“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганы хүрээнд “TASD Tech Exchange: Mongolia x Central Eurasia” арга хэмжээ долдугаар сарын 3-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээгээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын урилгаар “Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев, “IT Park Uzbekistan”-ийн Гүйцэтгэх захирал асан, өдгөө Ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй Абдулахад Кучкаров нар хүрэлцэн ирсэн юм. 

Тэд Төв Евразийн гарааны бизнесийн экосистемийг Цахиурын хөндийтэй холбож буй туршлагаасаа хуваалцсан бөгөөд арга хэмжээнд дотоодын стартап үүсгэн байгуулагчид, технологийн компаниудын удирдлагууд, экосистемийг бүрдүүлэгч төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцов. 

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: АРГА ХЭМЖЭЭГ ТОВЧХОН ТОЙМЛОХ НЬ


Энэхүү арга хэмжээг нээж, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр илтгэлдээ технологийн хурдацтай хөгжил болон төрийн институциудын удаашралтай байдлын хоорондох ялгааг арилгах нь улс орнуудын өрсөлдөх чадварт шийдвэрлэх үүрэгтэйг онцолж байв. Мөн төр засаг инновацыг хүнд суртлаар боомилолгүй эсрэгээрээ стартапуудын замыг засаж дэмжих ёстойг хэлж байлаа. Энэ ч утгаараа "Транс-Алтай тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ" (TASD) нь Монгол улсыг Төв Ази, Зүүн Хойд Ази болон Евразитай холбох бүс нутгийн бодит платформ болох зорилготойг дурдсан юм. Түүнчлэн дэлхийтэй холбогдохын сацуу Монгол Улс жижиг зах зээл, итгэлцэл дээрээ тулгуурлан дата, авьяас чадвар, дэд бүтэц, монгол хэл дээрх технологийн сууриа бие даан бүтээх нь нэн чухал байгааг анхааруулж байв.


Үргэлжлүүлэн хүндэт зочид маань тус бүрийн илтгэлээ танилцуулж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, бүс нутгийн экосистемийн хамтын ажиллагааны боломжуудыг хуваалцсан юм.


“IT Park Uzbekistan”-ийн Гүйцэтгэх захирал асан, өдгөө Ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй Абдулахад Кучкаров

“Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев

Тэдний танилцуулгын араас Монголын технологийн стартап компаниудын төлөөлөл экосистем болон зах зээлд нь тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцсан. Нэн тэргүүний асуудал нь татвар, нийгмийн даатгалын хувь хэмжээ гэдгийг онцолж байлаа.


oneplace.hr-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Хүрэлбаатар

NashaTech компанийн Бизнес менежер Б.Төрболд

Тэдний танилцуулгын араас Монголын технологийн стартап компаниудын төлөөлөл экосистем болон зах зээлд нь тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцсан. Нэн тэргүүний асуудал нь татвар, нийгмийн даатгалын хувь хэмжээ гэдгийг онцолж байлаа.

ЧУХАЛ 6 САНАА

Чимх улс төрийн зориг хэрэгтэй

Ковидын өмнөхөн Монгол, Казахстан, Узбекистаны технологийн экосистем гарааны нэг шугам дээр, тун төстэй түвшинд алхаж байв. Гэвч өнөөдөр эргээд харахад тэд хэдийн хол тасарч, бид л байрандаа дөрөөгөө мултлан хоцорсон мэт гунигтай дүр зураг харагдаж буй нь гашуун боловч үнэн. Чухам энэхүү үсрэнгүй хөгжлийн ард ямар ид шид шингэсэн бэ гэх модераторын асуултад Узбекистаны IT Паркийн Абдулахад Кучкаров тун тодорхой хариулт өгсөн юм.

Тэдний технологийн үсрэнгүй хөгжлийн гол нууц нь ердөө л шат шатандаа шийдвэр гаргаж чаддаг улс төрийн чимх зориг аж. Засгийн газар, төрийн бүтэц хаана ч удаан, хүнд сурталтай байдаг ч түүнийг сөрж, бодлогыг сууриар нь өөрчлөх зоригтой удирдагчид хэрэгтэй гэсэн санаа юм. Тухайлбал, тэд 2017 оноос хойш технологийн салбарыг дэмжсэн ерөнхийлөгчийн 60 гаруй тушаал, шийдвэр гаргаж, улсынхаа бодлогыг сууриар нь өөрчилж чадсан байна.

Өөрийгөө тэтгэх систем буюу 1 хувь

Төрөөс мөнгө, санхүүжилт хүсэж, төсөв харан ам уралдуулан суудаг зан монголчууд бидэнд бий. Харин Казахстан, Узбекистаны жишээ хөгжлийг мөнгөөр биш, тогтвортой системээр хийдгийг харуулж байна. Тэдний IT Парк, Астана Хаб нь улсаас санхүүжилт авдаггүй, харин тэнд бүртгэлтэй компаниудынхаа орлогоос 1 хувийн хураамж авдаг тусгай механизмыг бүрдүүлжээ. Тэрхүү 1 хувь нь сая сая долларын хуримтлал болон хувирч, эргээд стартап экосистем, инкубаци, хакатон, хурдасгуур, грант хөтөлбөрүүдээ санхүүжүүлдэг гинжин хэлхээг үүсгэсэн байна. Узбекистаны IT Парк л гэхэд өнгөрсөн жил 30 сая ам.долларын орлого олж, улсдаа татвар төлөлтөөрөө 18-д жагсатлаа томорчээ.

