Уламжлал ёсоор энэ оны онцлох стартапуудыг уншигч та бүхэнд танилцуулж байна. Манай редакц өнгөрсөн оноос эхлэн тухайн жилийн онцлох стартапаар шалгарсан компанийн хамт олон нь дараагийн онцлох стартапуудыг тодруулдаг дүрэмтэй болсон. Ийнхүү 2024 оны онцлох стартапуудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлууд өөрсдийн хувьд хамгийн онцгой, шилдэг, инновацлаг хэмээн тодорхойлсон компаниудыг уг нийтлэлд нэрлэлээ.
Мэдээж Монголын стартап экосистемийн “тогоон дотор” ажиллаж буй эрхмүүдээс санал авах нь зүй. Бид энэ жил Сократус стартап студиогийн үүсгэн байгуулагч А.Мөнхцог болон Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын захирал Ж.Золзаяа нараас тусгайлан саналыг нь авсан болно. Мөн ТэнГэр телевизийн технологийн сэтгүүлч, продюсер Б.Ганцацрал болон редакцаа төлөөлөн сэтгүүлч Ц.Мажигсүрэн миний бие оны онцлох стартапаа нэрлэж байна.

2025 оны бусад Unread Wrapped нийтлэлтэй танилцах:

Аригус нь Монголын өргөн уудам нутаг, холбоо хүрэх боломж хязгаарлагдмал бүсэд бодит хэрэгцээнд суурилсан шийдэл нэвтрүүлж байна. Тус компани хиймэл дагуулын дата дамжуулалт, IoT холболтын дотоодын оператор болох зорилгын хүрээнд мал аж ахуй, уул уурхай, тээвэр ложистик, эрчим хүч зэрэг стратегийн салбаруудад сүлжээ тасардаггүй, найдвартай холбооны суурь дэд бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж буй. Монголын нөхцөлд тохирсон, технологийн бие даасан байдлыг бий болгож чадсан нь тэдний гол давуу тал юм.
Аригусын онцлог нь зөвхөн технологи хөгжүүлэлтэд бус, нутагшсан үйлчилгээ, хэрэглэгчийн бодит асуудлыг шийдэх инновацад төвлөрдөгт байгаа юм. Гадаадын шийдлээс огт хамааралгүйгээр дотоодын инженерүүдийн мэдлэг, туршлагаар хиймэл дагуулын IoT экосистемийг бүрдүүлэх үндэсний операторын загвар хөгжүүлэгчид.

Монголд дижитал шилжилтийн тухай ярих нь олширсон энэ цаг үед иргэд, байгууллагууд өдөр тутам ашиглаж болохуйц технологийн нэг бол E-Geree.mn юм. Энэхүү систем нь блокчэйн технологид суурилсан цахим баримт бичгийн цогц шийдэл бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд 185,000 гаруй хувь хүн, 3,900 орчим хуулийн этгээд бүртгэлээ баталгаажуулж, өдөр тутмын хэрэглээндээ тогтмол ашиглах болсон нь анхаарал татахуйц үзүүлэлт юм.
Онцлох нэг зүйл нь E-Geree.mn-ийг зөвхөн мэргэжлийн хуульчид бус, жирийн иргэд ч ашиглах боломжтой болгосон шийдэл юм. Хувь хүн, байгууллага хэн ч бай AI Legal Advisor-ийн тусламжтайгаар хуульд нийцсэн, хүчинтэй гэрээг хялбархан үүсгэх боломжтой болсон нь цахим шилжилтийг улам хүртээмжтэй болгожээ.
Тэдний амжилтаас цухас дурдвал, 2024 оны Startup Challenge Mongolia үндэсний аварга шалгаруулах тэмцээний ялагч E-geree нь 2025 онд ч олон улсын түвшинд баталгаажсан амжилтаараа онцгой жил байлаа. Компанийн үнэлгээг мэргэжлийн андеррайтер байгууллага болох Таван Богд Капитал гаргаж, уг үнэлгээг Ulzi & Co Capital мөн хүлээн зөвшөөрсөн нь хөрөнгө оруулагчдын хувьд илүү тодорхой, итгэлтэй нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнээс гадна БНХАУ-д зохион байгуулагдсан Maker in China тэмцээнд бүсийн шилдэг гурван стартапын нэг болж, сүүлийн шатанд шалгаран Excellent Award хүртсэн. Мөн БНСУ-ын K-Startup Grand Challenge-д ТОП 20-д шалгарсан нь тус шийдэл олон улсын зах зээлд ч өрсөлдөх чадвартайг харуулсан үйл явдал болсон. Энэ шалгуураар харахад E-Geree.mn нь үндэсний хэмжээний дижитал дэд бүтцийн нэг хэсэг болж чадсан нь маргаангүй юм.

