Unread-ийн жил бүрийн эцэст ихэд ач холбогдол өгөн эмхэтгэн танилцуулдаг "Оны онцлох ном"-ын жагсаалтад миний бие өнгөрсөн жил "Remembrance of Earth's Past" буюу "Гурван биет" нэрээр орчуулагдсан номыг сонгон оруулсан юм. "Зайлшгүй мөхөлтэй нүүр тулсан хүн төрөлхтнөөс гарах амьд үлдэхийн төлөөх тэмцэл, эцсийн мөчид эгэл хүнээс гарах сэтгэлийн хат, агуу ч гэхэд багадмаар гайхамшиг руу тэмүүлэх хүний зүтгэл мөрөөдлийг энд бүрэн утгаар нь гаргажээ." хэмээн тухайн үед тэмдэглэж байснаа эргэн санав. "Номын тухай" буландаа энэ номыг илүү дэлгэрэнгүй тоймлох хүсэл тээсээр чамгүй удсан ч зориглож орохгүй байсаар өдийг хүргэжээ.

Гэтэл дөнгөж хэдхэн долоо хоногийн өмнө “Netflix”-ээс уг гурамсан зохиолоор телевизийн цуврал хийх болсноо зарласан нь яг жилийн өмнө уншаад төрж байсан сэтгэгдэл, мэдрэмжийг эргүүлэн авчирч орхив. Түүгээр ч зогсохгүй бүтээгчдээр нь “Game Of Thrones”-ийг дэлгэцнээ амилуулсан Д.Бениофф, Д.Вайсс нар ажиллана гэдгийг мэдсэн нь бөөн хүлээлт үүсгэсэн хэрэг. Тиймдээ ч өнөө цагийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын салбарын гол төлөөлөгчдийн нэгт тооцогдож буй Лю Цысиний "Гурван биет" зохиолын талаар онцлон хүргэж байна.

"Гурван биет" зохиол Монголыг оролцуулан 20 гаруй хэл дээр орчуулагдаж, дэлхий даяар найман сая хувь борлогджээ. 2015 онд алдарт "Hugo Awards"-ийг хүртсэн анхны ази зохиолч болсон нь Лю Цысинийг "элит" ангилалд багтаасан юм. Гэвч тэр үүнээс хавьгүй эрт нэр алдрын оргилд хүрчихсэн байв. Хятадын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын шилдэг бүтээлд олгодог "Galaxy Award"-ийг есөн удаа хүртсэн нь түүний чансааг бүрэн илтгэнэ. Тиймдээ ч түүний зохиол их сургуулийн элсэлтийн шалгалтын материалд эшлэгдэж, өөр нэг нь VII ангийн сургалтын материалд багтсанд гайхах зүйл үгүй. Нэгэн ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс дунд ангийн сурагчдын шалгалтад ирсэн асуултыг үзүүлж, өөрийнх нь бичсэн түүхийн "утга санаа", "үндсэн сэдэл"-ийг тайлбарлах даалгаврыг биелүүлэхийг хүсжээ. Гэвч тэр өөрөө нэгт нь ч зөв хариулж чадаагүй гэдэг.

