2021 оны сүүлийн ням гарагийн мэнд. Бид жил бүрийн шинэ жилээр номын хорхойтнуудыг контентдоо урьж, тухайн онд ямар бүтээл сонирхлыг нь татаж, сэтгэлд нь хүрснийг түүвэрлэн хүргэдэг уламжлалтай. Хүн бүрийн сонирхдог салбар, судалдаг сэдэв өөр ч гэлээ сайн номыг таньж мэдэх арга барил нь хол зөрүүгүй байдаг болов уу. Иймд, уншигч та доорх жагсаалтаас мэдээлэл авч, 2022 онд унших номын жагсаалтаа арвижуулахаас гадна сэтгэгдэл хэсэгт өөрийн уншсан энэ жилийн онцлох номоо хуваалцаарай. 

М.Саруул-Эрдэнэ: АНУ-ын Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор

Naomi S. Baron - "Always on: Language in an Online and Mobile World, Oxford University Press"

Анх тэртээ 1971 онд "email" хэмээх цахим шуудан үүссэн юм байна. Гар утсаар Америкад бичсэн анхны мэссэж хэмээх зурвас 1992 онд эзэндээ хүрсэн аж. 1997 онд Блог гээч, 2004 онд Нүүр ном хэмээгч бий болов. Энэ бүхнийг дагаад л шинэ талбар бүрийд хэрэглэх англи хэлний үг хэллэг, бичлэгийн хэв маяг үүсээд яваад байж. Тэр бүрийд англи хэлтний дунд маргаан хэлэлцүүлэг өрнөж байж. Гол санаа нь “Ингээд англи хэл мөхлөө” гэж.

Америкийн их сургуулийн профессор Наоми Барон харин тэр бүх хэрэглээ, хэлний хувьсал зэргийг хэл шинжлэлийн үүднээс авч үзжээ. Хэлэнд зөв буруу хэлбэрийг хэрхэн тогтоодог вэ? Хэн шийддэг вэ? Англи хэл 1971 оноос хойш тэгээд мөхөж байгаа бил үү?

Монгол уншигчдадаа яагаад энэ номыг сонгон танилцуулав гэхээр англи хэл гэдгийг нь монгол хэл гэж солиод уншчихад л яг болохоор. Монгол хэл мөхөж байгаа бил үү? Хэзээнээс эхэлж мөхөөд (гар утас хэзээ орж ирсэн билээ) хэзээ дуусна гэлээ? Хэл гэж зурвас, цахим шуудангаас болоод мөхчихдөг эд ер нь мөн үү?

Өөр хэлний тухай ингэж нарийн судалсан бүтээлийг унших нь өөрийнхөө хэлний онцлогийг мэдэхэд бас тустай. Угаас хэлний хувьсал гэдэг универсаль эд, энэ хэл ингэж хувьсдаг, тэр хэл тэгж өөрчлөгддөг гэдэг ялгаанаас илүү хэл бүрийн хөгжил хувьслын ижил шинж нь илүү байдаг юм.

Ц. Өнөрбаян, Д. Соронзон - “Монгол үгийн гарал судлалын үндэс”, Улаанбаатар

Сүүлийн үед монгол үгийн гарлыг тайлбарлана гэдэг “хүүхэд нохойн зугаа” гэдэг шиг шахуу юм болоод байгаа. Дуртай нэг нь дураараа л тодорхойлно. Улс төрчид бол яг тухайн нэр дэвших мөчид сонгогчид юу сонсмоор байна, тэр маягаар л үгийн гарлыг тайлбарлачихна. Гэтэл мянган жилийн өмнө тэр үг, тэр нөхрийн нэр дэвшихийг мэдээд, тэрэнд тааруулаад хувирч байсан түүх гэж огт үгүй.

Энэ номыг заавал мэргэжлийн гэлтгүй, хэний янаагүй авч уншваас үг гэж тэгж хамаагүй, намын үзэл дагаж хувираад, үүсээд байдаг юм биш, харин авиа нь ижилсдэг, ондоошдог, тагнайшдаг, сулардаг, сэлгэдэг, ингэхдээ зүгээр ч нэг сэлгээд, сулраад байдаггүй, тодорхой байр, тодорхой орчинд тийн хувьсдаг эд болохыг мэдэж авах юм. Тэгснийг нь чухам хэрхэн мэдэх юм бэ гэвэл зохиогч нарын удиртгалдаа бичсэнчлэн “түүхэн харьцуулах”, “сэргээн тогтоох” (номын 5-р тал) гэсэн хоёр аргыг голчлон барих юм.

