Гал морин жилийн эхний “Онцлох номууд”-ын дугаараар уншигч тантай уулзаж буйдаа баяртай байна. Ингээд гарч буй жилээ угтах хөл хөдөлгөөн удтал бужигнасны адил шинэ номын мэдээ ч чамгүй олон дуулдсан хоёрдугаар сарын онцлох 10 номыг танилцуулж байна. Сар шинийн завгүй өдрүүд өндөрлөхтэй зэрэгцэн унших шинэ ном хайж байвал энэхүү нийтлэлийг дуустал нь саатаарай.
Холбогдох нийтлэлүүд:
2025/12: 12-р сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд
2026/01: 1-р сар шинээр хэвлэгдсэн онцлох номууд
1. Удирдахуй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Нобелийн энх тайвны шагналт дипломатч Хэнри Киссенжэрийн бүтээлүүд дэлхийн олон улсын харилцаа, улс төрийн салбарт зүй ёсоор томоохон байр суурийг эзэлдэг. “Дэлхийн дэг журам,” “Хятад” зэрэг бүтээлүүдийг уншигчдын хүртээл болгогч тэрээр “Удирдахуй” номдоо шинэ үеийн меритократ удирдагчдын зургаан төлөөллийг онцолж, амжилтын замналыг нь өгүүлсэн юм. Ингэхдээ суут удирдагчдыг эгэл удирдагчдаас ялгадаг үндсэн чанаруудыг тус бүрчлэн тайлбарлажээ.
ХБНГУ-ын анхны канцлер Конрад Аденауэр хэрхэн Дэлхийн II дайны дараа уналтад орсон Герман улсыг эргэн сэргээв? Хүйтэн дайны адармаат цаг үед АНУ-ын геостратегийн бодлогыг амжилттай тодорхойлсон Ерөнхийлөгч Ричард Никсоны нууц юу байв?
Эдгээр болон бусад сонирхолтой асуултын хариулт руу чиглүүлэх баялаг сурвалж болсон эл бүтээлийн хураангуй агуулгатай танилцахыг хүсвэл Нэпко хэвлэлийн газрын веб хуудсаар зочлоорой.
2. Сүбээдэй

“Монголын гээгдсэн түүх” цувралын зохиолч, түүхч, дипломатч Ёндоны Отгонбаярын эл бүтээл нь XIII зууны Их Монгол Улс төдийгүй өнөө цагийн тив дэлхийд шагшигддаг алдарт Сүбээдэй баатрын намтрыг түүний дайн тулааны стратеги, түмэн олныг удирдан чиглүүлэх арга барил, цэргийн нарийн ухаантай хамтатган өгүүлжээ.
Хуурамч ухралт, гэнэтийн цохилт зэрэг ов мэхийг ашиглан тусдаа давшиж, хамтдаа цохидог аргаар 65 гаруй ялалттай шийдвэрлэх тулалдаан удирдаж, 32 улс орныг байлдан дагуулсан домогт жанжны түүх өдгөө ч томоохон цэрэг армиудын байлдааны тактикийг боловсруулахад нөлөө бүхий эх сурвалжуудын нэг аж. Монгол нутгийг алд, дэлэмгүй тэлсэн морьтон баатрын намтрыг энэхүү бүтээлээс хүлээн авч уншаарай.
3. Пнин

Владимир Набоковын тэртээх 1955 онд алдарт “Лолита” зохиолоо бичсэнээс хойш ердөө хоёр жилийн дараа туурвисан бүтээл бол “Пнин.” Зохиолын гол дүр болох 1950-аад онд Ленинизмийн дэглэмээс зугтан АНУ-д цагаачлан ирсэн орос профессор Тимофей Пнин шинэ орчинд ирээд тоо томшгүй олон сорилт, бэрхшээлийг даван туулах шаардлага гардаг. Уншигчид Пнинийг Набоковын хамгийн алиа, хөгжилтэй атлаа сэтгэл хөндүүрлүүлэм дүр хэмээдэг нь зохиолчийн элэглэл, эмгэнэл хосолсон дүрслэлээр баялаг бичиглэл, хэл найруулгыг давхар өргөмжилдөг гэлтэй.
Сонирхуулахад, зохиолч хүүхэд ахуй насандаа Большевикуудын хувьсгалын нөлөөн дор гэр бүлээрээ төрөлх Орос улсаасаа дүрвэж, харь орныг бараадаж байсан нь Тимофей Пнинийн түүхтэй тун төстэй.
4. Туурайн төвөргөөн

