Энэ намрын ээлжит “Номтой яриа” булангаараа санхүүгийн шинжээч, контент бүтээгч, артист, хөгжмийн продюсер Н.Уринтай ярилцаж номтой холбоотой түүний дадал, харах өнцөг, бодлыг нь тольдлоо.

та ямар төрлийн ном уншдаг вэ? одоо уншиж буй ном?

Би анх уран зохиолын номд шимтэж эхэлсэн бол одоо философи, сэтгэл судлалын номуудад илүү дурлах болжээ. Дундуур нь яруу найраг болон уран зохиолын бүтээлүүдийг ээлжлэн уншина. Мэргэжилтэйгээ холбоотой эдийн засаг, санхүүгийн номуудыг орхигдуулахгүй уншихыг хичээдэг.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Би өмнө нь иймэрхүү асуултад Маркус Аурелиусын “Meditations” эсвэл Виктор Фрэнклийн “Хүмүүний утга учрын эрэлд” гэх философи, сэтгэл судлалын хоёр номыг онцолж хариулдаг байлаа. Гэвч одоо эргээд бодоход миний амьдралд хамгийн бодитоор нөлөөлж, өөрчлөлт авчирсан ном бол Элизабет Хикейн бичсэн “The Painting Kiss” гэх түүхэн зохиол болон Анаѝс Нин (Anaïs Nin) зохиолчийн “Henry and June” хэмээх намтарчилсан бүтээл юм байна.


УНШИХ НОМОО ХЭРХЭн СОНГОДОГ ВЭ?

Ихэнхдээ Goodreads-ээс номын үнэлгээ хардаг. Юун түрүүнд номын хавтсан дээрх товч агуулга болон уншигчдын сэтгэгдлийг харгалзана. Сонгодог биш орчин цагийн уран зохиол болон яруу найргийг шинэлэг, амьдралтай ойрхон, магадгүй гунигтай байхад нь дуртай.

Орчин үеийн хувь хүний хөгжил, философи, сэтгэл судлалын чиглэлийн номыг сонжихдоо өмнөх үеийн сонгодог философичийн санааг давтан “хураангуйлсан” байх вий хэмээн болгоомжилж, оригинал байх шаардлагыг тавин сонгодог. Харин дэлхийн сонгодог бүтээлүүдийг бол би ч “сонгоно” гэж юу байх вэ. Зүгээр л уншдаг.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Тогтсон хуваарь, өдөрт тэдэн хуудас гэх зарчим байхгүй. Хүссэн үедээ уншиж, хүсэхгүй үедээ уншихгүй. Гадуур явахдаа ном цүнхэлж явах дуртай. Илүү сайн унших бяцхан арга минь хүн хүлээх зуураа уншиж өнгөрөөх байх.

бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?

Яг энэ номыг уншаасай гэж хэлэхэд хэцүү юм. Миний уншсан бүх ном, бүтээл надад ямар нэгэн зүйл үлдээжээ. Шинэ санаа ургуулж, дотор минь аль хэдийн байх олон санаа сэдлийг аль нэгийг нь хөндөж, нээж байсан байна. Иймд зүгээр л өөрийн оюун бодлын, дотоод сэтгэлийнхээ чин үнэн, сониуч зан тань ямар төрлийн номд хөтөлнө, түүнийгээ залхууралгүй заавал уншаасай.

өөрийн төвлөрөн хийдэг ажлуудаасаа танилцуулбал?

Би санхүүгийн удирдлагын чиглэлээр төгссөн. Хувийн сонирхлоороо Youtube хуудсанд “bnusnu” сувагт контент хийхээс гадна хөгжим бүтээдэг.

номтой холбоотой сонирхолтой дадал

Миний ном унших үйл явцын хамгийн чухал дадал болсон үйлдлүүдийн нэг нь таалагдсан эшлэлийнхээ зургийг авч инстаграмд “Highlights” хэсэгтээ хадгалах. Ингэж хадгалаад бараг зургаан жил болж байна. Магад мартсан боловч өмнө нь уншиж байсан сэтгэл хөдөлгөм эсвэл ухаарал хайрлам үгс миний өдөр тутамд ашигладаг апп дээр нэг дор байдаг нь эргэж уншихад амар.

Мөн Medium платформ дээр (Urin Nyamsuren) номын тэмдэглэл бичих дуртай. Уншиж дууссан номоо тархиндаа эргэцүүлж, өөртэйгөө хэлэлцэж, зохиолч эсвэл зохиогчийн санаан дээр өөрийн амьдралын жишээ эсвэл дүгнэлт шинжилгээг нэмж бичих нь тухайн сэдвийг илүү гүн ухаж, номын санааг бататгахад тусалдаг. Тухайн номыг “хэрэглээд” хаях биш түүнтэй холбогдож буй мэт санагддаг. Ер нь уншсан номын тоонд биш хэр чанартай, ухаж ойлгож уншсан нь чухал гэж боддог хүн байж мэднэ.

хэрэв та ном бичих ёстой гэвэл тэр нь юуны тухай, ямар ном байх вэ?

Би дунд ангиасаа шүлэг зохиож бичдэг болсон юм. Одоо ч өөрийн амьдралд тохиолдож буй үйл явдлууд, өөрийн эргэцүүлэл, мэдрэмжүүдээ шүлэг болгон медиум дээрээ нийтэлдэг. Тиймээс өөрийн шүлгийн ном байж болох юм.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Ном унших ёстой гэж боддог ч хэзээ уншдаггүй хүмүүс бий. Эсвэл бүр чадахгүй болохоороо ном унших хэрэггүй гэж итгэдэг ч хүмүүс байдаг. Та хэн ч байсан “сайн” ном унших нь таны амьдралыг ямар нэгэн байдлаар дээрдүүлнэ. Амьдралын харгис мөчүүдийг зөөллөж, ойлгомжгүй үеүдийг тайлбарлаж, ганцаардал дунд найз болж, төөрсөн үед зөвлөгч болдог гэж би хувьдаа боддог.