Энэ сард хэвлэлийн редакцууд арвин олон ном өлгийдөн авчээ. Хүйтний эрч чангарсан, ханиад томуу элбэг энэ үед түгжрээ намжихыг хүлээж ажил дээрээ суунгаа, ханиад хүрч гэртээ бүгэхдээ унших шинэ ном хайж байвал энэ нийтлэл таныг сонголт хийхэд тусална. 

Холбогдох нийтлэлүүд:

Аравдугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд

Наймдугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд

1. Худалчуудын дунд ганцаараа

Найз чинь ямар нэгэн зүйл нуугаад байгаа юм шиг санагддаг уу? Эсвэл ажлын хүмүүсийн тань яриа нь хоорондоо огт авцалдахгүй мэт санагдах үе байдаг уу? Ажил ч бай, хувийн амьдрал ч бай, үнэн худлыг ялгааг таних, түүнд хариу өгөх ярвигтай.

Зохиолч, зан төлөв судлаач Томас Эриксон энэ асуудлыг илүү ойлгомжтой болгохын тулд өөрийн боловсруулсан “дөрвөн өнгийн зан төлөвийн систем”-ээ шинэ өнцгөөс тайлбарлажээ. Түүний алдарт “Surrounded by Idiots” ном Goodreads дээр сая гаран уншигчийн үнэлгээ авч, дэлхийн 40 гаруй хэл дээр орчуулагдсан байдаг. Харин түүний дараагийн бүтээл болох “Surrounded by Psychopaths” буюу монгол орчуулж буй “Худалчуудын дунд ганцаараа” ном нь худал ярьдаг, манипуляц хийдэг хүмүүсийн сэтгэл зүйн механизм, тэдний зан авирын цаад учрыг уудалжээ.

2. Философийн товч түүх

Философи гэдэг бидний мөн чанар, хэрхэн амьдрах ёстой тухай сонгодог асуултуудаас эхэлдэг өргөн сэдэв билээ. Афины зах дээр таних, танихгүй хүмүүс бие биедээ янз бүрийн асуулт тавихаас өгсүүлээд суут сэтгэгч Сократ хүртэл философийн учгийг тайлах гэж чармайж байв.

Эл суутнуудын мөрөөр алхах боломжийг уншигчдад олгож буй бүтээл бол Нигел Варбуртоны алдарт A Little History of Philosophy буюу монгол орчуулгаар Философийн товч түүх. Нийт 40 бүлгээс бүрдэх энэ номд тэрээр өрнийн философийг бүрдүүлсэн агуу сэтгэгчид болох Сократ, Плато, Аристотелоос эхлээд Декарт, Спиноза, Кант, Ницше хүртэлх үзэл санааг маш ойлгомжтой, энгийнээр тайлбарлажээ.

Энэхүү ном нь философийг хэцүү онол биш харин амьдралынхаа хаа нэгтээ асууж явсан асуултуудад хариу эрэх аялал хэмээн ойлгуулахуйц энгийн бичигдсэн. Варбуртон уг бүтээлээрээ “философид хөтлөх хамгийн ойлгомжтой ном” хэмээн уншигчдаас өндөр үнэлгээ авсан юм.

3. Эго ба Ид

Зигмунд Фройдын амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн Эго ба Ид бол түүний психоанализын онол бүрэн төлөвшсөн үеийн хамгийн нөлөөтэй бүтээлүүдийн нэг гэгддэг. Энэ номонд тэрбээр хүний зан авир, хүсэл тэмүүлэл, ёс суртахууны дотоод “өрөө тасалгааг” бүрдүүлдэг гурван үндсэн хүч буюу ид, эго, суперэго хэрхэн хоорондоо мөргөлдөж, заримдаа эвлэрдэг тухай тайлбарладаг. Ид ямар хүсэл хөдөлгөгч хүч агуулдаг вэ? Эго ухамсартай сонголт хийж чадаж байна уу? Харин суперэго бидэнд ямар шаардлага тавьж, заримдаа яагаад дарангуйлдаг вэ? Гэх зэрэг хүний сэтгэл зүйн тайлагдашгүй олон асуудлыг Фройд энэ бүтээлдээ тайлбарлажээ.