"Hugo Awards" хүртэж, Барак Обама, Марк Зукерберг зэрэг "алдартай фэнүүдтэй" болсон 2015 онд тэр үндсэн ажлаа хүлээлгэж өгөөд гурван жил ч болоогүй байв. 1963 онд Шаньси мужийн Янцюань хэмээх даруухан хотод мэндэлж, одоог хүртэл аж төрсөөр буй тэр 2012 оныг хүртэл орон нутгийн цахилгаан станцад компьютерийн инженерээр ажиллаж байсан нь энэ. "Дуу цөөтэй, гэхдээ логик үндэслэлийг алхам бүрээс эрэлхийлдэг" хэмээн NPR-ийн ажигласанчлан тэр их сургуульд байхаас л бичиж эхлэн, төрөл бүрийн сонин, сэтгүүлд өгүүллэгээ илгээсээр 26 настайдаа л анхны түүврээ хэвлүүлжээ. “Гурван биет”-ийн амжилт түүнийг нэр алдрын оргилд дэвшүүлж, зөвхөн энгийн уншигчид дунд төдийгүй мэргэжлийн экспертүүд, эрдэмтэд дунд ч нэр хүндтэй нэгэн болгожээ. Утга зохиолын хүрээнийхэн ч түүнийг хүлээн зөвшөөрч эхлэв. "Хаан ширээний төлөөх тоглоом"-ын зохиолч Жорж Мартин номыг нь уншаад сэтгэл нь хөдөлсөндөө блог нийтлэл хүртэл бичсэн нь бий. "Гурван биетийн физик" хэмээх тайлбар ном хүртэл хэвлэгдэж, шинжлэх ухааны хүрээлэл дунд зарим санаан дээр нь үндэслэсэн хэлэлцүүлэг ч явагдах болж. Хятадын сансрын агентлагаас түүнийг урьж, эрдэмтэд, инженерүүдийнхээ төсөөллийг нэмэгдүүлэх замаар онолын асуудал дахь бүтээлч ажиллагааг өсгөх зорилготой сургалт хүртэл хийлгэж байсан гэнэ.

Оршилдоо зохиолчийг нь ийн онцолж буй нь "Гурван биет"-ийн үйл явдал, оргил өрнөл нь тэр чигтээ түүний амьдралын түүхтэй холбоотойд оршино. Түүний намтар, томоохон хэвлэлүүдэд өгсөн ярилцлага, хөрөг нийтлэлүүдийг нь эргүүлж байх үед ерөөс энэ зохиол түүний хувьд өөрийн туулсан амьдралаа эргэн нэг харж, сурч мэдсэн бүх зүйлс, мэдлэг туршлагаараа дамжуулан ирээдүйн тухай хүүрнэсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Дүрслэлийг: Х.Габриелссон

Зохиолчийг зургаан настай байхад Хятад улс түүхэн дэх анхны хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн нь түүнийг сансар огторгуйд донтуулж орхижээ. Аав нь Жюль Вернийн "Дэлхийн төв рүү аялсан нь" номыг бэлэглэсэн нь түүнд цоо шинэ ертөнцийг нээх шиг л болсон гэнэ. "Маш нарийн деталь, үйл явдлын учир холбоос нь яг л үнэн юм шиг санагдаж билээ" хэмээн тэр хожим дурсжээ. Энэ бүхэн түүнийг шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол, тэр дундаа сансрын сэдвийг сонгож бичихэд хүргэсэн юм.

"Гурван биет" бол хүн төрөлхтний 18,906,450 сая жилийн түүхийг хүүрнэсэн аварга бүтээл. Тийм ээ, та буруу уншаагүй, үнэхээр 18 сая жил. Зохиолын эхлэлээс төгсгөл хүртэл тэр одон оронч, улс төрч, социологич, цагдаа, инженер, эрдэмтний нүдээр нийгмийн дэг, хүний мөн чанарыг яруу тодоор харуулж орхижээ. "Бид үнэхээр ганцаараа гэж үү?" хэмээх мөнхийн асуултад хариулт өгсөн нь энэ. Лю Цысин үйл явдлын суурь тайлбар, логик холбоос, технологийн боломжийг нь тайлбарласныг харвал зөвхөн зохиолч бус физикч мэт, дүрүүдийн хөгжил, шийдвэр гаргалтын гогцоо, харилцан ярианы хэмнэлийг нь мэдэрвэл бүр философич ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Эртний Египет, Византын эзэнт гүрэн, Чингис хааны цэргийн стратеги, Соёлын хувьсгалын тухай өгүүлснийг нь ухвал бараг түүхч ч мэт.

