Шинэ он гарах дөхөж буй энэ цаг мөчид бид өөрийгөө өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэхэд тусалж чадах нэгэн номыг онцлон танилцуулж байна. "Atomic Habits" буюу монгол хэлнээ "Энгийн дадал" хэмээн орчуулагдсан энэ номд өдөр бүр багахан ахиц гаргах замаар зөв дадлыг суулгах, улмаар урт хугацаанд томоохон өөрчлөлтийг хийх тухай өгүүлдэг. Дадал хэвшил биднийг буй болгодог болохоор энэ талаар судлах нь ухаалаг алхам билээ.

Анх хэвлэгдэн гарсан цагаасаа хойш нийтдээ хоёр сая гаруй хувь зарагдаж, дэлхий даяар шуугиан дэгдээсэн “Энгийн дадал” (Аtomic Habits) ном нь зохиогч Жэймс Клирийн анхны бүтээл юм. Зохиолч номынхоо талаар “Зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэхгүй л бол үхэлтэй нүүр тулахаас аргагүй байдалд орсон цаг үе амьдралд минь тохиосон юм. Дотоод нөөц боломжоо гаргахад минь жижиг дадлууд тус болсон. Энэ номыг уншиж байгаа та ч бас хэний ч үл анзаарам энгийн дадлуудын ачаар дотоод нөөц боломжоо ил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Дадал хэвшлийн талаарх таны ойлголтыг бүрэн өөрчилж мэдэх энэ номд чухам юуны талаар өгүүлдэг вэ?

Энгийн дадлын санаанд оромгүй их хүч

Зохиогч номдоо “Зан төлөвийн өөрчлөлтийн 4 хууль” гэдгийг томьёолсон нь товчхондоо шинэ дадал суулгах нөү-хау юм. Энэ томьёоллыг задалбал:

1-р хууль: Дадлыг мэдээжийн болгох (make it obvious)

2-р хууль: Дадлыг хүсүүштэй болгох (make it attractive)

3-р хууль: Дадлыг амархан болгох (make it easy)

4-р хууль: Дадлыг таашаал өгөхүйц болгох (make it satisfying)

Тэгэхээр буруу зуршлыг халъя гэвэл энэ томьёоллыг яг урвуулан ашиглахад болох аж. Тэрээр энэ болгоныг дотор нь задлан маш олон сонирхолтой жишээ, ажиглалт, судалгаанд суурилан бичжээ.

Жэйм Клир хүмүүсийг зорилтод бус үйл явцад төвлөрөхийг уриалдаг. 5 кг жин хасах, блог эхлүүлэх гэх мэт зорилтод тулгуурласан өөрчлөлт нь байнга үргэлжлүүлэхэд хэцүү байдгаас урт хугацаанд тогтвортой байж чаддаггүй хэмээн бичжээ. Харин identity-ийн өөрчлөлт буюу ямар хүн болохыг хүсэж буйгаа тодорхойлоод, тийм хүн болж буй гэдгээ өөртөө бага бага “ялалт“-аар батлах нь илүү үр дүнтэй гэжээ.

Тэрхүү жижиг ялалтуудын жишээ нь өдөрт 2 минут дасгал хийх, 2 хуудас ном унших гээд юу ч байж болно. Тэдгээр нь хэтэрхий жижиг, үл анзаарагдам гэмээр санагдаж болох ч тухайн дадлын үндэс суурийг тавих үүрэгтэй. Аливаа дадлыг бий болгосны дараа л сайжруулах боломжтой гэнэ. Бодоод үзэхэд, нээрээ л бид шууд төгс дадалтай болох гэж тэмүүлдэг шүү дээ. Бодит байдал дээр эхлүүлэхэд хялбар жижиг дадалтай болоод түүнийгээ бага багаар ахиулах явах нь зөв зам аж.

Хүний аливаа зүйлийг өдөрт 1 хувь сайн хийхэд л 365 хоногийн дараа 37 хувь илүү хийж чаддаг болдог байна. Жилийн турш та өдөр бүр нэг хувийн дэвшил гаргавал жилийн эцэст таны бүтээмж өмнөхөөсөө 37 хувиар нэмэгдсэн байна гээд бод доо? Гайхалтай биш гэж үү? Эсрэгээрээ, хэрэв та ямар нэг зүйлийг өдөр бүр нэг хувиар дутуу, тааруу хийвэл жилийн эцэст бараг 0 цэг хүртэл уруудахыг санагтун.


