Даваа гараг (монгол) болон пүрэв гараг (англи) бүр шинэхэн сониноор уншигчдынхаа өдрийг эхлүүлдэг уламжлал тогтоод жил гаруй хугацаа өнгөрчээ.
Бид 2025 онд 500,000 орчим сонин хэвлэж, монгол орны өнцөг булан бүрд хүргэсэн байна. Мөн newspaper.mn платформоо ашиглан сонингийнхоо цахим хувилбаруудыг дэлхийн олон олон улс орнуудад суугаа монголчууддаа хүргэж чадлаа.

Эрхлэн гаргасан дугаарууд маань хаана очиж, хэн гэдэг хүнд уншигдаж, уншсан тэр хүн нь амьдралдаа ямар эерэг өөрчлөлт гаргасныг тааж хэлэхэд бэрх ч бодож төсөөлөхөд дэндүү сайхан. 2025 онд биднийг сонгон уншиж, унших соёлын үлгэрлэн манлайлж, түгээн дэлгэрүүлсэн уншигч танд чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ ташрамд манай сонинтой хамтран ажиллаж, орон даяар хагас сая сонинг үнэ төлбөргүй түгээх боломжийг олгосон хамтрагч байгууллагуудаа талархал дэвшүүлж, шинэ оны мэндийг хүргэж байна.

Ингээд Unread Wrapped-ийн хүрээнд энэ жил хэвлэсэн 70 гаруй дугаар сониноосоо 10 сэдвийн хүрээнд дараах 10- дугаарыг онцоллоо. Мэдээж дугаар бүр маань онцгой, давтагдашгүй болдог ч эдгээр 10 дугаар бусдаасаа онцгой байж чадсан юм. Уншигч таны сэтгэлд аль дугаар нь хоногшин үлдсэн бэ?

МЕДИА: Хэвлэлийн эрх чөлөө хаана байна? /2025.05.05/
Сонинд нэгэн сонирхолтой тал байдаг нь хянаж, мөшгөж болдоггүй явдал нь. Хэвлэлийн үйлдвэрээс нэг л гарсан бол хаана, хэн, яаж уншихыг бид мэдэхгүй. Энэ нь хэдийгээр хэвлэлийн эрх чөлөөтэй шууд холбогдохгүй ч эрх чөлөөний шинжийг гарцаагүй агуулж буй тул хамгийн эхэнд энэхүү дугаарыг онцолж байна. Редакцууд хараат бус, орлого нь аль нэг газраас хамаарахгүй байх тусам ардчилал, мэдэх эрх цэцэглэж байдаг учраас та бүхэн боломж гарах бүрд нь мэргэжлийн редакцуудаа дэмжиж байгаарай.
Дугаарын редакцын зурвасыг унших


СПОРТ: Аваргын цомыг хэн атгах вэ? /2025.04.21/
Манай сонин анхнаасаа л их "сонин" сонин байсан юм. Эхний нүүр нь тэр чигтээ зурагтай, мэдээний хэсэг нь сошиал фийд шиг ийм сонин та лав монголоос олохгүй. Алхам бүрдээ сонины хэвшмэл ойлголтыг хэрхэн эвдэх вэ, яаж одоо байгаа форматаа улам сонирхолтой болгох вэ гэж бодож явсаар хос ковертой сонин хийсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, аваргын төлөө тоглосон хоёр багийн аль алийг нь ковер дээрээ оруулж, хоёр өөр хувилбараар хэвлэсэн бөгөөд аль ч багийн хөгжөөн дэмжигч байсан багаасаа "урвахгүй"-гээр сониноо уншиж болно гэсэн үг. Хоёр ковертой сонин гэхээр "сонин" байна уу, тэгвэл нийтлэлээ дуустал уншаарай. Бүр "сонин" зүйл байгаа.
Дугаарын редакцын зурвасыг унших



УЛС ТӨР: Засгийг шаглав, Засаглалыг шалгав /2025.05.26/
Миний хувьд энэ жилийн хамгийн "үгийн уран"-тай дугаар бол энэ дугаар. Нийгэм тэр чигтээ улс төрөөр амьсгалсан хавар бид сонины түүхэндээ анх удаа улс төрийн дугаар хийсэн нь энэ юм. Ингэхдээ болж буй үйл явдлыг уншигч нартаа хамгийн сонирхолтой, ёгт байдлаар хүргэх буюу монголын өмнөх үеийн сонинуудын классик аргыг ашигласан хэрэг. Тэр үедээ "Шаг"-гүй ноён, Бэрс болох нэрс зэргээр улс төрийн ирээдүйн өрнөлийг ч баримжаатай "таасан" байгаа харагдана.
Дугаарын редакцын зурвасыг унших


ИНФОГРАФИК: Дусал бүрийг гүнээсээ хайрлая /2025.03.24/
Манай сонин 16 нүүртэй, таблойд хэмжээтэй. Үүнээс хамгийн чухал нүүр бол ковероос гадна голын дэлгэмэл өнгөт нүүр байдаг билээ. Бид уг нүүрээ аль болох хэрэгтэй агуулга, сонирхолтой форматаар дүүргэхийг зорьдог юм. Энэ хоёр хүслийн уулздаг нэгэн цэг бол инфографик. Энэ жил хийсэн хамгийн нүд булааж, тархи тэлэх инфографик бол гарцаагүй Оюутолгойн усны менежментийн ерөнхий зураглал. Аливаа брэнд өөрсдийгөө танилцуулахаас гадна уншигчдад мэдээлэл өгч чадахуйц ийм л хамтрал бидний ажлын амин сүнс билээ.
Дугаарын редакцын зурвасыг унших
Жич: Шинэ ондоо шилдэг инфографиктай болмоор байвал бидэнтэй newspaper@unread.today хаягаар холбогдоорой.


