2022 оны сүүлийн бямба гарагийн мэнд. Бид жил бүрийн төгсгөлд номын хорхойтон зочдыг контентдоо урьж, тухайн онд ямар бүтээл сонирхлыг нь татаж, сэтгэлд нь хүрснийг түүвэрлэн хүргэдэг уламжлалтай.
Энэ жилийн тухайд манай редакцын баг 40 гаруй ном, өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийтдээ 355 ном танилцуулж, тоймлосны зэрэгцээ 30 гаруй зочинтой "Номтой яриа" ярилцлагын контент бүтээжээ. Ирэх онд бид үргэлжлүүлэн уншигчдынхаа номын жагсаалтыг арвижуулахад туслах хөтөч болж, олон шинэ сонирхолтой, мэдүүштэй номуудыг онцолсоор байх болно.
Г. Түвшинзаяа, Олон улсын харилцаа судлаач

"Small States In A Big World: Size Is Not Destiny"
2022 он жижиг улсуудад тун халгаатай жил болж өнгөрөв. Их гүрэн жижиг улсад түрэмгийлэн довтолсноор эхэлсэн энэ онд бид зөвхөн өөрсдөдөө найдах ёстойг дахин нэг санаж авцгаав. Хэдийгээр жижиг улсууд гэдэгт Монгол Улс багтана, багтахгүй гэх онолын мэтгэлцээн бий боловч бодит байдал дээр манайх жижиг улс мөнөөс мөн. Геополитикийн энэ эгзэгтэй үед монголчууд бид бусад жижиг орнуудын туршлагаас байнга суралцаж байж л тэсэж үлдэнэ.
Сингапурын хамгийн хүндтэй дипломатч Томми Когийн эмхэтгэсэн "Small States In A Big World: Size Is Not Destiny" бүтээл энэ онд олж уншсан хамгийн сонирхолтой ном байв. Алга дарам Катар улс хэрхэн дэлхийн шилдэг агаарын тээврийн компанийг байгуулж чадсанаас авхуулаад Финланд улс боловсролын салбарт дэлхийд тэргүүлж буй нууцыг дэлгэж, Даничууд хэрхэн авлигагүй нийгмийг цогцлоосон зэрэг бодит жишээнүүдээр дүүрэн ийм бүтээлийг өмнө үзэж байсангүй. Бараг бидэнд зориулсан гарын авлага ч гэж хэлж болохоор.
Дээрх жижиг орнуудын жишээнээс бид өөрсдөдөө авах хоёр том сургамж байна. Нэгдүгээрт, өөрсдийн нөхцөл байдалд шулуун шударга үнэлэлт дүгнэлт өгөх. Хоёрдугаарт, хэзээ ч жижиг орны хэмжээндээ сэтгэж болохгүй.
Өөрөөр хэлбэл, Сингапур, Катарын амжилттай гадаад бодлогын нууц нь эхлээд жижиг улс гэдгээ хүлээн зөвшөөрөх, тэгээд хэзээ ч түүгээрээ хязгаарлагдахгүй байх. Гэтэл манай гадаад бодлого яг эсрэгээрээ. Бид одоог хүртэл өөрсдийгөө дэлхийн талыг захирдаг их гүрэн мэтээр төсөөлдөг. Тэгсэн мөртөө яг гадаад бодлогын шийдвэр гаргах явцад жижиг улсын сэтгэлгээнээсээ хальж чаддаггүй.
“Монгол легионерийн өчил”
Монголчууд бидний хийхдээ маруухан нэг зүйл бол намтар дурсамжаа бичих. Бид нэг бол "титэм үг" тэрлэж ахархаад, аль эсвэл өөрийн тухай түмэн баримт чигжээд хүн уншихын аргагүй болгочихдог. Монголд уншууртай дурсамжийн ном цөөн байдаг нь ч үүнтэй холбоотой. Харин 2022 онд часхийсэн нэгэн дурсамжийн бүтээл гарчээ. Францын Гадаад легионд есөн жил алба хаасан десант Б.Оюунбатын “Монгол легионерийн өчил” бүтээл надад тун чиг их таалагдав.
Дэлхий дахинд цагийн байдал улам бүр тогтворгүй болж байгаа энэ үед хүн бүр цэрэг дайны талаар зөв, цэгцтэй ойлголттой болох шаардлага гарч байна. Францын армид алба хааж, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн монгол хүний туршлага нь манай батлан хамгаалах салбарын бэлтгэл сургалт төдийгүй хувь хүмүүсийн хөгжилд чухал үлгэр дуурайл болох учиртай. Б.Оюунбат надтай чацуу боловч үзсэн харсан, туулсан тэвчсэн нь хол илүү аж. Надад лав номоос нь ойлгож авах, суралцаж өөриймшүүлэх зүйлс арвин байв.
Манай зохиолчид, нийтлэлчдийн гаргадаг нэг бүдүүлэг алдаа алдаа бол уншигчдаа хүндэлдэггүй явдал. Миний бичсэн гойд мэргэн нийтлэлийг мунхаг уншигч чи өөрөө ухаж ойлговол ойлго гээд замбараагүй баахан зүйлс сарааччихдаг. Харамсалтай нь, тэдгээр биеэ тоосон нийтлэлүүдийг цаг гарган ухаж ойлгоод ч хүнд хэрэгтэй санаагүй байх нь олонтоо.
