Нэгэнтээ "мянган жилийн настай" хэмээн дуулагдсан хуучин хотын захад "Хорвоо ертөнц туйлын энгийн, хүн өнөөдрөөс ч аз жаргалтай болж чадна" хэмээн номлох философич амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр түүнийг үл зөвшөөрөх залуу тэрхүү номлолынх нь үнэн мөнийг магадлан шалгахаар философичид бараалхан ирэв. Элдэв зовлонтой залуугийн нүдэнд хорвоо ертөнц гэдэг учир замбараагүй зөрчил будилаанаас өөр юу ч биш мэт харагдаж, аз жаргал гээч нь даанч хол санагддаг байлаа. 

Эдгээр үгс бол өнөөдөр бидний онцолж буй "Ад үзэгдэх зориг" номын эхлэл. Алдарт сэтгэл судлаач Алфред Адлерын үзэл санааг энгийн үгээр, харилцан яриа хэлбэрээр хүүрнэн өгүүлэх энэ номыг Монгол хэл дээр "Гаруна Паблишинг" эрхлэн гаргажээ. 

Мэри Кондог март. Энэ бол наран мандах орны шинэ хит, шинэ тренд, шинэ чиг. 

"Ад үзэгдэх зориг" бол энгийн нэг ном биш. Ихэнх хүний бодож байгаа шиг урам зоригийн уншлага ч биш. Гарчгаас нь хөөж таасан шиг хувь хүний хөгжлийн ном бас биш. Хэн нэгний намтар, эсвэл ангайлгам амжилтын түүх ч биш. Эсээ, тэмдэглэл, эргэцүүллийн аль нь ч биш. Ерөөс унших бүрт шинэ өнцөг, гүн өнгө мэдрүүлэм энэ номыг аль нэг ангилалд багтааж, хайрцаглах нь өөрөө учир дутагдалтай мэт.

Хамгийн эхэнд онцолсончлон энэ бол хариулт эрсэн түмэн асуулттай тулгарсан залуу хүүгийн үнэний төлөөх эрэл хайгуулын үр дүн. Тэр багаасаа л эцэг эхийнхээ "шахалтан" дунд хүмүүжиж, тэднээсээ зөрүүдлэн "нэгэн хэвийн" уйтгартай ажлаар амьдралаа зогоож яваа нэгэн. Яагаад ч юм өөрийгөө бусдаас тусгаарлаж, бүтэлгүй бас азгүй амьтан гэсэн шошго өөртөө наасан залуу. Амьдралаас таашаал авахгүй ч байгаа юм шиг, хийж байгаа болгондоо сэтгэл дундуур ч байдаг юм шиг, үргэлж өрөөлөөс шалтаг эрж, болохгүй байгаа зүйлс болгонд хувь заяагаа буруутгана. Тэр ерөөс цаг хугацааны эргүүлгэнд гацчихсан, энэ дэлхийн хамгийн азгүй хүн гэж өөрийгөө боддог гэмээр. Танил ч санагдах шиг.

Түүнтэй таван шөнийг амьдралын утга учрын тухай ярилцан өнгөрүүлэх философич бол харин түүний эсрэг тусгал. Нэгэн удаа "Өнөөдрийн миний яриаг сонссон хүн одоо энэ мөчөөс эхлэн аз жаргалтай болж чадна" гэх лекцэнд суусан цагаас түүний амьдрал орвонгоор өөрчлөгджээ. Үнэхээр л түүний хувьд амьдрал гэдэг туулж гарахад амархан, хорвоо ертөнц гэж ойлгож ядамгүй туйлын энгийн эд аж. Тэр бол аз жаргалтай, хийж байгаа ажил нь утга учиртай, бүх зүйлс нь дүүрэн хүн.

Зохиолчид өөрсдөө залуу болон эрдэмтний дүрээр бидэнтэй уулзаж байна уу гэсэн сэтгэгдэл эхнээсээ л төрөх учир ном ихэд амьд болжээ. Өрнөдийн философиор дагнасан Кишими Ичиро "аз жаргалын онолын" судалгааныхаа үеэр Адлертай "таарсан" нь түүний карьерын эргэлтийн цэг болж, өдгөө энэ чиглэлийн хамгийн нэр хүндтэй, алдартай эрдэмтдийн нэг болжээ. Харин хэд хэдэн бестселлер баримтат зохиолыг бүтээгч Кога Фүмитакэ бараг арав гаруй жилийн турш Адлераар амьсгалж, өөрт нь үзүүлсэн нөлөөллийг бусдад ч мэдрүүлэхийг хүссэндээ энэ номыг бичихээр шийдсэн гэнэ. Дээрээс нь тэд эртний Грекийн философийн сонгодог бичиглэл болох харилцан яриаг ашигласан нь уншигчдад ихэд хялбар болгожээ. Яг л Сократын сургааль, айлдваруудыг шавь Платон нь бичиж үлдээсэн мэт. Харин энэ удаад Кишими багшийн Платон нь Кога сан болжээ.

