Memoir буюу дурсамж-намтар төрлийн ном дээр ажиллах болсон тул энэ төрлийн хэдэн ном нэмж уншъя гэж бодсон юм. Энэ үеэр Г.Аюурзана зохиолч миний мэдэхээр л анх удаа ийм төрлийн номоо хэвлэж таарсан тул зорин очиж авсан билээ. 

Энэ төрлийн бүтээл тун чиг сонирхолтой. Өөрийн салбартаа дориун амжилттай явсан нэгнийг ихэвчлэн тэнгэрт хальсных нь дараа өөр нэгэн түүхийг нь сийрүүлэх нь элбэг. Харин дурсамж-намтар бол тэр хүн өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө бичиж үлдээж буй хэлбэр юм. Тэгэхээр тэр хүнтэй нэг цаг үед амьдарч яваа бид өнгөрсний түүхийг биш "энэ цагийн түүх"-ийг унших боломжтой болдог. 

Эл нийтлэлээр уншигч танд энэхүү бүтээлийг худалдан авч унших эсэхэд тоймтой хариу өгнө хэмээн найдаж байна. 


Зохиолчийн зарим бүтээлийн тоймууд:

Г.Аюурзанын "Монгол хүн" гурван номын тухай

Г.Аюурзанын шинэ романы тойм: “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”

Номын тухай

Зохиолч өөрийн хүүхэд нас, түүнээс ч өмнөх үе буюу нутаг ус, гэр бүлийнхээ тухай өгүүлснээр ном эхэлнэ. Бага насны дурсамжуудаа хүүрнэж, улмаар унших, яваандаа бичихтэй холбогдсон өдрүүдээ дэлгэжээ. Баянхонгорын уугуул жаал хүү хэдэн шүлгээ тогтмол хэвлэлд нийтлүүлж, тэр нь явсаар А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын Дээд сургуульд сурах үүд хаалгыг нь нээсэн байна.


Үргэлжлүүлэн Москва хотын дурсамжууд хөвөрч эхэлнэ. Рок хөгжим, Орос кино, Барууны жийнсэн өмдөөр эхлэх энэ түүх явсаар их сургуулийн багш нар, гадна дотнын оюутан нөхдийн тухай дурсамж болон хувирдаг. Номын сүүлийн хагаст Улаанбаатар хотдоо ирж сонины сэтгүүлчээр ажиллаж, удалгүй гэргийн хамт хувийн сонин эрхэлж, уран бүтээлийн эрчээ нэмэх үедээ монголын утга зохиолыг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх гэсэн оролдлогуудын талаар өгүүлнэ.

Энэ дунд шинэ цагийн уншигчдын мартаж орхисон зохиолч, яруу найрагч нарын тухай хувийн дурсамжаа шигтгэсэн байх нь олонтоо. Харин номын төгсгөл хэсэгт өдгөө бидний дунд үл орших, зохиолчийн хувьд үнэ цэнтэй эрхмүүдийн тухай дурсан бичжээ.


Зохиолчийн тухай

1995 онд “Ганцаар цайвар навч” яруу найргийн бүтээлээрээ энэ салбарын босгыг давсан тэрээр сүүлийн гурван арваны турш яруу найраг, хүүрнэл зохиол, антолог, судлал, орчуулга зэрэг чиглэлээр олон арван бүтээл туурвиж яваа нэгэн билээ. Г.Аюурзана гуайн бүтээлүүд энэ цагийн утга зохиолд жинтэй байр эзэлж, шинэ цагийн уншигчдад ч урамтай хэвээр байгааг уншигч та хэдийн мэдэх биз ээ.

Энэ ташрамд, манай Пүрэвдорж түүнийг “Би хэрхэн ажилладаг вэ” цуврал ярилцлагадаа урьсан бөгөөд зохиолч эрхмээс удахгүй нааштай хариу ирж, уншигч тантай манай ярилцлагаар уулзана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдъя.