Монгол уншигчдын сонирхолд тулгуурлан энэ удаа дахин хэвлэгдэж буй орчуулга нь сэтгэл засалчид, мэргэжлийн сэтгэл зүйчид болон психоанализд шимтэн сонирхдог хэн бүхэнд зориулагдсан. Шинэ хэвлэлтэд нэр томъёоны тодорхойлолт, гол ойлголтуудыг эшлэл, тайлбар зүүлтээр баяжуулан, найруулгыг илүү ойлгомжтой болгохыг зорьсон нь энэхүү хувилбарын бас нэг давуу тал аж.

4. А: Хөх дэвтэр
 

Зохиолч Г.Аюурзана энэ удаа уран зохиолын мемуарын шинэ бүтээлийнхээ мөрөөр уншигчдийг аялуулах гэж байна. “Угаасан ус”, “Залуу насны нийслэл”, “Лит буюу Горькийн сургууль”, “Зохиолчдын дунд” хэмээх дөрвөн бүлэгт багтсан энэхүү дурсамж-туурвилд зохиолч бага залуу насныхаа ухаарал, сорилт, уран зохиолын ертөнцөд алхам алхмаар ойртсон аяллаа сийрүүлжээ.

Нэг талаараа бодит үйл явдлууд, зохиолчийн ажиглалт, тухайн үеийн уур амьсгал нь баримтат роман мэт найруулгатай. Нөгөө талаар уран зохиолтой учирсан мөчүүдийг эргэцүүлэн бичсэн нь дурсамж-эсээ мэт бичигдсэн тус зохиол зохиолчийн үнэнч уншигчдад илүү ойр, дотно, сонирхолтой байх болов уу.

5. Цахим алт 3.0

Манай редакцын хувьд ирээдүйг бүтээж буй технологи инновац, маргаашийн ойртуулж буй үзэл санааг бичиж, түгээсээр нэгэн арваныг үджээ. Энэ хугацаандаа уншигчид ямар агуулгыг шимтэн уншиж, ямар сэдвийг эрэн хайдгийг олж мэдэхээс гадна ямар сэдвийн талаар буруу ташаа мэдээлэлтэй байгааг ч харсаар өнөөдөртэй золгов. Ирээдүйг дахин загварчилж байгаа атлаа бидэнд хамгийн буруу өнцгөөр ойлгогдсон сэдэв бол гарцаагүй блокчэйн. Энэхүү технологийн дэвшил манай улсад зөвхөн санхүүгийн хэрэгсэл, тэр дундаа хурдан хугацаанд баяжих арга мэтээр түгжээ.

Уншигч таны эргэн тойронд элдэв койнд мөнгөө оруулаагүй, магадгүй мөнгөө алдаагүй хүн гэж бараг л үгүй биз. Нэгэн цагт койноос өөр ярих зүйлгүй байсан бид өдгөө койн л биш бол юу ч хамаагүй ярих дээрээ тулжээ. Өөрөөр хэлбэл койн, токен,крипто, блокчэйн, энэ бүгд бидний хувьд хориотой сэдвүүд болж. Гэтэл дэлхий дахинд нөхцөл байдал дэндүү өөр байна. Цахим орчны хамгийн том сул тал болох итгэлцэл гэгчийг нөхөж чадсан энэхүү технологи та бидний мэдэх олон зүйлийг өөрчилж буй. Бид харин үүнийг мэдээгүй мэт суусаар байж үл болно. Ийм ч учраас Биткойноор овоглосон блокчэйн технологи болон үүнээс салбарлан гарсан олон ололт амжилтуудыг тайлбарлах “Цахим Алт” номын шинэчилсэн гуравдугаар хэвлэл дээр тун олзуурхан ажилласан юм.

