Номын хорхойтнуудын хүсэн хүлээсэн 40 дэх удаагийн Номын баяр эхэллээ. Жилд хоёр удаа зохион байгуулагддаг тус арга хэмжээнд найман настай балчраас эхлээд наян настай буурал хүртэл нийт 180,000 гаруй хүн оролцдог гэх тооцоо бий. Энэ үеэр хэвлэлийн газар, зохиолч, орчуулагч, нийтлэгчид ч өөрийн бүтээлээ дэлгэн худалдаалахаас гадна олон сар, жил бичиж туурвисан шинэхэн уран бүтээлүүдээ танилцуулдаг уламжлалтай. 

Энэ удаад утга, уран зохиолын шилдэг туужууд, танин мэдэхүй, шинжлэх ухаан, яруу найргийн түүвэр, орчуулгын болоод хүүхдийн зурагт ном зэрэг төрөл бүрийн ном уншигчдын гар дээр очжээ. Ингээд 40 дэх удаагийн Номын баяраас онцлох 40 бүтээлийг сорчлон танилцуулж байна. 

Холбоотой нийтлэлүүд:

39 дэх удаагийн Номын баяраас онцлох 39 бүтээл
38 дахь удаагийн Номын баяраас онцлох 38 бүтээл
37 дахь удаагийн “Номын баяр”-аас онцлох 37 бүтээл


УРАН ЗОХИОЛ 

Ахан дүүс 


“Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Туурвих хичээл” зэрэг бүтээлээрээ бидэнд эчнээ танил болсон Хятадын зохиолч Үй Хуагийн ээлжит бүтээл “Ахан дүүс” роман монгол хэлнээ хэвлэгджээ. Уг бүтээл нь анх 2005 онд уншигчдын хүртээл болж байсан бөгөөд зохиолчийн хамгийн их маргаан дагуулсан бүтээл хэмээн нэрлэгддэг гэнэ. Учир нь зохиолын үйл явдал 1960-2000-аад оны үед өрнөх ба тухайн үеийн нийгмийн амьдралыг хэтэрхий дөвийлгөж, дэгсдүүлэн бичсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Харин зарим хэсэг нь тухайн үеийн нийгмийн цогцоор нь харуулсан төгс бүтээл хэмээн сайшааж буй. Зохиолч ч өөрийнхөө хамгийн сайн бүтээл хэмээн тодорхойлсон. Чухам яагаад уншигчдыг ийнхүү хоёр талцуулаад байгааг номоос нь дэлгэрүүлэн уншаарай.

Аарууру


“Аарууру” гэхээр танд юу бодогдож байна вэ? Магадгүй монголын уламжлалт идээний нэг болох ааруулыг гадаад хүн өөрийнхөөрөө дуудсан хэллэг шиг санагдаж болох юм. Эсвэл огт өөр утга агуулсан, шинээр төрсөн содон үг ч байж мэднэ. Ямартай ч гарчгаасаа эхлээд л анхаарал татаж буй эл бүтээлийг залуу зохиолч Д.Гүнболд гаргажээ. Чөлөөлөх дайнаар олзлогдсон япончуудын сэдэв 1990-ээд оноос хойших Монголын уран зохиолд нэг бус удаа хөндөгдсөн. Тэгвэл залуу зохиолч тэдгээрээс тун өөрөөр сэтгэж, дүрслэн өгүүлсэн гэнэ.

Түгжин 


Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Түгжин” хэмээх андерграунд тууж уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Андерграунд тууж гэдэг нь олон нийтэд түгээмэл байдаг хэв маягаас өөр, илүү чөлөөтэй, зоримог байдлаар хүний амьдрал, нийгмийн бодит байдлыг өгүүлсэн бүтээл юм. Энэхүү бүтээлээрээ дамжуулан аз жаргал, эрх чөлөөг хаа нэгтэйгээс хайхаас илүүтэй өөрийгөө ойлгож, одоо байгаа амьдралаа хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг илэрхийлэхийг зорьжээ.