Зургийг зохиолчийн фэйсбүүк хуудсаас авав

Яагаад унших вэ?

Бүтээл бүрэлдсэн үүтгэл түүх: Уншигч би дутуу тоолоогүй бол Г.Аюурзана зохиолч энэхүү дурсамж номдоо өөрийнхөө 10 орчим бүтээлийн гол дүрийн баатар, үйл явдал хаанаас эхлэлтэй тухай бичжээ. Энэ нь түүний идэвхтэн уншигч нарт сонирхолтой байх нь дамжиггүй. Бид сайхан кино дуусгаад гол дүрийн жүжигчдийнх нь амьдралыг нэг нэгэнгүй ухаж үздэг шүү дээ. Яг л тийм боломжийг энэхүү бүтээл бага ч атугай олгох болно.

Зохиолч хүний бодит түүх: Магад уншигч та хэзээ нэгэн өдөр бичих мөрөөдлөө бодит болгож, зохиолч эсвэл яруу найрагч болъё гэж боддог бол энэ бүтээлээр дамжуулан харь холын нэгнээс бус хажууд байгаа нэгнээсээ үлгэр жишээ авч болох юм. Бичгийн хүмүүсийн дотор юу болж байдаг, ямархуу даваа нугачааг туулдаг, монголын утга зохиолын салбарт юу болдог зэрэг олон чухаг өнцгүүд энд бий.

20-р зууны монголын утга зохиолын түүх:
Өмнөх зууны зохиолч, яруу найрагчдаас бидний мэдэх нь гарын арван хуруунд багтахаар цөөн гэхэд үнэнээс тийм ч хол зөрөхгүй болов уу. Хэрэв энэ мэдлэгээ зузаатгаж, өмнөх зууны суут уран бүтээлчдийн талаар, амьдарч асан цаг үеийнх нь тухай сонирхон судлах хүсэлтэй бол энэ бүтээл нэгэн сэжүүр болох нь гарцаагүй.


Уншигчийн сэтгэгдэл

“А : Хөх дэвтэр ном” хэд хэдэн талаараа Тагтаа-гаас орчуулан гаргасан Стивен Кингийн “Бичихүйн тухай”-тай төстэй санагдав. Учир нь тус бүтээлд алдарт зохиолч бага наснаасаа эхлэн өнөөгийн амьдралаа хүүрнэж, жаргал зовлонгоо дэлгэж, бүтээл төрсөн түүхүүдээ хуваалцахын сацуу бичээч, зохиолч нарт тус болох олон санааг тусгасан байдаг. Мөн сонирхолтой нь, “Бичихүйн тухай” бүтээлд гардаг Америк соёлын олон агуулга нь хол санагдаж байсан шиг “А : Хөх дэвтэр” номд гарах Орос соёлын агуулгууд ч ардчилсан нийгэмд төрж өссөн надад “харийн” уншигдсан юм.

Нэмээд зуун шилжих үеийн монголын хэвлэл мэдээлэл, тогтмол хэвлэл, сонины редакц болон алдарт шар мэдээний мандалтын тухай унших нэн сонирхолтой байлаа. Яг л өнөөгийн "сошиал харлуулалт" гээч зүйл тэр үед "шар мэдээ" гэдэг нэрээр байсан шиг санагдсан шүү.


ХЭНД САНАЛ БОЛГОХ ВЭ?

Дүгнээд хэлэхэд, уншигч та хэрэв Г.Аюурзана зохиолчийн аль нэг эсвэл хэд хэдэн бүтээлийг нь шимтэн уншсан, уншсаар ч байгаа бол энэ номыг заавал нэг удаа сөхөөд үзэх хэрэгтэй. Хөшигний цаадхыг сониучирхан шагайх нь хүмүүс бидэнд төрөлхөөс заяасан зан билээ. Хайсан зүйлээ олно гэдэгт итгэлтэй байна.