6. Хүчирхэг өсөхүй

Өнөөгийн нийгэмд өсөж том болно гэдэг догдлом шинэ бөгөөд багагүй сорилт авчирдаг аялал. Найз нөхөдтэй болох, өөрийн “супер хүчээ” нээх, хэн болохоо мэдрэх гэх зэрэг асуултуудтай нүүр тулна. Үүн дээр нэмээд биеийн өөрчлөлт, сургуультай холбоотой дарамт, шахалт, жижиг, том санаа зовнил ээлжлэн нэмэгдэнэ.

Энэ ном нь охидын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, өөрийн бие махбод, сэтгэл санаа, харилцаа, нийгэмд юу болж буйг ойлгоход туслах цогц мэдээллийг багтаасан онцлогтой.

Энгийн, дотно байдлаар бичигдсэн энэ ном нь охид өсвөр насны сорилтуудыг илүү ухаалгаар даван туулахад чиглэсэн зөвлөгөө, хэрэгтэй мэдлэг, урам зориг зэргийг багтаажээ.

7. Багш нар юу хийдэг вэ?
 

Бага насны хүүхдэд ажил мэргэжлийг танилцуулна гэдэг тэдний төсөөллийг нээж, ирээдүйн мөрөөдлийн жижигхэн очийг асаахтай адил. “Багш нар юу хийдэг вэ?” нэртэй энэхүү танин мэдэхүйн зурагт ном бол багш мэргэжлийг анх удаа сонирхон харах бяцхан уншигчдад зориулсан нөхөрсөг хөтөч гэж хэлж болно.

Өглөө сургуульдаа ирж ангиа бэлтгэхээс эхлээд сурагчдаа угтаж авах, хичээл заах гээд сургууль дээрх өдөр хэрхэн өрнөдгийг мөн багш нарын өдөр тутмын ажлыг хүүхдэд ойлгомжтойгоор өгүүлжээ. Өнгөлөг, амьд зургуудаар баяжуулсан тул хүүхэд өөрийгөө ангид байгаа мэт мэдрэмж авахаас гадна номын бүтэц, төлөвлөлт нь хүүхдийн нас, анхаарал төвлөрөлд тохируулсан тул бяцхан уншигч ажил мэргэжлийн тухай мэдлэгээ маш хөнгөн байдлаар тэлнэ.

8. Унадаг дугуй

Бага насны хүүхдэд унадаг дугуйг танилцуулах нь тэдний сониуч зан, техникийн сэтгэлгээг нээхэд тусалдаг аж.

Унадаг дугуйны үүсэл хөгжлөөс эхлээд дугуйн спортын гайхамшигтай түүх, дугуй унадагтай холбоотой ажил мэргэжлүүд буюу шуудан зөөгч, дугуйн механикч, мэргэжлийн тамирчин зэрэг олон сонирхолтой баримтуудаар баяжуулсан. Зурагтай тайлбаруудтай, бодлого, асуулт, хариултын хэсгүүдтэй энэ ном нь хүүхдэд инженерчлэл, механизм, хөдөлгүүргүй тээврийн хэрэгслийн бүтэц, аюулгүй байдлын талаарх анхан шатны ойлголтыг олгоход тустай. Гэр бүлээрээ хамт уншиж, асуулт асууж, ярилцаж болохоор бүтээгдсэн тул эцэг эхчүүд ч хүүхдүүдтэйгээ чанартай цаг өнгөрүүлэхэд тохирно.

9. Үлэг гүрвэлүүд
 

Үлэг гүрвэлүүдийн ертөнц бол хүүхдийн төсөөллийг хамгийн хурдан асаадаг, нууцлаг ертөнц байдаг. Номонд үлэг гүрвэлүүдийн биеийн бүтэц, төрөл зүйл, амьдрах орчин, тэдний мөрөөр олдсон археологийн олдворуудыг багтаажээ.