Тэдний ярианы гол сэдэв бол Австрийн алдарт сэтгэл судлаач Алфред Адлерийн сургаалиуд. Фрейд, Юнг нартай зэрэгцэж, салбарынхаа "хамгийн том гурван өндөрлөг" хэмээн үнэлэгддэг гэгддэг түүний үзэл санаа ялангуяа барууны ертөнцөд ихэд алдартай. "Хэрхэн аз жаргалтай болох вэ?" гэдэг хүн төрөлхтний мөнхийн асуултад ихэд энгийн хэрнээ маш тодорхой хариултуудыг дэлгэн үзүүлдэг.

Тэгвэл хэрхэн аз жаргалтай амьдарна гэж? Адлер "энэ би"-г тэр байгаагаар нь хүлээн авч, өнгөрсөнд ч бус ирээдүйд ч биш өнөөдрөөрөө амьдрахыг санал болгож байна. Ялангуяа Фрейдийн онолд ихэд хүчтэй байр суурь эзэлдэг сэтгэл зүйн шархыг тэр эрс үгүйсгэдэг. Тэр аливаа асуудлын шалтгааныг "өнгөрснөөс" хайх бус "одоогийн" зорилгоос эрдэг. Бид өөрсдийн туршлагаас үүссэн шок буюу сэтгэлзүйн шархны нөлөөнд шаналдаг юм биш, харин тэрхүү өнгөрсөн туршлагуудынхаа дотроос зорилгодоо нийцсэн шалтгийг л эрж хайдаг хэмээсэн нь гашуун сонсогдовч үгүйсгэж боломжгүй мэт. Тиймдээ ч тэр аз жаргалгүй байгаа чинь зөвхөн чиний өөрийн л сонголт хэмээн тунхаглажээ.

Одоо аз жаргалгүй байгаа нь та өөрөө л тийм байхыг сонгосон учраас л тэр болохоос биш азгүй, одгүй төрчихсөндөө огт биш гэх үгс эхэндээ эгдүү төрүүлэм байж мэднэ. Хүн ямагт "өөрчлөгдөхгүйг" хичээдэг тухай Адлерын сургааль үнэхээр ч олон хүний дургүйг хүргэж, тэр хэрээрээ эсэргүүцэлтэй нүүр тулж байсан гэнэ. Бусдад гомддог, ажлаасаа уйддаг, амьдралаас залхсан мэдрэмжүүд бүхэн зөвхөн өөрийн "сонгосон хэв маяг" бөгөөд хүн өөрчлөгдөхийг хүсвэл амьдралын лайфстайлаа өөрчлөх хэрэгтэйг тэр зөвлөжээ. Нэг ёсондоо хүн янз бүрийн гомдол шүүмжлэлтэй ч гэлээ "одоогийн өөрөөрөө байх нь л" илүү амар бөгөөд сэтгэл тайван байдаг гэдэг нь тав тухтай бүсдээ шигдэж орох тухай яриатай төстэй санагдана. Ерөөс Адлерын сэтгэл судлал бол хүсэл зоригийн сэтгэл судлал ажээ. Аз жаргалгүй байгаа нь өнгөрсөн болоод орчны буруу огтоос биш. Зүгээр л "аз жаргалд хүрэх зориг" л дутагдсан хэрэг байж.

Бүхий л зовлонгийн үндэс нь хүн хоорондын харилцаа л байдаг тухай яриа нь ч олныг бодогдуулам. Өөрийн сул талаа эрж хайж, өөртөө урам хугарч, баахан эморох үе хүн бүрт тохиодог. Гэвч тэр нь ердөө л бусадтай харилцаж, өөрийгөө "шархлуулахгүй" гэсэндээ зугтаж буй оролдлого гэж тайлбарласан нь сонирхолтой. Алдаагаа хүлээн зөвшөөрч, сул талаа мэдрэх нь огтоос ялагдал биш. Бусдыг найзаа гэж үзэн тулгаран ирэх "амьдралын даалгавар"-тай нүүр тулах нь сэтгэл хангалуун амьдралыг цогцлоох эхний алхам аж. Асуудлыг хойш тавилгүй, бөөгнөрүүлж овоололгүй дор бүр нь шийдэж, эерэг сэтгэлзүйг эхэнд тавих нь чухал мэт