Крипто салбарт дэд бүтцийн чиглэлээр ажиллагдаг Helix Labs стартапыг онцолж байна. Defi буюу төвлөрсөн бус санхүүгийн системийг хөгжүүлэхэд төвлөрч ажилладаг бөгөөд 2022 онд үүсгэн байгуулагдсан. Монгол болон гадаад үүсгэн байгуулагчтай энэхүү стартапын гол хөгжүүлэлтийн баг нь Улаанбаатар хотод байдаг. Тэд гол бүтээгдэхүүнээрээ гаднын зах зээлийн тоглогчдод санал болгон, тэдний блокчэйний дэд бүтцийн асуудлуудыг шийдэж өгч буй. Одоогийн байдлаар 40 сая долларын үнэлгээтэйгээр 2 сая долларын хөрөнгө оруулалтыг татаад байна.
Crosschian bridge архитерууд нь өөр блокчэйнүүдийг хооронд нь холбох ажлуудыг хийдэг.
Харин Liquid Staking Protocol нь токеноо урт хугацаанд хадгалах, шилжүүлэг гэх мэт дэд бүтцийн хөгжүүлэлтүүдийг хийж байна.

Хиймэл оюуны эрин үе хэмээн тодорхойлогдож буй энэ цаг үед дотоодын хиймэл оюуны зах зээлд түүчээлэн давшиж буй цөөн хэдэн компани бий. Тэдний нэг нь Mazaal AI.
Хиймэл оюун бидний давтан хийдэг үйлдлүүдийг автоматжуулах, шийдвэр гаргалтыг хурдасгах, зөвхөн тухайн хүнд тохирсон зүйлсийг санал болгох зэргээр та бидний ажиллах болон амьдрах хэв маягийг эрс өөрчилж, илүү хялбар болгож байгаа билээ. Гэвч нэг асуудал байгаа нь дээрх хэрэгцээг бүрэн хангах AI туслахууд өндөр үнэтэй байх нь бий. Гагцхүү Mazaal AI үүнийг олж харсан бөгөөд салбар, хэмжээнээс үл хамааран ихэнх компани зураг, текст, дуу, дүрс бичлэг зэрэг бүтцэд ороогүй өгөгдлөө үр дүнтэй ашиглаж чаддаггүй болохыг анзаарчээ.
Тэдний эцсийн зорилго бол хиймэл оюун ухааныг зөвхөн мэргэжлийн хүмүүст бус хүн бүрд илүү хүртээмжтэй болгох юм. Тиймдээ ч тэдний платформын ашиглахад энгийн, нарийн технологийн мэдлэг шаардахгүй, үнийн хувьд бусдаас хэд дахин хямд гэдгээрээ зах зээлд ялгардаг аж. Эцсийн дүндээ хэрэглэгч хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт хиймэл оюун ухааны моделиудыг код бичилгүйгээр сургаж, улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хялбархан нэвтрүүлэх боломжтой.
Сонирхуулахад, энэ оны дөрөвдүгээр сард Дэлхий дахинд найман сая гаруй хэрэглэгчид хүрдэг вэбсайтаас тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож, нэвтрүүлэхээр сонгожээ. Тус хамтын ажиллагаа эхлүүлсэн компанийн хувьд улиралд ердөө таван стартап сонгодог бөгөөд урьдчилсан тооцооллоор 3000-4000 төлбөртэй хэрэглэгч Mazaal AI-ийн бүтээгдэхүүнийг ашиглах төлөвтэй байгаа аж.
2024 оны онцлох стартапуудын санал