Толгодын бүдэг бараа 


Энэ бол Нобелийн шагналт Казүо Ишигүрогийн анхны роман. Тэрээр уг бүтээлээ 1982 оны хоёрдугаар сард анхлан хэвлүүлж байсан бөгөөд ийнхүү 44 жилийн дараа монгол уншигчдад хүрч буй нь энэ юм. Зохиолын үйл явдал Англид амьдардаг, япон гаралтай, дунд эргэм насны Эцүко бүсгүйн дурсамж, түүхийг голчлон өгүүлнэ. Түүний том охин саяхан амиа егүүтгэн таалал төгсжээ. Үүнээс болж Эцүко бүсгүй хэцүүхэн өдөр хоногийг өнгөрөөх ба тэрээр өнгөрсөн амьдралаа эргэн дурсаж буйгаар үйл явдал өрнөх аж. Сонирхуулахад эл зохиолоор өнгөрсөн оны тавдугаар сард “A Pale View of Hills” гэх нэртэй кино бүтээсэн байдаг.

Барселоноос илгээсэн гэрээслэл


Пэк Сэхи зохиолчийг бид “Үхмээр байна, гэхдээ бас Догбуги идмээр байна” бүтээлээр нь сайн мэднэ. Уг бүтээл нь 2018 онд нээлтээ хийсэн даруйдаа алдаршиж, дэлхий даяар нийт 25 улсад орчуулагдсан бөгөөд өөрийн сэтгэл гутрал болоод сэтгэл зүйчтэй хийсэн ярилцлагаа өгүүлсэн байдаг. Гэвч харамсалтай нь Пэк Сэхи зохиолч өнгөрсөн оны аравдугаар сард 35 настайдаа таалал төгссөн билээ. Харин шинээр хэвлэгдсэн гарч буй энэхүү бүтээл нь түүний нас барахаасаа өмнө бичсэн сүүлчийн зохиол нь ажээ. Магадгүй та энэ номыг уншаад Пэк Сэхигийн дотоод бодрол, сэтгэлзүй, амьдралынх тухай илүү сайн ойлгох биз ээ.

Гялбаа 


Юн Фоссэ бол хүний оршихуй, ганцаардал, сэтгэл зүйн гүн мэдрэмжийг тун энгийнээр хүүрнэдгээрээ алдартай, Норвегийн орчин цагийн хамгийн агуу зохиолчдын нэг билээ. Түүний хувьд 1983 оноос эхлэн утга зохиолын замналаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш роман, жүжиг, яруу найраг, эсээ, хүүхдийн ном зэрэг олон төрөлд бүтээл туурвижээ.

Тэгвэл түүний ээлжит нэгэн бүтээл болох “Гялбаа” номын баяраар нээлтээ хийж байна. Бид хааяа “Амьдралын утга учир гэж яг юу вэ?”, “Бид яах гэж амьдардаг юм бол?” гэж эргэцүүлэх үе байдаг даа. Тэгвэл энэхүү бүтээл нь яг энэ асуудлыг хөндсөн бөгөөд амьдралын утга учир, хүн байхын үнэ цэнийн талаар өгүүлэх юм.

Гэмт хэрэг үйлдэх зөвшөөрөл 


Гэмт хэрэг, адал явдалт төрлийн ном, зохиолд дуртай уншигчдадаа зориулж AUM хэвлэлийн газраас Америкийн зохиолч Роберт Шеклигийн “Гэмт хэрэг үйлдэх зөвшөөрөл” шинжлэх ухааны уран сэтгэмжит өгүүллэгийг орчуулжээ.

Зохиол нийгэмд ил болон далд хэлбэрээр хүн алах хүсэлтэй, сэтгэлзүйн хувьд түрэмгий зан авиртай хүмүүст зориулан засгийн газраас “Аллагын тоглоом”-ийг баталж буйгаар үйл явдал эхэлнэ. Тэднийг нийгэмд аюул учруулахаас нь өмнө тоглоомдоо бүртгэн, албан ёсоор хүн хөнөөх зөвшөөрөл олгодог. Тоглоомд оролцож буй хүн бүр ээлжээр хохирогч болон гэмт хэрэгтэн болно. Гэмт хэрэгтэн болсон хүн хохирогчийг хайж олж, устгах үүрэгтэй бол хохирогч түүнээс зугтан амь насаа хамгаална. Энэ мэтчилэн нийт 10 тойрог тоглож, амьд үлдэж чадвал асар их мөнгө, баялагтай болох юм.