Харин Б.Оюунбатын дурсамжид илүү дутуу дэл сул гэхээр нэг ч үг байсангүй. Үг үсгийн алдаа ч харагдсангүй. Уншигчдаа хүндэтгэж, дахин дахин ариутган шүүж, эмхэтгэн цэгцэлсэн нь илэрхий. Номын доторх цэмцгэр гар зургууд нь ч уг номыг бүтээхэд ямар их хөдөлмөр шингээснийг илтгэн харуулна.
Б.Болор-Эрдэнэ, Нийтлэлч

“The Power of the Dog”
АНУ-ын зохиолч Томас Савэжийн “The Power of the Dog” роман миний 2022 оныг тодорхойллоо. Уг зохиолыг жүжигчин Бенедикт Камбербэтчийн сод жүжиглэлтээр дэлгэцнээ амилуулсан “The Power of the Dog” кино 2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг эзэгнэж, найруулагч Жейн Кемпион шилдэг найруулагчийн шагнал хүртсэнийг үзэгчид мэднэ.
Давхиж яваа нохой мэт үзэгдэх уулын бараанд Монтанагийн үзэсгэлэнт байгалийн дэвсгэр дээр хүний сэтгэлийн нарийн төвөгтэй харилцааг уран чадамгай илэрхийлсэн уг бүтээлийн тухай нийтлэлийг эндээс унших боломжтой. “Илүү өгөгдөлтэй нэгнээ ад үзэж, шүтэж, айж, бас дурлаж, тэгээд нийлж барих нь хүн сүргийн мөнхийн араншин бөлгөө”.
Amarnom апп
Монсудар 2022 онд хөгжүүлэн гаргасан Amarnom апп монгол хэл дээрх уран зохиолын ертөнцөд гарсан нэгэн дэвшил байлаа. Уг апп дотор Монголын болон дэлхийн утга зохиолыг текстээр уншихаас гадна аудио хэлбэрээр сонсох боломжтой болов. Өмнө нь гарсан ижил төрлийн апп, аудионоос ялгаатай нь зохиолуудын сонголт болон уран уншлагын чанар өндөр.
Францын нэрт зохиолч Ги Де Мопассаны нэртэй заавал хамт явдаг, дэлхийн сонгодог уран зохиолын өв санд зүй ёсоор багтдаг “Хонгор Найз” зохиолын дэд гарчиг “Өөдгүй Новшийн Түүх”. Хонгорхон, сэтгэл татам хэр нь хямдхан, өөдгүй “новш”-ийн түүхийг нэвтрүүлэгч, дуу оруулагч Г.Алтанбаганын уншсанаар сонсоход таатай, монгол хэлний орчуулга уран яруу байв.
“The Constitution of Freedom”
Харамсалтай нь 2022 онд монголын нийгэм, улс төр зөвхөн утга зохиол уншаад суух боломжгүй сорилт, бэрхшээлээр дүүрэн байлаа. Нэн ялангуяа Үндсэн хуульд угтаа бол хуулиар хориотой нэмэлт, өөрчлөлт дахин хийгдсэн ч хуульч, судлаачид болон иргэний нийгмээс идэвхтэй эсэргүүцэл гарсангүй. Энэ нь конститушн (constitution) буюу Үндсэн хуулийн зүйл заалтаас илүүтэй конститушнализм буюу Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл баримтлалтай иргэн ховордсонтой холбоотой.
Конститушнализм нь зөвхөн хуульч, эсвэл гишүүн, улстөрчдөд хамаатай зүйл огт биш бөгөөд шударга ёс, хуулийн засаглалыг цогцлоох хүсэлтэй залуус, иргэдэд цаашид энэ төрлийн ерөнхий боловсрол зайлшгүй шаардлагатай. Надтай адилхан сонирхогчид сэдвийн талаар онолын ерөнхий ойлголт авахад Оксфордын их сургуулийн хэвлэлээс эрхлэн гаргасан судлаач A.Sajo, R.Uitz нарын “The Constitution of Freedom” академик бүтээлийг санал болгож байна.
Я.Баяраа, “СУИС”-ийн “Утга зохиол судлал” хөтөлбөрийн багш

Монгол уран зохиолын түүхэн товч
(Дэд дэвтэр: Хаан ширээнээс Харцын олбогт)
Зохиолч: Цэнд-Аюушийн Буянзаяа
Хэвлэлийн газар: “Уран зохиолын боловсрол” төв
Эдүгээгээс есөн жилийн өмнө 2013 онд зохиолч, утга зохиол судлаач Ц.Буянзаяа “Монголын уран зохиолын түүхэн товч” бүтээлийнхээ тэргүүн дэвтрийг “Чулуун номоос Хөлгөн сударт” гэсэн тодотголтойгоор хэвлүүлж байв. Энэхүү тэргүүн дэвтэртээ Монголын эртний уран зохиолыг нэн эртний уран зохиол, эзэнт гүрний үеийн уран зохиол, буддист уран зохиол гэсэн гурван үе, долоон хэсэгт хуваан авч үзсэн байдаг. Энэ номын хэл найруулга энгийн, онц ач холбогдолгүй онолын эшлэл, номчирхлоос зориуд тойрч, онцгой ач холбогдолтой дүгнэлтүүдийг орхилгүй, судлаачийн өөрийн байр суурь, дүгнэлтэд төвлөрсөн бичлэгтэй байсан нь уран зохиол судлаач, сонирхогчдын хувьд тун өгөөжтэй бүтээл болсон юм. Энэ тэргүүн дэвтэр нь цаг хугацааны хувьд нэн эртнээс хорьдугаар зууны эхэн үе, Ардын хувьсгалын өмнөх үеийг шүргэж байв.