Geni.mn бол контент бүтээгчид болон брэндүүдийг хооронд нь холбож, хамтын ажиллагааны шинэ боломжийг олгодог дижитал маркетплэйс юм. Энэхүү платформ нь сошиал медиа орчинд идэвхтэй бүтээгчдэд өөрсдийн нөлөөлөл, бүтээлч байдлыг ашиглан нэмэлт орлого олох нөхцөлийг бүрдүүлдэг. Харин бизнесүүдийн хувьд өөрсдийн зорилтот хэрэглэгчдэд хамгийн ойр хүрч чадах контент бүтээгчдийг нэг дороос хялбархан олж, маркетингийн кампанит ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бий болгодог аж.
Товчхондоо, Geni.mn нь технологийн тусламжтайгаар дотоодын зах зээл дэх контент маркетинг болон инфлюнсер маркетингийн харилцааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгож буй экосистем юм. Брэндүүд бодит үр дүн, харин бүтээгчид бодит үнэлэмжийг эндээс авна.

Монголын Экспортын Кластерын Сүлжээ (МЭКС) ТББ нь Европын Холбооны санхүүжилттэй ITDM – International Trade & Development in Mongolia төсөлтэй хамтран “Монголын Экспортын Кластерын Өдөр 2025” арга хэмжээг хоёр дахь удаагаа энэ сарын 12-нд нийт 200 гаруй ААН-ийг оролцуулан, өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсан.
Монголын экспортод чиглэсэн ЖДҮ-үүдийн хувьд кластерын зохион байгуулалт нь олон улсын зах зээлд өрсөлдөх чухал механизм гэдгийг МЭКС батлан харуулж байгаа. Анх 2021 онд МҮХАҮТ болон салбарын гол холбоодын санаачилгаар байгуулагдсан тэд өнөөдөр 500 гаруй экспортын чиглэлийн компани, үйлдвэрлэгч, кластерын гишүүдийг нэгтгэсэн үндэсний хэмжээний платформ болжээ .
МЭКС нь төр, хувийн хэвшил, академи, санхүүжүүлэгчид, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг нэг дор төвлөрүүлэх “пентагон” загвараар ажилладаг, кластерын оролцогчдын уялдааг хангах байгууллага юм. Мөн Монголын үндэсний үйлдвэрлэлүүд, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, судалгааны байгууллагууд, банк бус санхүүгийн байгууллагууд, тээвэр ложистик зэрэг олон төрлийн байгууллага нэг дор цуглаж, салбарын асуудлаа хамтдаа хэлэлцэж, төрд дуу хоолойгоо хүргэх, экспорт руу хамтдаа гарах гэх мэт олон давуу талыг бүрдүүлж байгаа. Тус үндэсний хэмжээний платформыг Монголд нутагшуулахаар МУИС, Эдийн засгийн сургуулийн доктор, профессор Х.Цэвэлмаа
багш маань 30 жилийг зарцуулж явж байгаа гэдгийг энэ ташрамд онцлох нь зүйтэй болов уу.

Linkly.mn-ийг стартапын экосистемийн эчнээ танил, geru.mn-ий үүсгэн байгуулагч Г.Түвшинбат "өөрийн 10 жилийн алдаа"-н дээрээ тулгуурлан үүсгэн байгуулжээ. Үнэгүй домайн нэр үүсгэж, бэлэн загварууд ашиглан вебсайт үүсгэж цахим худалдаанаас эхлээд цаг захиалга хүртэлх бүх л төрлийн үйлчилгээг хялбархнаар шийдэж болох нь уг платформын гол давуу тал.
Нэмээд хэрэглэгчийн үйлдэл бүрд нь тухайлсан зурвас, и-мэйл илгээлтийг тохируулах, борлуулалт ба зарлагаа хянах, хүргэлтийн систем холбох боломжтой юм билээ. Дөнгөж эхэлж байгаа ч бизнес эрхлэгч бүрийн толгойны өвчин болсон цахим шилжилтийг цогц байдлаар шийдсэн тул ирээдүйтэй стартап гэж бодож байна.

