Хувь хүний брэндинг хэмээх, сүүлийн үед багагүй яригдах болсон сэдвээр бичигдсэн нэгэн бэсрэг номыг өнөөдөр онцолъё. Хувцас загварын худалдаа, хувь хүний имиж бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “InnovStyle” компанийг үүсгэн байгуулагч, хувийн стилист О.Энэрэлийн “Female Hustlerz” хэмээх энэхүү номоос өмнө тэрээр “Миний хувийн стилист” гэх ном гаргаж байв. Шинэ номоо О.Энэрэл “хүсэл мөрөөдөл, эрч хүчээр жигүүрлэн амьдарч буй өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд”-д зориулсан гэжээ.

Бичлэгийн хэлбэрийн хувьд О.Энэрэлийн өөрийнхөө, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хувь хүний брэнд имиж бүрдүүлэхийн ач холбогдлын тухай хүүрнэсэн хэд хэдэн бичил эсээнээс бүрдсэн гэж болох. Америкт өнгөрүүлсэн хүүхэд ахуй цагаас эхлээд компаниа байгуулж, “Karen Millen”, “Charles and Keith”, “Pedro” зэрэг олон улсын брэндийн дистрибьютор болох хүртэлх амьдралын замналаа өгүүлснээр энэхүү ном-сэтгүүл эхлэх бөгөөд цааш “Өөртөө итгэх итгэл”, “Миний хувийн стилист”, “Таван энгийн алхмаар стилээ тодорхойлъё”, “Амжилт дагуулах хувцаслалт”, “Style your mind, Style your body, Style your life”, ‘“Догь” хүчин зүйлс” гэх зургаан товч хэсэг байна.

“Загварлаг хүн өөртөө итгэлтэй байдаг” гэсэн нь эл номын үндсэн санаа. Амжилтад хүрэхийг хүсэж байгаа хүн өөртөө маш итгэлтэй байж, имижээ зөв бүрдүүлж чадвал бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулж, манлайлж чадна, цаашлаад эргэн тойрнынхондоо зөв хандлага, сайхан энергийг түгээнэ гэжээ.

“Таван энгийн алхмаар стилиэ тодорхойлъё” хэмээх хэсэг нь тун сонирхолтой. Загварлаг байхын тулд заавал олон хувцас байх шаардлагагүй, цөөн, чанартай хувцас л байхад хооронд нь сольж тохируулаад олон дүр төрх үүсгэж болох аж. Энэ хэсэгт биеийн галбиртаа тааруулан хувцаслах тухай зөвлөгөө багтжээ. “Хувцаслалт бол тухайн хүн өөрийнхөө талаар бусдад үлдээж буй сэтгэгдэл” учраас онцгойлон анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ оюун бодлоо тордож, амьдралын хэв маягаа зөв зохистой байлгах нь үүнээс дутуугүй чухал тул “Style your mind. Style your body. Style your life” хэмээн тодотгосон байна. Хувь хүнийхээ онцлогийг харуулсан брэндийг нэгэнт бүтээж чадсан бол түүндээ тууштай байж, нийгэмд зөв үлгэр дуурайл болох нь тэр брэндийг хүчирхэгжүүлэх гол зам аж.

“Өөртөө хайртай, өөрийгөө илэрхийлж, дотоод ертөнцдөө итгэж чаддаг эмэгтэйчүүдээр би бахархдаг”, “Амжилтад хүрсэн эмэгтэйн ар талд түшиг тулгуур болсон бусад амжилттай яваа эмэгтэйчүүд байдаг” зэрэг нь эмэгтэй хүн зоримгоор амжилтын төлөө явах хэрэгтэй гэх санааг тод томруунаар гаргажээ. “Female Hustlerz”-ийг ерөнхийд нь феминист хэмээн тодорхойлж болох бөгөөд өөртөө итгэх урам зориг эрсэн эмэгтэйчүүд авч уншихад тохиромжтой мэт санагдав. Гэртээ авч тавиад өглөө ажилдаа гарахдаа ч юм уу нээж харж байвал зохимжтой юм гэж бодогдсон.