Гурван настайдаа тэр Хенанд амьдардаг эмээ өвөөгийнх рүү нүүхээс өөр аргагүй болсон нь Соёлын хувьсгалаас үүдэлтэй. Коммунист намын гишүүн, цэргийн томоохон албан тушаал хашиж байсан аав нь иргэний дайны үеэр эсрэг талд харьяалагдаж байсан дүүгээсээ болж ажлаасаа халагдаж, жижиг уурхай руу нутаг заагдан "цөлөгдсөн" нь тэр. Шөнийн цагаар улаан алчуур гартаа зүүсэн залуус гудамжийг бүрхэж, том машин, буун дуун тасрахгүй байсныг тэр хааяа санана.

Зохиолын "эхний" гол дүрийн бага нас ч Соёлын хувьсгалтай давхцаж, Эйнштейний харьцангуй онолыг "хүлээн зөвшөөрснийхөө" төлөө амиа алдаж буй аавынхаа үхлийг гэрчилснээр өрнөдөг. Чухам энэ үйл явдал Е Вэньзег тэр чигт нь өөрчилж орхисон хэрэг. Хожим нэртэй физикч болсон энэ бүсгүй харийнхантай хамгийн анх харилцаа тогтоож, тэднийг эх дэлхийдээ урин залж, угтан авахыг амласнаар үйл явдал үргэлжилнэ. Гэхдээ түүний зорилго нь шударга ёс үгүйлэгдэж, тэгш бус байдал ноёлон, найдвар үгүй мэт болчихсон хүн төрөлхтнийг шийтгэх байсан нь асуудлын гол гогцоо байлаа.

1975 онд өвөө эмээгийнхээ зочлох үед нь тохиосон Хенаний их үерийг тэр англи орчуулгынхаа оршил хэсэгт эргэн дурссан байдаг. Ганцхан өдөр тасралтгүй орсон аадар бороо тавь гаруй даланг нурааж, ердөө хэдхэн өдрийн дотор 200 мянга гаруй хүн амиа алджээ. Байшин сав нурж, зам харгуй үгүй болж, хүмүүс хөл нүцгэн амь тэмцэн зугтааж байхыг харсан тэр "дэлхийн төгсгөл гэж ийм л байдаг байх нь" хэмээн бодсон гэдэг.

Тиймдээ ч тэр зохиолын турш дэлхийн төгсгөлийг хэд хэдэн янзаар төсөөлжээ. Эхлээд улс үндэстэн, дараа нь хүн төрөлхтөн, тэгээд эх дэлхий, цаашлаад нарны аймаг, тэгээд ертөнц тэр чигээрээ. Е Вэньзегийн холбогдсон харийнхан гурван нартай гараг дээр оршин суудаг, тэр онцлог нь тэдний гарагийг соёл иргэншил тогтвортой оршин тогтнох аргагүй, айдас хүйдсээр дүүрэн орчин болгон хувиргасан байж. Технологийн дэвшилд нэгэнт хүрэхдээ тэд өөр гарагийг эзлэн суухаас өөр сонголтгүй гэдгийг ойлгож, эрэл хайгуулаа оддын аймгаас хийж байх тэр үед дэлхийгээс дуудлага ирсэн аж. Ингээд дөрвөн гэрлийн жилийн айсуй орших соёл иргэншил эх дэлхийг эзлэхээр супер флотоо илгээжээ.

Хэрэв та харийн арми дэлхий дээр 450 жилийн дараа ирж биднийг хоморголон устгаж, гарагийг маань эзэн сууна гэдгийг мэдвэл яах байсан бэ?

Энэ бол зохиолчийн бидэнд тавьсан эхний асуулт.

Магадгүй энэ бүхэн бидний асуудал биш байж болох юм. Дараагийн үеийнхэн учрыг нь олно биз гээд орхиж ч мэдэх. Бидэнд ийм хувь заяа тохиогоогүй нь зол юм даа гээд санаа ч амрах хүн ч олдох байх. Гэхдээ хүн төрөлхтөн үргэлж л хүнд хэцүү рүү зүтгэж, асуудал бэрхшээл рүү тэмүүлж, сорил бэрхшээлийг давсаар өдий хүрсэн биш гэж үү?

