Яг одоо уншигч таны тэмдэглэлийг нь уншихаар зэхэж буй эл номыг би худалдаанд гарсан цагаас нь хойш шохоорхож, чамгүй өндөр үнээр худалдан авсан ч эхний бүлгийг нь тасралтгүй уншсан хугацаа ердөө 30 минут хүрэхгүй байсан гэвэл итгэх үү? Хагас цагийн дараа гэхэд бусдын бичсэн сэтгэгдлийг “google-дэх” хүсэл эрхгүй төрж, зохиолчийн өмнөх бүтээлүүдийг сонирхон нэг мэдэхнээ инстаграм хаягтаа оруулсан сүүлийн постон дээр нь “лайк” дарчихсан сууж байсан даа.

Ер нь, та хэзээ хамгийн сүүлд нэг суултаар бүтэн ном уншиж дуусгаснаа санаж байна уу? Үнэнээ хэлье, би л хувьдаа санахгүй байна. Зөвхөн ном гэлтгүй нетфликсээс кино үзэх хоорондоо хэд хэдэн удаа утасны мэдэгдлээ шалгах нь хэдийнээ энгийн үзэгдэл болсон мэт. Харамсалтай нь, сошиал ертөнцийн эрин үед зөвхөн та бус дэлхий нийтээрээ “анхаарал” гэгч гайхлыг эргүүлэн авахын төлөө тэмцэж байна.

Бид чухам хэзээнээс гүн төвлөрч чадахаа болив? Хэтийдсэн их дижитал мэдээллийн урсгалаас хэсэгхэн зуурч болов ангижрах арга ер нь байна уу? Эдгээр асуултад номын зохиолч Иоханн Хари “Stolen Focus” бүтээлээрээ хариулт өгсөн юм.



зөвхөн танд бус, хүн бүхэнд энэ асуудал бий

Орчин цагт агуйд амьдарч, ан гөрөө хийдэг нэгэн биш л бол сошиал орчноос ангид орших боломж үгүй болов уу. Өглөөнөөс үдэш хүртэл дижитал төхөөрөмжүүд дээр тасралтгүй ирэх мэдэгдлүүд нэг талдаа бидний амьдралыг хөнгөвчилж, олон ажлыг нэг дор амжуулах боломж олгож буй мэт авч аливаад гүн төвлөрөх чадварт халтай нь гашуун үнэн.

2016 онд Данийн Техникийн Их Сургуулийн профессор Суне Леманнд ч мөн адил анхаарал төвлөрөх чадвар нь буурч буй сэт санагдаж, улмаар мань эр мэдээллийн урсгал, хүний төвлөрөл хоёр ер нь хоорондоо хамааралтай эсэх талаар сонирхолтой туршилтыг эхлүүлэв. Твиттер ид тренд болж байсан 2013 онд дунджаар нэг сэдэв тус платформ дээр 17.5 цагийн турш тренд болдог байсан бол гурван жилийн дараа гэхэд энэ тоо 11.6 цаг болон буурчээ. Энэхүү судалгаа нь зөвхөн твиттер гэлтгүй Google, Reddit зэрэг платформууд дээр ч ижил төстэй үр дүн үзүүлсэн аж. Эсрэгээрээ бид 2013 онд сошиал платформуудад ердөө 95 минутыг зарцуулдаг байсан бол өнгөрсөн жил гэхэд энэ тоо 147 минут болтлоо өсчээ.



Та өөрийгөө 19-р зуунд амьдарч буй нэгэн хэмээн төсөөл дөө. Гэр бүлийнхнээсээ захиа хүлээн авч, хариу илгээхэд хамгийн хурдандаа хэдэн долоо хоног танд шаардлагатай. Тухайн цагт долоо хоног бүрийн тогтмол хэвлэл уншдаг хүн ч нүдний гэм байв. Удалгүй аж үйлдвэрийн хувьсгалын ачаар мэдээллийн урсгалын хурд сайжран хүн төрөлхтөн телевиз, радио, сонин гээд төрөл бүрийн хэрэгслээс мэдээлэл цуглуулдаг болсон. 1986 онд АНУ иргэн 24 цагт дунджаар 40 сонинтой тэнцэхүйц хэмжээний мэдээллийг хүлээн авдаг байсан бол 2004 он гэхэд энэ тоо 174 болж өсчээ. Харин сошиал медиагийн эрин буюу 2022 он гэхэд секунд тутамд бид 1.7 мб мэдээллийг боловсруулж байна. Нэг цаг утсаа гүйлгэхэд л 6 гб мэдээлэл бидний тархинд урсан ордог гэсэн үг.