Номын санч болсноосоо хойш миний бие номын соёл, уншигчийн хэрэгцээг хангах эсэх зэрэгт их анхаардаг болоод буй. Тэгвэл энэ ном гарлыг нь тайлсан бүх үгийнхээ индексийг хийж өгсөн, ном зүйгээ зөв тодорхой жагсааж өгсөн нь сайшаалтай юм. Индексгүй номоос мэдээлэл олох нь өвснөөс зүү эрэхтэй төстэй.

Г.Түвшинзаяа: Аюулгүй байдал судлалын хүрээлэнд зочин судлаач

MARIE FAVEREAU - “THE HORDE: HOW THE MONGOLS CHANGED THE WORLD”

Жак Уэтерфордын Чингис хааны талаарх ном 2004 онд гарснаас хойш баруунд Монголын эзэнт гүрний талаар хамгийн олон хүнд хүрсэн ном энэ онд хэвлэгдсэн Францын түүхч Мари Фавэрогийн “Алтан орд” болов. Урд өмнө үүн шиг зөвхөн Алтан ордны улсын талаар өгүүлсэн даацтай бүтээл гарч байгаагүй билээ. Одоогийн Украйн хүртэлх Евразийн уудам их газар нутгийг эрхшээж байсан Чингис хааны залгамжлагчид улс төр, соёл, цэргийн хувьд ямаршуухан нарийн бодлого хэрэгжүүлж байсныг түүхч Фавэро өгүүлжээ. Алтан ордны улс одоогийн Орос, Төв Азийн төр улсуудыг төрүүлж, Исламын шашныг Кавказ, Зүүн Европт нутагшихад чухал үүрэг гүйцэтгэж нэгэн үе дэлхийн түүхийн хөдөлгүүр нь болж байв. Орхигдчихсон байсан түүхийн энэхүү хуудсын талаар системтэй, олон нийтэд хүрэхээр бүтээл сая дөнгөж гарсан нь барууны томоохон хэвлэлүүд 2021 оны шилдэг номын жагсаалттаа багтаах гол шалтгаан нь болсон байх. Агуулгын хувьд гадныханд төдийгүй монголчууд бидэнд ч Монголын эзэнт гүрний түүхийг шинээр харах боломжийг олгосон франц түүхчийн аргументуудыг ирэх ондоо цугаараа идэвхтэй хэлэлцэх биз ээ.

SIMON AKAM - “THE CHANGING OF THE GUARD: THE BRITISH ARMY SINCE 9/11”

“Дэлхий дээрх хамгийн шилдэг цомхон арми” гэж нэрлэдэг Британийн цэргүүдтэй хамт Монголын цэргийн алба хаагчид олон жил Афганистанд үүрэг гүйцэтгэсэн. Британийн арми өнө эртний баатарлаг түүх, уламжлалаараа манайхтай төстэй. Гэхдээ орчин цагийн туршлага шинэчлэл, алдаа оноогоороо дэлхийд тэргүүн эгнээнд яваа. Харьцангуй цомхон боловч үргэлж жин өгсөж барилддаг тэдний армиас бидэнд өөриймшүүлж авах зүйлс олон бий. Тэдгээр зүйлсийн нэг нь армийн дотор болон гаднаас хүчтэй шүүмжлэлийг өрнүүлж чаддаг явдал. Британийн армид өмнө алба хааж байсан сэтгүүлч Саймон Акамын бичсэн энэ ном 2001 оноос хойш тус арми Ирак, Афганистаны дайнуудад оролцохдоо ямар алдаанууд гаргасан, цаашлаад цэргийн бүтцэд шинэчлэл хийнэ гэдэг ямар ярвигтай зүйл болохыг хүүрнэн тайлбарлажээ. 260 гаруй ярилцлага дээр тулгуурлан бичсэн уг бүтээл батлан хамгаалах бодлого, цэргийн уламжлал сонирхдог олон хүний хувьд энэ онд гарсан шилдэг ном байв.