Тиймдээ ч хүн төрөлхтөн тэмцэхээр шийдэж, эсрэг төлөвлөгөө боловсруулж эхэлнэ. Энэ талаас нь харвал энэ зохиол "өөдрөг" мэт.

Зохиолын эхний боть эх дэлхий дээр, бидний цаг үед өрнөнө. Зарим үйл явдал виртуал орчинд, тоглоомон дунд өнгөрөх нь бас сонирхолтой. Хоёр дахь бүлэгт хүн технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, нарны аймгаасаа гарч, гараг хоорондын биет болсон байхтай тулгарна. Нэг хэсэг нь харин шоргоолжийн өнцгөөс өгүүлэгддэг нь соньхон. Харин гурав дахь боть нь дуусахад аль хэдийн 18 сая жил өнгөрчихсөн, хэд хэдэн хэмжээс дамжсан өрнөлтэй, ертөнц хоорондын тэмцэл дунд та орооцолдчихсон байх болно. "The London Review of Books" уг гурвалыг "магадгүй хамгийн амбицлаг шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол" хэмээн дүгнэсэн нь тийм ч дэгсдүүлээгүй мэт санагдана.

Үйл явдлын дүрслэл, орчин тойрны төсөөлөл нь үнэхээр тансаг ажээ. Уг зохиолыг монгол хэл рүү хөрвүүлсэн хүн нь гүүш Д.Болдбаатар байсанд үнэхээр талархав. Магадгүй түүний хамгийн шилдэг орчуулга энэ ч байж мэднэ. Дорнын соёл өөрөө бидэнд илүү ойр наалддаг, дүрүүдийн үг хэллэг, шийдвэр гаргалтын үндэс нь илүү ойлгогдож байснаас ч тийм сэтгэгдэл төрсөн байж магад. Үнэхээр л дурын хуудсаа эргүүлэхэд нүдэнд шууд төсөөлөгдөх гайхалтай уран дүрслэлүүдтэй учрах вий.

Нөгөө талаар зохиолч Хятадын соёл, түүхийн чухал мөчүүдийг маш ухаалгаар шингээсэн нь илт мэдрэгдэнэ. Хятад үндэстний соёлын гол онцлог, бахархал, зарчмын талаар та зохиолоос тодорхой ойлголт авна. Үргэлж л барууныхан ялдаг, ноёлдог, шийддэг, бидний харж дадсан өрнөлөөс ялгаатай учир та уйдахгүй болов уу.

Ертөнцийг балар ой хэмээн төсөөл. Ойгоор дүүрэн идшээ хайн шүлсээ асгаруулсан араатан амьтдыг тус бүрд нь соёл иргэншил байна хэмээн сэтгэ. Тэдэнд өмнөө таарах амьтан хэн байх нь хамаагүй, амьд үлдэхийн төлөө тэд бүхнийг хийж, ямар ч аргаар хамаагүй намнахыг л бодох болно. Тийм үед хамгийн найдвартай амьд үлдэх арга юу байх вэ?

Энэ бол зохиолчийн тавьсан хоёр дахь том асуулт.

Дэлхийг аврах үүрэг хүлээсэн "хана ширтэгч" чухам үүнд шийдэл эрнэ. Бөөн анчид руу нөгөө талынхаа байршлыг мэдээлж, өөрсдөө харин ертөнцөөс бүх холбоогоо таслан чимээгүй суухыг санал болгоно. Гэвч хүссэн хүсээгүй, өөр хаа нэгтээ доншуучлах хэн нэгэн биднийг олж, хэзээ нэгэн цагт ямар ч аргагүйгээр устгах нь гарцаагүй. Балар ойд зөвхөн хамгийн харгис, хамгийн хүчтэй нь л ялна. Энэ талаас нь харвал энэ зохиол гутранги ч юм шиг.