Харамсалтай нь, бидний тархи энэ хурдтай урсгалыг нэг бүрчлэн хүлээн авах боломжгүй. Тархи судлаачдын онцолж буйгаар сүүлийн 40 мянган жилийн хугацаанд хүний тархины танин мэдэхүйн чадварт төдийлөн өөрчлөлт ороогүй аж. Өөр нэгэн туршилтаар ахлах сургуулийн 136 сурагчаас шалгалт авах үедээ нэг бүлгийнх нь ухаалаг утсыг хураан авсан бол нөгөө бүлэг нь шалгалтын турш утсандаа мэдэгдэл хүлээн авчээ. Үр дүнд нь утсаа ашиглаагүй сурагчид бусдаасаа 20 орчим хувиар өндөр үнэлгээ авсан байна.

Зөвхөн эдгээр судалгаанаас бидний анхаарал сул буйн шалтгаан зөвхөн сошиал медиа гэж дүгнэх нь өрөөсгөл ч энэхүү платформуудын санал болгож буй асар их мэдээлэл нь эргээд гүн төвлөрөх үйлийг сатааруулж буй томоохон шалтгаан мөн.



технологийн компаниудын амжилт мөнгөөр бус, минутаар хэмжигддэг 

2000-аад оны эхээр Стэнфордын Их сургуулийн технологийн лабораторийн эрдэмтэд нэгэн чухал судалгааг хийж. Судалгаа нь алдартай психологчидийн дэвшүүлсэн сэтгэл зүйн онолуудыг кодчилох боломжтой эсэх талаар байсан бөгөөд өөрөөр хэлбэл тэд технологи хүний зан үйлийг өөрчилж чадах эсэхийг мэдэхийг хүссэн хэрэг. Үр дүнг нь харин та бид ухаалаг утсаа товших зуураа хүртээд сууж байна.

Тэрхүү багийн эрдэмтдийн нэг Б.Ф.Скиннерийн хархны туршилт тун алдартай. Эхэндээ туршилтын харханд зүгээр л товчлуур дарах утгагүй даалгавар өгөхөд өнөөх нь огтхон ч сонирхохгүй байсан гэдэг. Тиймээс Скиннер даалгавраа өөрчилж, хархыг товчлуур дарах болгонд хоолоор шагнах үед тэрээр санасандаа хүрчээ.

Харин бидний шагнал бол эможи, сэтгэгдэл, дахин жиргэх гэх мэт товчлуурууд. Сошиал платформуудын дизайн тэр чигтээ биднийг тэрхүү орчинд өнгөрүүлэх цагийг урамшуулах замаар программчлагдсан байдаг. Лайк дарах, дахин хуваалцах, сэтгэгдэл үлдээх гэх мэт хэрэгслээс гадна хязгааргүй гүйлгэх боломжтой интерфэйс нь бидний анхаарлыг соронзон мэт татах нэгэн хэрэгсэл. Энэхүү шийдлийн үр дүнд Facebook, Twitter дээр бидний зарцуулах цаг дор хаяж 50 хувиар ихэссэн юм. Тийм ч учраас технологийн компаниудын амжилтыг мөнгөөр биш, харин минутаар хэмждэг гэх хэллэг гарсан юм шүү дээ.



Таны онлайн байх хугацаа хэдий чинээ урт байна, тэрхүү компани таны худалдан авах зан төлөвийг дэлгэрэнгүй хянах боломжтой. Бид эдгээр аппуудад мөнгө төлдөггүй ч мөнгөнөөс ч илүү үнэ цэнтэй зүйлээ алдаж буйгаа мэддэггүй. Тэр бол бидний анхаарал төвлөрөх чадвар юм.

Цахиурын хөндийд цаг хугацаа мөнгөтэй тэнцэнэ. Мөнгө нь тэднийх. Харин цаг хугацаа, анхаарал бол таных.


multitasking шагнал уу? шИЙТГЭЛ ҮҮ?

MULTITASKING хэмээх нэршлийг 1960-иад оны үед компьютерын ухааны эрдэмтэд олон процессортой компьютерын функцийг тодорхойлох зорилгоор гаргаж ирсэн түүхтэй. Тэгэхээр энэ нэршил анхнаасаа хүмүүст зориулагдаагүй ээ гэсэн үг. Бид чинь ердөө тархи хэмээх ганцхан процессортой хомо сапиенс.