П.Номинбилэг - Редактор, орчуулагч

Let Me Tell You What I Mean 

Энэ долоо хоногт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн, нэрт эсээч, зохиолч Жоан Дидион 2021 онд “Let Me Tell You What I Mean” нэртэй эсээ бичлэгийн түүврээ нийтэлсэн нь түүний сүүлчийн бүтээл байх учиртай санжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2012 онд түүнд Үндэсний хүмүүнлэгийн медаль гардуулахдаа “бусдын харахаас зайлсхийдэг зүйлсийг анзаарахад амьдралаа зориулсных нь төлөө” шагнаж байгаа хэмээн тодотгосон нь түүний тухай нэгийг хэлнэ. Энэхүү номд багтсан 12 эсээг тэрбээр 1960–2000 оны хооронд бичжээ. Хошин, нандин, хурц, эрэлхэг, нээлттэй, бүгдийн мэдэх, бас хэний ч мэдэхгүй Жоан Дидион. Үг гэгчийг эгнэгт өөрийнхөө талд урвуулсан Жоан Дидион. Бүхэлд нь унших зав, сонирхол байхгүй байгаа бол Why I Write гэдэг эсээг нь заавал уншаарай.

“Тэр үед би юуг чадахгүйгээ л мэддэг байлаа. Хэн биш гэдгээ л. Харин хэн гэдгээ мэдэх хүртлээ цөөнгүй жилийг элээсэн юм даа.”

Пачинко 

“Түүх биднийг хэчнээн гонсойлговч түүнд тэгтлээ ач холбогдол өгөх хэрэггүй юм” (Б.Эгшиглэнгийн орчуулснаар)

Зохиол бичихэд төвлөрөхийн тулд хуульчийн ажлаа орхисон Мин Жин Ли “Пачинко” номоо 2017 онд нийтэлсэн боловч манай улсын уншигчдад энэ жил л монгол хэлээр хүрсэн юм. Гурван хэсэгтэй, 600-аад хуудас бүхий нүсэр зохиол хэдий ч уншаад эхэлсэн байхад нэг л мэдэхэд дуусах вий. Эл номд Японы эрхшээлд орсон Солонгосоос (XX зууны эх) Японд очиж, 1980-аад оныг хүртэл амьдран суусан нэгэн гэр бүлийн дөрвөн үеийн намтрыг хүүрнэнэ. Зүүн Азийн түүхийн хуудсанд хараар бичигдсэн ч бидний тэр бүр мэддэггүй үйл явдлууд тэндхийн солонгосчуудын амьдралд чухам хэрхэн нөлөөлснийг “Пачинко”-оос бодитоор мэдэрч, мэдэж авч болох. “Бодитоор” гэсний учир нь, Мин Жин Ли 10 жил орчим судалж, баримт материал цуглуулсны эцэст энэ номоо бичсэн аж. Номд өрнөж буй үйл явдлууд хэдий гэгээлэг биш ч гэлээ номыг уншаад дуусахад сэтгэлд гэрэлтэн үлдэх нь итгэл найдварын оч байх болно.

No One Is Talking About This 

“Энэ тухай хэн ч ярихгүй байна” бол бидний тэг дунд нь уусан амьдарч, ой ухаанаа хайр найргүй эзлүүлдэг “сошиал медиажсан” амьдралын тухай бодрол юм. “Мэн бүүкэр”-ээс нэрлэсэн, 2021 оны шилдэг зургаан номын нэг, Патриша Локвүүдийн “No One Is Talking About This”-д цахим сүлжээ олон нийтийн оюун санаанд хэрхэн нөлөөлж буйг тун сонирхолтойгоор өгүүлсэн буй. Цахим орчинд сайн сайхан, энэрэнгүй сэтгэл, шударга ёс ноёлон байх мэт боловч тийм биш гэж харуулах үй олон зүйлс ч мөн тэнд оршин байна. Хөнгөн, ёжтой нэгдүгээр хэсэг нь өндөрлөсний дараа бид Патриша Локвүүдийн хувийн амьдралын талаар, цахим орчноос гаднах амьдралынх нь талаар мэдэж авах болно.