Судлаач Ц.Буянзаяа уран зохиолын түүх бичлэгийн ажлаа үргэлжлүүлж, Монголын орчин үеийн уран зохиол буюу 20 дугаар зууны эхэн үеэс, 21 дүгээр зууны эхэн үеийг хамарсан туурвилзүйн дүн шинжилгээгээ 2022 оны хавар хэвлүүллээ. Энэ номонд хэд хэдэн чухаг онцлог байгаа юм.
Нэгдүгээрт, манай хэл, зохиолын судлаачдын дунд түгээмэл яригддаг “коллегитоо зориулж бичих” хэмээх ойлголтоос тойрон гарсан явдал. Эрдэм шинжилгээний тухайлсан ажил хийхэд мэдээж хэрэг эрдэм шинжилгээний найруулга ашиглах нь зүйтэй ч, судалгааны тойм, уран сайхны шүүмжид ч энэ хэл найруулга нь хадгалагдаад үлдчихдэг нэг гачлан бий. Тэр нь ердийн уншигч, уран зохиолыг гүнзгий түвшинд мэдэж, мэдрэхийг хичээж буй хүмүүсийн өмнө хана босгочихдог. Уран зохиолын сурах бичигт хүртэл “хам сэдэв” тэргүүтэй өчнөөн онолын модон үгээр даалгавар угсарсан нь бий. Хөтөлбөрөө ч төвөгтэй онолын айгаар дүүргэж орхино. Ингээд уран зохиол гэгч хэл хэрэглэх чадвар суулгах учиртай амин чухал хичээл сурагчдын хувьд там болж хувирдаг. Онол, практикийн онц ач холбогдолгүй усан гаргалгаа, бөөрөнхий дүгнэлтүүд эрдэм шинжилгээний хэл найруулгын өнгө хувиргал дор үнэ цэнтэй мэт санагдаж, судалгаа, сургалтын ажлыг цалгардуулах нь ч буй.
Зүй нь манай судлаачид өөрсдийн институцидээ зориулж биш, олон нийт, нийгэмд зориулан бичих цаг болсон. “Хаан ширээнээс Харцын олбогт” хэмээх тодотголтой “Орчин үеийн уран зохиолын түүхэн товч” бүтээлдээ судлаач Ц.Буянзаяа энэ туйлшралыг ухаалгаар шийдэж чаджээ. Орчин цагийн монгол хэлээр харилцагч хэн бүхэн үндэстний уран зохиолын түүх, чухал бүтээлүүдийн талаар ойлгомжтой, даацтай эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой болсон нь даруухан хэлэхэд дэвшил юм шүү.
Хоёрдугаарт, хэдий уран зохиол судлаачдын хувьд л ач холбогдолтой хэдий ч уг номд дэвшүүлсэн орчин үеийн уран зохиолын үечлэлийн асуудал сонирхолтой. Судлаач үндэсний орчин үеийн уран зохиолыг “Туурвилзүйн уран сайхны” онцлогоор нь авч үзэж, үүсэл, төлөвшил, тогтонги, эргэлтийн, шилжилтийн үе гэсэн таван үеийн тодорхойлжээ. Ингэхдээ яруу найрагч, өгүүллэг, тууж, роман, драмын төрөл зүйлүүдийн туурвилзүйн онцлог, хувьсгал, гол төлөөлөгчдийн уран бүтээлийн хэв маяг, онцгой зохиолуудын тухай задаргааг багтаасан байна. Эрчимтэй хөгжлийн дөрөөнд гишгэсэн сүүлийн 100 жилд монголын уран зохиол ямар баялаг уран сайхны эрэл хийснийг энэ номоос уншлаа.
Гуравдугаарт, зохиолын сонголт, түүнд хийсэн дүгнэлт. Маш баялаг олон талт сонголтууд. Ийм дэлгэрэнгүй сонголт, өөр бусад судлаач, харь эрдэмтдийн гаргалгаанд дулдуйдаагүй (монголын орчин үеийн уран зохиолыг ихэвчлэн оросын, улсдаа нөлөө багатай судлаачдын дүгнэлтэд тулгуурлан, эх оронд нь дүгнэчих гээд байдаг өрөөсгөл хандлага одоо ч бий) судлаачийн өөрийн дүгнэлтүүд нь тун сонирхолтой.
“Арван гуравдугаар зуун” роман
Зохиолч: Доржзовдын Энхболд
1990 оны Ардчилсан хувьсгалын үрээр Монголчууд агуу түүхээрээ бахархах, уран бүтээлчид агуу түүхийнхээ тухай бичих эрхтэй болсон билээ. Энэ дундаас хоёр сайхан зохиолч сүнс сүндэр мэт бүтээлээрээ монгол хүн зоны таашаалыг хүртсэн нь Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” роман, Тангадын Мандирын “Саран зэв” тууж, “21 хөрөг” эсээний түүвэр билээ. Харин энэ үед зохиолч Доржзовдын Энхболд социалист нийгэм болон нийгмийн шилжилтийн үеийн тухай “Соёо”, “Паанан” туужуудаараа шуугиан дэгдээсэн юм.
Зохиолч Д.Энхболдын өгүүлэмжийн сэдэв бол нүүдэлчний амьдралд гарч буй өөрчлөлт, мухардал, өрнөжилтийн зэрлэг түрлэгт сэтгэхүйн тэнцвэрээ алдаж буй монгол хүн, тэдний ахуй, ертөнцийг үзэх үзэл юм. Харин 2007 оноос хойш түүнийг “Арван гуравдугаар зуун” хэмээх түүхэн роман дээр ажиллаж байна гэсэн “аман цуу” дэгдэж эхэлсэн. 14 жил дөрвөн улс дамнуулж бичсэн энэхүү хоймсон романаа зохиолч 2022 онд дуусгаж, эхний ботийг нь шинэ онтой уралдан хэвлүүллээ.