Гэвч орчин цагт бид хурдтай, бүтээмжтэй байдлыг эрхэмлэдэг материалист нийгэмд амьдарч байна. Энэ нөхцөлд хоолоо идэнгээ мейлээ шалгах, утасны дуудлага хийдэг нэгэн бол олон ажлыг зэрэг амжуулдаг хамгийн бүтээмжтэй хүнээр шалгарах нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх хамгийн чухал чадваруудын нэгээр “multitasking” нэрлэгдэж буй нь санаандгүй тохиол биш. Гэхдээ бид үнэн хэрэгтээ олон ажлыг нэг дор амжуулах бус, зүгээр л тэдгээрийн хооронд хэт хурдтайгаар шилжиж байдаг аж. Дээр дурдсан шүү дээ, бидэнд ердөө ганцхан процессор л бий. Нэг ажлаас нөгөө ажил руу шилжих үед бидний тархи тэр болгонд шинээр ачаалалдаг бөгөөд үр дүн нь сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг. Судалгаагаар ажлын байран дээрээ “multitasking” буюу олон ажилбар зэрэг амжуулж буй хүмүүсийн IQ-г зөвхөн нэг ажил дээр төвлөрч байх үеийнхтэй нь харьцуулахад даруй 10 гаруй оноогоор доогуур байжээ.



Аз болоход бид тийм ч их хичээл зүтгэл гаргахгүйгээр илүү бүтээмжтэй, илүү ухаантай байх боломжтой. Хэрэв та Pixar-ийн Soul анимэйшнг үзэж байсан бол “flow state” буюу тухайн цаг мөчийг бүрэн мэдрэх тухай ойлголт хэдийнээ танил санагдаж буй биз ээ. Энэ нь ямарваа нэгэн ажилд хүн гүн автах үедээ эргэн тойрны үйл явдал, цаг хугацааг анзаарахаа болж, анхаарал төвлөрөл нь дээд цэгтээ очихын нэр.

Алдартай хөгжимчин, тамирчин, эрдэмтэд чухам энэ мөчид л амжилт гаргаж чаддаг. Бид ч гэсэн хаданд авирах, эвлүүлдэг тоглоом тоглох, код бичих, зураг зурах явцдаа өөрсдөө ч мэдэлгүй энэ төлөв рүү шилждэг. Зохиолч номдоо хүн бүхэн өдөрт дор хаяж нэг ажилд гүн төвлөрч, гараасаа гаргаснаар аажимдаа анхаарал сарних эмгэгээсээ бага багаар ангижрах боломжтой хэмээсэн юм.



зохиолчийн тухай

Номын зохиолч Йохан Хари карьерынхаа эхэн үед The Independent, Huffington Post сонины тоймч байсан бөгөөд 2012 онд Chasing the Scream: The First and Last Days of the War on Drugs хэмээх хар тамхинд донтогсдын талаарх баримтат бүтээлээрээ зохиолчийн замналаа эхлүүлсэн юм. Удалгүй 2015 онд хар тамхинаас авхуулаад ухаалаг утсанд хүртэл донтож буй хүмүүсийн донтох гол шалтгаан нь чухам юу байдаг юм бэ? Донтолтын эсрэг одоог хүртэл бидний туршсан аргууд яагаад бүтэлгүйтэж байгаа талаар ул суурьтай судалгаа бүхий "Everything you think you know about addiction is wrong" гэх TedX илтгэлээрээ интернэт ертөнцөд алдаршиж, энэхүү илтгэлийг дагаад номын борлуулалт нь хүртэл огцом өсчээ.

Улмаар сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр үүсгэгч жинхэнэ бодит шалтгааныг эрэлхийлсэн удаах бүтээл Lost connections ном нь түүнийг жинхэнэ зохиолчийн хувиар уншигчдад танилцуулж, хэвлэгдэн гарсан цагаасаа хойш өдийг хүртэл сэтгэл гутрал болон сэтгэлийн зовуурийн талаар хүмүүсийн бодлыг дэлхий даяар өөрчилсөөр байгаа билээ. Тус бүтээлийг монгол хэлнээ EnkhEmpire хэвлэлийн газар “Алдагдсан холбоо” хэмээх нэрээр хөрвүүлсэн.