодоод байвал онгоц тань олигтой хол явахгүй.

Хувь хүний хөгжил, бизнесийн тухай номууд гарчиглаж байхад бишгүй олон хатуу хэллэг, нэр томьёонуудтай таараад өөрөөсөө хол хөндий, хэзээ ч хүрэхгүй зүйл мэт санагддаг байлаа. Харин “Өөрөөр ажиллая” ном нь дан бизнес, карьер, ажиллах тухай гэлтгүй, ерөөс амьдрахуйн тухай, ажилдаа болон өөртөө хэрхэн хандах тухайд энгийн бөгөөд товчоор зөвлөжээ. Цаашдаа мэдэхгүй зүйл рүүгээ ч зоригтой явж ороход тань энэ ном тусална гэдэгт итгэлтэй байна.