Цагаан шөнө 


Оросын их зохиолч Фёдор М.Достоевскийн энэхүү бүтээл нь түүний залуу насандаа бичсэн богино өгүүллэгүүдийн нэг. “Гэмт хэрэг ба ял шийтгэл”, “Карамазовын хөвүүд” зэрэг хүнд, гүнзгий бүтээлүүдээс ялгаатай нь энэ зохиол илүү зөөлөн, гэгээлэг өнгө аястай бичигджээ. Ганцаардал, мөрөөдөл, хайр гээд бидний амьдралд тохиолддог тун энгийн зүйлсийг хүүрнэн өгүүлсэн тус номыг сонирхоорой.

Алс цуурай 


МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн “Алс цуурай” гэх анхны тууж хэвлэлтээс гарлаа. Тэрээр өмнө нь “Чимээгүй хот”, “Эмгэнэлийн үр хөврөл”, “Чөлөөт шувуу”, “Тэнцвэр” зэрэг ном болон “Надтай үлдээч”, “Хөх баавгай”, “Хайрын булингар” гэхчлэн жүжгийн зохиолыг тус тус бичиж байв. Зохиолч шинээр гаргаж буй уг туужаа “Хүн бүрийн дотор асар том итгэл хайр, хүсэл мөрөөдөл оршдог хэмээх нь бий. Би харин олон хүн асар том зовлон шаналал, хүсэл шуналыг тээж, түүндээ түүртэн амьдардаг гэж боддог юм. Үүнээс улбаалан “Алс цуурай” туужаа хэвлүүлж байна” хэмээсэн билээ.

Сүүдэргүй хүмүүс 


Зохиолчийн өмнө нь хэвлүүлж байсан “Сүүдэргүй хүмүүс 1”, “Өвөлжөө”, “Намаржаа” зэрэг бүтээлүүдийг нэг дор багтаасан эмхэтгэл ном уншигчдын хүртээл болжээ.

Үйл явдлыг цухас дурдвал, Улаанбаатар хотоос нийт 14 залуус Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг болох элсэн цөл рүү аялалд гарцгаана. Замдаа төөрч будилсаар хүн очихоо больсон жижиг тосгонд хүрч очих бөгөөд тэндээс цааш явах үедээ айхтар адын зүйлийг санамсаргүйгээр сэрээж орхих юм. Ингээд тэд зүг чигээ алдах бөгөөд шатахууны асуудалд орж мөн ямар гээч газар очсон гэдгээ ч ойлгож ухаарахын завдалгүй аймшигт зүйлс ар араасаа тохиолдоно. Тэд амьд гарч чадах болов уу? Тэднийг айлгаж байгаа хамгийн том зүйл нь юу вэ? Сүнс эсвэл?

Цуглуулагч: Хүргэн, бэр 


Аймшгийн ном, зохиолыг шимтэн уншигчид Ц.Ууганбаяр зохиолчийг хэлүүлтгүй таних биз ээ. “Шөнийн гийчин”, “Мөс”, “Лимбо”, “Зоорь” зэрэг нийт 10 гаруй бүтээлийг гаргаад байгаа тэрээр энэ удаагийн номын баярт “Цуглуулагч: Хүргэн, бэр” гэх цоо шинэ аймшгийн бүтээлээрээ оролцож байна. Энэ сарын эхээр нээлтээ хийсэн даруйдаа M book цахим номын хамгийн их сонсогчтой бүтээлийн нэгээр нэрлэгдээд амжсан юм. Ингээд нуруу хүйт дааж, шар үс босгом аймшигт бүтээлийг нь хүлээн авна уу.

Айлын хүүхэн Алигэрмаа тэргүүт туужууд 


Зохиолч Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын “Холын цэнхэр уулс”, “Айлын хүүхэн Алигэрмаа”, “Урт намар” гэх гурван туужийг багтаасан шинэ ном уншигчдын хүртээл болжээ. Зохиолч эдгээр бүтээлдээ хүний амьдралын энгийн өдрүүд, өсөж том болох үеийн сэтгэл зүй, хайр дурлал, нутаг ус, хүн хоорондын харилцааг дүрслэн өгүүлсэн байна.