Та хүүхдээсээ “хамгийн жижиг үлэг гүрвэл ямар хэмжээтэй байсан бол?”, “өдтэй үлэг гүрвэл үнэхээр байсан уу?”, “түүний чих нь хаана нь байрладаг байсан бол?” гэх мэт сонирхолтой асуулт асууж мэдлэгийг нь улам бататгах боломжтой. Ингэснээр археологи, биологи, палеонтологи зэрэг шинжлэх ухааны анхан шатны ойлголтыг цэгцтэй олж авах нь ээ.

10. Чартаа 

Аргентин гаралтай Францын зохиолч Хүлио Кортасарын “Чартаа” роман анх 1963 онд испани хэлээр, 1966 онд англи хэлээр хэвлэгдсэнээсээ хойш өнөөг хүртэл олон таамаг, тайлбар дагуулж ирсэн юм.

Зохиолчийн бичсэнээр уг романд юун түрүүн гурван ном багтаж буй. Зохиол дотор зохиолыг ялгаж салгаж уншихын тулд та зохиолчийн бэлтгэсэн “Зааварчлах хүрд”-ийг дагах хэрэгтэй. Эхнийх нь 56 дугаар бүлгийн сүүлчийн мөрний доор төгсөж буйг илэрхийлсэн гурван од хүрээд дуусна. Үлдсэн хэсгийг нь уншилгүй орхиход ер харамсах зүйлгүй. Хоёр дахь нь 73 дугаар бүлгээс эхлэн бүлэг бүрийн төгсгөлд хаалтад бичсэн дараагийн бүлгийн дугаарыг даган уншина. Зохиолчийн томьёолсон хоёр хувилбар энэ. Харин гурав дахь хувилбарыг уншигч өөрөө зохиомжлон уншиж болно. Уншихын тулд математикийн томьёо бодож буй мэтээр нарийн бүтэц, зааварчилгаа дагах нь зохиолчийн санаатайгаар хийсэн хээнцэрлэл, хэлбэрдэлт бус өгүүлэгчийн бодол санааны тусгалыг олон талаас нь харуулах гэсэн уран сайхны арга юм.

11. Грек хичээл

Зохиолд төдийлөн эргэлт, ээдрээтэй үйл явдлууд гарахгүй харин маш гүн гүнзгий мэдрэмжүүд сийлээстэй. Зохиолын гол дүрүүд нэр үгүй. Дуу хоолойгоо алдсан эмэгтэй, хараагаа аажмаар алдаж буй эр. Эрэгтэйн өгүүлэмж нэгдүгээр бие хэлбэрээр, харин эмэгтэйн өгүүлэмж гуравдугаар бие байдлаар өгүүлэгдэх ба тэдний айдас, гуниг, эмзэглэл нэг. Эмэгтэй ээжийгээ алдаад удаагүй байгаа ба салалтын дараа хүүхдийнхээ асран хамгаалагчаар үлдэж чадаагүй тул улам дотогшоо, чимээгүй болсоор. Харин зохиолын эрэгтэй дүр бага багаар хараагаа алдаж, өөрийн танил ертөнцөөс аажмаар алсарч буй айдастайгаа нүүр тулна.

Грек хичээл номын тухай энд дарж уншина уу.

12. Цэцэгнээс төрөгсөд 

Зохиолч, яруу найрагч Баяртогтохын Батрэгзэдмаагийн сүүлийн романы эх бичвэр 2017, 2020 онуудынх нь бичвэрийг харьцуулан, хавсаргаж, зассаар ийнхүү бүтээл болжээ. Тэрээр романдаа Их Монгол гүрнээс Юань гүрнийг хүртэлх үеийг харуулахдаа цаг хугацаа, орон зайн огцом шилжилтийг бодит болон хийсвэр орчинд хийсэн байна.

