Энэ удаа бид тун удахгүй уншигчдын гарт очих нэгэн шинэ бүтээлийг танилцуулж байна. "Туршицууд" гэх цоо шинэ хэлбэр бүхий бичвэрүүдээрээ хүн төрөлхтний оюун санаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, өдгөө бидний "эсээ" хэмээн нэрлэдэг бичлэгийн хэлбэрийг үндэслэсэн Монтэньтэй бидний олон уншигч Г.Аюурзанын орчуулгаар танилцсан билээ. Тэгвэл одоо танилцуулан буй энэ номд Монтэнийн амьдралыг "Хэрхэн амьдрах вэ?" гэсэн асуултад өгөх 20 хариулт байдлаар дэлгэрэнгүй хүүрнэжээ. Намтрын төрөлд "National Book Critics Circle Award" шагналыг хүртсэн, оюунлаг уншигчийн уншвал зохих ном гэж үнэлэгддэг эл чансаатай бүтээлийг П.Номинбилэг чадварлаг орчуулж, СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана редактораар ажиллажээ. Намтар зохиол, утга зохиолын эсээ, хувь хүний хөгжлийн ном зэргийг нэгэн дор цогцлоосон энэ бүтээлийг "Арвис Паблишинг"-аас албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаж буй юм. 

НОМЫН ТУХАЙ

Утгагүй хэрүүлээс хэрхэн зайлсхийх вэ? Хагацлыг хэрхэн даван туулах вэ? Амьдрал нэг л мэдэхэд урсаад өнгөрчихсөн байхаас хэрхэн сэргийлж, эгшин хором бүрийг үнэ цэнтэй бaйлгах вэ? Хүн бүхэн л эдгээр асуултад хариулт эрдэг байх. Энэ бүгд эцэстээ “Хэрхэн амьдрах вэ?” хэмээх амаргүй нэгэн асуултад зангилагдана. Сэргэн мандлын үеийн зохиолчид энэ сэдвээр ихийг бичсэн боловч тэдний хэн нь ч үүнд хариулт өгөх гэж Мишель Экем дө Монтэнь шиг шимтээгүй юм. Мишель дө Монтэнь бусадтай яриа өрнүүлэх, ном уншихаас өгсүүлээд өвчин зовлонг тэсвэрлэх хүртэл өдий төдий сэдвээр өөрийн бодол санаа, туршлагыг чөлөөтэй хүүрнэн бичсэн нь өдгөө бидний “эсээ” нэрээр мэдэх бичлэгийн хэлбэрийн үүсэл болсон юм. Тэр цагаас хойш дөрвөн зуу гаруй жил өнгөрсөн хэдий ч нөхөрлөл, ухаарал, цэнгэл баяслыг эрэлхийлсэн сая сая уншигч Монтэнийн илэн далангүй, донжтой бичвэрүүдэд татагдсаар, өөрсдийгөө илүү сайн таньж мэдэхийн төлөө түүнийг уншсаар л байна.

“Хэрхэн амьдрах вэ?” хэмээх асуултад хариу болох энэхүү 20 “эсээ” хүн төрөлхтний сод сэтгэгч, хамгийн сонирхолтой харилцан ярилцагчийн гэрт тухлах боломжийг олгох болно.

НОМЫН ТАЛААРХ САЙШААЛ ҮГС

"Ухааралд хөтлөх хүнлэг бүтээл. Судалж байгаа хүнийхээ амьдралд ингэж шимтэж, амттай хүүрнэдэг намтарч ховорхон шүү."
The Independent

"Энэхүү ер бусын, содон намтар хүн төрөлхтний хамгийн цэцэн цэлмэг, уужим ухаант, сэтгэл татам сэтгэгчдийн нэгийг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц болжээ… Бэйквэллийн ном философийн нарийн ярвигтай түүхийг хураангуйлсан хэр нь яг л найзтайгаа үдэш өрнүүлсэн яриа мэт хөнгөн уншигдах ажээ."
“Boston Globe” - Катрин Шулц

"Сод бүтээл… тэртээ олон жилийн өмнө өөд болсон франц эрийг дахин амилуулснаар барахгүй Монтэнийн философи одоо ч бидний амьдралд давтагдашгүй өнгө төрхөө шингээсээр байгааг яруу сайхан өгүүлжээ."
“Wall Street Journal” - Эван Ньюмарк

"Утга төгс, аялгуу сайхан бичигджээ… Энэ ном бас нэгэн үеийнхнийг Монтэньд дурлуулах нь." “Sunday Times”

"Өрнүүн, шимтэхгүй байхын аргагүй… “Хэрхэн амьдрах вэ?” бол Монтэнийн тухай англи хэл дээрх хамгийн сонирхолтой бүтээл юм.
“Times Literary Supplement” - Тимоти Чэстерс

"Намтар зохиол, утга зохиолын эсээ, хувь хүний хөгжлийн ном: Бэйквэлл энэ бүхнийг амттайхан хольж найруулаад бидэнд барьж. Монтэнь өөрөө олж үзсэн сэн бол скептицизмийг нь ингэж гэгээлгээр гаргаж ирсэнд баярлах байсан нь лавтай.
“The Independent”