“Айлын хүүхэн Алигэрмаа” туужийн хувьд 1971 онд анхлан гарч байсан бол өдгөө 55 жилийн дараа уншигчидтайгаа дахин уулзаж байгаа нь энэ юм. Хэдий эдгээр бүтээлүүд өөр өөр түүхийг өгүүлж буй хэдий ч зарим үйл явдал, утга агуулгаараа холбогдож байгаа нь зохиолчийн хэр их ур чадвартай, уран төсөөллөөр бичсэн гэдгийг батлах биз ээ.

Формоса солилцоо 


“Цаг хугацааны агуулга”, “Шар зохиол”, “Дэлхийн Ванаас цааш” романы зохиолч, Тайванийн экспериментал зохиолчдын бүлгийн гишүүн Хуан Чон Кайгийн ээлжит бүтээл “Формоса солилцоо” романыг Тагтаа хэвлэлийн газар хэвлээд буй. Зохиолч эл бүтээлдээ өөр өөр гарал, түүх, үзэл бодолтой хүмүүсийн түүхээр дамжуулан үндэс угсаа, соёлын ялгаа, улс төрийн тэгш бус байдал зэрэг сэдвийг хөндсөн байна. Мөн Маркезын шидэт реализмыг санагдуулам нэн сонирхолтой хүүрнэлийнхээ дундуур номын тэмдэглэл, подкаст, ярилцлага зэргийг сүлж оруулсан тул огтхон ч уйдаахгүй.

Гарц үгүй 


Залуу зохиолч Б.Минжбадамгарав энэ удаад Чимээ хэвлэлийн газартай хамтран экзистенциалзмын гол төлөөлөгч нарын нэг философич Жан Поль Сартрын “Гарц үгүй” жүжгийн зохиолыг эх хэлнээ орчуулан буулгажээ. Тус бүтээл нь хүний эрх чөлөө, сонголт, гэм буруу болон бусдын үнэлэмжийн тухай өгүүлэх юм. Мөн хүний хийсэн сонголт, түүнээс үүдэх үр дагаврыг тун цэгцтэй, ойлгомжтойгоор хүүрнэжээ.

Үгэн цас 


Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, утга, уран зохиолын томоохон төлөөлөгч Л.Түдэв гуай бол тухайн цаг үеийнхээ нийгэм, залуусын оюун санаанд хүчтэй нөлөөлж байсан зохиолч, сэтгүүлч билээ. Тэрээр 1970-1980-аад онд залуусыг эрдэм боловсрол, эрүүл мэнд, эмх журамд уриалдаг байсан бөгөөд нийгмийн гажуудлыг хурцаар шүүмжилж бичдэг байв. Тэгвэл энэхүү “Үгэн цас” ном нь түүний нийтлэл, тэмдэглэл, эсээнээс бүрджээ. Мөн түүний нийгэмд хандах хандлага, ажиглалт, шүүмжлэлийг ч багтсан гэнэ.

Алисагаас асуу 


Энэ бол хар тамхинд донтсон өсвөр насны охины өдрийн тэмдэглэлийг өгүүлсэн бодит түүх юм. Тэрээр хар тамхийг анх хэрхэн хэрэглэж эхэлсэн, үүний дараа биед нь ямар өөрчлөлт гарсан, донтолтоос гарахын тулд ямар арга замыг туулсан зэрэг өөрт тохиолдсон зүйлсээ өдрийн тэмдэглэлдээ нэгд нэгэнгүй бичин үлдээжээ. Уг бүтээл нь анх 1970-аад оны АНУ-д “Anonymous” буюу нэргүй зохиогч гэдгээр анх хэвлэгдэж байсан гэдэг.

Дасал шунал 


Тус ном нь орчин үеийн утга зохиолын сэтгэлгээнд шинэ эрэл хайгуул хийсэн, уншигчаас гүнзгий сэтгэхүй шаардсан уран бүтээлийн томоохон цуглуулга болсон гэдгийг “COD” хэвлэлийн газраас онцолжээ. Агуулгын тухайд хүний дотоод сэтгэл, ганцаардал, дурсамж, уй гашуу, амьдралын зөрчил зэрэг сэдвийг хөндсөн өгүүллэгийн түүвэр юм.