Нөгөө талаас, гол зүйл нь эх текст буюу “Монголын нууц товчоон” хийгээд домог, түүхийн өгүүлэмжийг ургуулан баяжуулах, тайлан тайлбарлах, шинээр зохиох зэргээр хандсан нь романы уран сайхны үнэ цэнийг нэмэгдүүлжээ. Их хааны эмзэглэл, гашуудал, эрдэмтэн Пи Юүгийн харуусал, шаналал, үндэстнүүдийн үл эвлэрэх зөрчил, хувилгаан багшийн нигүүлсэл зэргийг эсрэгцүүлсэн нь сайн, муу, сайхан, муухай, хар, цагааны тэмцэл. Басхүү бичигдээгүй түүхийн тайлбар, харах өнцгийн илэрхийлэл зэргийг илэрхийлсэн биз ээ.

Зохиолд гарах Их хаан болоод тэрсүүд эрдэмтний дүр нь яг үнэндээ бол үндэстнээ, улсаа боддогоороо ижил зовлонтой мэт. Гэсэн ч ялгаатай, ижил бус нэг өөр зүйл нь зайлшгүй ганц зүйл гэж зохиолч харуулсан. Нэг нь бие хүн-үндэстэн-хүн төрөлхтөн-хамаг амьтан гэж сэтгэх бол нөгөө нь бие хүн-үндэстэн-хувь хүн гэж бодох аж.

13. Хуульч 

Монголын Спортын Арбитрын ерөнхийлөгч Б.Батзаяагийн хоёр дахь бүтээл нь шүүгчийн мэргэжлийн бусад салбартай холбогдох талыг харуулж, түүний бодит кэйс дээр ажилласан жишээнүүдээр баялаг. "Хуульч" , "Гудамжны хуульч", "Линколнтой хуульч" зэрэг бестселлэр бүтээлүүдийн адилаар хуульчийн мэргэжил зөвхөн хуулийн ном унших, шүүх танхимд маргах биш, хүний амьдралын гүн давхарга, нийгмийн шударга ёсны төлөөх тэмцэл, өөрийн үнэт зүйлсийн төлөө зогсох хүч гэдгийг ойлгуулах болов уу.

14. Системийн туйлдал ба реформ

Тус бүтээл нь боловсролын салбарын алдаа оноотой бодлогын тухай бодрол, тэмдэглэлээ бичсэн Боловсрол,шинжлэх ухааны сайд асан Энх-Амгалангийн шинэхэн ном юм. Номын нэрийн тухайд “систем” хэмээх ойлголт нь өнөөгийн шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан, философийн ухааныг эхлүүлсэн эртний грекийн үг бөгөөд цаг хугацаа өнгөрсөн ч утга агуулга нь үндсэндээ хэвээрээ. Харин “реформ” бол латин гаралтай, “шинэчлэл”, “өөрчлөлт” гэсэн утгатай нэр томьёо. Эдгээр хоёр үг өнөөдөр дэлхийн бүх улс үндэстний хэлэнд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд тэгэхээр нэг талаар олон улсын хэллэг, нөгөө талаар монгол хэлний хэрэглээнд ч бүрэн ууссан ойлголтууд юм.

Ийнхүү номын гарчиг таван үгтэй ч гурвынх нь үндэс монгол хэлнээс, хоёрыг нь англи хэлнээс бүтэж бий болжээ. Тэрээр үүргээ олон жил гүйцэтгэсээр ирсэн ч эцэж сульдан хэт удааширсан, чиг шугам нь бүдгэрсэн боловсролын системийг шинэчлэх, засах, зөв чигт оруулах гэсэн түүний багийн оролдлого, чармайлт, хүрсэн амжилт, эхлүүлсэн ажлуудыг энэ номд тэмдэглэн үлдээхийг зорьсон гэдгээ удиртгал хэсэгт бичиж үлдээсэн байна.

