Өнөөдрийн танилцуулах ном бол Арвис Паблишингаас эрхлэн гаргасан шинэ бүтээл юм. Нэртэй блоггер, бестселлер номуудын зохиогч, сая сая хүмүүсийн ажил бизнес, маркетингийн талаарх харах өнцгийг өөрчилсөн Сет Годины "The Dip" хэмээх бүтээлийг Б.Батзаяа (Зак) "Нугачаа" нэрээр орчуулан хэвлүүлсэн байна. "Орхиод явах уу, үргэлжлүүлэн зүтгэх үү?" гэсэн дэд гарчигтай энэхүү бүтээлдээ Сет Годин замын дундаас болих нь заримдаа амжилтад хөтлөх чухал шийдвэр байдаг талаарх санааг хөндөж, Нугачаа хэмээх ойлголтыг тал бүрээс нь тайлбарлан олон сонирхолтой жишээгээр баяжуулжээ. 

Аливаа ажил, төсөл бүгд л эхэндээ хөгжилтэй, сайхан байдаг. Тэгээд хэсэг явсны дараа хэцүү болж эхэлдэг билээ. Энэ нь Нугачаатай тулгарсны шинж байж мэднэ.

Нугачаа гэдэг бол эхлэл, төгсрөл (mastery) хоёрын дундах урт удаан өгсүүр зам юм. Энэ урт өгсүүр бол зарим талаар дөт зам ч гэж болно. Яагаад гэхээр хэчнээн урт байсан ч очих газарт тань үүнээс хурдан аваачих зам үгүй.

Аливаад амжилт ологсод Нугачааг эрэлхийлж байдаг аж. Тэд урд нь таарах саад бэрхшээл хэдий чинь хэцүү байна, түүнийг давсны дараах шагнал төдий чинь том байдгийг ойлгодог.

Гэхдээ саад бэрхшээл бүхэн Нугачаанд орсных байдаггүй. Мухар гудам, Хавцал гэсэн хоёр муруй мөн байдаг бөгөөд эдгээрт орчихсон бол Нугачаатай адилаар цаад талд нь гарна гэж үгүй. Зайлсхийх ёстой энэ хоёр муруйн талаар мөн зохиогч дэлгэрэнгүй тайлбарлан бичжээ.

Товчхондоо, ухаалгаар болих нь аливаад амжилт гаргахын нэг үндэс бөгөөд ухаалгаар болихын тулд Нугачааг ойлгож, эрэлхийлж, "талархалтайгаар угтах" хэрэгтэйг энэ номд өгүүлнэ. "Бие жижиг ч бэлчээр томтой" энэ бүтээл танд нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах болов уу.

ОРЧУУЛАГЧИЙН ЗУРВАС

Томоохон шийдвэр гаргахынхаа өмнө би уг номыг заавал нэг гүйлгэж уншдаг. Хэдий танд шууд хариулт өгөхгүй байж мэдэх ч дотор хүнтэйгээ ярилцаж, зүг чигээ алдчихаагүй явж буй эсэх, луужингийн зүү маань зөв зааж байна уу гэдгийг дахин нэг нягтлах, шүүн тунгаах, хайж буй хариултаа өөрөөсөө олох боломжийг олгодог юм. Тиймээс танд ч гэсэн тус болж, зөв шийдвэрүүд гаргахад нөлөөлнө гэж найднам.

Утга учиртай, үнэ цэнтэй зүйлд Нугачаа заавал буй.

Сет Годин

НУГАЧАА ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол тантай эргэж холбогдоогүй тав дахь ажлын ярилцлага.

Энэ бол сноубоардоор гулгаж сурах гээд долоо дахь удаагаа онхолдож ойчих.

Энэ бол марафоны дунд үед гараанаас гарсан сэтгэл хөдлөл мартагдан, барианд орох мөрөөдөл хол санагдаж эхэлдэг үе.

Энэ бол алсын зорилго, мөрөөдөлдөө амжилттай хүрэхийн тулд зайлшгүй даван туулах бартаат зам. Гэхдээ зөв зүйлийнхээ араас зүтгэж буй тохиолдолд л гэдгийг санаарай.

Өөр юусан билээ?

Энэ бол таны карьерын амжилт, компанийн ирээдүй, хувь хүний аз жаргалд хөтлөх түлхүүр юм шүү.


Бидний амжилтууд ч, бүтэлгүйтлүүд ч адилхан.
Бид гайхалтай зүйл бүтээхийг амжилт гэж үнэлдэг.
Хурдан буугаад өгчихвөл бүтэлгүйтэлд тооцдог.
Хийж буй зүйлдээ шилдэг нь байх бол амжилт.
Хаях ёстой зүйлсээ хаяж чадахгүй зууралдах нь бүтэлгүйтэл.

Сет Годин

ХУДАЛДАН АВАХ

Та бүхэн тус номыг 19,500 төгрөгөөр Интерномын салбаруудаар худалдан авах боломжтой.

Арвис Паблишингийг дагах:
Фэйсбүүк / Твиттер / Инстаграм

Орчуулагч Б.Батзаяаг дагах:
Фэйсбүүк / Твиттер / Инстаграм