Эртний монгол адууны соёлын тухай судалгааны ажлаараа докторын зэргээ хамгаалсан археологич, зохиолч Вилльям Т.Тэйлор өөрийн Хойд Америкийн өргөн уудам нутгаас эхлээд Хималайн нуруу, Монголын их тал, Төв Азийн өндөрлөг хүртэлх адууны соёл, түүхийн мөрөөр мөшгөсөн олон жилийн судалгаагаа нэгтгэн анхны ном болох “Туурайн төвөргөөн” бүтээлээ туурвижээ.
“Туурайн төвөргөөн” ном нь адууг гагц уналга төдий бус, харин биотехнологи, дайн тулааны стратеги, соёлын хийгээд эдийн засгийн эргэлтийн гол зангилаа болж, хэрхэн нийгэмд тэгш бус байдлыг үүсэхэд голчлон нөлөөлсөн тухай өгүүлнэ. Уг бүтээл хэвлэгдсэн даруйдаа “University of Colorado Bounder” сургуулиас олгодог “Eugene M. Kayden Book Award” шагналыг хүртжээ.
Зохиогчийн тодорхойлж буйгаар олон мянганы турш нүүдэллэн аж төрж ирсэн монголчууд бид адууны жинхэнэ өв соёлыг тээж буй сүүлчийн ард түмэн ажээ.
Хэдий тийм боловч асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ зууны залуус бид өөрсдийн түүхийн “амьд гэрч” болсон адуугаа хэр мэдэх билээ гэдэг асуулт номын төгсгөлд эрхгүй төрнө.
"Туурайн төвөргөөн: Адуу хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн нь" нийтлэлийн хэсгээс
Дэлгэрүүлж унших - Туурайн төвөргөөн: Адуу хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн нь
5. Одон орон: ШУТИМ Бүтээлч ном

ШУТИМ (Шинжлэх Ухаан, Технологи, Инженерчлэл, Математик) цувралын ээлжит нэгэн бүтээлч ном энэ удаа одон орон, гараг эрхсийн тухай мэдлэгээ зузаатгахад тус болно. Зуу, зуун гэрлийн жилийн хурдаар өрнөж байдаг сансар огторгуй дахь хувьсан өөрчлөлтүүд, томоохон элементүүд, сансрын нисгэгчид зэрэг төрөл бүрийн сэдвээрх сонирхолтой баримтуудын аялал гараарай. Мөн мэдлэгээ бататгах зугаатай дасгалуудыг ажиллахаа мартуузай!
Хүүхдэд зориулсан танин мэдэхүй, тэр дундаа шинжлэх ухааны сэдэвтэй ном, сэтгүүл зохиогч Женни Жейкобигийн ШУТИМ цуврал өөр олон сэдвийг хамардаг ба тэдгээрээс Анатоми, Цаг уур, Инженерчлэл, Амьтан судлал зэргийг дурдаж болох билээ.
6. Шагайн наадгай

Монголчуудад үеэс үед өвлөгдөн ирсэн шагайн наадгай нь зөвхөн тоглоом наадгайгаар зогсохгүй үндэсний соёл, ахуй амьдралын арвин их мэдлэг, санах ойг уламжилдаг өв билээ. Иймд шагайн наадгайгаар дамжуулан нүүдэлчин соёлын тулгуур багана болсон мал аж ахуйгаа танин мэдэхэд туслах баримтат ном уншигчдын гарт хүрэхэд бэлэн болсон байна.
Сонирхуулахад, зөвхөн шагайгаар тоглож болох 13 наадгай байдаг ба тэрхүү жагсаалтад багтах “Тэмээ ачих,” “Морь уралдуулах,” “Эвэр шатар,” “Гүү саах” зэрэг төрөл бүрийн наадгайн үүсэл гарал, ач холбогдлыг номоос дэлгэрүүлэн уншаарай.
7. Хорвоогоос муур арилахын цагт

Худалдаанд гарсан даруйдаа дэлхий даяар 3 сая гаруй хувь борлогдож, 35 орны хэлээр хэвлэгдэж, сая сая уншигчдыг гүн бодолд автуулсан уг бүтээл нь зохиолч Кавамура Гэнкигийн анхны ном аж. Номын гол дүр буюу өгүүлэгч хүнд өвчний улмаас өөрт нь амьд байх хэдхэн сар үлдээд буйг эмчээс гэнэтийн байдлаар сонсдог. Энэхүү аймшигт мэдээнд бүрэн бэлтгэлгүй байсан түүнд чөтгөрөөс нэгэн хачирхалтай санал ирсэн нь хорвоо дэлхийгээс нэг зүйлийг ор мөргүй устгах тутамдаа нэг илүү хоногоор амьдрах явдал байлаа. Уншигч та ийм сонголтын өмнө тулбал юу хийх вэ? Юуг төвөггүйхэн үгүй хийж, юуг эцсээ хүртэл хамгаалж үлдэх вэ? Та бидний амьдралыг утга учиртай болгодог зүйлс юу вэ?
8. Юу биднийг хүн болгодог вэ?