Амьдрал бол шулуун татсан зураас биш, оргил өөд мацаж яваа аялал ч биш гэсэн нь мөн сэтгэл соронздом. Ийм үед зорилго руу тэмүүлэх мөчүүд огт үнэ цэнгүй болж, оргилд хүрээд бүхнийг шинээр эхлэх гажуудалтай нүүр тулдаг гэнэ. Заримдаа бүр барааг нь ч харалгүй гацаж орхидог тэр аялал хүн бүрийг "дутуу", "хойно" үлдээчих магадлалтай байдаг. Үнэхээр ч амжилтаар хэт цангаж, түүндээ дэндүү шунаж, бүгдийг умартан урагш зүтгэхдээ бид олон зүйлийг анзааралгүй өнгөрөөчихсөн байх нь бий. Хэтэрхий их зүйлсийг золиослож, дэндүү их цагийг үрснээ заримдаа ойлгохгүй өнгөрөх нь ч байна. Түр зуурын амьдралдаа гацчихвал тэр амьдралын үнэ цэн, утга учрыг юугаар тодорхойлох вэ?

Тэгвэл Адлер амьдрал бол цэгүүдийн цуваа, тухайн агшинд тасралтгүй урсах агшнууд гэж тодорхойлжээ. Дээр нэгэнтээ дурдсанчлан "энэ би"-г тэр байгаагаар нь хүлээн зөвшөөрч, яг одоодоо төвлөрөн хамгийн сайнаараа хичээх нь л дүүрэн амьдарсан хэрэг болно. "Хангалттай бүж, тойрон эргэлд" гэж тэр хэлж байна. Ирээдүйд чи хэн болох нь, юунд хүрэх нь хамаагүй. Дараа нь юу бүтээх байсан, хожим юуг үүсгэхийг бид мэдэхгүй. Гэхдээ тэр болгон чинь чиний өнөөдөр, яг одоо хийсэн үйлдэл бүрээр чинь л тодорхойлогдоно. Тиймээс хойш тавилгүй яг одоо л эхэл, яг одоо л хичээ.

Зорилго мэт зүйлс байхгүй байж болно оо, тэр хамаагүй. Сүржигнэх шаардлагагүй, зүгээр л яг одоо, "энэ байгаагаараа" нухацтай амьдар. Өнгөрсөн, ирээдүй рүүгээ бүдэгхэн гэрэл тусгачихаад түүн лүүгээ шагайж өөрийгөө зовоох биш, яг одоо энд байгаадаа хурц гэрэл чиглүүлэн түүндээ хөөрөн баясаж бүжих мэт амьдар.

Ингэж байж л утга учиргүй амьдралд "утга учир" оноож чадах нь. Амьдралын утга учир гэж ерөнхийдөө байхгүй, гэхдээ та өөрөө л өөрийнхөө амьдралд утга учир, зорилго, үнэ цэн үүсгэдэг байх нь. Утга учир гэж зүйлийг ер нь хэн ч томъёолоогүй шүү дээ.

"Би өөрчлөгдвөл ертөнц бүхэлдээ л өөрчлөгдөнө. Ертөнц гэдэг хэн нэгэн өөрчлөөд өгдөг эд биш, зөвхөн надаар л дамжин өөрчлөгддөг.

Номын хэсгээс

Шинэхэн аавын хувьд хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой хэсгүүдэд нь ихээхэн анхаарал тавьж уншсан юм. Магтаж эсвэл загнаж биш талархаж харьцаж, асуудал бол зөвхөн хүүхдийн л шийдэж чадах зүйл мөн гэдгийг ухааруулах нь ихэд санууштай санагдав. Эцсийн эцэст бид бусдын бодол санаа, үйлдлийг удирдаж чадахгүйгээ мэдсэн хэрнээ бусдын асуудалд санаа зовсоор өөрийгөө ч үймрүүлж орхидог мэт.