СОЁЛ: Монгол бичиг моодонд оров /2025.01.13/
Аялгуут сайхан монгол хэлээ эрхэмлэж, өвөг дээдсийнхээ хэрэглэж ирсэн монгол бичгийг хүндлэн бүтээсэн энэ дугаар маань орчин цаг, уламжлалт соёл хоёрын огтлолцол байсан юм. Учир нь 2025 оноос төрийн албанд монгол бичгийг ашиглаж эхэлсэн бөгөөд цахим эринд монгол бичгийг хамгийн сайн буулгасан байгууллага бол дугаарын хамтрагч Болорсофт. Сонины уриагаа монгол бичгээр бичиж, голын нүүрэн дээрээ зурлагын хичээл оруулсан нь орчин цагийн монгол хүмүүний анхаарлыг татсан гэж итгэж байна.
Дугаарын редакцын зурвасыг унших


ТЕХНОЛОГИ: M.A.N.G.O компаниудын сэргэн мандалт /2025.12.06/
Бид өнгөрсөн намраас долоо хоногт тутам англи сонин эрхлэн гаргадаг болсон билээ. Өдгөө 20 дугаар хэвлэгдэж, дэлхийн уншигчдад монгол агуулгыг, монгол уншигчдад дэлхийн агуулгыг хүргэж байна. Эдгээр дугааруудаас онцлох нь гарцаагүй редакцын 10 жилийн амралт/хакатоноо зохион байгуулсан Хайнанаасаа эргэж ирээд хийсэн 13 дахь дугаар. Энэ дугаар дээр бид глобал агуулгыг глобал хэлээр нь хүргэж, глобал редакцуудтай өөрсдийгөө жиших боломж бүрдсэн билээ.
Англи дугаарын түгээлтийн цэгийг харах


ФОТО: Маркетингийн ертөнцийн шилдэг 21 мэргэжилтэн /2025.06.30/
Бид сонины ихэнх дугаар дээрээ хамтрагчдынхаа болгож бүтээж, зорьж зүтгэж буйг харуулдаг ч хааяа "зай гарвал" өөрсдийн хийж бүтээж буйг сонирхуулдаг билээ. Мөн ковер зураг дээрээ фото зураг хэвлэх нь өдрийн одоос ч ховор юм. Энэ жилийн хувьд редакцын бичээч, дизайнер, хөгжүүлэгч, зурагчин, партнер гээд бүх хүмүүсийн оролцоог шаардсан цогц ажил маань "Influential 21 CMO" буюу энэ цаг үеийн шилдэг 21 маркетерын жагсаалт байв. Уг нүсэр ажлаа онцолсон, фото ковертой дугаараа дурдахгүй бол алдас болох биз ээ.
Дугаарын редакцын зурвасыг унших


жендер: Мартын 8: Амжилтад хүйс үгүй /2025.03.03/
Хамтрагч байгууллагууд маань үндсэн агуулгаа өгөөд бүтээлч байдал, санаа хөгжүүлэлтийг бидэнд даатгаж, "эрх чөлөө" олгох шиг сайхан зүйл үгүй. Энэ дугаар яг л тэгж бүтсэн юм. Дугаарын голын нүүрээ цэцэг болон бэлэг бооход зориулж гаргасан нь бас нэгэн сонирхолтой шийдэл, бодит хэрэглээ болж чадсан. Сонирхуулахад, сонины цаас нь хамгийн бага өртөгтэй, хамгийн олон хэрэглээтэй, байгальд шингэхдээ хялбар буюу эх дэлхийдээ тун ээлтэй цаас юм шүү.
Дугаарын редакцын зурвасыг унших


автомашин: Такаокагаас таны гарт /2025.02.03/
Зөвхөн гоё харагдахаас гадна агуулгаа тодотгосон, байгаа оносон дүрслэл бүтээх нь манай редакцын гол зорилгуудын нэг. Нэмээд хэвлэмэл медиагийн зар сурталчилгааг нэг шат ахиулахыг хүсдэг юм. Энэ хүслийн хамгийн сайн илрэл нь гарцаагүй Тоёота-тай хамтарсан дугаар байлаа. Автомашин хэмээх "хөдөлгөөнтэй" агуулгыг сонины цаасан дээр "зогсоож" хэвлэх тун ч сонирхолтой сорилт байв. Сорилтоо ч муугүй давсан гэж бодож байна.
Дугаарын редакцын зурвасыг унших


РЕДАКЦ: Unread-ийн нэгэн Арван /2025.09.22/
Энэ жилийн хамгийн "галзуу" гэхдээ "зуун хувь гал" дугаар бол гарцаагүй, бидний 10 жилийн ойдоо зориулан бүтээсэн 10 өөр ковертой дугаар. Энэ 10 ковероороо бид редакцынхаа туулсан жил бүрийг дүрсэлсэн бөгөөд ирээдүйд ч нас нэмэх тусам ижил сэдвээр тусгай дүрслэл нэмсээр байх болно. Уг цуврал коверын ард гарсан дүрслэлийн багтаа ахин нэг удаа баяр хүргэе.
Дугаарын редакцын зурвас унших


Нийтлэлийнхээ төгсгөлд манай сониныг дэмжиж, өөрсдийн орон зайдаа байршуулдаг их сургууль, албан байгууллага, кофе шоп, шуудан холбооныхондоо гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Ирэх жил уулзацгаая!
Түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe

Сэтгэгдэл бичих

