Дэлхий ертөнц ч тэр, түүний тодорхойлолт ч тэр эрэгтэйчүүдийн бүтээл. Эрэгтэйчүүд дэлхийг өөрийн өнцгөөс тайлбарлаж, түүнийгээ туйлын үнэн гэж эндүүрдэг.

Симон Де Бувуа

Ээлжит нийтлэлээрээ бид 2019 онд Их Британийн Royal Society-ийн шинжлэх ухааны чиглэлийн шилдэг номоор шалгарсан “Үл үзэгдэх эмэгтэйчүүд” бүтээлийг онцолж байна. Тус номыг туурвисан зохиолч К. Перезийн хэлснээр “Эмэгтэй хүн байхын хачирхалтай тал нь, бусдын бэлгийн дур хүслийг хангагч болох хэрэгцээ гарахад тод харагддаг хэрнээ шаардлагатай үед үл үзэгдэгч болчихдог.” нийгэмд бид амьдарч буй. Ан хийж амь зогоодог байсан үеэс эхлээд л түүхэн баримт бичгүүдэд хүн төрөлхтний соёл, биологийн хувьсалд эмэгтэй хүн хичнээн хувь нэмэр оруулсныг дутуу дулимаг багтаасан байдаг шүү дээ.

Эл бүтээл нь хувийн амьдрал хийгээд албан ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал гэхчлэн нийгмийн бүхий л талбарт өгөгдлийн цоорхойн улмаас эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж байгаа, үүнээс улбаалан ямар ноцтой асуудал тулгарч буйг асар их баримтын тусламжтайгаар товч бөгөөд тодорхой дүрслэн өгүүлснээрээ онцлогтой.



ТӨМӨР ХАТАГТАЙН БАГ ЗҮҮГСЭД

Тоймоо эхлүүлэхээс өмнө өөрт тохиолдсон нэгэн үйл явдлын тухай та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Том охиноо өлгийдөн авч, хоёр ой хүртэл нь гэртээ асарсны эцэст надад хүссэн ажилдаа орох боломж тохиосон юм. Шинэхэн ажлын саналын хажуугаар цэцэрлэгийн сугалаанд хожсон үйл явдлаа манай гэр бүлийнхэн тэнгэрийн умдаг атгасан аятай санаж, есдүгээр сарын нэгэн болохыг хоног тоолон хүлээсэн боловч өнөөх баяр хөөр эхний өдрөө л сарнин алга болох нь тэр. Учир юу гэвэл, төрөөс санхүүжилттэй улсын цэцэрлэгийн тарах хуваарь 17:00 цаг бол дөнгөж ажилд орсон шинэхэн ажилтан буюу миний ажил тарах цаг 18:00 байсан юм. Үнэхээр егөөтэй байгаа биз. Сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын үндсэн зорилго нь угтаа эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэдий ч хөдөлмөр эрхэлж буй тэдгээр хүмүүсийн ажилтай огтхон ч уялдаагүй цагийн хуваарийг төр засаг зохиосон нь хачирхалтай хэрэг шүү.

Ийнхүү цэцэрлэгийн асуудлыг дөрвөн жилийн турш ээж ямар нэгэн ид шидийн аргаар зохицуулж, ажлаа хийх боломжийг өөртөө гаргалаа гэж бодоход “сургууль” гэх бүүр том хадны мангаа гарч ирнэ. Хэрэв таны хүүхэд төрийн өмчийн сургуульд суралцдаг бол нэгдүгээр ангийн хүүхдийн сургууль дээрээ өнгөрүүлэх хугацаа хамгийн ихдээ гурваас дөрвөн цаг байдгийг мэдэх биз ээ. Яг эндээс л бүхнийг зохицуулах чадалтай ээжийн ид шид шавхагдаж, цагаан тугаа өргөнө дөө. Цагийн ажил хийж буй ээж хэн нэгэнд төвөг удалгүйгээр бие даан хүүхдээ сургуульд зөөх ямар ч боломжгүй тогтолцоон дунд бид аж төрж байна. Монголын дийлэнх өрхийн өмнө тулгардаг дээрх бэрхшээл хэзээ ч бодлого тодорхойлогчдын шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц түвшинд очдоггүй нь гашуун бөгөөд бодит үнэн. Тиймдээ ч ээжүүд, эмэгтэйчүүд өөрсдөдөө тулгарч буй асуудлаа санааныхаа мухарт шидчихээд мартаж орхих нь элбэг. Хэрэв гомдол мэдүүлэх аваас “Ажил амьдралаа зохицуулж сураагүй, туйлын зохион байгуулалт муутай нэгэн” хэмээн цоллогдох магадлал өндөр тул хүссэн хүсээгүй бид боломжийнхоо хэрээр “эрэгтэй” дүрд хувирдаг.