Б.Дөлгөөн - Улс төр судлаач, олон улсын харилцааны түүхч

АРДЫН ХУВЬСГАЛ: ҮЗЭЛ САНААНЫ ТҮҮХ

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж, Монсудар хэвлэлийн газраас “Ардын хувьсгал: Үзэл санааны түүх” номыг уншигчдын хүртээл болсон билээ. Уг бүтээлийн төслийг Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбат санаачилж, хамтран зохиогч/ерөнхий редактораар миний бие ажилласан юм. Энэ жил шинэ хэвлэгдсэн номууд гэхээсээ хуучны бүтээлүүд ихэвчлэн уншсан учраас өөрийн ажилласан энэхүү номыг санал болгоход буруудахгүй гэж бодлоо.

Одоогоос 2500 орчим жилийн өмнө эртний Грект ардчиллын үзэл санаа үүсэн цаг хугацаа, орон зайгаар өртөөлөн цуурайтсаар 1921 онд Монголын тал газрыг туулж Ардын хувьсгал өрнөжээ. Энэ бол бидний төдийлөн харж байгаагүй, цоо шинэ өнцөг гэдэг нь мэдээж. Эртний Грек-Ромын үеэс XX зууны монголчууд хүртэлх хүн төрөлхтний үзэл санааны түүхийг өгүүлэхээс гадна шашин, этнологи, нийгэм-соёлын антропологи, урлагийн түүх, дүрслэх урлаг, газар зүйн их нээлтүүд, философийн сор бүтээлүүдийг (зохиогчдын хамт) он дарааллын товчоон, график зургууд, схем, уран зургууд, гэрэл зургуудаар дамжуулан энгийн ойлгомжтой хэл найруулгаар тайлбарласан бүрэн хэмжээний зурагт түүх. Хүн төрөлхтөн эдүгээ цагийн ардчилсан нийгмийг бүтээхийн төлөө ямар их хичээл зүтгэл гаргаж, оюун санаагаа дайчилсныг монгол өнцгөөс монгол уншигчид энэ номоос уншина.

Хувьсгал гээч нь зөвхөн зөвхөн хуран үймсэн олны түрхрэлт биш, тодорхой үзэл санаа, нийтийн эрх ашгийн төлөөх үйлдэл дээр суурилдаг гэдгийг энэ номоос уншигчид ойлгож авна гэж найдаж байна.

Э.Бөртгөлжин - Unread.today-ийн сэтгүүлч


Жордан б.Питерсон - "Дэг журмын цаана"

Ж. Питерсонийг уншсан хүмүүс нэг бол түүнийг хайрлана аль эсэхүл үзэн ядна. Өөрөөр хэлбэл эл номын зохиолч, Канад психологичийн бүтээлүүдийг “яахав, боломжийн хувь хүний хөгжлийн ном байна” даа хэмээн дүгнэх хүн цөөхөн.

Зохиолчийн өмнөх бүтээл “Амьдралын 12 дүрэм-Хаосын эсрэг ерөндөг” нь уншигчдад орчин цагийн туйлын эмх замбараагүй, будилаант нийгэмд дүрэмгүйгээр бид дур хүслийнхээ боол болдгийг, лавтайяа эрх чөлөөнд хүрч чаддаггүйг сануулсан байдаг. Аа харин шинэхэн ном нь тодорхойгүй нөхцөл байдал болоод дүрэм журмын хэт хүлээс гэх хоёр туйлын хооронд хувь хүн өөрийн амьдралын тэнцвэрээ олж авахад туслах зөвлөгөөнүүдийг тусгаснаараа онцлогтой.

Сахилга бат болон бүтээлч байдал хоёр нь бие биенээ үгүйсгэгч ойлголтууд бус харин ч нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй бөгөөд сахилга бат нь бүтээлч байдлыг бий болгох урьдач нөхцөл гэх мэт өнөөгийн залууст амьдралын зүг чигээ зөвөөр тодорхойлж, сайн муугийн ялгааг томьёолох нь хичнээн чухал зүйл болохыг Питерсон ойлгуулах гэж хичээжээ.