Романы үйл явдлыг үл өгүүлэн өгүүлэхэд, энэхүү зохиол бол түүхэн сэдэвт хэдий ч уран сайхны бүтээл юм. Өөрөөр хэлбэл манайхны бичиж заншсанчлан Монголын нууц товчоог эх болгож, түүний үйл явдалд уран сайхны хэтрүүлэл, дэлгэрүүлэлт хийдэг хэвшмэл явдлаас зохиолч зориуд тойрон даялжээ. Ингэхдээ Д.Энхболд зохиолчийн бичлэгийн үндсэн хэлбэр болох зөн совин, нууцлаг (мистик) хэв маягийн бичлэгийг зохиомжийн үндсэн түлхүүр болгосон байна. Зохиолын баатрууд эгэл жирийн монгол дайчид, тэдний гэр бүл. Харин зохиолын цар хүрээ тал нутагт тогтсон цэргийн ардчилал бүхий нийгмийн байгууламжийн өнцөг булан бүхнийг хамарсан баялаг өгүүлэмжээр тодорхойлогдоно. Зохиолд монголчуудын тэнгэр шүтлэгийн талаар өгүүлэхдээ хоосон ид шидийн тоочимж биш, монголчуудын амьдралын хэв маяг, байгалийг шүтэх үзлийн үр үндэстэй холбож өгсөн нь олзуурхмаар байв.
Товчхондоо, “Арван гуравдугаар зуун” роман бол С.Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх”-ээс хойш Монгол хэлээр гарсан хамгийн чанартай түүхэн зохиол болжээ. Энэ мухар, мугуйд дүгнэлт манай хэрсүү уншигчдад нэгийг өгүүлэх биз. Энэ хэрийн бүтээлд тусгайлан шүүмж, задлал хийх нь судлаачийн үүрэг бөгөөд чамгүй нухацтай ажил. Дэд боть нь ч мөдхөн хэвлэгдэнэ гэж найдаж буй тул үгээ үүгээр эвхье.
ТОМё БОДё, Мэдээллийн технологийн инженер, орчуулагч, блоггер

"Эхнэрээ малгай гэж андуурсан эр"
Эхнэрийнхээ толгойг малгай гэж андуураад өмсөх гэж оролдсон хөгжмийн зохиолч, биеийн мэдрэмжээ алдаад эгц зогсож чадахаа байсан залуухан ээж, 1945 он дээр ой санамж нь зогсчихсон залуу ...
Тархи мэдрэлийн эмч, неврологич Оливер Сакс профессортой учирсан хачирхалтай өвчтөнүүд. Гайхаж хачирхам бэрхшээлтэй хэрнээ хүний хувиар бусдын адил амьдрах гэж зүтгэх тэдгээр өвчтөнүүдийн гайхалтай баялаг дотоод ертөнцийг дүрсэлсэн бүтээл.
Тархи гэдэг гайхамшигтай эрхтэн. Тархины бүтээдэг ертөнц л бүх юм. Тэр хэрээрээ хэцүү ч эрхтэн. Жаахан л асуудал үүсэхэд бөөн хэрэг мандана.
Ялангуяа энэ номын гол дүр бол баруун тархи. Тархи судлал анх хөгжиж эхлэхдээ зүүн тархийг л голлон судалдаг байж. Учир нь, зүүн тархи хэл яриаг хариуцдаг гэдгээрээ юу хийгээд байгаа нь ойлгомжтой тодорхой, судлахад урамтай байсан юм байх. Тэрний дэргэд баруун тархи юу хийгээд байгаа нь ойлгомжгүй учир битүүлэг. "Баруун тархи нь зүүн тархинаасаа мияа" гэх төсөөлөл хүртэл судлаачдын дунд яригддаг байж. Ингээд баруун тархи юу хийдэг талаар Сакс профессор судлахыг оролдсон нь энэ номын үндсэн сэдэв юм.
Өөрийгөө хараа муудсан гэж бодсон нэгэн өвчтөн эмнэлэг хэсэж явсаар эцэст нь асуудал нүдэнд биш тархинд байгаагаа мэдэж авав. Ингээд Сакс профессор дээр ирж үзүүлтэл нээрээ л хар ухаанаар ойлгох аргагүй хачин үйлдэл гаргах юм гэнэ. Жишээ нь, бээлий үзүүлээд юу болохыг асуутал "Уут юм уу даа. Гэхдээ таван үзүүртэй юм байна. Үзүүртээ таван жижиг ууттай юм байна" гэж хариулж гэнэ. "Тийм ээ, зөв. Тэгэхээр энэ юу болж таарах вэ?" гэж асуувал "Юу юм бол доо... Таван төрлийн зоос хийдэг хүүдий юм болов уу" гэсэн гэдэг.
Баруун тархи аливаа зүйлийг цогцоор нь танин мэдэхдээ сайн бол зүүн тархи тэр цогц бүхнээс жижиг жижиг деталийг задалж танихдаа мэргэшсэн юм гэнэ. Тиймээс баруун тархи нь гэмтсэн өвчтөн бээлийн хэсэг тус бүрийг таниад байгаа хэрнээ тэрийгээ бүхэлд нь "бээлий" гэж харж чадахгүй байсан хэрэг.