Том, том зүйлсийг мөрөөдөн тааз ширтэн хэвтэх гоё ч бодит өөрчлөлт өдөр бүхний жижиг алхмаас л эхэлдэг. Аливаа зүйлийг хийхдээ хамгийн амар хялбар, дөт замыг сонгодог нь хүний төрөлхийн мөн чанар юм. Тиймээс багаар, жижгээр эхлэх, эхлүүлснээ өдөр бүхэн давтаж цааш хөгжүүлэх нь чухал ажээ.

Үл анзаарагдам өчүүхэн дадлын урт хугацаанд үзүүлэх үр дүн

ХОРХОЙСОЛ

Номын хоёр дахь хэсэгт сайн дадлыг хэвшүүлэх, муу зуршлыг ор тас мартан хаях арга техникийг уг чанартаа нэг ижил зүйл гээд дадал эзэмших үйл явцыг дотор нь сэдэл, хорхойсол, үйлдэл, үр дүн гэж хуваан нарийн тайлбарлажээ. Энэ хэсэгт тэрхүү хорхойслын тухай арай дэлгэрэнгүй өгүүлье.

Ямар нэгэн зүйлд туйлгүй татагдан, хорхойсдог бидний мэдрэмж ер нь хаанаас эхлэлтэй гэж бодож байна? Шөнө оройн цагаар түргэн хоолоор өлсөх, мөрийтэй тоглоом тоглох, оройдоо дасгал хөдөлгөөн хийхийн оронд буйдан дээрээ тухалж суугаад Netflix үзэх нь буруу гэдгийг мэдсээр байгаа хэрнээ үргэлжлүүлсээр байдаг нь үнэхээр бидний арчаагүй, сул дорой зантай холбоотой юу?

Зарчмын хувьд эдгээр үйлдэл бүрийг бид өмнө нь хэдэн мянган удаа давтан хийсэн учраас бидний тархинд дадал болгон нь тусдаа алгоритм болоод бичигдчихсэн гэсэн үг. Харин хэргийн гол эзэн бол амьд организмын төв мэдрэлийн систем, тархинд нейротрансмиттерийн үүргийг гүйцэтгэдэг “дофамин” хэмээгч даавар аж. Дофамин нь дадал зуршилд нөлөөлдөг цорын ганц даавар биш хэдий ч дадал хэвшил тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй нэг үгээр хэлбэл хүний хүсэл шунал,хорхойсол, санаа зорилго бүгдийн ард байх биологийн хөшүүрэг юм.

Мөрийтэй тоглоомчдын дофамин, хожсоны дараа бус яг бооцоогоо тавих тэр мөчид оргилдоо хүрдэг бол кокайнд донтогсдын дофамины хэмжээ нь нунтгийг харах тэр мөчид эцсийн цэгтээ тулдаг ба мансуурсны дараа харин тийм оргилсон мэдрэмжийг мэдрэхээ больсон байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийн эцсийн үр дүнг урьдаас таамаглан харсан тэр мөчид бидний дофамины ялгарал оргилдоо хүрдэг байх нь. Дофамины ялгарал оргилдоо хүрэх тэр мөчид урам зориг бадарч улмаар тухайн үйлдлийг хийхэд хүний бие, оюун санаа бүхэлдээ бэлтгэгдэнэ гэсэн үг.

Хүний тархинд ямар ч зүйлд “дурлах”-аас илүүтэйгээр түүнийг “хүсэх”-д чиглэсэн мэдрэлийн тогтолцооны эргэлт их байдаг учраас л зул сарын баярын өглөөг төсөөлөн бодох нь бэлгээ задлах мөчөөс илүү сайхан, зуны амралтаар хаашаа аялах тухайгаа эргэцүүлэх нь машиндаа суугаад аян замд гарахаас ч илүү сэтгэл догдлом санагддаг аж.


Дадал бүхэн сэдэл, эгээрэл, үйлдэл, үр дүн гэсэн дөрвөн үе шатаар хөгжиж бүрэлддэг

Үр дүнд хүрэх нь бус үр дүнг урьдаас төсөөлөх нь биднийг үйлдэл хийхэд хүргэдэг. Төсөөлөл агуу байх тусам дофамин улам их ялгарна.

"Энгийн дадал" номын хэсгээс


Эцэст нь, “Энгийн дадал” бол зүгээр нэг урам зориг өгөөд өнгөрөх бүтээл бус, амьдралд эергээр нөлөөлөх дадлуудыг өөриймшүүлэхэд туслах гарын авлага юм.