Үхэгсэд 


Жиком пресс хэвлэлийн газраас дэлхийн уран зохиолын сонгодог туурвигчдын бүтээлээс сонгож эмхэтгэсэн уран зохиолын “өөр” цувралуудыг уншигчдын хүртээл болгож буй. Тэдгээрийн нэг нь XX зууны эхэн үеийн модернизмын оргил бүтээлийн нэг болох "Үлисс" романыг туурвисан Жэймс Жойсын “Үхэгсэд” тууж. Эл тууж нь Дублин хотод болох нэгэн үдэшлэгт үйл явдал нь өрнөх ба хүн төрөлхтний оршихуй, хайр энэрэл, өнгөрсөн ба одоогийн харилцааны нарийн төвөгтэй байдлыг дүрслэн өгүүлэх юм.

Түлээ


“Амьдрал бол алдаа л гэдэг. Амьдарч байгаа болохоор алдаж л явна. Алдаж яваа учраас их л гэмших юм. Ядаж л гэмшдэг, алдаж байгаагаа мэддэг хүн гэдгээ мэдрэх үедээ тайвшрал төрнө” гэж номын зохиолч бичжээ. Нээрээ л бид алдаа гаргалаа гээд өөрсдийгөө ертөнцийн хамгийн муу нэгэн мэтээр төсөөлж, өөрийгөө буруутгасаар байх нь бий. Гэхдээ алдаа бүр бидэнд их зүйлийг ойлгуулж, цаашдаа сайжрах боломж болж байдаг билээ. Зохиолч энэ бүтээлдээ монгол ахуй, гэр бүлийн харилцаа, хүний ганцаардал зэрэг сэдвийг их энгийн, хөнгөнөөр өгүүлжээ.

Ноомой 


Ф.М.Достоевскийгийн энэхүү тууж нь гол дүрийн өгүүлэгчийн эхнэр таалал төгсөж буйгаар үйл явдал эхэлнэ. Харин цаашлах тусам түүний өнгөрснийг эргэн санах, өөрийгөө буруутгах, болсон бүхнийг эргэцүүлэн бодох дотоод яриа өрнөх юм. Өөрөөр хэлбэл уг бүтээлийг амиа хорлохын утга учир, хүн чухам яагаад амиа хорлоод буйг ухаж ойлгох гэж бичсэн гэж үздэг. Юуны учир тэр эхнэр амиа егүүтгэв? Чухам энэ л асуултын хариултыг олох гэж нөхөр нь өөрийгөө шүүнэ. Уг бүтээлийг Достоевскийгийн туужуудын гүн санаа, хурц үйл явдал, дүрийнх нь дотоод монологийг тодорхойлж чадах хамгийн чухал бүтээл гэж үздэг бөгөөд олон хэлээр орчуулагдаж, кино, жүжиг хүртэл тавигдсан байдаг аж.

Луужин 


Францын зохиолч Матиас Энарын “Луужин” роман анх 2015 онд хэвлэгдэж, тухайн жилдээ Гонкурын шагнал хүртэж байжээ. Романы үйл явдал Вена хотод өрнөх бөгөөд Дорно дахины судлаач Франц Риттерийн нэг шөнийн турш бодож, өнгөрсөн амьдралаа дурсаж буйгаар үргэлжлэх юм. Хэрвээ та Өрнө, Дорнын түүх, соёлын талаар сонирхдог бол энэ ном танд таалагдах нь гарцаагүй.

Аглагч тэргүүтэй бусад зохиол


Энэ жил Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 тохиож байна. Энэхүү номд Д.Нацагдоржийн “Аглагч” тэргүүтэй сонгодог бүтээлүүдийг багтаажээ. Түүний зохиолуудаас тухайн үеийн нийгмийн монголчуудын ахуй амьдрал, нийгмийн байдал хэрхэн байсныг унших боломжтой.