Гэхдээ сайн бодож үзвэл хачирхалтай биш гэж үү? Бүхэл гэдэг хэсгүүдийн л нийлмэл шүү дээ. Тийм бол хэсэг тус бүрийг таньж чадвал бүхлийг ч нийлүүлээд таньчихмаар. Ингээд бодвол бүхэл гэдэг ердөө л хэсгүүдийг нийлүүлсэн төдий зүйл биш бололтой юм. Гэхдээ түүний ой санамжаас бээлий гэдэг ухагдахуун алга болчихсон юм уу гэвэл тийм биш.
Сарнай цэцэг үзүүлтэл "Улаан юмаар тойруулж ороогоод, доороос нь ногоон утас шиг юм унжуулчихаж" гэж хэлсэн хэрнээ "Тэгвэл наадахаа үнэрлээд үз дээ" гэвэл үнэрлэж үзсэнээ гэнэт ухаан орсон аятай "Аан, ямар сайхан сарнай цэцэг вэ" гэж дуу алдсан гэдэг. Өөрөөр хэлбэл, сарнай цэцэг гэдэг ухагдахуун толгойд нь байгаа юм. Даанч тэрийгээ өмнөө харж буй зүйлтэйгээ холбож чадахгүй байсан учиртай. Харин үнэрийг бол ухагдахуунтай нь холбож чадаад байж. Тэгээд нэг холбож чадсан бол харж ч чаддаг болж байна гэнэ. Тиймдээ ч "Сайхан цэцэг байна" гэж дуу алдсан хэрэг.
Ингээд бодохоор юмыг таньж ойлгох болон харж мэдрэх гэдэг маань тус тусдаа үйл явц бололтой юм. Тархи гэдэг эрхтэн харж мэдэрсэн бүхнээ эхлээд төсөөлөл дотроо өрөөд, дараа нь тэр угсармалаа цогцоор нь шошголж байж сая танин мэддэг гэх үү дээ.
Төрснөөсөө хойш огт хараагүй байсан нэг хүнд хагалгаа хийгээд хараатай болгожээ. Гэтэл тэр хүний нүдэнд төдийг хүртэл мэддэг байсан зүйлс л харагдаад, анх удаагаа харж байгаа зүйлс огт байхгүй юм шиг харагдахгүй байна гэнэ. Тийм үед хараагүй байсан үе шигээ тэмтэрч үзсэнийхээ дараа хойш нэг алхахаар сая харагдаж эхэлдэг байсан гэдэг. Тэгэхээр хүний тархи харснаа танин мэддэг бус танин мэдсэн зүйлээ л хардаг ч юм шиг.
Зүүн тархи эхлээд өмнөө харагдах деталь нэг бүрийн мэдээллийг бүртгэнэ. Бүртгэсэн мэдээллүүд дээр үндэслээд баруун тархи түүнд тохирох ухагдахууныг мэдээллийн сангаасаа хайж, нэг бүрчлэн тааруулж үзнэ. Энэ бүхэн нийлж байж сая "харах" гэдэг үйлдэл болно. Өвчтөн маань эхнэрээ хартал яагаад ч юм "малгай" гэдэг ухагдахуун хайлтын үр дүнд гарч ирсэн тул түүнийг шууд өмсөх гэж оролджээ. Энэ бол номын гарчиг.
Дашрамд хэлэхэд, удахгүй гарах "Баруун тархи, зүүн тархи" номын агуулга олон талаараа сүүлийн үеийн тархи судлалын олж мэдсэн үр дүнгүүдтэй тохирч байгаа мэт харагдсан болохоор сонгож орчуулсан болно.
Амьдралын зүй тогтол
Дэлхийн бүх хүн "desire" буюу дотоод хүсэл шаардлагаараа ердөө ДӨРӨВХӨН төрөлд хуваагддаг.
- "Тушаагч" - ялахыг хүсэгч төрөл
- "Тодрогч" - од болохыг хүсэгч төрөл
- "Идеалист" - төгс байхыг хүсэгч төрөл
- "Ажиглагч" - мэдэхийг хүсэгч төрөл
Яагаад дөрөвхөн төрөлд хуваагддаг вэ? Яаж хуваагддаг вэ? Ямар төрлийн хүн болохыг яаж мэдэх вэ?
Нялх хүүхэд уйлж байжээ. Тэгтэл ээж нь ирээд аргадан саатуултал тайвшраад уйлахаа больж гэнэ. Энэ үзэгдэл наанаа нийтлэг мэт харагдавч цаанаа бол уйлахаа болих нь дөрвөн өөр төрлийн аль нэгээр нөхцөлддөг.
- Хонх фактор (буюу тодрогч төрөл) түлхүү ялгарсан үед ээж нь аргадаж өгсөнд эгэлээр баярлаад тайвширдаг.
- Удирдагч фактор (буюу тушаагч төрөл) түлхүү ялгарсан үед уйлж ээжийгээ удирдсандаа баярлаад тайвширдаг.
- Идеал фактор (буюу идеалист төрөл) түлхүү ялгарсан үед ээжийгээ зөв зүйл хийсэнд баярлаад тайвширдаг.
- Дүрэм фактор (буюу ажиглагч төрөл) түлхүү ялгарсан үед уйлахаар ээж ирдэг юм байна гэсэн зүй тогтлыг ойлгоод тайвширдаг.