Амьд үлдэхийн төлөөх хүн төрөлхтний тэмцэл бидний төсөөлөлд ч багтамгүй байдлаар энд өрнөх ажээ. Супер хатуу наноматериал олж, түүгээрээ сансарт гарах цахилгаан шат бүтээх ч шиг. Нарыг радио долгион цацагчаар ашиглах санаа ч энд бий. Таталцлыг өөрсдөө үүсгэдэг хиймэл гарагийн тогтолцоог ч хүн бүтээжээ. Физикийн нарийн төвөгтэй ойлголтууд, түүний хэрэглээний талаарх тайлбарууд нь таныг багахан зовоож мэдэх ч бодит хэрэглээ, үр дүнг нь буусан байдлаар нь уншвал хэсэгтээ таныг "галлах" сэдэл дүүрэн бий.

Тоймынхоо гарчигт онцолсон "хязгаар үгүй ертөнц" хэмээх үг зохиолыг уншиж байх үед толгойноос гаралгүй эргэлдсээр байлаа. Энд хөврөх үйл явдалд цаг хугацаа, орон зайн хязгаар гэж үнэхээр үгүй ажээ. Гэрлийн хурдаар чөлөөтэй аялж, өөр ертөнцүүдээр хэрэн хэсүүчлэх тухай олон түүхтэй бид учирч л байсан. Санаанд багтамгүй технологи, боломжгүй мэт санагдах шийдлүүдтэй ч нүүр тулсаар л ирсэн. Гэвч "Гурван биет" шиг алмайруулж, гайхшируулж, бас эргэлзүүлсэн нь тийм ч их байгаагүй мэт санагдана. Бүр эхэнд дурдсан телевизийн цуврал хийх болсноо зарлахдаа “Netflix”-ийн дэд ерөнхийлөгч Р.Фридландер "миний зөгнөлт зохиолын талаарх ойлголтыг тэр чигт нь эвдэж хаясан" хэмээснийг хараад толгой дохиж суулаа. Зөгнөлт зохиолд шинжлэх ухааны суурь ойлголтуудыг ашиглаж, таамаг төдийхөн буй бидний хараахан таньж мэдээгүй, олж нээж амжаагүй байгаа онол, ойлголтуудыг цэгцтэй, ухаалгаар ашигласан нь ийм сэтгэгдэл төрүүлсэн байж мэднэ. Эсвэл дүрүүдийн шийдвэр гаргалт, тэдний зуун дамнасан характерын хөгжил, хоорондын харилцаа нь дэндүү бодитой санагдсан болохоор ч байж болно.

Зохиолчийн бидэнд тавьсан асуулт үүгээр дуусаагүй. Гэхдээ энд хүрээд бусдыг нь танд үлдээе. Зөгнөлт зохиол нууцлаг байх тусмаа амттай байдаггүй гэж үү?

Асар нарийн төсөөлөл, дүрслэхэд төвөгтэй холбоосуудтай учир телевизийн цуврал нь амжилт олохгүй ч байж магад. Гэхдээ зохиолын багахан хэсгээс нь л сэдэвлэн бүтээсэн "The Wandering Earth" кино хоёр долоо хоногийн дотор хагас тэрбум ам.долларын орлого олж, Хятадын бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтад бичигдэж эхэлснийг сануулъя.

Супер сансрын хөлөг, дийлдэшгүй мэт санагдах дайсан. Тархи дэлбэлэм технологи, санаанд оромгүй тайллууд. Дэлхийн төгсгөл, амьд үлдэхийн төлөөх тэмцэл. Ертөнц хоорондын дайн, хэмжээс дамнасан аялал.

Энэ бол байдаг л нэг зөгнөлт зохиол биш. Хожмоо классик хэмээн үнэлэгдэх, бүтэн үеийн зөгнөлт зохиолын өнгийг тодорхойлсон хэмээн тэмдэглэгдэх, зохиолчоо "суутнуудын" эгнээнд эгнэгт үлдээх бүтээл болсон мэт санагдлаа.