Бид нэгэнтээ хүн болж төрсөн тул зовлон шаналлаас бултах аргагүй. Хүүхэд өсгөж хүнээр хүн хийх ярвигтай, өглөө болгон үүрээр босож өдрийн турш ширээний ард суух ч хэцүү, нас ахих, хүнд өвчнөөр өвдөх, ойр дотнын хүмүүсээ золгүй үхлээр алдах гээд энэ хорвоо тэр чигтээ зовлонгийн уурхай мэт. Ялангуяа хувь хүний амьдралд тохиох бэрхшээлээс гадна нийгэм нь тэр чигтээ нэгдсэн үнэт зүйл гэж үгүй Монголын нөхцөлд залуус сайн, муугийн талаар эргэцүүлэхээс илүүтэй хэрхэн амьд үлдэх тухай л бодож байх шиг. Үнэн чанартаа хэн нэгэнд худал хуурмаг үгс хэлж, муу үйл хийгээд ч болов илүү орлого олж байвал түүнийгээ зөвтгөх ямар нэг шалтаг хайгаад л олчихдог болж. Гэвч үнэнийг бид өөрсдөөсөө түлхэх тусмаа л чин үнэнч хайр, үнэнч харилцаа, халуун сэтгэлийг бусдаас эрж хайдаг шүү дээ. Мөнхөд бусдаас царай алдан гуйланчилдаг тэрхүү үнэнийг өөртөө эхлээд цогцлоох учиртай юм гэсэн гол санааг дахин 12 шинэ дүрмээр баяжуулан зохиолч энэ номондоо бичсэн мэт уншигч надад санагдсан билээ.

Хувь хүн өөрийгөө “ертөнцийн төв” хэмээн хэтийдүүлж сэтгэхээс илүүтэй оршин буй нийгэмдээ дасан зохицохын төлөө нэг алхам ухарч, аливааг тайван бөгөөд том зураглалаар тогтон харахад энэхүү бүтээл тус болж мэдэх юм.


Д.Ганзориг - UNREAD-ийн хамтран байгуулагч

Cal Newport – "A World Without Email"

Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор; ажил карьер, технологийн сэдвийн топ авторуудын нэг Кал Ньюпорт 2021 оны эхээр "A World Without Email" хэмээх ном гаргасан. Тэрээр имэйл болон чатад суурилсан ажлын байрны харилцаа нь бүтээмжийг муутгаж, биднийг ажилдаа сэтгэл хангалуун бус болгож буй тухай үндэслэл сайтай хүүрнээд, энэ байдлыг засаж сайжруулах шийдлүүдийг санал болгожээ. Ажилдаа, ажлын байрандаа баримтлах тохирох дүрэм журам, системийг буюу тохирох "workflow"-ийг бий болгох нь хэт их имэйл, чат харилцааг бууруулж, сатаарал багатай, бүтээмжтэй ажиллах гол шийдэл болно гэж тэр үзжээ. Энэ номд "knowledge work" буюу мэдлэгт суурилсан ажлын үүсэл, түүх, гол санаануудыг мөн бичсэн нь сонирхолтой. Бүтээмж нэмэгдүүлэх байдаг л нэг ном бус, судалгаа сайтай, шинэ санаануудыг зоригтой дэвшүүлсэн, ажлын байрны ирээдүйг тольдсон олон талт ном гэж болно.

Brad Stulberg – "The Practice of Groundedness: A Transformative Path to Success That Feeds--Not Crushes--Your Soul"

Хувийн хөгжийн сэдвээр бичдэг авторууд дунд даацтай бичлэгээрээ ялгардаг нэгэн бол Брэд Сталберг. Амжилтад хүрэх гэсэн улайрал, хэзээ ч ханаж цадашгүй байдал нь эргээд ихээхэн сөрөг нөлөө дагуулдаг болсон өнөө цагт амжилтад хүрэх илүү эрүүл, илүү тогтвортой арга зам байж болно гэдгийг Брэд Сталберг харуулжээ. Зохиогч тэрхүү шинэ замыг "groundedness" буюу дороо суурьтай, дотроо бодолтой байхтай адилтган томьёолсон байна. Энэ номоос аливаа зүйлийн суурийг сайн тавих, одоогийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх, тэвчээртэй байж урт хугацааны үр дүнд төвлөрөх, бусадтай гүнзгий холбоо тогтоох талаар уншиж, амьдралдаа хэрхэн илүү сэтгэл хангалуун, илүү тайван болоход суралцана. Товчхондоо бие сэтгэлийн ядаргаанд оруулж дөнгөдөг толгой эргэм амьдралын хэмнэлийн ерөндөг болохуйц ном.