ТАНИН МЭДЭХҮЙ

Номын баяр 40 - Бидний баяр 


“Илүү их уншъя” уриатай Номын баяр анх 2007 онд зохиогдож эхэлжээ. Түүнээс хойш жил бүр хавар тавдугаар сард болон намар есдүгээр сард тус тус зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд жил бүр 300 гаруй зохиолч, орчуулагч болоод 120 гаруй хэвлэлийн компани оролцдог ба 180,000 гаруй хүн оролцдог гэх судалгаа бий. Тэгвэл энэхүү номд өдгөө бидний сайн мэддэг Номын баяр хэрхэн хөгжиж, үүсэж эхэлсэн, хамрах хүрээ хэр байсан талаар хүүрнэжээ. Мөн тухайн үеийн үүсгэн байгуулагчдын дурсамж яриа ч багтсан аж.

Маркетинг 


Маркетингийн ажилтнуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, борлуулах, хэрэглэгчийн анхаарлыг татах, шинэ содон санаа олох гэдэг нь нэг төрлийн толгойны өвчин болдог биз ээ. Ялангуяа цаг үетэйгээ хөл нийлүүлэн маркетингийн зөв санаа олж, түүнийгээ оновчтой хүргэх нь чухал. Тэгвэл уг бүтээлд маркетингийн үндсэн ойлголтоос эхлээд бүтээгдэхүүнээ хэрхэн зөв таниулах, хэрэглэгчийн анхаарлыг татах, брэндээ хөгжүүлэх зэрэг ажил, амьдралд хэрэг болох олон зүйлийг тайлбарлан хүргэжээ.

Цагаатгалд тэрслэхүй 


Зохиолч Б.Алтанхуяг утга, уран зохиол гэдгийг үлгэрийн номтой төстэй хэмээн тодорхойлжээ. Бидний огт мэдэхгүй газар, бусадтай харилцаж дадаагүй үгс, заримдаа нэг агуулгаа хэдэнтээ уншсан ч утга агуулгыг нь бүрэн дүүрэн тайлж мэдэхгүй тийм л ертөнц. Магадгүй тэр талаараа уран зохиол үлгэртэй төстэй байж болох юм. Ер нь утга, уран зохиолыг бичихдээ амьдралтайгаа дэндүү ойр, хүн бүрийн туулж, мэдэрдэг бүхнийг тэр чигээр нь өгүүлчихвэл хэтэрхий уйтгартай санагдах биш гэж үү? Тэгвэл зохиолч Б.Алтанхуяг энэхүү бүтээлдээ Монголын болон дэлхийн 40 зохиолчийн уран бүтээл, сонгодог туурвилаас сонгон авч, өөрийн өнцгөөс задлан шинжилжээ.

Мөнгө үрэх урлаг 


Цалин бууж, дансанд мөнгө орсон ч хэдхэн хоногийн дараа юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй дуусчих үе байдаг даа? Мэдээж хэрэг байрны төлбөр, тог цахилгаан, хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээ гээд мөнгө зарцуулах зүйл бишгүй их. Гэвч мөнгө нь амархан дуусчихаар нь зарим хүмүүс “Цалин багатай болохоор мөнгөө хурдан дуусгачихлаа, хаана ч хүрэхгүй байна, илүү их цалинтай байсан бол ингэж амархан дуусахгүй байсан юм” хэмээн боддог гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн хүний хэр их цалинтай гэдгээс илүү түүнийгээ хэрхэн зөв зарцуулж байгаагаас болдог байна. Мөнгөө зөв зохицуулж чадвал бага орлоготой байсан ч хуримтлал үүсгэж, өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулах боломжтой тухай эл бүтээлээс сонирхоорой.

Зугаатай философи


Философи гэхээр амьдралын утга учир, хүн гэж юу болох, зөв буруугийн тухай хүндхэн асуултууд, бас нэлээд төвөгтэй онолууд санаанд тань орж магадгүй. Гэвч үнэн хэрэгтээ философи гэдэг нь бидний өдөр тутамдаа бодож, асууж байдаг энгийн зүйлсийг ч хэлдэг гэнэ. Тухайлбал, “Би яагаад ингэж боддог вэ?”, “Аз жаргал гэж юу вэ?”, “Зөв амьдрал гэж ямар байх вэ?” гэх мэт. Философийн талаар илүү сонирхолтой агуулгыг уншиж, содон нэршлүүдийг мэдэхийг хүсвэл энэ номыг уншаарай.