Тэгээд аз жаргалд яаж хүрэх вэ гэж үү? Их энгийн. Эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөр. Муу дүн авсан хүүхдээ ердөө л азгүй байлаа, уул нь 100 ч авах байсан гэж хий хөөрүүлэхийн оронд өнөөдөр ийм л байлаа, дараа нь хичээх ёстой юм байна гэж мэдрүүлэх тухай жишээг зохиолч татжээ. "Өөрийн чадах зүйл", "өөрийн чадахгүй зүйл"-ээ ангилж, түүнийгээ хүлээн зөвшөөрөх нь амар амгалан амьдралын эхлэл. Дараагийн алхам "бусдад итгэх". Бусдад итгэнэ гэдэг тэднийг найзаа гэж харж буй хэрэг. Найз гэж харж байж л итгэж чадна. Итгэж байж л бүлгийн мэдрэмжийг өөртөө нааж, эргэн тойрондоо өөрийн орон зайгаа нээж чадах гэнэ. Нэг ёсондоо "би энд байгаад байж болох юм байна" гэсэн сэдэл төрнө. Энэ бүхэн гэр бүл, найз нөхөд, ажил мэргэжил бүгдэд ч шууд наалдаж болохуйц санагдав. Ертөнцийн төв нь бид биш гэдгээ энэ хүртэл явахдаа ойлгочихоогүй гэж үү?

Сүүлийнх нь, "хувь нэмрээ оруулах". Найзууддаа нөлөөлөх, эргэн тойрондоо хувь нэмрээ оруулах, сайн сайхныг бүтээх бүгд энд хамаарна. Би хэн нэгэнд тус нэмэр болж чадаж байна гэдэг мэдрэмж өөрөө тухайн хүнд үнэ цэнийг мэдрүүлдэг. Тэр үнэ цэн өөрөө "би хэн нэгэнд хэрэгтэй" гэсэн сэтгэгдлийг төрүүлж, өөртөө дуртай байх үндэс болдог аж. Хүний хувьд хамгийн том зовлон бол өөртөө дуртай байж чадахгүй бай явдал гэж Адлер хэлжээ. "Ад үзэгдээд" ч хамаагүй өөрийгөө хүлээн зөвшөөрч, бусдыг найзаа гэж үзэн, эргэн тойрондоо үзэгдэхгүй байсан ч хувь нэмрээ оруулах нь л аз жаргалыг танд бэлэглэх болно.

Энэ бүтээл үгс бүр нь утга учир дагуулсан, санаа бүрт нь сатаарч төвлөрч суумаар, агуулга бүрийг нь ухаж гүнзгийрүүлэх сэдэл төрүүлэм сонгодог бүтээл болжээ. Түгээмэл таардаг философийн хүнд үгс, төвөгтэй ойлголтуудтай сурах бичиг аятай бичигдсэн зохиолуудаас ялгаатай нь энэ ном яг л дотны найзтайгаа халуун кофе оочлонгоо "нухацтай" яриа өрнүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тиймдээ ч зөвхөн Ази даяар 3,5 сая хувь борлуулагдсан бестселлер болсонд нь гайхах зүйл үгүй мэт.

"Ад үзэгдэх зориг" бол энгийн нэг ном биш. Ихэнх хүний бодож байгаа шиг урам зоригийн уншлага ч биш. Гарчгаас нь хөөж таасан шиг хувь хүний хөгжлийн ном бас биш. Хэн нэгний намтар, эсвэл ангайлгам амжилтын түүх ч биш. Эсээ, тэмдэглэл, эргэцүүллийн аль нь ч биш. Дуустал нь, амталж шимж л уншихгүй бол танд ч шууд тодорхойлоход хэцүү байх вий.

Номыг орчуулсан блоггер "Томё Бодё"-ийн фений хувьд ихэд хүлээлт дүүрэн номыг эхлүүлж, дахин дахин эргүүлж, нухацтай нь аргагүй төвлөрсөөр тав дахь шөнийг баржээ. Бүгдийг нь уншиж дуусаад л юу гэж тодорхойлох учраа олсон мэт сэтгэгдэл төрөв. "Ад үзэгдэх зориг" бол аз жаргалтай амьдралын эрэлд гарсан залуу хүн бүрт нэгийг тунгаах боломж олгосон гарын авлага, тэднийг мөнхийн зовлонгоос нь гэтэлгэх сэтгэлийн дуудлага байсан ажээ. Үнэхээр л зохиолчийн төгсгөлд нь онцолсончлон эргэлзээ өвөрлөсөн залуу хүн бүрт тулгарах амьдралын элдэв саад бэрхшээлийг даван туулах итгэл бэлэглэх түшиг тулгуур нь ч гэж хэлж болохоор. Идэр залуу нь харин бөөн эргэлзээн дунд төөрч будилж гүйцсэн би, та, бид бүгдээрээ л байж дээ.