15. Чингис Хааны аугаа жанжин Сүбээдэй

Зохиогч Габриел А. Ричард нь цэргийн түүхч, цэрэг дайны стратеги, тактикийн шинжээч мэргэжилтэн, онолын судлаач хүн. Тэрээр 1996-1999 онуудад АНУ-ын Батлан хамгаалахын жанжин штабын дэргэдэх дээд тушаалын офицеруудыг бэлтгэх коллежид цэрэг дайны түүх, цэргийн ухааны сургалт хариуцсан сургагч профессороор ажиллаж байхдаа, Монголын цэрэг дайны өв уламжлалын талаар судалгааны ажил хийсэн нь тус коллежийн сургалтын хөтөлбөрт багтаж, одоо ч заавал үзэж судлах сургалтын хөтөлбөр болсоор ирсэн байдаг. Түүний 2004 онд бичиж хэвлүүлсэн “Чингис хааны аугаа жанжин Сүбээдэй“ ном нь Монголын Эзэнт гүрний армийн зохион байгуулалт, амжилт болон монголчуудын гол стратегич, суут жанжин Сүбээдэйн намтар замналыг дэлхий дахинд нээж өгсөн түүний сор бүтээлүүдийн нэг болжээ.

Энэхүү номыг Индианагийн их сургуулийн багш Увш охиныхоо хамт орчуулан нийтэд хүргэж байсан. Энэ удаа Голомт банкны захирал асан, Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Ө.Ганзориг орчуулан, хэвлүүлжээ.

16. Далайн эргийн охин

Гэрэн зурагт номын редакц энэ удаа монгол зохиолч, зураачийн цоо шинэ бүтээл “Далайн эргийн охин” зурагт номоо хэвлүүлжээ. Мөрөөдөл гэдэг биелшгүй холын зүйл биш харин зүрх cэтгэлийг гэрэлтүүлж, урагш тэмүүлэх хүч өгдөг чухал зүйл билээ. Мөрөөдөл бүхэн өөр өөрийн өнгө, амттай бөгөөд энэ дундаас өөрийн дуртайг нь олж хүcэл мөрөөдлөө олох хэрэгтэйг хүүхдүүдэд уг бүтээл ойлгуулна. Дээр нь мөрөөдлөө олсон бол түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, алдаа гаргаж, шантрах үе олон бий гэдгийг сануулах бяцхан түүх хүүхдүүдэд урам зориг өгөх нь гарцаагүй.

17. Сэтгэлзүйн хөгжлийн шинэ харгуй

Австрийн Венийн Их сургуулийг дүүргэсэн судлаач Б.Алтантуяа буюу Андогийн уг бүтээл нь түүний энэ сард хэвлүүлсэн гурван номын нэг нь. Уг бүтээл илүүтэй хүүхдийн хүмүүжил, сэтгэлзүйд илүүтэй төвлөрчээ. Тухайлбал хүүхэд сайн сайхан юмыг насанд хүрсэн дотно хүмүүсээсээ хурдан бөгөөд сайн сурч авдаг нь тэдэндээ ээнэгших хүслээс эхтэй. Энэ нь гоц гойд авьяастай гэхээсээ илүү юмсыг сурч байгаагийн илрэл аж. Үе тэнгийнхнээ дуурайн даалгавраа хийхгүй болох, хичээл номдоо шамдахгүй болох нь залхуугаас эсвэл тэнэгээс болж байгаа биш харин тэр хүүхдүүдтэй адилхан байх замаар ойртож дотносох гэсэн хүслийнх нь илрэл гэнэ. Энэ мэт хүүхдийн хүмүүжил, сэтгэлзүйтэй холбоотой сэдвүүдийг энгийн ойлгомжтой жишээгээр баяжуулсан уг ном хэн бүхний ширээний ном болох биз ээ.