Энэ мэтчилэн хүн бүр төрөөд өсөх явцдаа дээрх дөрвөн фактороос аль нь илүүтэй ялгарахаас хамааран хувийн төрөл нь шийдэгддэг гэнэ. Мэдээж энэ бол хүмүүс төрлүүдэд хэрхэн хуваагддаг үйл явцын талаарх товч тайлбар.
Цаашлаад өөрийн төрлөө шалгах тест, төрөл тус бүрийн онцлог шинж, хоорондын зохицол, нэгээс нөгөө рүү шилжих зүй тогтол, хүн хоорондын харилцаанд эдгээр мэдлэгийг хэрхэн бүтээлчээр ашиглаж болох талаар дэлгэрүүлэн өгүүлнэ.
Тэгвэл бүр ерөөс яагаад ийм дөрвөн төрөл байдаг вэ?
Амьтны төрөл зүйл талаасаа хүн гэдэг амьтан бусад амьтдаас ялгаатайгаар байгалийн суурь инстинкт нь эвдэрсэн байдаг. Жишээ нь, ямар ч амьтанд амьд гарах гэдэг суурь инстинкт байдаг. Тэд үр хүүхдийнхээ төлөө амиа золиослохын оронд өөрөө амьд гарч байгаад дахиж үр төл үлдээх тактикаар байгалийн шалгарлын эсрэг зогсдог.
Гэтэл хүнд ч байх учиртай тэр суурь инстинкт нь эвдэрхий болохоор бид үр хүүхдийнхээ төлөө, үзэл бодлынхоо төлөө, мөнгөний төлөө, эсвэл өөр ямар ч хийсвэр зүйлийн төлөө амиа хорлож чаддаг. Хоолны дур, бэлгийн дур, нойрны дур гээд нэг бүрчлэн харсан ч бүгд хэвийн бус болох нь илэрхий.
Ингээд хүн гээч амьтан бусад амьтдын нэгэн адил мөхөхгүйн төлөө хувьсаад явтал өнөөх эвдэрхий инстинктийг нь нөхөхүйц нэгэн зүйл гарч ирсэн нь "соёл" юм. Тэр нь явсаар нэг мэдэхэд хүн гэхээсээ соёл нь илүү чухал болж, хүн бүр өөрийн соёлоо хадгалах, түгээх, сайжруулах, цэвэрлэх гэх дөрвөн үүргийн аль нэгт хуваарилагдах байдлаар багийн тоглолт хийж амьдрах болжээ...
Зохиогчийн зөвшөөрч буйчлан энэхүү онол нь хэдийгээр одоохондоо ямар нэг шинжлэх ухааны үндэслэл нотолгоо гэх зүйлгүй боловч зохиогч энэ онолоо ашиглан 20 гаруй жилийн турш бусдыг ажиглан шинжилсний хувьд үгүйдээ л хүн хоорондын харилцааны хэрэглээ талаасаа найдвартай зөв ажилладагт нь огтхон ч эргэлзэхээ больсон гэх.
А.Оюунзул, DUNE зөгнөлт зохиолын орчуулагч

“Born a Crime: Stories From a South African Childhood”
Би намтар, дурдатгал бүтээл хааяахан л уншдаг юм. Гэтэл Тревор Ноа гэж сайн мэдэхгүй, "The Daily Show" гэж дуулаа ч үгүй хэр нь яагаад ч юм уншчихсан. Уншиж дуусаад энэ номыг олж авсандаа маш их баярласан.
Эхний нүүрээсээ л “Ээж намайг хөдөлж буй машинаас шидэхэд би есөн настай байлаа” гэдэг. Цааш нь эрхгүй уншиж таарна. Хошин шогч болохоор элдэв маяггүй шулуухан бичнэ, мэдээж элэг хөштөл инээлгэнэ. Хажуугаар нь асгартал уйлуулна, ухаарал хайрлана.
Өмнөд Африкийн апартеид төрийн сүүл үед хар арьст ээж, цагаан арьстай ааваас төрсөн Тревор нүд нээсэн цагаасаа “хууль бус этгээд” болж, эрс тэрс мөртлөө салшгүй холбоотой энэ хоёр ертөнцийг сүлжиж иржээ. Тухай үед цагаан, хар арьст эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй болох нь хууль зөрчсөн явдал байж. Тэглээ гээд Тревор шударга бус гэж амьдралд өширхөөгүй, гутраагүй. Тухайн нөхцөл байдлаа хамгийн сайнаар, хамгийн хошноор хардаг байсан.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хүндхэн сэдвийг оновчтой, товч тодорхой, шулуухан өгүүлнэ. Бага нас нь манай гэр хорооллын хүүхдүүдийн эгэл амьдралтай тун адилхан. Зарим өдөр хоосон шөл ууж, шавар шавхайнд хутгалдаж, яаж ийгээд амь зуудаг ээж хүү хоёрын даруухан амьдрал хүүхэд насыг минь их санагдуулсан шүү.
Энэ намтрын гол дүр бол Треворын ээж. Хууль зөрчинө гэж халгадаггүй хатан зүрхтэй, илжиг шиг зөрүүд, тууштай бас ухаалаг. Хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн байж, цаг үеэсээ хол сэтгэдэг, өөдрөг нь дийлдэхгүй нэгэн ганц бие ээж хүүдээ замд нь ямар ч саад тулгарсан хүссэн бүхнээ хийж чадна гэж яс маханд нь суутал итгүүлж өсгөсөн. Номын цохилох зүрх мөнөөсөө мөн.
