Хуйларсан гал дөл хөрс хуйхалж, цас мөс хорвоог хучиж ертөнцийн төгсгөл хаяанд иржээ. Хүн төрөлхтөн өнө эртнээс зөгнөн зүрхшээсэн эл өдрийн өлмийд дэлхий дээрх амь бүхэн устах учигтай.

Шашны номлол, шинжлэх ухааны онол, домог түүхийн товчооноо түмэн таамгийн дүрээр буусан ертөнцийн төгсгөл үнэндээ хэрхэн айлчлах бол? Чухамхүү шалтгаан нь юу байх вэ? Бүхний бурууг хэнд тохууштай?

Эдгээр асуултад хүйтэн дайны эрч халуун 1963 онд зохиолч Курт Воннэгут “Муурын хэвтэр” бүтээлээрээ хариулсан байх буй. Тэрбээр Дэлхийн II дайны үеэр Америкийн армид алба хаах хугацаандаа олзлогдон хоригдож байжээ. Энэ нь түүний хувийн философи, уран бүтээлд, оршихуйн талаарх үзэл бодолд хүчтэй нөлөөлсөн гэдэг.

Дажинтай цагийн сонгодог постмодерн туурвил болох тус коментари тууж түүний магистрын дипломын ажил байсан аж.

Хүмүүний амьдрал, аж ахуй, шашин шүтлэг хийгээд ёс зүй, үнэн худлын абсурд туйлууд, нийгмийн бүлгэмүүдийн зан араншин тэргүүтэй антропологийн ухааны сэдвүүдийг энгийн үг хэллэг, элэглэл, егөөдөл, ихэсгэлийн аргуудаар илэрхийлсэн уг бүтээл уншигч танд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах болов уу.

Хүн төрөлхтний ухааны цар хэмжээлшгүй

Эсийн гүн рүү нэвтэрч, сансрын хаяа руу тэмүүлэх шинжлэх ухааны ололтууд он жилийн хувьсалд хурдацтайгаар олширч байна. Гэвч өнгөрснөөс суралцалгүйгээр ирээдүйг яахин бүтээх билээ? Түүхэн хуудсаа сөхөж сэхээрэх нь зохистой.

Дэлхийн II дайны нөлөөгөөр ХХ зууны шинжлэх ухааны нээлтүүд зэвсэг үйлдвэрлэлийн салбарт голлож байсныг бид мэднэ. Тэр дундаас хүн төрөлхтний бүтээсэн хамгийн харгис зэвсэг болох цөмийн бөмбөгийг цохох нь зүйтэй. Хүн зоныг ганц дэлбэрэлтээр хомроголон хөнөөж, хүйс тэмтрэх хүчтэй тус зэвсэг үй олон жилийн хохирол дагуулдаг билээ.

Зохиолын гол дүр “Жона” 1945 оны Хирошимагийн бөмбөгдөлтийн тухай судалгааны хүрээнд “Цөмийн бөмбөгийн эцэг” хэмээх хочтой эрдэмтний мөрийг мөшгиж буйгаар үйл явдал эхэлнэ. Мөнөөх эрдэмтэн нас барахдаа гурван хүүхдэдээ тун ер бусын шинж чанартай “Мөс ес” хэмээх бодисыг тэнцүү хуваан өв залгамжлуулж л дээ. Уг бодис устай урвалд орохдоо төлөв харгалзахгүй усыг тасалгааны температурт ч тас хөлдөөх чадалтай эд аж.

71 хувь нь усан мандлаас бүрддэг манай гаргийн хувьд "Мөс ес" бодис аймшиг л гэсэн үг.

Хүн аминчхан, ахархан хүсэлдээ ямагт боол нь юм хойно эрдэмтний хүүхдүүд хөнөөлт “Мөс ес”-ийн хор уршгийг үл хайхран тус тусын ашиг хонжоонд ашиглаж орхино. Бүх л ертөнцийн заяа гуравхан хүний гарын салаагаар даанч амархан урсан замхрав.

Насаараа “царай муут” нэр зүүсэн том охин нь царайлаг генералтай хуримлахдаа солилцож, тэнэгдүү ах нь арлын орны омгийн удирдагчийн суудлаар наймаалцаж, одой төрсөн бага дүү нь одой Орос тагнуулд сэтгэлд алдран хулуулсан байх нь тэр.

Гамшгийн аюулт бодис мөдхөн гал нээхэд бэлэн биесээ отож байсан хоёр хүчирхэг улсын гарт орсноор дэлхий нийтийг хэзээ биелэх нь үл мэдэгдэх үхлийн "хараал" отож эхэллээ.

Өмнө дурдсанчлан энэхүү бүтээл хорвоогийн төгсгөлийг хүүрнэнэ шүү дээ. Ямартай ч "Мөс ес" онц үүрэгтэй нь ойлгомжтой болоо буй за. Тэгвэл цэгээс цааш өрнөв? Хэн зүрхлэв?