Мөрөөдлийн туульс 


Энэхүү бүтээлээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд тулгарч буй асуудлуудыг голчлон хөндөн өгүүлсэн ба дэлхийн олон сая жилийн өмнөх түүхээр уншигчдыг аялуулах юм. Ялангуяа 550 сая жилийн өмнө дэлхий дээр болсон асар том гамшгийн талаар өнөө үед үлдсэн ул мөр, баримтад тулгуурлан тайлбарласан тул тун сонирхолтой.

Хүний тархи энгийнээр 


Бидний тархи мэдээллийг хэрхэн хүлээж авдаг бол? Яагаад зарим зүйлийг хурдан сурч, заримыг нь амархан мартдаг вэ? Бидний харсан, сонссон зүйлс тархинд хэрхэн боловсруулагддаг бол? Бас сурсан зүйлээ хэрхэн илүү сайн тогтоож, зөв ашиглах вэ? Энэ мэтчилэн бидний төдийлөн сайн мэдэхгүй олон асуултыг хариултыг шинжлэх ухаанчаар тайлбарласан. Тиймээс бага насны хүүхдийн тархины хөгжил, суралцах үйл явцыг илүү сайн ойлгохыг хүсдэг эцэг эх, багш, боловсролын салбарынхны ширээний ном байх болно.


ХҮҮХДИЙН НОМ

Зам 


Хүн бүрийн амьдралд өөр өөрийн туулж явах зам, хийх сонголт олон бий. Харин тэр бүхнээс өөрт тохирох замаа хэрхэн сонгох, цаашдаа ямар зүйлтэй нүүр тулж болох талаар хүүхдэд ойлгомжтой байдлаар өгүүлсэн зурагт ном бол “Зам” юм. Хүүхдийн сэтгэхүйд тохирсон өнгөлөг зураг, богино агуулгаар амьдралын тухай олон зүйлийг танилцуулсан учир бага насны хүүхдүүддээ эцэг эхчүүдийн хамгийн түрүүнд сонирхох бүтээл байх болов уу.

Сүү ээжийн хүүхдүүд 


Номын гол дүр болох Сүү ээж найман хүүхэдтэй бөгөөд тэдний гэр бүлийг “Цагаан идээ” гэдэг. Өрөм, тараг, ааруул, ээзгий, бяслаг төрөхийн тулд тэд бие биетэйгээ хэрхэн хамтарч ямар үйл явцаар Монголчуудын уламжлалт цагаан идээ мэндэлдгийг эмээ, хүү хоёрын сонирхолтой түүхээр танилцуулсан ном юм.

Цааны уралдаан 


Монголын богино өгүүллэгүүдийг хүүхэд багачууд, гэр бүлд зориулан зурагт ном болгон хүргэдэг “Өв өгүүллэг” цувралын хоёр дахь бүтээл “Цааны уралдаан” шинээр хэвлэгджээ. Энэ удаа Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Бат-Эрдэнийн “Цааны уралдаан” өгүүллэгийг сонгон авч, театрын зураач С.Энх-Од зургаар нь амилуулсан байна. Энэхүү ном нь цаатан түмний амьдрал, цаа буга адгуулан маллах ахуй, цааны уралдаан зэрэг өвөрмөц соёл, зан заншлыг хүүхдэд ойлгомжтой байдлаар танилцуулдгаараа онцлог.

Груффалогийн зулзага


Жангар редакцаас Английн зохиолч Жулиа Доналдсон, зураач Аксел Шеффлер нарын бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан хүргэдэг билээ. Энэ удаа тэдний алдарт “Груффало” номын үргэлжлэл болох “Груффалогийн зулзага” зурагт номыг бяцхан уншигчдадаа танилцуулж байна.