бид ялгаатай ч боломж тэгш байх боломжтой

Энэ дүрд хэдий чинээ чадварлаг жүжиглэх тусам төдий чинээ чиний нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэх тул өмнөө тулгарч буй өч төчнөөн асуудлыг хэлээ хазан залгиад өнгөрөх нь бий. Гэхдээ байзнаарай, бидний туйлын үнэн хэмээн даган мөрддөг хууль журам, стандарт, суурь онол бүгд хэдэн зууны өмнө зөвхөн эрэгтэйчүүдийн оролцоотойгоор бүтээгдсэн тогтолцоо юм. Эрэгтэйчүүдэд зориулсан тоглоомын дүрмээр, тэдний дүрд орж тоглох нь эм хүйстэнд үнэхээр тэгш боломжийг авчирч чадна гэж үү?

Бид хоорондоо өндрийн ялгаа, гарын чадал, жингийн зөрүү гээд тоолж барамгүй олон зүйлсээр ялгаатай. Хамгийн гол нь бид ялгаатай ч эрх тэгш боломжийг энэ нийгмээс хүртэх ёстой, үүний тулд хийх эхний алхам нь ялгааг ойлгож, хүлээн зөвшөөрөх явдал.

Нээлттэй өгөгдөлгүйгээр (Big Data) орчин цагийн соёлт ертөнцийг төсөөлөхийн аргагүй. Эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбар өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргаж буй. Харамсалтай нь хүйсийн тэгш бус байдал дахь өгөгдлийн асар том цоорхойн улмаас нийгмийн тогтолцоонд тэнцвэргүй байдал улам гүнзгийрч, эмэгтэйчүүдийн дуу хоолой бүдгэрсээр. Энэ чимээгүй байдал, энэ цоорхой сөрөг үр дагавруудаар ч илэрнэ. Эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд нөлөөлнө. Зарим тохиолдолд багахан хэмжээгээр. Тухайлбал, эрэгтэй хүний биеийн дулаанд тохируулсан хүйтэн оффист чичирч суух, эсвэл эр хүний биеийн өндөрт тохирсон өндөр тавиурт арай ядан хүрэх гэж зүтгэх байдлаар. Мэдээж уур хүрэм. Эргэлзээгүй шударга бус. Гэхдээ амь насанд аюулгүй.

Эмэгтэй хүний биеийн онцлогт тохироогүй автомашинд осолдож амиа алдахгүй харьцуулахад шүү дээ. Эсвэл шинж тэмдэг нь хэвийн бус гэсэн шалтгаанаар зүрхний шигдээсээ буруу оношлуулахтай харьцуулахад. Эрчүүдийн өгөгдөлд тулгуурласан ийм ертөнцөд амьдрах нь эмэгтэйчүүдийн аминд халтай аж.

Товчхондоо, эмэгтэйчүүдийн тухай өгөгдөл цуглуулж чадахгүй байгаагаараа бид хүйс болон жендэрээр ялгаварлан гадуурхах үзэлтэй эвлэрч байгаа хэрэг. Хэрэв та одоог хүртэл эр, эм хүмүүс хангалттай тэгш боломжийг хүртэн амьдарч буй хэмээн бодсоор буй бол дараачийн хэсэгт анхаарлаа хандуулна уу.



Суултуур ба хүчирхийлэл

Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь зохистой ариун цэврийн өрөө ашиглах боломжгүй байдаг. НҮБ-ийн тооцоогоор гурван эмэгтэй тутмын нэг нь аюулгүй бие засах боломжгүй амьдардаг аж. Энэ асуудал бүх нийтэд хамаатай ч бодит амьдрал дээр эмэгтэйчүүдэд бүр илүү хурцадмал тусдаг. Эрэгтэйчүүд хүссэн газраа бие засах хэвийн үзэгдэл бол эмэгтэйчүүдийн бусдын нүдэн дээр хүндрэх нь байж болшгүй ичмээр үйлдэл. 2015 оны судалгаагаар Мумбайн нийт эмэгтэйчүүдийн 12.5 хувь нь шөнийн цагаар гадаа талбайд хүндэрдэг гэсэн байна.

Нийтийн ариун цэврийн өрөө рүү харанхуй гудмаар ганцаар алхахаас зайлсхийж, гадаа бие засахыг илүүд үздэг гэсэн үг. Гэвч гадна талбай ч аюултай. Эмэгтэйчүүд бие засдаг гэх газруудад эрэгтэйчүүд отож, бэлгийн хүчирхийлэл үйлдэх бодит эрсдэл тэнд бий. Хүн бүрд хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн хэрэгцээгээ хангахаар явж байгаа эмэгтэйчүүд ямар хэмжээний хүчирхийлэл, доромжлол амсаж байгаа тухай мэдээлэл асар дутмаг. 2016 онд хийгдсэн нэгэн судалгаагаар гадна талбайд бие засдаг эмэгтэйчүүд гэртээ ариун цэврийн өрөөтэй бусадтайгаа харьцуулахад хүчирхийлэлд өртөх магадлал хоёр дахин өндөр байдаг аж.

Хэрэвзээ танд энэ тоо баримтууд хол хөндий сонсогдож байвал Монгол улсынхаа жишээ рүү шилжвэл ямар вэ? Сэтгүүлч миний бие нэлээд хэдэн жилийн өмнө сумдын сургуулийн дотуур байрны ариун цэврийн байгууламжийн асуудлын тухай нийтлэл бичиж байх явцдаа ч энэ номд дурдагдсантай яг ижил асуудлыг олж харсан билээ.