Чи намайг юу гэдгийг тааж чадах уу? Би маш олон зуун жилийн турш аж төрж байна. Чи жаахан маамуу байхдаа намайг бараг мэддэггүй байсан. Харин одоо бол намайг толгой дотроосоо арчин хаяж ч чадахгүй. Дэлхий даяар олон мянган би байна. Бас зарим минь хурдацтай устаж үгүй болж байна. Би чамайг өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбодог. Би хэн бэ?
Номын хэсгээс
Оюуны хөгжлийг дэмжиж, санаа, бодол өдөөх “Юу биднийг хүн болгодог вэ” ном 2023 онд хэвлэгдсэн цагаасаа хойш дэлхийн улс орнууд болон ЮНЕСКО-ийн хамтралаар Франц, Испани, Хятад, Перс гэхчлэн 30 гаруй хэлнээ орчуулагдаж, уншигчдын хүртээл болжээ. Номын зохиолч Виктор Д.О. Сантос мэргэжлийн хэл зүйч бол зураач Анна Форлати нь эртний Грек болон Латин хэл суралцаж асан идэвхтэй суралцагч. Эл бүтээл 2023 онд Германы Мюнхэн дэх ОУ-ын Залуучуудын Номын сангаас гаргадаг “The White Ravens” каталогийн шилдгээр, удаах онд нь Америкийн Иллюстораторуудын нийгэмлэгээс Шилдэг эх бүтээлийн үзэсгэлэнд шалгарсан юм.
Хуудас эргүүлэх бүрд уншигчийг улам гайхшируулж, бодолд автуулна… дүрслэлүүд нь гайхалтай нарийн… номын сандаа нэмэхүйц үнэ цэнтэй, үзэсгэлэнтэй бүтээл.
School Library Journal
9. Шинэ Эриний Хятад

Зохиолч Шэн Чуанлянын ихэнх судалгаа Хятадын коммунист намын үзэл санаа, үйл ажиллагаа, шийдвэр гаргах явц зэрэгт төвлөрдөг. Иймдээ ч тэр бээр энэхүү бүтээлдээ Хятадын үндэсний онцлог бүхий социализмын шинэ эрин үеийн түүхэн замнал, ололт амжилт, сургамж туршлагыг олон өөр өнцгөөс шинжилж, ойлгомжтой бөгөөд эмх цэгцтэйгээр тайлбарласан юм. Хятадын эртний болон орчин үеийн түүх хэрхэн тус улсын гадаад бодлого, ойролцоох бүс нутгийн талаарх хандлагыг төлөвшүүлсэн тухайг онцлон дэлгэрүүлсэн уг бүтээлийг Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
10. Хүржигнэх урлаг

Буддын гүн ухаан, бясалгал, дотоод амарлингуйн талаарх цуврал бүтээлүүдээрээ 30 гаруй хэлээр 50 гаруй орны уншигчдын танил болсон зохиолч Дэвид Мичигийн “Хүржигнэх урлаг” монгол уншигчдын хүртээл болжээ.
Зохиол нь Далай лам хайртай муураа юу түүнийг “хүржигнүүлдэг” буюу чин сэтгэлийн аз жаргал төрүүлдэг болохыг олж мэдэх аялалд томилсноор эхэлнэ. Муур ийн явахдаа хол, ойрын олон сонирхолтой зочидтой таарч, тэдний яриа, туршлагыг уудлахдаа аз жаргалын жинхэнэ шалтгааныг тайлах арвин их мэдлэгийг олж авдаг. Буддын сургаал хэрхэн орчин цагийн шинжлэх ухаантай огтлолцож, хүн төрөлхтний мөнхийн эрэл болсон аз жаргалын тухай тал талаас тайлбарлаж буйг сонирхохыг хүсвэл энэ номыг барьж аваарай.

Сэтгэгдэл бичих