Зохиолын үйл явдлаас цухас дурдвал, бөглүү ойн гүнд амьдардаг Груффало зулзагаа ой руу ганцаараа явахгүй байхыг захих ба тэнд нь аймшигт аварга оготно амьдардаг гэж зулзагадаа захидаг байжээ. Гэвч зулзага нь аавынхаа үгийг үл тоон, нэгэн шуургатай шөнө ой руу сэмхэн гарч, үнэхээр тийм амьтан байдаг эсэхийг мэдэхээр адал явдалд гарч буйгаар үйл явдал өрнөх аж. Үнэхээр аварга том аймшигт оготно байгаа болов уу?

Мүүминүүд ба их үер


Даян дэлхийн уншигчдад хэдийнээ танил болcон Финландын “Мүүмин” цувралын анхны дэвтэр монгол хэлнээ хэвлэгдэн, уншигчдын гарт хүрч эхэлжээ. Финланд-Шведийн зохиолч, зураач, иллюстратор Туве Янссон “Мүүмин” цуврал болон комик номоороо дэлхий дахинаа алдартай. “Мүүмин” цувралын анхны ном болох “Мүүминүүд ба их үер” бүтээл нь 1945 онд Финландад хэвлэгдэн гарснаас хойш олон жил завсарласны эцэст 1991 онд дахин хэвлэгджээ.


ШҮЛГИЙН ТҮҮВЭР 

Бидний цөхөрсөн өдрүүд 


Сэтгүүлч, зохиолч Б.Алтанхуяг энэ удаад чамгүй олон бүтээл гаргасны нэг нь “Бидний цөхөрсөн өдрүүд” шүлгийн түүвэр. Тэрээр сүүлийн дөрвөн жилд бичсэн шүлгүүдээ эмхэтгэн, ийнхүү ном болгон хэвлүүлсэн байна. Нэрээсээ эхлээд л гуниг, цөхрөлийг мэдрүүлэх тус түүвэртээ амьдралын эрээн бараан үе, хүний дотоод мэдрэмж, ганцаардал болон аав, ээжийнхээ тухай дурсамж, бодлоо хүүрнэжээ.

Ширээн дээрх маргааш 


Энэ намрын яруу найргийн шинэ бүтээлүүдийн нэг бол яруу найрагч П.Майнбаярын “Ширээн дээрх маргааш” шүлгийн түүвэр юм. Тэрээр 1996 оноос хойш уран бүтээлээ туурвиж, өдгөө 11 шүлгийн түүвэр, хоёр хүүрнэл зохиол уншигчдын хүртээл болгоод байна. Тэдгээрийн нэг нь өнгөрсөн хаврын номын баяраар уншигчдын гар дээр очсон “Цааснаас амилсан хүн” роман юм.

Роберт Хаас шүлгүүд 


Дэлхийн болон орчин үеийн утга зохиолын сор бүтээлүүдийг чанартай орчуулгаар уншигчдад хүргэдэг “Boobooks” хэвлэлийн газрын “boopoems” цувралын тав дахь бүтээлээр Роберт Хаасын шилмэл шүлгүүд монгол хэлээр хэвлэгдэн гарчээ. Тус бүтээлийг Н.Энхбаяр орчуулсан бөгөөд редактораар Г.Лхагвадулам, Б.Батзаяа нар ажилласан байна.

Түүний шилдгүүдэд хүний өдөр тутмын амьдрал, дурсамж, баяр гуниг, оршихуйн тухай бодол, мэдрэмжийг энгийн байдлаар өгүүлжээ. Хаасын бүтээлүүдээс дамжуулан өөр хүний амьдралаас өөрийн мэдэх, мэдэрч байсан зүйлсээ олж харах боломжтой.

Намрын тунгалаг усны бичиглэл 


Зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн ээлжит бүтээл энэ намар нээлтээ хийж байна. Түүний хувьд 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлж, яруу найраг, хүүрнэл зохиол, эсээ чиглэлээр олон ном туурвисан бөгөөд 2006 онд 'Асагч сарны шүлгүүд' номоороо МЗЭ-ийн шагнал, 2008 онд 'Яруу найрагч он цаг', 2014 онд 'Айшхи', 2019 онд ‘Аварга мод’ бүтээлээрээ 'Алтан өд' шагнал хүртжээ.

Ирэх хаврын Номын баяраар эргэн уулзацгаая!