АНХААРЛЫН ТӨВӨӨС АНГИД МОДОН ЖОРЛОН 

Манай улсын хэмжээнд буй сумдын дотуур байранд нийтдээ 34,000 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд нийт байрны 74 хувь нь стандартын шаардлага огт хангаагүй модон жорлонтой. Дүн өвлийн хүйтэнд гадаа жорлонд бие засдагаас болж хүүхдүүд бөөр, давсагны өвчтэй болохоос гадна дулааны улиралд бохирдол ихтэй, ариутгаагүйгээс элдэв халдварт өвчин тусах ч эрсдэлтэй. Ахлах ангийн охиноос нөхцөл байдлын талаар асуухад “Охид, хөвгүүд бүгд л усанд явна, түлээ бэлдэнэ, угаадсаа асгана гээд ажил айхтар их. Өвлийн хүйтэнд зарим охид доороосоо даарснаас болж цистит гээд эмэгтэйчүүдийн өвчин тусна. Модон жорлонг эрэгтэй, эмэгтэйгээр нь хуваасан ч хаана, хэн орж байгааг мэдэх боломжгүй учраас шөнө оройн цагаар дэггүй хөвгүүд охидыг айлгаж ичээх явдал хүртэл гарна шүү дээ. Бас ариун цэврээ хэрэглэлээ тухтай солих боломж хомс байдаг нь хамгийн хэцүү. Заримдаа жорлон орох гэсээр байтал сарын тэмдэг нэвтэрчихдэг нь үнэхээр санаа зовмоор” хэмээн хариулж байсан юм. Сурагчдын ариун цэвэр, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулснаар ямар бодит давуу талууд үүсэх тухай хийсэн судалгаа, боловсруулсан өгөгдөл мэдээж байхгүй нь ойлгомжтой.

Олон улсын болон Монголын жишээг харьцуулахад дэлхийн хүн амын талынх нь хэрэгцээг огт тооцохгүй байгаа нь нөөц бололцоо дутмагийнх бус шийдвэр гаргагч эрх мэдэлтнүүд юунд ач холбогдол өгч, юуг орхигдуулж байгаагаас шалтгаалж байгаа хэрэг. Санаатай бөгөөд санамсаргүй эсэхээс үл хамааран бид эмэгтэйчүүдийн хэрэгцээг чухалчлахгүй байгаа нь харагдаж буй.

ТЭГВЭЛ ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?

“Үл үзэгдэх Эмэгтэйчүүд” бол хүн төрөлхтний хагасыг огт ойшоохгүй байх үед ямар үр дагавар бий болох тухай туйлын обьектив судалгааны ажил юм. Өгөгдөл дутмагийн улмаас эмэгтэйчүүд хот төлөвлөлт, улс төр, ажлын байран дээр хэрхэн хохирч байгаа үнэн түүхийг илчилсэн бүтээл. Гэхдээ сайн мэдээ гэвэл эмэгтэйчүүд эрчүүдийн сүүдэр дороос өндийж, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж эхлэхэд нөхцөл байдал өөрчлөгдөж болох тухай итгэл найдварын тухай ч өгүүлнэ. Эрчүүдэд ч мөн адил биднийг танин мэдэх, хэрэгцээг нь ойлгох шаардлага бий. Бид өөрсдийнхөө зовлонг чанга гэгч нь тоочихгүй бол тэд хэрхэн биднийг ойлгож, хамтдаа тэгш боломжийг хүртэх нийгмийг цогцлоох билээ?

Зохиогчийн бичсэнчлэн хүйс, жендэрт суурилсан өгөгдлийн цоорхойн шийдэл нь маш тодорхой, эмэгтэйчүүдийн төлөөллийн ялгааг арилгах хэрэгтэй. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах үйл ажиллагаанд, судалгаанд, мэдлэгийн үйлдвэрлэлд оролцож эхлэх л юм бол мартагдахаа больдог. Австрийн нэрт сэтгэл судлаач Зигмунд Фройд нэгэнтээ эмэгтэйчүүдийг ойлгохын эцэсгүй оньсого мэт хэмээсэн нь бий. Гэвч оньсого шиг ээдрээт бүсгүйчүүдэд тохиох түм буман асуудлыг шийдэх гаргалгаа нь ердөө тэдэнд яг юу тохиолдоод буйг “чих тавин чагнах” юм.

Нийтлэлийнхээ төгсгөлийг тус бүтээлийг монгол хэлнээ утга төгс буулгасан орчуулагчийн яагаад энэ номыг унших ёстой талаарх сэтгэгдлээр өндөрлөе.

“Энэ номыг уншсан эмэгтэй хүн бүр өнөөдрийг хүртэл айлд байгаа мэт харийн хүн шиг мэдрэмжтэй байсан нь өөрсдийнх нь буруу биш гэдгийг ойлгоосой. Харин энэ номыг уншсан эрэгтэй хүн бүр илүү тэгш, шударга дэлхийг бий болгоход та бүхний оролцоо ямар чухал болохыг мэдээсэй.”

Б.Дуламхорлоо