Хуванцар хаягдлыг багасгахын сацуу эрүүл мэндийн салбарт маш тодорхой асуудал шийдэж байгаа буюу хоёр туулайг нэг сумаар оносон стартап бол Rightfit. Өвчтөнд өөрт нь тохируулж8 тааруулсан ортозын бүтээгдэхүүнийг хамаагүй хямд бөгөөд хурднаар 3D хэвлэн түгээж буй.
2025 онд тэдний баг Америкийн Массачусеттсийн технологийн Их сургуулийн Solve тэмцээнд эрүүл мэндийн ангилалд түрүүлсэн бөгөөд дараагийн шатанд нь олон хүнээс зөвлөгөө авч, бизнесээ улам хөгжүүлж байгаа гэж сонссон. Монголоос гарч ирж байгаа бизнесүүдийн хувьд цаашид том дүнтэй хөрөнгө оруулалт татах, бизнесээ тэлэх үеүдэд технологидоо итгэлцэл үүсгэх нь маш чухал. Харин MIT-ийн тэмцээнд түрүүлсэн явдал нь тэдний технологид итгэж болно гэсэн нэр хүндийн баталгаа болж байгаа гэсэн үг. Энэ үйл явдал нь тэдэнд олон хаалга нээхийн сацуу B2B модель, платформ хөгжүүлэлт гээд олон төрлийн шинэлэг загвараар бизнесээ хөгжүүлж байгааг нь хараад цаашид их юм дуулгах стартап байх болов уу гэж бодож, хүлээж байна!

Хиймэл оюун хурдтай хөгжихийн хэрээр ямар ч шилдэг бүтээгдэхүүн байсан дуу хоолойтой холбогдох нь нэмэх нэг оноо бус зайлшгүй шаардлага болж байна. Дуу хоолойтой холбогдож чадвал ямар ч улс орны хэл дээрх мэдлэг, мэдээлэл рүү эх хэлээрээ төвөггүй бөгөөд шууд хандах боломжтой. Харин Duran AI-ийнхан үүнийг шийдэхээр зорьж буй бөгөөд хиймэл оюунд суурилсан Цэцэн (TTS tsetsen.ai), Дуран (KM duran.ai) гэх платформуудыг хөгжүүлж эхэлжээ.
Цэцэн AI нь монгол хэл дээрх текстийг яг л бодит хүн шиг уншдаг. Хариy Дуран AI нь хувь хүн, албан байгууллагын мэдлэгийн санг эмхлэн бүрдүүлж, асуултад оновчтой хариулт өгөх замаар бүтээмж болон шийдвэр гаргалтын оновчтой байдлыг нэмэгдүүлдэг юм билээ.
Нэгэн таатай мэдээ гэвэл тэдний хувьд 2018 оноос хойш 20 гаруй хотод үйл ажиллагаа явуулж, 1,400 гаруй стартапт хөрөнгө оруулалт хийгээд буй Антлер хурдасгуур хөтөлбөрт тэнцэж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байгаа.

Инмо Ресайклинг нь Монгол Улсад байгаль орчны тулгамдсан асуудал болоод буй HDPE хуванцар хог хаягдлыг урт хугацаанд ашиглагдах, бодит хэрэгцээтэй эцсийн бүтээгдэхүүн болгон хувиргаж буй эргэлтэт үйлдвэрлэлийн стартап юм. Бүр тодруулбал, хаягдлыг “хаягдал → түүхий эд → загварлаг бүтээгдэхүүн” гэсэн бүрэн циклээр боловсруулж, дахин боловсруулалтыг чанар муутай ойлголтоос салган, үнэ цэнтэй хэрэглээ болгон өөрчилж буй хамт олон юм.
HDPE материалаар хийсэн бүтээгдэхүүнүүд нь −40°C-ээс +40°C хүртэлх хэмд тэсвэртэй, ус, чийг, цас, нарны нөлөөнд бат бөх, ялзрах, зэврэх эрсдэлгүй гэдгээрээ Монголын хатуу уур амьсгалд мод, төмрийг бодитоор орлох боломжийг бүрдүүлдэг давуу талтай. Энэхүү төсөл нь зөвхөн “дахин боловсруулалт” бус, загварлаг, зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн бүтээж байгаагаараа ялгарч байгаа юм.
Товчхондонн, өрчин үеийн minimal, eco дизайнтай, өнгө, хэлбэрийн уян хатан шийдэлтэй, захиалгат (custom) бүтээгдэхүүн хийх боломжтой. Инмо Ресайклинг нь гадаадаас импортолдог тавилга, материалуудыг дотоодын бүтээгдэхүүнээр орлохын зэрэгцээ дотоодын хог хаягдлыг үнэ цэнтэй үйлдвэрлэл болгон хувиргаж, ногоон эдийн засаг бодлоготой нийцсэн, бодит нөлөө бүхий шийдлийг санал болгож байна.