“Өнгөрснөөсөө суралц, өнгөрснийхөө хүчээр өс, дэвж. Өнгөрсөндөө битгий гомд. Амьдрал чинь угаас зовлонгоор дүүрэн. Зовлонгоор өөрийгөө хурцал, харин битгий чаргууцалд. Битгий хорсол тээж яв” хэмээн нэгийг бодуулж, хоёрыг ухааруулах ээжийн зөвлөгөө өчнөөн бий. Өдийд Тревор Ноа ийм үлгэр жишээ залуу болсныг хараад үнэхээр бахархдаг. Энэ түүх илүү олон хүнд хүрээсэй гэж хүсдэг ээ.
"THE SHINING"
Хүмүүс Стэнли Кубрикийн киногоор “Гялбаа” романыг төсөөлдөг. Гэтэл тэнгэр, газар шиг ялгаатай хоёр бүтээл байсан юм билээ. Стивен Кинг өөрөө Кубрикийн кинонд үнэнхүү дургүй, “дотроо хөдөлгүүргүй том сайхан кадиллак” гэж хэлсэн байдаг. Үнэхээр л зохиолын амин сүнсийг аваад хаячихсан, хоосон, хүйтэн кино юм шиг санагдсан.
Хамгийн том ялгаа бол дүрээ хэрхэн амилуулсан нь. Романд Жэк Торренс бол архинд донтсон ч гэр бүлийнхээ төлөө хамаг байдгаараа хичээж буй аав. "Overlook" зочид буудалд аажим аажмаар сүнсээ алдаж, архинд бууж өгөөд эцэстээ яахаас ч буцахгүй болдог нь зарим донтогч хүний замнал шүү дээ.
Гэтэл кинонд анхнаасаа солиотой амьтан мэтээр гардаг. Надад Стивен Кингийн балчир дүрүүд, тэр тусмаа Дэннигийн дүр их таалагддаг юм. Хүүхдийн бодол санааг сайн буулгаж чаддаг, тусдаа нэг бие хүн болохыг нь гарамгай дүрсэлдэг.
Номоос Дэннигийн бүлгүүдийг ихэд шимтэн уншсан. Бас зохиолдоо Вэнди хавьгүй ухаалаг, зоригтой эмэгтэй байдаг. Кинондоо бол орилж хашхичихаас өөр юм хийдэггүй, харамсалтай нь.
Хамгийн аймаар, жихүүдэс төрүүлэм, зүүдэнд ормоор аймшгийн номын хэсэг “Гялбаа”-д гардаг гэвэл буруудахгүй болов уу. “Гялбаа”-г уншсанаас хойш би Стивен Кингд эргэлт буцалтгүй орчхоод байгаа. Одоо ахиад дөрвөн номыг нь “гялалзуулчхаад” сууж байна.
Г.Бөридэм, "Анд Глобал" компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан менежер, влоггер

HipHop Mongolia: Anthropology with Rhyme
Японы соёл, хүн судлаач Шимамүра 20 гаруй жилийн турш монголын нийгэм, соёлыг судалж, саяхан нэгэн бүтээл туурвижээ. Тэрээр байдаг л хэвшсэн судалгаа хийлгүй нийгэм, цаг үе болон монголын хип хоп соёлыг хослуулж бичсэн нь HipHop Mongolia: Anthropology with Rhyme хэмээх ном юм. Уг бүтээл нь төр улс, нийгэм , эдийн засгийн хэлбэрээр Монгол Улсыг, улс үндэстний хэлбэрээр монгол хүнийг, хэл соёлын хэлбэрээр монгол хэлийг нарийвчлан судалж, залуусын илэрхийлэл нь монгол хип хоп хөгжимтэй хэрхэн уялддаг талаар хүүрнэжээ.
Шимамүра судлаачийн Улаанбаатарт амьдарч ахуйдаа телевизор, радиогоор орчин үеийн хип хоп хөгжим сонсож, хөдөөд хөөмийлөх, бөө бөөлөх зэрэг эртний хип хоп сонсдог байсан нь нэн хөгжилтэй санагдсан. Хамгийн сонирхолтой хип хоп хөгжмийг Монголоос гаралтай гэсэн юм.
Уртын дуу, хөөмий, шүлэг яруу найраг гэх мэт бидний аман урлаг бол хамгийн эртний хип хоп байжээ. АНУ-д реп хөгжихөөс хэдэн зуун жилийн өмнө бид соёл урлаг, дуу хөгжимдөө сүүл, толгой холбож заншсан. Манжийн дарлал, коммунизмын дараа Монголчуудын цусанд шингэсэн энэхүү соёл нь өдгөө сэргэж буй тухай дурдсан байсан. Түүгээр бахархахын сацуу бид өөрсдөө түүх соёлоо төдийлөн сайн мэддэггүй нь их харамсалтай санагдсан.
Номоо уншиж суухад харь орны хүн монголын тухай чармайн судалж бүтээл туурвисан байхад бид ирээдүйдээ юу үлдээж байгаа билээ гэх бодол тоншиж байлаа. Харамсалтай нь, уг ном зөвхөн Япон хэлээр гарсан. Монгол хэлнээ орчуулагдан гарвал Монгол хүн бүрийн заавал унших ёстой номын нэг болно гэдэгт итгэлтэй байна.
Н.Урин, Контент бүтээгч, артист, хөгжмийн продюсер

“Сиддхарта”
Герман-Швецарь зохиолч Хэрманн Хэссэ Энэтхэг улсад хийсэн аяллаасаа сэдэл авч, “Сиддхарта” хэмээх уран зохиолын бүтээлийг бичин 1922 онд нийтэлсэн аж. Сиддхарта бол Буддагийн жинхэнэ нэр гэдгийг хүмүүс мэднэ. Гэвч энэ бол түүний тухай намтарчилсан бүтээл бус зөгнөлт зохиол юм. Харин Хэссэ энэхүү зохиолоороо дамжуулан буддизмын философийг оновчтой, бараг төгс тайлбарласан мэт надад санагдана.