Я.Баяраа - СУИС-ийн багш. Утга зохиол судлаач

Ц.Буянзаяа - Сэтгэлзүйн тууриуд 

Үндэсний хүүрнэл зохиол 10 гаруй жилийн унтаа байдлаасаа сэрж, сэргэсэн оныг бид үдэж байна. 1990-ээд онд уран зохиолд орж ирсэн нэгэн үеийн зохиолчид хүүрнэлийн хувьд нэгэн шинэ мөчлөг рүү алхан орсон нь үүний шалтгаан болов. Сэтгэлгээ, хийсвэрлэл, гүн ухааны хувьд шинэлэг даацтай, басхүү олон төрөл зүйлийг хамарч чадсан нь олзуурхууштай. Эрэлхийллээсээ илэрхийллийн үед дэвшсэн энэ бүтээлүүд уншигчдадаа гологдох болсон утга зохиолын ертөнцийн хамгийн чухал мэдээ. Зохиолч Цэнд-Аюушийн Буянзаяа “Сэтгэлзүйн тууриуд” туурийн түүвэр, Гун-Аажавын Аурзанын “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” роман, Пүрэвхүүгийн Батхуягийн “Чулуун бөмбөрийн нүргээн” жүжгүүд, Б.Наминчимэд “Цагаан бороо” роман, Нацагдоржийн Бадамжав.“Модон сахалт” романуудыг яг энэ агуулгаар нэрлэмээр байна. Эдгээрээс Ц.Буянзаяагийн “Сэтгэлзүйн тууриуд” номыг онцолъё.

Зохиолч Ц.Буянзаяа зохиолч энэ жил маш өвөрмөц номоор уншигчдадаа бэлэг барив. Өрнө дахинд ч, дорно дахинд ч нэг янзаар ойлгогддог туурийн хэлбэрээр тэрээр бүтэн ном бичжээ. Ромео, Жульетта хоёр ч цагтаа (1410 он) Томмазо Гуардати гэгч итали бичгийн хүний туурийн цоморлигт багтсан туурь л байсан билээ. Авьяас билгээрээ Жованни Боккачогийн Декамероноос хол илүү монгол гарвалтай хятадын бичгийн хүн Пү Сүн Линий “Эрт эдүгээгийн гайхамшигт сонин явдлууд” туурийн цоморлиг монголчуудын хүүрнэх сэтгэлгээнд ихээхэн нөлөөтэй. Монгол төрийн нэрт зүтгэлтэн Догсомын Бодоо ч туурийн хэлбэрээр “Үзэмжит өгүүлэл, уянгат шүлэглэл” хэмээх тууж туурвисан нь бий.

Зохиолч Ц.Буянзаяагийн шинэ номондоо энэ уламжлалд бүтээл сэтгэлгээгээр ханджээ. Тууриудын үүдэл санаа, дүрийн сэтгэлзүйн боловсруулалт маш сонирхолтой. Дүрүүд нь цаг хугацааны ямар ч нөхцөлд амьдрахаар тохиолдлын шинжтэй бөгөөд, гагцхүү тэдний сэтгэлзүйд өрнөж буй зөрчил, сэтгэхүйн үйлдэл л туурийг амилуулах үүдэл нөхцөл болж байна. Энгийнээр тайлбарлавал амьдралын олон нөхцөл, тохиолдолд хүний гаргадаг сэтгэхүйн үйлдэлүүдэд зориулан зохиолч цоо шинэ тууриуд зохиожээ. Туурь бүхэн өөрийн хэл найруулга, бичил ертөнцтэй. Бичил ертөнц бүхнийг туулж гарсны дараа уншигчид шинэ мэдрэмж, энгүүн ухаарал төрнө. Нэг амьсгаагаар биш нэг сар гамнаж уншмаар ном.