НОМЫН ОРШЛЫН ХЭСГЭЭС

....
Тэгэхээр “Туршицууд” ном төдийхөн зүйл биш юм. Энэ бол Монтэнь болон түүнийг номоор нь дамжуулан таньж мэдсэн хүмүүсийн олон зууны харилцаа, он цагийн уртад өөрчлөгдсөөр ирсэн ч “Тэр миний тухай энэ бүхнийг яаж мэдэв ээ?” хэмээн дуу алдах цэг бүрд дахин эхэлдэг тэр харилцаа юм. Гол нь мэдээж зохиолч, уншигч хэмээх хоёр хүний харилцан яриа. Үүний зэрэгцээ уншигч хийгээд бусад уншигчдын ч харилцаа. Бидний хүлээлт ямагт өөрийн болон өмнөх үеийнхний сэтгэгдэл дор хэлбэржиж байдаг, “Туршицууд”-тай уулзахдаа ч бид түүнийгээ аваад очно. Цаашлах хэрээр тэрхүү холбоос улам өргөжсөөр Монтэнийнд үдэх оройн зоог нэг л мэдэхэд хөгжөөнт найр цэнгүүн болж хувирна даа.

Энэ ном Монтэнь гэдэг хүн, зохиолчийн тухай юм. Бас түүний олон олон уншигчийн, тэдний дөрвөн зууны турш хамтдаа болон өөртэйгөө өрнүүлсэн ярианы тухай юм. Монтэнийн эсээнүүд цагийн уртад голын урсгалд мөлийчихсөн чулуу шиг он жилүүдийг зөөлөн элээгээгүй учраас уншихад бэрх, саадтай үе бишгүй таарна. “Туршицууд” тогтсон чиглэлгүй урагшлах замдаа ургаа хад олонтоо мөргөж, тарж бутарснаа эргэж эвлэгдсээр ирсэн билээ. Миний өгүүлэл ч мөн энэ урсгал дагуу явах болно. Ээрч бүдэрсээр, тэр бүрд чиглэлээ өөрчилсөөр урагшилна.

Эхэндээ “Туршицууд” Монтэнийн үргэлжлэл мэт санагдана: түүний амьдрал, хувь араншин, зохиолчийн замнал. Харин дараа нь хуваагдан хуваагдсаар номын ч, өнөөгийн уншигчийн ч түүх болно. Энэхүү ном хориннэгдүгээр зууны ном учраас гарцаагүй хориннэгдүгээр зууны Монтэнийг шингээсэн. Түүний хамгийн дуртай хэллэг шиг бид аливааг өөрийнхөөрөө л харна: “Эцсийн эцэст бид өөрсдийн хөлөөр л алхаж, өөрсдийн өгзгөөр л суудаг”.

Ихэнх хүмүүс “Туршицууд”-аас ямар нэг юм хүсэж эхлүүлдэг. Зугаа цэнгэл, ухаарал, түүхийг танин мэдэх хүсэл, эсвэл өөр, илүү хувийн шалтгаанаар. Монтэнийг хэрхэн уншихыг асуухад романч Густав Флобер

“Хүүхдүүд шиг зугаа хайж, ихийг мөрөөдөгчид шиг мэдлэг горилж бүү унш. Амьдрахын төлөө унш” хэмээн хариулж байв.

Флоберийн хариултад урамшсан би Монтэнийн амьдрал ба түүнээс хойших түүхийн “ширэнгэ”-д аялахдаа Сэргэн мандлын үеийн “Хэрхэн амьдрах вэ?” гэсэн асуултаар зүг гаргаюу. Ном бүхэлдээ нэг асуултад хариулах боловч бүлэг бүр нэг, нийт хорин хариулт өгөх билээ. Хэрэв Монтэнь байсан бол ийм л хариулт өгөх байсан гэх төсөөллөөр бичсэн хорин хариулт. Үнэндээ Монтэнь одоо амьд байсан бол хүний асуусан асуултыг өч төчнөөн асуултаар дэлгэрүүлээд, толгой эргүүлэм, өөр хоорондоо зөрчилдөм дүгнэлтэд хүргэхээр баахан түүхээр булаад яриагаа дуусгах байсан байх. Тэр асуулт, түүх домгуудаар хариулт өгдөг, эсвэл тэдгээрийг ашиглан дэвшүүлсэн асуудлынхаа эрэл хайгуулыг хийдэг хүн.

Үүнтэй адилаар энэ номон дахь хорин хариулт түүний болон уншигчдынх нь амьдралд тохиосон явдал учрал, цаг үеийн тухай сонирхолтой түүхүүдээр биежих болно. Үүнийг хийхэд амаргүй, гэвч хариу хорин “эсээ” маань хүн төрөлхтний түүнтэй өрнүүлсэн олон жилийн ярианд оролцож, хамгийн найрсаг гэрийн эзэн, харилцан ярилцагчийн гэрт тухлах боломж олгох билээ.