Хүний амьдралд тохиох жаргал зовлон, нүгэл буяны орчлыг маш энгийн түүхээр дүрсжүүлэхдээ “амьдралын утга учир” гэх сүрдмээр сэдвийг буддын өнцгөөс төвөггүй тайлна. Номоос дуртай эшлэлүүдийнхээ нэгийг хуваалцвал: “Чи их зовлоо, Сиддхарта. Гэвч чиний зүрх сэтгэл уй гашууд автаагүй байна”.
Эрдэм номын мөн чанар, гэгээрэл бясалгалын арга зам, хайр дурлалын баясал болон шаналал, нөхөрлөл, гэр бүл, багш шавийн харилцаа, мөнгө бизнесийн утга учир зэрэг бараг л амьдралын хамаг чухал гэгддэг сэдвийг 130-хан хуудсанд багтаан нэг дор хамж, буддын өнцгөөс харуулсан ном байлаа. “Сиддхарта” бол 2022 оны гэлтгүй миний хувьд бүх цаг үед уншиж байсан шилдэг таван номд орох бүтээл байлаа.
Б.Алтанхуяг, Зохиолч, уран бүтээлч

“Хулганууд ба хүмүүс”
Уран зохиол заавал нүсэр байх албагүй хэмээн Борхес онож хэлжээ. Энэ үг чухам л Стенбейкийн “Хулганууд ба хүмүүс” гэх уг бэсрэг романд гойд тохирно. Түүний “The Grapes of Wrath” болон “Eas of Eden” зэрэг бүтээлүүдийн үйл явдал АНУ-ын Калифорни мужийн Монтерей хот болон түүний орчимд өрнөдөг. Тэгвэл өгүүлэн буй романы үйл явдал ч тус муж нутгийн хаа нэгтээ болно.
Анхандаа эл роман судлаачдын зүгээс бэх нь царцсан мөртэй үнэлгээ авчээ. Гэвч цаг хугацаа урсахын хэрээр зохиолд дүрслэгдсэн фермийн аж ахуй, тухайн үеийн нийгмийн үнэн дүр төрх, дотор нь амьдран буй хүмүүсийн ядруухан баяр хөөр нь бүтээлийн цаашдын хувь заяаг эергээр шийдэж өгсөн юм.
Энэ бол эрх чөлөөг хүсэх тухай ном. Тэрхүү хүсээд буй эрх чөлөөнд хэрхэн хүрэх, хүсэж буй зүйл нь чухам ямар үнэтэйг харуулахдаа зарим ганцаардмал орон зайд нийгмээс хаягдаж үлдсэн хүмүүсийг хувь заяа нь хэрхэн цоо хатгаж сийчдэг тухай үнэнээр өчсөн бүтээл.
“Арван зургаан давхрын аглагт”
Эхлээд өөрийгөө хоослох хэрэгтэй. Зэн ингэж сургадаг. Оюун бодол, дотоод сэтгэл нь сайхан хийгээд муугаар дүүрсэн хүнд зэн юу ч сургадаггүй, өгдөггүй тухай коан ч бий. Г.Аюурзаны яруу найргаас уншигддаг хоосон, нам гүм, оргүй тийш алсрах шиг, зэнд суралцаж өөрийгөө хоослох мэт дуу хоолой “Арван зургаан давхрын аглагт” түүврээс нь эрхгүй дахин сонстном.
Зарим яруу найрагчдын үзэл суртлын агуулгатай, магтуу шинжтэй шүлгүүдээс түүнийг ялгаж харагдуулдаг гол онцлог нь энэ. Заримдаа амьдарч буй нийгэм, түүнийг танихаар оролдсон үзэл санааны өгүүлэмжүүд ч Г.Аюурзаны яруу найрагт төдийлөн хамааралгүй байдаг.
“Зүүд, яруу найраг хоёр тун төстэй. Магадгүй, хүний тархинд ирж буй (илэрч буй) зүг чиг, зөрөг жим нь нэг биз. Гэхдээ зүүдийг ч, яруу найргийг ч хаа нэгтэйгээс ирдэг мэтээр бодох нь буруу. Оюун санааны гүнд л оршин буй зүйлс” хэмээн тодотгосон нь бий. Мэдээж урлаг, тэр тусмаа уран зохиолын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн нь зүүд.
Нөгөө талаас яруу найргийг зориглож хүрэмгүй алсын зүйл гэдэг талаас нь ч адилтгаж болох юм. “Арван зургаан давхрын аглагт” түүвэрт “Зүүдний цаана”, “Зүүдлэхүй, бясалгахуй”, “Онгоцонд зүүдэлсэн үгс” зэрэг цөөнгүй шүлгүүд буй. Харин шүлгүүдэд ижилхэн ажиглагддаг зүйл бол тэрхүү зүүдтэй ямагт хайр холбогдож байдаг.

Сэтгэгдэл бичих (2)


F Fabien 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com
Х Хиам 66.181.160.111
МАН-ы хиамчин боолуушкагаас бусад нь найс! Хар тамхичин олны таниоыг нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргахаас татгалздаг шиг, улс төрийн хиамчин баагийг өөрийгөө үнэлдэг платформ бүр нэвтрүүлэхээс татгалзууштай.