Жона бодисын мөрөөр хөөсөөр дунд хүүгийн эзэн суусан арал дээр айлчилна. Тэр бүү хэл, төлөвлөгөө назгайран омгийн гоо бүсгүйтэй хуримлаж, толгойлогчоор томилогдоод авна. Тэгээд омгийн хуучин толгойлогчийн “Мөс ес” бодис нэвчсэн цогцсыг устгадгийн даваан дээр жолоодлогоо алдсан онгоц аралтай мөргөлдөх бөгөөд мөргөлдөөний улмаас цогцос тэнгис рүү шидэгдэнэ.

Тийнхүү дэлхий дээрх амьдрал мөхөлтэй учирсан юм даа.

Ертөнцийн төгсгөл ёрлосон олон онол таамаг дундаас хүмүүний тэнэглэл хамгийн агуу хийгээд алгуур хүчин билээ. Сансар огторгуй, од мичидтэй харьцууламгүй богинохон настай ч мөнхийн мэт мунхаглалд самууран амьдралаа барж орхидог нь хүний ааль. Гэвч тэр л мунхаглал хүний ухааны хэмжээлшгүйн шалтгаан билээ. Тэнэг мэт бодлоос л холхи хязгаар луу сунайсан тэмүүлэл эхэлдэггүй гэж үү?

Тэгэхээр хүний оюун ухаан хэмжээлшгүйн хэрээр хүний тэнэглэл ч мөн хил хязгааргүй хэрэг үү? Энэхүү асуулт дагуулсан асуудлыг Курт Воннэгут уншигчдад үлдээжээ.

Постмодернизм 

Постмодернизм бол хэвшмэл бус, загваргүй сэтгэлгээнээс улбаатай урлагийн хөдөлгөөн. Энгийн, ойлгомжтой бодит байдалд тулгуурласан модернизмийн үзэл баримтлалаас бодит байдал энгийн, ойлгомжтой байдаггүй гэсэн санааг эрхэмлэдгээрээ ялгаатай.

Курт Воннэнгут бол постмодерн зохиолч юм. Туйлын үнэнийг элэглэсэн хэв маяг, сөрөг үзлээс улбаатай ёгтлол, үйл явдлын замбараагүй хэлхээ гэхчлэн хэд хэдэн санааг зэрэг илэрхийлдгээрээ түүний бүтээлүүд онцлог.

Постмодерн утга зохиол ямар нэгэн зүйлийг хэлбэрэлтгүй үнэн болгож үзүүлэхээс татгалздаг. Үнэн гэдэг бол өөрөө нэгэн хүнийхээр тогтоочихож болдог зүйл биш.

Г. Аюурзана

Шашин ба шинжлэх ухааныг хар, цагаан ойлголт мэтээр талцуулах нь олонтоо. Шашин худал. Шинжлэх ухаан үнэн. Худал бол муу. Үнэн бол сайн.

Гэвч үнэн үргэлж жаргал дагуулдаг уу?

Зохиолд дурдагдсан омгийн ардууд орон байраар хомс, ядуурал, боловсролгүйдэлд нэрвэгдсэнээ мэдэхгүй ч амгалан байгаагаар дүрслэгддэг. Арал дээр айлчилж яваа зочдын нүдээр арал дээрх амьдрал шалдар булдар үзэгдсэн ч омгийнхны амьдралаасаа мэдэрдэг жаргалыг үгүйсгэхийн аргагүй.

Тэгвэл арлын уугуулуудад амар жимэр, таатай тухтай амьдрал нь тарчигхан, дулимагхан хэмээх үнэнийг учирлах нь зөв үү?

Тэрбээр "шинжлэх ухааны хөдөлшгүй үнэн нийгмийг диваажин болгодоггүй, шашны хийсвэр оршихуй тамд хөтөлдөггүй" гэсэн санаагаа "Муурын хэвтэр" бүтээлдээ нэвт шингээжээ.

Курт Воннэгут тус бүтээлдээ дэлхийн хүн амын дундах шашны нийтлэгүүдийг нэгтгэн хийсвэр "Боконон" хэмээх шашин зохион оруулсан нь өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэглүүр болжээ.

"Боконон" шашны номлолын эхний хуудсан дээр "Энэ номон дээрх үг худал" хэмээсэн байдаг. Нэг ёсондоо тус шашны зам мөрийг дагаснаар худалд итгэх сонголтыг хийж буй хэрэг юмсанж.

Таныг зоригтой, өгөөмөр, жаргалтай, эрүүл байлгадаг гэмгүй үнэн бусуудаар амьдралаа хөтөл.

"Муурын хэвтэр"