Prohost AI нь Airbnb болон бусад богино хугацааны түрээсийн үйлчилгээ (Short-term rental) эрхлэгчдэд зориулсан хиймэл оюунд суурилсан удирдлагын систем хөгжүүлдэг технологийн стартап.
Тодруулбал, олон байр түрээсэлдэг хүмүүст цаг хугацаа хэмнэх, зардлаа бууруулах, үйлчилгээнийхээ чанарыг (5 одтой үнэлгээ авах) сайжруулахад нь тусалдаг "AI туслах" бөгөөд олон бизнесийн дагалдах ажлыг хөнгөвчлөх шийдлийг санал болгож буй. Мөн монгол үүсгэн байгуулагчтай, Y Combinator-т тэнцсэн, 2.6 сая ам. долларын хөрөнгө оруулалт (Y Combinator болон Pear VC-ээс) татсан зэрэг нь дотоодын стартап үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч хүн бүрд боломж маш их байгааг харуулсан сайн жишээ болсон гэж үзэж байна.

TUSS.io нь зөвхөн Монголдоо төдийгүй олон улсын зах зээлд амжилттай нэвтэрч буй хиймэл оюунаар дэмжигдсэн комплаенс менежментийн платформ юм. Гадаадын зах зээлд гарах нь монгол стартапын хувьд хүндхэн ч, тус платформ нь Сингапурын зах зээлд өндөр үнэлгээ авч, олон байгууллагад амжилттай ашиглаж байгаа гэдгээрээ энэ оны онцлох стартапаар нэрлэхэд нэр төртэй гэж үзэж байна.
Орчин үед байгууллагууд олон төрлийн стандарт, дүрэм журам, дотоод хяналтын системийг нарийн мөрдөж ажиллах шаардлагатай болсон. Гэвч эдгээрийг гараар болон олон тусдаа системээр удирдах нь цаг хугацаа их шаарддаг, алдаа гарах эрсдэлтэй бөгөөд үр ашиг багатай байдаг.
Тэгвэл TUSS.io нь байгууллагуудын дотоод хяналт, дүрэм журам, баримт бичгийн удирдлагыг нэг дор төвлөрүүлж, бүх процессыг бүрэн автоматжуулах цогц платформыг санал болгодог. Платформ нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар ISO болон бусад олон улсын стандартын нийцлийг тасралтгүй, автоматжуулсан байдлаар шинжилж, зөрүүг илрүүлэн байгууллагын дүрэм журмыг алдагдуулахгүйгээр хянадаг. Ингэснээр байгууллагууд стандартад нийцээгүй асуудлыг эрт илрүүлж, цаг алдалгүй засах боломжтой болдог байна.
Бид өөрсдөө TUSS.io-г идэвхтэй ашиглан байгууллагын үйл ажиллагаагаа илүү цэгцтэй, хурдан бөгөөд дүрэм журамд бүрэн нийцүүлэн явуулахад бодитоор мэдрээд байгаа.
Өмнөх оны нийтлэлүүд:
2016 оны онцлох стартапууд
2017 оны онцлох стартапууд
2018 оны онцлох стартапууд
2023 оны онцлох стартапууд

Сэтгэгдэл бичих