Нөөц баялгийн “парадокс”

Хэлэлцүүлгийн үеэр “Астана Хаб”-ын Ассет Абдуалиевын хэлсэн үг танхимд хуран цуглагсдын эмзэг цэгийг хатгах шиг болов. Тэрээр дэлхийн аль ч улсаас илүү Улаанбаатар шиг ийм олон G-Class зэрэгцсэн баян хотыг хараагүй гэдгээ гайхан ярьсан юм. 300,000 ам.долларын үнэтэй тансаг хөлгүүд гудамжаар холхино гэдэг Монголд мөнгө, нөөц хөрөнгө хангалттай байгаагийн илрэл. Гэвч тэрхүү их хөрөнгө оруулалт ирээдүйн технологи, стартап салбар луу биш, хувийн хэрэглээ, тансаглал руу урсдагт хамаг асуудал оршиж байна гэв. Мөн тухай улсын тэргүүлэх хувийн хэвшил, компаниуд ирээдүйн инновацын төлөө хэдэн мянган доллар биш, хэдэн сая долларыг өгч чадах зоригтой байх ёстойг онцлов.



Монголын давуу тал

Монгол Улс Цахиурын хөндийг хуулбарлах гэж зүдрэх албагүй, харин өөрт байгаа давуу тал, хөрсөн дээрх технологио ургуулж тордох хэрэгтэйг тэд дуу нэгтэйгээр зөвлөж байсан юм. Тэдгээр нь мэдээж уул уурхай, хөдөө аж ахуйн салбар. Жишээ нь, дэлхийд алдартай, Цахиурын хөндийгөөс төрсөн "Allbirds" брэнд гутлынхаа ноосон доторлогоог Монголоос авдгийн сацуу дотоодын "Говь" брэнд ноолуураа дэлхийн зах зээлд дээд зэрэглэлийн үнээр борлуулж буй. Энэ бол Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дэлхийн түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтайг батлах бэлэн жишээ гэсэн юм. Хэрэв бид уул уурхай, мал аж ахуйн арвин туршлагаа мэдээллийн технологитой зөв холбож чадвал Монголоос дэлхийн хэмжээний технологийн гигантууд төрөх бүрэн боломжтойг сануулж байлаа.

Бид хэтэрхий ичимхий байна

Монгол залуусын хийсэн бүтээгдэхүүнүүд хэдийн дэлхийн түвшинд хүрчээ. StorePay, CarePay, Intelmind, Fibo зэрэг стартапууд олон улсын хэмжээнд ажиллаж, сая сая долларын эргэлт хийж байгааг тэд өндрөөр үнэлж байсан юм. Ялангуяа монголчууд бид борлуулалт хийх тал дээр төрөлхийн мэдрэмжтэй аж. Гэвч монгол үүсгэн байгуулагчдад нэг том сул тал байгаа нь маш ичимхий гэнэ. Олон улсын том тэмцээн, хөтөлбөрүүдэд өргөдөл гаргахаас айж бэргэдэг, өөрийгөө илэрхийлэхдээ хойш суудаг нь хуучинсаг, хайрцаглагдсан боловсролын системээс үүдэлтэй байж болохыг тэд хэлж байв.

Энэхүү ичимхий зан чанарын бодит бөгөөд амьд жишээг Ассет Абдуалиев хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан юм. Олон улсын "Road to Battlefield" тэмцээний өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа өнөөдөр (7-р сарын 3) дуусгавар болж байхад Монгол Улсаас ердөө 18-хан стартап бүртгүүлсэн байв. Өргөдөл гаргахад ямар нэгэн төрийн хүнд суртал, хаалт боолт байхгүй, зөвхөн хувь хүний идэвх санаачилгаас бүх зүйл шалтгаалж байхад ийм цөөн тоо гарна гэдэг манай экосистемийн сул тал төр засагтаа биш, харин хүмүүсийнхээ сэтгэлгээнд байгааг хэлж байлаа. Хэрэв энэ тоо 25-д хүрч чадахгүй бол монгол залуус боломжоос өөрсдөө айж ухардаг гэдэгтэй санал нэгдэхээ ч тэд нуусангүй.

Хамгийн сүүлд нь хүн өөрөө бүхнийг шийднэ

Хэлэлцүүлгийн төгсгөлд тэд хөрөнгө оруулагч болон олон улсын экспертүүдийн баримталдаг гол "нууц"-ыг задалсан юм. Тэр нь ердөө л бүтээгдэхүүн биш хүмүүсийг хайдаг гэх зарчим байлаа. Санаа, бүтээгдэхүүн бол цаг хугацааны явцад өөрчлөгдөж, засагдаж болдог зүйл. Харин түүнийг авч яваа хүн л хамгийн чухал. Стартап гэдэг 1, 2, бүр 9 удаа бүтэлгүйтсэн ч 10 дахь удаадаа шантралгүй босоод ирж чаддаг, хатуужилтай, тууштай хүмүүсийн талбар. Тиймээс монгол залууст урагш алхах зориг, өөртөө итгэх итгэл л юу юунаас илүү дутагдаж байна хэмээн зөвлөсөн юм.